A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2024 оны 07 дугаар

       сарын 31ий өдрийн 17 дугаар

          тогтоолын хавсралт

 

 

 

"САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВ"

УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ дүрмийн зорилго нь "Санхүүгийн мэдээллийн технологийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, чиг үүргийг тогтоож, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

1.2."Санхүүгийн мэдээллийн технологийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газар (цаашид "үйлдвэрийн газар" гэх) нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг улсын төсөвт үйлдвэрийн газар мөн.

 

1.3.Үйлдвэрийн газар нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хууль, Гаалийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, салбарын төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, энэ дүрмийг баримтлан ажиллана.

 

1.4.Үйлдвэрийн газрын оноосон бүтэн нэр нь "Санхүүгийн мэдээллийн технологийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газар, товчилсон нэр нь "СМТТ" УТҮГ байна.

 

1.5.Үйлдвэрийн газар нь чиг үүрэг, эрхэм зорилго, зорилтоо хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөтэй байна.

 

Хоёр.Үйлдвэрийн газрын бэлгэдэл, тэмдэг

 

2.1.Үйлдвэрийн газар нь холбогдох журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд өөрийн бэлгэдэлтэй байна.

 

2.2.Бэлгэдлийн загварыг үйлдвэрийн газрын захирлын тушаалаар батлах бөгөөд түүнийг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж, үйлдвэрийн газар хэрэглэнэ.

 

2.3.Тэмдгийг үйлдвэрийн газрын захирлаас итгэмжлэн хариуцуулсан этгээд түшиж, ашиглалт, хамгаалалт, хадгалалтыг хариуцна.

 

 

 

 

 

Гурав.Үйлдвэрийн газрын чиг үүрэг,

        үйл ажиллагааны чиглэл

 

3.1.Үйлдвэрийн газар нь санхүү, татвар, гаалийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, мэдээллийн системүүдийн уялдааг хангахад дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөгжүүлэх, системийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, санхүүгийн мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, санхүүгийн мэдээллийн нэгдсэн санг бий болгохтой холбоотой цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх болон Засгийн газрын харьяа төрийн захиргааны төв байгууллагуудын мэдээллийн технологийн уялдаа холбоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байна.

 

3.2.Үйлдвэрийн газар дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна:

 

      3.2.1.санхүү, татвар, гаалийн байгууллагуудын захиалга, бодлогын даалгаврын дагуу мэдээллийн систем, программ хангамж хөгжүүлэх, тэдгээртэй уялдуулах, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх;

 

      3.2.2.санхүү, татвар, гаалийн байгууллагын өгөгдлийн сангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, өгөгдөл боловсруулах, дүн шинжилгээ хийх;

 

      3.2.3.санхүү, татвар, гаалийн үйл ажиллагааг цахимжуулах боломжийн талаар судалгаа, шинжилгээ хийх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

 

      3.2.4.хариуцсан мэдээллийн системийн сайжруулалт, хөгжүүлэлт, нэвтрүүлэлт, тасралтгүй үйл ажиллагааг хангах, техник, технологийн инновацыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;

 

      3.2.5.санхүү, татвар, гаалийн байгууллагын санхүүгийн мэдээллийн системийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшил нэвтрүүлж, аюулгүй байдлыг хангах;

 

      3.2.6.Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн ажлын даалгавар, албан хүсэлтэд тусгагдсан асуудалд хамаарах үйл ажиллагааг цахимжуулахад мэдээллийн технологийн дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;

 

      3.2.7.Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн хамтын ажиллагааг сайжруулж, цахим засаглалын үр ашгийг нэмэгдүүлэх.

 

3.3.Засгийн газрын харьяа төрийн захиргааны төв байгууллага, Үндэсний хороо, комисс, тэдгээрийн ажлын алба энэ дүрмийн 3.2.7-д заасан үйл ажиллагаанд хамаарах ажлын саналаа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжилна.

 

3.4.Үйлдвэрийн газар энэ дүрмийн 3.2-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болон олон улсын стандартыг мөрдөж ажиллана.

 

 

 

 

 

Дөрөв.Үйлдвэрийн газрын эрх, үүрэг

 

4.1.Үйлдвэрийн газар нь эд хөрөнгийн талаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхтэй байна.

 

4.2.Үйлдвэрийн газар нь доор дурдсан үүрэгтэй байна:

 

      4.2.1.Монгол Улсын хууль тогтоомж болон энэ дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах;

 

      4.2.2.чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн болон эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны найдвартай байдлыг хангах, технологийн горим, хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиулах;

 

      4.2.3.хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэ дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;

 

      4.2.4.байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд чиглэсэн менежментийн үр ашигтай, оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх.

 

Тав.Үйлдвэрийн газрын удирдлага

 

5.1.Үйлдвэрийн газрын захирлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

 

5.2.Үйлдвэрийн газрын захирлаар мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн, энэ салбарт 7-оос доошгүй жил ажилласан, дээд боловсролтой, удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан дадлага, туршлагатай хүнийг томилно.

 

5.3.Захирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрэм, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

 

5.4.Захирал доор дурдсан бүрэн эрхтэй байна:

 

      5.4.1.Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газар, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр, чиглэл болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

 

      5.4.2.батлагдсан төсөв, хөрөнгийг зориулалт, холбогдох хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, тайлагнах;

 

      5.4.3.ажил, үүргээ гүйцэтгэх явцад олж авсан төрийн болон албаны нууц, хүний хувийн мэдээллийг хуулийн дагуу хадгалах, хувийн болон бусад этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх, үйлдвэрийн газрын нийт ажиллагсадтай нууцлалын гэрээ байгуулах;

 

      5.4.4.батлагдсан бүтэц, орон тоондоо багтаан үйлдвэрийн газрын ажилчдыг томилох, чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээ байгуулах, урамшуулал олгох, хариуцлага тооцох;

 

      5.4.5.ажилчдын ажлын байрны тодорхойлолтыг батлах;

 

      5.4.6.үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, үйлчилгээ, технологийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг баталж мөрдүүлэх;

 

      5.4.7.ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны стандартын шаардлага хангасан нөхцөлийг бүрдүүлэх;

 

      5.4.8.хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх;

 

      5.4.9.анхан шатны бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргах ажлыг зохион байгуулж, тэдгээрийн үнэн зөвийг биечлэн хариуцах;

 

      5.4.10.өөрийн эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, үйлдвэрийн газрыг гадаад, дотоодод төлөөлөх зэргээр үйлдвэрийн газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, итгэмжлэл олгох;

 

      5.4.11.захирлын эрх хэмжээнд хамаарах асуудлаар тушаал гаргаж, холбогдох дүрэм, журам, заавар, хуваарь баталж, биелэлтийг нь зохион байгуулж, үр дүнг тооцох;

 

      5.4.12.үйлдвэрийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах тусгай зөвшөөрөл, лиценз, эрхийн холбогдох баримт бичгийг бүрдүүлж ажиллах, үйлдвэрийн газарт шинээр худалдан авах болон акталж устгах, худалдах, шилжүүлэх үндсэн хөрөнгийн асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

 

      5.4.13.өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд бусад байгууллагаас өндөр ур чадвартай мэргэжилтэн (баг, хувь хүн)-тэй хамтран ажиллах;

 

      5.4.14.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

5.5.Захирал нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд ажлаа тайлагнана.

 

5.6.Захирал нь албан үүргээ гүйцэтгэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон бусад хууль тогтоомж, дүрмийг мөрдөж ажиллана.

 

5.7.Захирал нь хууль тогтоомж, дүрмийг зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болно.

 

5.8.Захирал нь энэ дүрмийн 3.2.7-д заасан чиг үүргийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх бөгөөд төлөвлөгөөнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын саналыг тусгасан байна.

 

5.9.Захирал нь төрийн болон үндсэн ажлаас гадуур өөр байгууллагад аливаа албан тушаал хавсран гүйцэтгэхгүй.

 

Зургаа.Санхүүгийн тайлан, тэнцэл, бүртгэл

 

6.1.Үйлдвэрийн газар төсвийн хөрөнгөөр санхүүжнэ.

 

6.2.Санхүүгийн жил тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж,            12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно.

 

6.3.Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу жил бүр санхүүгийн тайлан гаргаж, аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.

 

6.4.Санхүүгийн тайлангийн үнэн зөвийг захирал, ерөнхий нягтлан бодогч хариуцна.

 

6.5.Санхүүгийн алба, нягтлан бодогч хуулиар тогтоосон журмын дагуу анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах ажлыг хариуцан зохион байгуулж, дүгнэлт гарган захиралд танилцуулна.

 

6.6.Захирал нь тухайн жилийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүтэц, хөрөнгө, санхүү, үр дүнгийн талаар тодорхой тусгасан дараах мэдээллийг агуулсан тайлан, биелэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ:

 

      6.6.1.тайлангийн хугацаанд үйлдвэрийн газрын эрхлэн явуулсан үндсэн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй танилцуулга, гарсан өөрчлөлт болон эдгээр үйл ажиллагааны үр дүн;

 

      6.6.2.тайлангийн хугацаанд үйлдвэрийн газрын албан тушаалтан ажилтнуудад олгосон шагнал, урамшуулал, удирдлагын зардлын хэмжээ;

 

      6.6.3.шаардлагатай бусад мэдээлэл.

 

6.7.Төсвийн орлого, зарлагын мэдээ, мөнгөн болон мөнгөн бус хөрөнгийн гүйцэтгэлийн тайланг улирал, жил тутам гаргаж, аудитаар баталгаажуулан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

6.8.Эд хөрөнгийн дотоодын тооллогыг хугацаанд нь явуулж, жилийн тайлан тэнцэлд тулгана.

 

6.9.Төсвийн тухай хуульд заасны дагуу өөрийн чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, урсгал зардлын төслийг хуулийн хугацаанд гаргаж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулна.

 

 

6.10.Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллана.

 

Долоо.Эд хөрөнгийн хяналт

 

7.1.Захирал нь байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын өмнө хариуцна.

 

7.2.Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад ерөнхий нягтлан бодогч бүртгэлийн хяналт тавьж ажиллана.

 

Найм.Баримт бичгийн хадгалалт

 

8.1.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, түүнийг дагаж гарсан нийтлэг журмыг мөрдөн ажиллаж, дараах баримт бичгийг хадгална:

 

      8.1.1.үйлдвэрийн газрын дүрэм, дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, үйлдвэрийн газрыг байгуулах эрх бүхий байгууллагын шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх, лиценз, тусгай зөвшөөрөл, сертификат;

 

      8.1.2.санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, түүнд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмж;

 

      8.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, нягтлан бодох бүртгэлд тусгасан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох бичиг баримт;

 

      8.1.4.үйлдвэрлэл, технологи, үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам, заавар, стандарт, холбогдох бусад баримт бичиг;

 

      8.1.5.хурлын тэмдэглэл, шийдвэр, захирлын гаргасан тушаал, шийдвэр;

 

      8.1.6.шаардлагатай бусад баримт бичиг.

 

8.2.Мэдээллийг хадгалах хугацааг хууль, журам, стандартыг үндэслэн дотоод журмаар шийдвэрлэнэ.

 

Ес.Бусад

 

9.1.Энэ дүрэмд тусгаагүй бусад асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.

 

 

 

---о0о---