A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2024 оны 06 дугаар

 сарын 06ы өдрийн 257 дугаар

       тогтоолын хавсралт

 

 

 

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МӨНГӨН

УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг таван жил тутам олгоход энэ журмыг баримтална.

 

1.2.Дотоодын цэргийн тухай хуулийн 36.6-д заасны дагуу аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа дотоодын цэргийн алба хаагчид энэ журам нэгэн адил үйлчилнэ.

 

Хоёр.Мөнгөн урамшил олгоход

тавигдах шаардлага

 

2.1.Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч (цаашид "алба хаагч" гэх) аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй таван жил (цаашид "60 сар" гэх) ажилласан бол таван жил тутам нэг удаа мөнгөн урамшил авах эрхтэй.

 

2.2.Аймгийн төвөөс бусад суманд байршилтай хамгаалалтын объектод ээлжийн томилгоот үүргийг тасралтгүй таван жил (60 сар) гүйцэтгэсэн дотоодын цэргийн алба хаагчид энэ журмын 2.1-д заасан эрх нэгэн адил хамаарна.

 

2.3.Мөнгөн урамшил олгох хугацааг аймгийн төвөөс бусад суманд томилогдсон өдрөөс эхлэн тасралтгүй ажилласан 60 сарын хугацаагаар тооцож, дараагийн мөнгөн урамшил олгох хугацааг өмнөх хугацаа дуусгавар болсон өдрийн дараагийн өдрөөс эхлэн тооцно.

 

Гурав.Мөнгөн урамшил олгох хугацаа,

хэмжээг тодорхойлох

 

3.1.Дараах хугацааг энэ журмын 2.1-д заасан тасралтгүй ажилласан хугацаанд хамааруулж тооцно:

 

      3.1.1.аймгийн төвөөс бусад нэг буюу хэд хэдэн суманд томилогдсон болон шилжүүлэн, сэлгэн ажиллуулсан хугацаа;

 

      3.1.2.байгууллагын захиалгаар төрийн зардлаар 6 сар хүртэл хугацаагаар мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх, дахин мэргэших, шинээр мэргэжил эзэмшихээр суралцсан хугацаа;

 

      3.1.3.эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 хүртэл сараар эмчлүүлсэн хугацаа;

 

      3.1.4.байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу чөлөөтэй байсан хугацаа;

      3.1.5.гамшиг, аюул, аюулт үзэгдэл, ослын голомтын бүсэд дайчлагдан ажилласан хугацаа;

 

      3.1.6.ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа;

 

      3.1.7.баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан, шүүхээс цагаатгах тогтоол гарсан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хугацаа.

 

 3.2.Аймгийн төвөөс бусад суманд цэргийн алба хааж байхдаа хууль тогтоомжийн дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацааг энэ журмын 2.1-д заасан тасралтгүй ажилласан хугацаанд хамааруулж тооцохгүй.

 

3.3.Аймгийн төвөөс бусад суманд цэргийн алба хааж байхдаа хууль тогтоомжийн дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байсан алба хаагчийн энэ журмын 2.1-д заасан тасралтгүй ажилласан хугацааг тооцохдоо уг албан хаагчийн хууль тогтоомжийн дагуу ажилдаа эргэн орсон хугацаанаас үргэлжлүүлэн тооцно.

 

  3.4.Цагдаагийн албаны тухай хуулийн 86.2, Дотоодын цэргийн тухай хуулийн 36.3-т заасан ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцох хугацааг энэ журмын 3.1-д заасан хугацаанд оруулж тооцохгүй.

 

  3.5.Мөнгөн урамшлын хэмжээ нь тухайн алба хаагчийн сүүлийн 60 сарын хугацаанд эрхэлж байсан албан тушаалын цалингийн дунджийг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.

 

Дөрөв.Мөнгөн урамшил олгох

 

  4.1.Энэ журмын 2.1-д заасан шаардлага хангасан алба хаагч тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтанд, дотоодын цэргийн алба хаагч тухайн анги, салбарын удирдах албан тушаалтанд тус тус мөнгөн урамшил авах хүсэлтээ бичгээр гаргана.

 

  4.2.Энэ журмын 4.1-д заасан удирдах албан тушаалтан алба хаагчийн хүсэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор Цагдаагийн төв байгууллага, Дотоодын цэргийн штабын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид дараах баримт бичгийн хамт хүргүүлнэ:

 

  4.2.1.тухайн алба хаагчийн бичгээр гаргасан хүсэлт;

 

  4.2.2.тухайн алба хаагчийг томилсон шийдвэрийн хуулбар;

 

  4.2.3.сүүлийн 60 сард эрхэлж байсан албан тушаалын цалингийн тодорхойлолт;

 

  4.2.4.энэ журмын 2.1-д заасан шаардлага хангасныг гэрчлэх баримт бичиг;

 

  4.2.5.шаардлагатай тохиолдолд бусад баримт бичиг.

 

  4.3.Энэ журмын 4.2-т заасан хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан хүсэлтийг хүлээн авч, аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажилласан хугацааг тодорхойлж, мөнгөн урамшил авах шаардлага хангасан алба хаагчид мөнгөн урамшил олгох шийдвэр гаргуулах саналыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчид уламжлан шийдвэрлүүлнэ.

 

  4.4.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага болон Дотоодын цэргийн анги, салбарын дарга, санхүү, хүний нөөц хариуцсан нэгж, албан тушаалтан нь мөнгөн урамшил олгоход шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгах, тухайн алба хаагчийн ажилласан хугацаа, албан тушаалын сарын цалинг үнэн зөв тодорхойлох үүрэгтэй.

 

  4.5.Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч нь шаардлага хангасан хүсэлтэд мөнгөн урамшил олгох тухай шийдвэр гаргаж, шийдвэр гарснаас хойш 30 хоногт багтаан урамшлын мөнгийг тухайн алба хаагчийн дансанд шилжүүлнэ.

 

Тав.Бусад

 

  5.1.Цагдаагийн төв байгууллага болон Дотоодын цэргийн штаб нь аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа энэ журамд заасан мөнгөн урамшил авах шаардлага хангасан алба хаагчийн тоо, түүнд шаардагдах зардлын тооцоо, судалгааг жил бүр гарган хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

  5.2.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Цагдаагийн төв байгууллага болон Дотоодын цэргийн штабаас ирүүлсэн мөнгөн урамшил олгох алба хаагчдын тоо, түүнд шаардагдах хөрөнгийн тооцоог үндэслэн дараа жилийн улсын төсөвт тусган батлуулах арга хэмжээ авна.

 

  5.3.Цагдаагийн албаны тухай хуулийн 89.2, Дотоодын цэргийн тухай хуулийн 36.6-д заасан нөхцөлийг хангаж, мөнгөн урамшил авах хүсэлт гаргасан алба хаагч албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд мөнгөн урамшил олгохоос татгалзах үндэслэл болохгүй.

 

5.4.Алба хаагчийн албан тушаалын сарын цалин болон ажилласан хугацааг буруу тодорхойлох, хуурамч баримт бичиг бүрдүүлэх зэргээр мөнгөн урамшлыг хууль бусаар тогтоож олгосон албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

----о0о----