A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • "ШИНЭ ЗУУНМОД ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦ" ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2024 оны 10 дугаар

сарын 02ы өдрийн 114 дүгээр

тогтоолын 2 дугаар хавсралт

 

 

 

"ШИНЭ ЗУУНМОД ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦ" ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ
КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

 1.1."Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпорац" ХХК (цаашид "Корпорац"     гэх)-ийн төлөөлөн удирдах зөвлөл (цаашид "ТУЗ" гэх)-ийн гишүүнийг сонгон шалгаруулахад энэхүү журмыг баримтална.

 

 1.2.ТУЗ-ийн гишүүнийг сонгон шалгаруулахад хууль дээдлэх, ашиг сонирхлоос ангид байх, шударга, ил тод, хараат бус байх, эрх тэгш нээлттэй өрсөлдөөний зарчмыг удирдлага болгоно.

 

Хоёр.Сонгон шалгаруулалт зохион байгуулах

 шийдвэр гаргах

 

 2.1.ТУЗ-ийн гишүүнийг сонгон шалгаруулах шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргаж, уг ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг (цаашид "Ажлын хэсэг" гэх)-ийг байгуулна.

 

2.2.ТУЗ-ийн гишүүний сул орон тоо гарсан тохиолдолд "Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпорац" ХХК энэ тухай нийслэлийн Засаг даргад мэдэгдэнэ.

 

2.3.Энэхүү журмын 2.1-д заасан шийдвэрт ТУЗ-ийн гишүүнийг сонгох, сонгон шалгаруулалт зохион байгуулах хугацаа, удирдамж, шаардлагатай бусад асуудлыг тусгана.

 

Гурав.Ажлын хэсэг, түүний чиг үүрэг

 

 3.1.Ажлын хэсэг нь таваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд дарга, гишүүд, нарийн бичгийн даргаас бүрдэнэ.

 

 3.2.Ажлын хэсгийн дарга, гишүүн тус бүр нэг саналын эрхтэй байна.

 

 3.3.Ажлын хэсэг сонгон шалгаруулалттай холбогдсон аливаа асуудлыг хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, тэмдэглэл үйлдэнэ.

 

 3.4.Ажлын хэсэг дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

       3.4.1.ТУЗ-ийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчийн материалыг хүлээн авч хянах, бүртгэх;

 

       3.4.2.сонгон шалгаруулалтын дүнг гаргаж, ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлж байгаа оролцогчийн материалыг сонгон шалгаруулалт явуулсан тухай тайлан, тэмдэглэлийн хамт нийслэлийн Засаг даргад хүргүүлэх;

 

       3.4.4.сонгон шалгаруулалттай холбоотой аливаа баримт бичиг, лавлагаа, мэдээллийг эрх бүхий байгууллагаас гаргуулан авах.

 

 3.5.Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

       3.5.1.сонгон шалгаруулалттай холбогдсон аливаа асуудлаар Ажлын хэсгийн даргын үүрэг, даалгаврын дагуу өдөр тутмын ажлыг зохион байгуулж, түүнийг мэдээллээр хангах;

 

       3.5.2.сонгон шалгаруулалттай холбогдсон санал, хүсэлтийг хүлээн авч Ажлын хэсгийн дарга, гишүүдэд танилцуулах;

 

       3.5.3.Ажлын хэсгийн хурлын бэлтгэл хангах, зохион байгуулах, шийдвэрт дарга, гишүүдээр гарын үсэг зуруулан баталгаажуулах.

 

3.6.Ажлын хэсгийн дарга, гишүүд нь сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбогдуулан бусдын нөлөөнд автахгүй, шударга, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах үүрэгтэй.

 

Дөрөв.Сонгон шалгаруулалтын тухай мэдээлэх

 

 4.1.Ажлын хэсэг нь байгуулагдсанаас хойш ажлын 5 өдрийн дотор ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах тухай зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ. Бусад  гишүүнийг сонгон шалгаруулах тохиолдолд энэ журмын 5.3-т заасан арга хэмжээг авна.

 

 4.2.Сонгон шалгаруулалтын зард ТУЗ-ийн гишүүнд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, материал хүлээн авах хаяг, хугацаа, харилцах утасны дугаар болон шаардлагатай бусад мэдээллийг тусгана.

 

 4.3.Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацааг сонгон шалгаруулах тухай зарыг олон нийтэд мэдээлсэн, эсхүл энэ журмын 5.3-т заасны дагуу холбогдох байгууллагуудад хүргүүлснээс хойш ажлын 10-аас доошгүй өдөр байхаар тогтооно.

 

Тав.Материал хүлээн авах, бүртгэх

 

 5.1.Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцогчдоос дараах баримт бичгийг энэ журмын 4.3-т заасан хугацааны дотор хүлээн авч бүртгэнэ:

 

       5.1.1.товч намтар, анкет;

 

       5.1.2.иргэний үнэмлэхийн хуулбар (гадаад паспорт);

 

       5.1.3.боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний  хуулбар;

 

       5.1.4.2 хувь цээж зураг;

 

       5.1.5.нийгмийн даатгалын лавлагаа;

 

       5.1.6.сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;

 

       5.1.7.оршин суугаа газрын тодорхойлолт;

 

       5.1.8.иргэний ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа;

 

       5.1.9."эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан аж ахуйн нэгж байгууллага нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх талаарх"  эрх бүхий байгууллагын тодорхойлолт.

 

 5.2.Энэ журмын 5.1-д заасан материал дутуу ирүүлсэн оролцогчийг бүртгэхгүй бөгөөд ирүүлсэн материалын үнэн зөвийг сонгон шалгаруулалтад оролцогч өөрөө хариуцна.

 

 5.3.Ажлын хэсэг ТУЗ-ийн гишүүдийн сонгон шалгаруулалтад оролцох нийслэл Улаанбаатар хот, Төв аймгийн төлөөллийн нэрийг ирүүлэх тухай мэдэгдлийг холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.

 

 5.4.Энэ журмын 5.3-т заасан мэдэгдлийг хүлээн авсан байгууллага Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасан шаардлагыг хангасан оролцогчдын нэрсийг энэхүү журмын 5.1-д заасан материалын хамт Ажлын хэсэгт хүргүүлнэ.

 

Зургаа.Сонгон шалгаруулах ажиллагаа

 

 6.1.Сонгон шалгаруулах ажиллагаа нь Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхээс гадна нэр дэвшигчийн боловсролын түвшин, мэргэшил, ур чадвар, туршлагыг нарийвчлан тогтооход чиглэгдэнэ.

 

 6.2.Ажлын хэсэг сонгон шалгаруулах ажиллагааг ерөнхий шаардлага болон ярилцлагын гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулна.

 

 6.3.Ерөнхий шаардлагын дагуу ирүүлсэн материалыг Ажлын хэсэг хянан үзээд дараах байдлаар оноо өгч, нийлбэр дүнгээр 20 болон түүнээс дээш оноо авсан оролцогчийг дараагийн шатны буюу ярилцлагын шалгаруулалтад оролцуулна:

 

       6.3.1.хуульд заасан шаардлага хангаж байгаа байдал: 0-6 оноо;

 

       6.3.2.боловсрол, мэргэшил, туршлага, ур чадварын байдал: 0-18 оноо.

 

 6.4.Ярилцлагын шалгаруулалтад оролцогчдод ярилцлагын үр дүнгээс хамаарч 0-10 оноо өгнө.

 

 6.5.Сонгон шалгаруулалтад оролцогч нь 27 болон түүнээс дээш оноо авсан тохиолдолд сонгон шалгаруулалтад тэнцсэн гэж үзнэ.

 

 6.6.Энэхүү журмын 6.3, 6.4-т заасны дагуу өгсөн онооны нийлбэрээр хамгийн өндөр оноо авсан байдлаар сонгон шалгаруулалтад оролцогчдыг эрэмбэлэн жагсааж, дүнг гаргана.

 

 

 

 

Долоо.Төлөөлөн удирдах зөвлөлийн

 гишүүнийг томилох

 

 7.1.Ажлын хэсэг энэ журмын 3.4.2-т заасны дагуу сонгон шалгаруулалтын дүнг ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлж байгаа оролцогчийн холбогдох материалын хамт нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ.

 

 7.2.Нийслэлийн Засаг даргаас ТУЗ-ийн гишүүнээр томилох тухай шийдвэрийг ажлын 15 өдрийн дотор гаргана.

 

 7.3.Нийслэлийн Засаг даргаас хуульд заасан үндэслэлээр нэр дэвшигчийг томилохоос татгалзсан тохиолдолд сонгон шалгаруулалтад тэнцсэн оролцогчдоос дараагийн өндөр оноо авсан оролцогчийг нэр дэвшүүлнэ.

 

Найм.Хяналт, хариуцлага

 

 8.1.Корпорацын хувьцаа эзэмшигч нь ТУЗ-ийн гишүүдийн сонгон шалгаруулалт, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хууль, журмын дагуу явагдсан эсэхэд хяналт тавих эрхтэй бөгөөд хувьцаа эзэмшигчийн зүгээс хүсэлт гаргасан тохиолдолд Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын явц, үр дүнг мэдээлэх үүрэгтэй.

 

 8.2.ТУЗ-ийн гишүүнийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд энэ журамд заасныг мөрдөж ажиллаагүй, зөрчсөн тохиолдолд асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.

 

 

 

----о0о----