A

A

A

Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 06

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ТӨЛБӨРИЙН АРГА, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.9.8 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ"-г нэгдүгээр, "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн арга"-ыг хоёрдугаар, "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, санхүүжүүлэх журам"-ыг гуравдугаар, "Төрөөс төлбөрийг нь хариуцах эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам"-ыг дөрөвдүгээр, "Төрөөс төлбөрийг нь хариуцах зарим өвчин эмгэг, түүний эмийн жагсаалт, хэлбэр, тун"-г тавдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг дор дурдсан албан тушаалтанд даалгасугай:

2.1. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Д.Очирбатад)-д:

1/ Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх талаар эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар шуурхай хангаж, чиглэл бүхий албан даалгавар хүргүүлэх;

2/ Эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг хянахад ашиглаж байгаа удирдлага, мэдээллийн систем, программд холбогдох өөрчлөлт хийх ажлыг зохион байгуулах;

3/ Хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг судалж, эрүүл мэндийн даатгалын сангаас худалдан авах тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэлийг тогтоох, шаардлагагүй хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг бууруулах бодлогын арга хэмжээг тодорхойлох;

4/ Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардлагатай тохиолдолд Эрүүл мэндийн сайдын тушаал, шийдвэр, дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн батлуулах;

5/ Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын төсвийн зардлыг өөрийн үйл ажиллагааны орлого болон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний орлоготой уялдуулах замаар зарцуулалтын эрхийг нээх, санхүүжилтэд хяналт тавих;

6/ Тогтоолын хэрэгжилтийн үр дүнд явцын үнэлгээг жил бүр, эцсийн үнэлгээг тухайн тогтоол хүчингүй болсны дараах улиралд багтаан хийж, дүгнэлт гаргах, зөвлөмж, чиглэлийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд тухай бүр хүргүүлэх.

7/Тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс үзүүлж буй зарим тусламж, үйлчилгээг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт нутагшуулах цогц төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах;
/Энэ заалтыг ЭМДҮЗ-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 14 дүгээр тогтоолоор нэмсэн/

2.2. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга (Л.Бямбасүрэн)-д:

1/ Эрүүл мэндийн даатгалын цахим (HICS) систем болон холбогдох программ хангамжид шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийх;

2/ Эрүүл мэндийн даатгалын сангийн тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах, сангийн тэнцлийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

3/ Эрүүл мэндийн байгууллага холбогдох журамд заасныг зөрчиж, даатгуулагчаас нэмэлт төлбөр авсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар эрүүл мэндийн даатгалын байгууллага, эрүүл мэндийн байгууллага хооронд байгуулах гэрээнд тодорхой тусгах;

4/ Оношийн хамааралтай бүлгийн жагсаалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудтай байгуулсан гэрээг шинэчлэх, тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан эрүүл мэндийн байгууллагуудаас худалдан авах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тоо хэмжээг тогтоох, гэрээнд тусгах;

5/ Тогтоолын төслийн 2.2 дахь заалтын 4-т Оношийн хамааралтай бүлгийн жагсаалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудтай байгуулсан гэрээг 2024 оны 04 дүгээр сард багтаан шинэчлэх, тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан эрүүл мэндийн байгууллагуудаас худалдан авах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тоо хэмжээг тогтоох, гэрээнд тусгах гэж өөрчлөх;

6/ Энэхүү тогтоолын хавсралтаар баталсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний жагсаалт, төлбөрийн хэмжээ, холбогдох журмын талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай мэдээлэх, даатгуулагчийг болон эрүүл мэндийн байгууллагыг мэдээллээр хангах;

7/ Гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад тогтоолын талаар сургалт зохион байгуулах;

8/ Тогтоолын хэрэгжилтийн жил бүрийн тайланг Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан хүргүүлэх;

9/ Эрүүл мэндийн байгууллагуудаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэхэмжлэл, анхан шатны маягтын дагуух мэдээллийг бодит цагийн горимоор хүлээн авч, холбогдох эрх зүйн хүрээнд тусламж, үйлчилгээг худалдан авах.

2.2.10.Эрүүл мэндийн яамнаас 2023 онд байгуулсан Хорт хавдрын дархлаа эмчилгээний зарим эмийг олон улсаас худалдан авах харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд санхүүжүүлэх бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;
/Энэ заалтыг ЭМДҮЗ-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 14 дүгээр тогтоолоор нэмсэн/

21.2.Төлбөрийг нь төр хариуцах эмийн жагсаалтад багтсан эмүүдэд импортын лиценз олгосон тухай мэдээллийг сар бүр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүргүүлж ажиллахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар /Ш.Энхтуяа/-т үүрэг болгосугай.
/Энэ заалтыг ЭМДҮЗ-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 14 дүгээр тогтоолоор нэмсэн/

2.3. Эрүүл мэндийн байгууллагын дарга (захирал) нарт:

1/ Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтын дагуу жил бүрийн төсвийн зарлагыг орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрээр нь бүрэн нөхдөг байхаар төлөвлөн баталж хэрэгжүүлэх, 6.4.1 дэх заалтын дагуу төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, 6.4.8 дахь заалтын дагуу төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх;

2/ Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд багтсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зардлыг нэн тэргүүнд санхүүжүүлэх, зардлын бүрэлдэхүүнд багтаагүй хөрөнгө оруулалт, том урсгал засвар, бараа үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхгүй байх зарчмыг санхүүгийн удирдлагад баримтлах;

3/ Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналт, санхүүжилт, төлбөр тооцооны программ, нэхэмжлэлийг хянахад шаардлагатай анхан шатны маягтын дагуух мэдээллийг цахим системд оруулж, бодит цагийн горимд шилжүүлж журамд заасны дагуу илгээх, энэ тогтоолын хавсралтаар баталсан тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ болон журамд заасан зохицуулалттай холбоотой хөгжүүлэлт хийж үйл ажиллагаандаа мөрдөх;

4/ Иргэн, даатгуулагчаас журам, тогтоол, гэрээнд тусгаснаас өөр нэмэлт төлбөр авахгүй байх;

5/ Эрүүл мэндийн салбарын эрэлт, нийлүүлэлтийн бодлоготой уялдуулан эмнэлгээс үзүүлэх тусламж, үйлчилгээний төрөл, зохион байгуулалтыг иргэн, даатгуулагчид сөргөөр нөлөөлөхгүйгээр шинэчлэн зохион байгуулах,

6/ Иргэн даатгуулагчид эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээ, тогтоолын талаар үнэн зөв мэдээллээр хангах;

Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн "Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" 2023 оны 08 дугаар тогтоол, 2022 оны 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгосугай. Энэхүү тогтоолыг холбогдох хууль, журамд заасны дагуу Хууль зүйн яаманд бүртгүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга (Т.Батмөнх)-д даалгасугай.

ДАРГА С.ЧИНЗОРИГ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 04

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ТӨЛБӨРИЙН АРГА, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.9.8, 14.9.12 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

"Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ"-г нэгдүгээр, "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн арга"-ыг хоёрдугаар, "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, санхүүжүүлэх журам"-ыг гуравдугаар, "Төрөөс төлбөрийг нь хариуцах эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам"-ыг дөрөвдүгээр, "Төрөөс төлбөрийг нь хариуцах зарим өвчин эмгэг, түүний эмийн жагсаалт, хэлбэр, тун"-г тавдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг дор дурдсан албан тушаалтанд даалгасугай:

2.1. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Д.Очирбат/-д:

1/ Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх талаар эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар шуурхай хангаж, албан даалгавар хүргүүлэх;

2/ Эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг хянахад ашиглаж байгаа удирдлага, мэдээллийн систем, програмд холбогдох өөрчлөлт хийх ажлыг зохион байгуулах;

3/ Эрүүл мэндийн даатгалын сангийн тухайн жилийн батлагдсан төсвийн сар, улирлын хуваарь болон түүнд үндэслэсэн эрүүл мэндийн байгууллагуудын төсөв, тоо хэмжээнд хяналт тавих, төсвөөс давсан зардал төлөвлөхгүй байх, сангийн тэнцлийг хангаж, өр төлбөргүй ажиллахад хяналт тавих, төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын төсвийн зардлыг бодитоор төлөвлөх, орлоготой нийцсэн зарцуулалтын эрхийг нээж, санхүүжилтэд хяналт тавих;

4/Тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс үзүүлж буй зарим тусламж, үйлчилгээг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт нутагшуулах, цогц төлөвлөгөөг боловсруулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах;

5/ Хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг судалж, эрүүл мэндийн даатгалын сангаас худалдан авах тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэлийг тогтоох, тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн журам, шалгуурыг шинэчлэх замаар шаардлагагүй эмчилгээ, үйлчилгээг бууруулах бодлогын арга хэмжээг тодорхойлох;

6/ Тогтоолын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг бүтэн жилээр хийж, тайланг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлэх.

2.2.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /С.Энхболд/-т:

1/ Эрүүл мэндийн даатгалын цахим систем болон холбогдох програм хангамжид шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийх;

2/ Эрүүл мэндийн даатгалын сангийн тухайн жилийн батлагдсан төсвийн сар, улирлын хуваарьт нийцүүлэн эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадал, байршил, хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээнд үндэслэн төсөв, тоо хэмжээ, тусламж, үйлчилгээний нэр төрөл, чанарын шалгуур үзүүлэлт бүхий худалдан авах гэрээг эрүүл мэндийн байгууллагуудтай 2025 оны 01 дүгээр сард багтаан байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, сангийн тэнцлийг хангаж, өр төлбөргүй ажиллах;

3/ Эрүүл мэндийн байгууллага холбогдох журамд заасныг зөрчиж, даатгуулагчаас нэмэлт төлбөр авсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар эрүүл мэндийн даатгалын байгууллага, эрүүл мэндийн байгууллага хооронд байгуулах гэрээнд тодорхой тусгах;

4/ Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээг байгуулаагүй, гэрээг зөвшөөрөөгүй, хэлэлцээрт орохоос татгалзсан, тоо хэмжээг хэтрүүлэн нэхэмжилсэн зэргээр өр төлбөр үүсгэхэд нөлөөлсөн бол холбогдох эрүүл мэндийн байгууллагын нэхэмжлэлийг түдгэлзүүлэх, шаардлагатай бол гэрээг цуцлах, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэж Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд хэрэгжилтийг танилцуулах;

5/ Эрүүл мэндийн даатгалын сангийн тухайн жилийн батлагдсан төсвийн сар, улирлын хуваарь, түүнд үндэслэсэн эрүүл мэндийн байгууллагуудын гэрээг төсвийн хязгаараас хэтрүүлэн байгуулах, гэрээнд заасан тоо хэмжээ, төсвөөс хэтэрсэн нэхэмжлэл хүлээн авах, санхүүжилт олгохыг хориглох бөгөөд хэрэв үүнийг зөрчсөн бол холбогдох албан тушаалтанд хариуцлага тухай бүр тооцож, сангийн тэнцлийг хангаж ажиллах;

6/ Иргэд, олон нийт, даатгуулагч, иргэний нийгмийн байгууллага, гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад тогтоолын талаар цогц сургалт зохион байгуулах, олон нийтэд чиглэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах;

7/ Тогтоолын хэрэгжилтийн явцад хагас, бүтэн жилээр хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж, тайланг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албанд хүргүүлэх.

2.3.Эрүүл мэндийн байгууллагын дарга /захирал/ нарт:

1/ Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтын дагуу жил бүрийн төсвийн зарлагыг орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрээр нь бүрэн нөхдөг байхаар төлөвлөн баталж, хэрэгжүүлэх, 6.4.1 дэх заалтын дагуу төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, 6.4.8 дахь заалтын дагуу төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх зарчмыг санхүүгийн удирдлагад баримтлах;

2/ Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд багтсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зардлыг нэн тэргүүнд санхүүжүүлэх, зардлын бүрэлдэхүүнд багтаагүй хөрөнгө оруулалт, их засвар болон зориулалтын бус зардлыг санхүүжүүлэхгүй байх зарчмыг санхүүгийн удирдлагад баримтлах;

3/ Эрүүл мэндийн даатгалын сангийн тухайн жилийн батлагдсан төсвийн сар, улирлын хуваарь, түүнд үндэслэсэн гэрээнд заасан төсөв, тоо хэмжээг баримталж ажиллах, орлогын дүнтэй уялдсан зардлыг төлөвлөж зарцуулж, өр авлага үүсгэхгүй ажиллах;

4/ Эмнэлгийн тусламж, үйлчилгээний үр дүнг сайжруулах, төвлөрлийг сааруулах, тусламж, үйлчилгээг зохих шатлалд үзүүлэх, шаардлагагүй оношилгоо, шинжилгээ, эмчилгээ үзүүлэхээс татгалзаж ажиллах замаар санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх;

5/ Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналт, санхүүжилт, төлбөр тооцооны програм, нэхэмжлэлийг хянахад шаардлагатай анхан шатны маягтын дагуух мэдээллийг цахим системд оруулж, бодит цагийн горимд шилжүүлж журамд заасны дагуу илгээх, энэ тогтоолын хавсралтаар баталсан тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ болон журамд заасан зохицуулалттай холбоотой хөгжүүлэлт хийж үйл ажиллагаандаа мөрдөх;

6/ Иргэн даатгуулагчид эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээ, тогтоолын талаар үнэн зөв мэдээллээр хангах, иргэн, даатгуулагчаас журам, тогтоол, гэрээнд тусгаснаас өөр нэмэлт төлбөр авахгүй байх;

7/ Эрүүл мэндийн салбарын эрэлт, нийлүүлэлтийн бодлоготой уялдуулан эмнэлгээс үзүүлэх тусламж, үйлчилгээний төрөл, зохион байгуулалтыг иргэн, даатгуулагчдад сөргөөр нөлөөлөхгүйгээр шинэчлэн зохион байгуулах;

Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны "Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" 06 дугаар тогтоол, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 14 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ажлын алба /Ц.Сарантуяа/-нд даалгасугай.

ДАРГА Т.МӨНХСАЙХАН