- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН НУУЦАД ХАМААРАХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2024 оны 10 дугаар
сарын 09-ний өдрийн 120 дугаар
тогтоолын хавсралт
ТӨРИЙН НУУЦАД ХАМААРАХ ХУДАЛДАН
АВАХ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.3.1-д заасан төрийн нууцад хамаарах худалдан авах ажиллагааг Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулна.
Хоёр.Төрийн нууцад хамаарах худалдан авах
ажиллагааны зарчим
2.1.Төрийн нууцад хамаарах худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.
Гурав.Төрийн нууцад хамаарах худалдан
авах ажиллагааг зохион байгуулах
3.1.Төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн болон төвлөрүүлэн захирагч, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлага (цаашид "Захиалагч" гэх)-аас бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа (цаашид "худалдан авах ажиллагаа" гэх)-ны талаарх мэдээлэл, эсхүл худалдан авах бараа, ажил, үйлчилгээ, түүний техникийн тодорхойлолт, шинж чанар, эсхүл гэрээний хэрэгжилтийн явцын мэдээлэл нь бүхэлдээ, эсхүл хэсэгчлэн Төрийн болон албаны нууцын тухай хууль, Засгийн газраас баталсан "Монгол Улсын төрийн нууцад хамаарах жагсаалт"-д хамаарах үндэслэлтэй гэж үзэх үндэслэл байгаа бол уг асуудлаар дүгнэлт гаргуулах саналаа Тагнуулын ерөнхий газарт хүргүүлнэ.
3.2.Энэ журмын 3.1-д заасан мэдээлэлд дараах баримт бичиг хамаарна:
3.2.1.албан бичиг (төрийн нууцад хамаарах эсэх талаарх үндэслэл бүхий санал);
3.2.2.худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тендер шалгаруулалтын баримт бичиг (төсөл, арга хэмжээний техникийн тодорхойлолт, зураг төсөл, төсөв);
3.2.3.бусад холбогдох баримт бичиг.
3.3.Энэ журмын 3.2-т заасан баримт бичгийн бүрдлийг холбогдох албан тушаалтан бүрдүүлж, төрийн байгууллагын нууц хамгаалах ажилтан, нэгж нь материалыг бүрдүүлэх явц, иж бүрдлийг хянаж, албан бичгийн хамт дугтуйнд хийж битүүмжлэн Тагнуулын ерөнхий газарт хүргүүлнэ.
3.4.Тагнуулын ерөнхий газраас энэ журмын 3.1-д заасан мэдээлэлд шинжилгээ хийж, тухайн худалдан авах ажиллагаа, эсхүл түүний холбогдох хэсэг төрийн нууцад хамаарах эсэх дүгнэлт, хамаарах бол худалдан авах ажиллагаа төлөвлөх, зохион байгуулах, урилга хүргүүлэх, санал хүлээн авах, үнэлэх, шийдвэр гаргах зэрэг гэрээний хэрэгжилтийн үе шатанд нууцлалыг хэрхэн хангах талаар мэргэжил, арга зүйн удирдлагаар хангасан зөвлөмжийг ажлын 15 хоногт багтаан хүргүүлнэ.
3.5.Худалдан авах ажиллагааны мэдээлэл нь төрийн нууцад хамаарах эсэх дүгнэлт, төрийн нууцад хамаарах тохиолдолд холбогдох зөвлөмжийг Тагнуулын ерөнхий газрын дарга, түүний эзгүйд Тагнуулын ерөнхий газрын Тэргүүн дэд даргаас Захиалагчид хүргүүлнэ.
3.6.Захиалагч Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн хариуг үндэслэн худалдан авах ажиллагааг зохион байгуулах Ажлын хэсгийг гурваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах бөгөөд гишүүдийн аль нэг нь худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээтэй байна.
3.7.Энэ журмын 3.6-д заасан Ажлын хэсэг худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтыг боловсруулж, шаардлагатай гэж үзсэн шинж чанар, зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана.
3.8.Ажлын хэсэг төрийн нууцад хамаарах худалдан авах ажиллагаанд оролцох иргэн, хуулийн этгээд (цаашид "Гүйцэтгэгч" гэх), түүний түншлэл, туслан гүйцэтгэгчийг сонгохдоо Сангийн сайдын тушаалаар батлагдсан жишиг баримт бичгийн дагуу сонгон шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж хугацаа тогтоон урилга хүргүүлж, тендерийн баримт бичигт заасан шаардлагын дагуу үнэлнэ.
3.9.Ажлын хэсэг худалдан авах бараа, ажил, үйлчилгээ нь энэ журмын 3.7-д заасан техникийн тодорхойлолтын шаардлагыг хангах эсэх болон батлагдсан төсөвт багтаж байгаа эсэхийг хянан үзэж, зөвлөмж гаргана.
3.10.Захиалагч Ажлын хэсгийн зөвлөмжийг үндэслэн энэ журмын 3.9-д заасан шаардлагыг хангасан бараа, ажил, үйлчилгээг худалдан авах шийдвэрийг гаргана.
3.11.Захиалагч энэ журмын 3.10-т заасны дагуу байгуулсан гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих үүргийг хүлээнэ.
Дөрөв.Төрийн нууцад хамаарах худалдан авалтад оролцогчид
нууцтай танилцах эрх олгох, нууцыг шилжүүлэх
4.1.Төрийн нууцад хамаарах худалдан авах ажиллагаанд оролцох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдийн төлөөлөлд төрийн нууцад хамаарах мэдээлэл танилцуулах тохиолдолд Захиалагч тагнуулын байгууллагын аюулгүй байдлын шалгалтад хамруулж, нууцтай танилцах эрх олгох ажлыг зохион байгуулсны үндсэн дээр холбогдох этгээдэд танилцуулна.
4.2.Гүйцэтгэгч түүний түншлэл, туслан гүйцэтгэгч нь төрийн нууцад хамаарах мэдээлэл шилжүүлэн авах, эсхүл нууц, түүний тээгчийг бүтээх, боловсруулах тохиолдолд Захиалагчаас тухай бүр, цаг алдалгүй тагнуулын байгууллагад мэдэгдэнэ.
4.3.Гүйцэтгэгч нь төрийн нууцад хамаарах мэдээлэл шилжүүлэн авах, эсхүл шинээр бүтээх, боловсруулах тохиолдолд Аюулгүй байдлын гэрчилгээ авах хүсэлтээ тагнуулын байгууллагад хүргүүлнэ.
4.4.Гүйцэтгэгч нь Захиалагчийн зөвшөөрөлтэйгөөр түншлэл, эсхүл туслан гүйцэтгэгч авах тохиолдолд тухайн түншлэлийн гишүүн, туслан гүйцэтгэгч нь Аюулгүй байдлын гэрчилгээ авсан байна.
4.5.Захиалагчийн шийдвэрээр худалдан авах ажиллагааг зохион байгуулахтай холбоотойгоор Гүйцэтгэгчид нууцад хамаарах мэдээллийг зөвхөн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хэмжээ, хязгаарын дотор "Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам"-д заасны дагуу шилжүүлнэ.
4.6.Гүйцэтгэгч худалдан авах ажиллагаанд оролцох, гүйцэтгэх үед төрийн нууцыг хамгаалах үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн тохиолдолд Захиалагч уг зөрчлийг арилгах хүртэл хугацаанд нууцад хамаарах мэдээлэл ашиглах үйл ажиллагааг зогсоох, эсхүл ажил дуусгавар болсон бол төрийн нууцад хамаарах баримт бичиг, биет зүйлийг "Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам"-ын дагуу буцаан авах арга хэмжээг авна.
4.7.Захиалагч талаас худалдан авах ажиллагаанд оролцох урилгыг Тагнуулын ерөнхий газрын зөвлөмжид үндэслэн нэг ба түүнээс олон тооны этгээдэд хүргүүлж болох ба оролцож буй талуудад урилга хүргүүлэхдээ төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл шилжүүлэхийг хориглоно.
Тав.Бусад зүйл
5.1.Байгууллага, албан тушаалтан худалдан авах ажиллагаанд төрийн болон албаны нууцыг хамгаалах үйл ажиллагааг Төрийн болон албаны нууцын тухай хууль болон Засгийн газраас баталсан "Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам"-ын хүрээнд хариуцан зохион байгуулна.
5.2.Төрийн нууцад хамаарах худалдан авах ажиллагаатай холбоотой төрийн нууцыг хадгалах, хамгаалах ажлыг зохион байгуулахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг тагнуулын байгууллага, захиалагчийн хэрэгжүүлэх улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах арга хэмжээний гүйцэтгэлийн явцад хяналт тавьж ажиллахыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус хариуцна.
5.3.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх