- Нүүр
- Сайдын тушаал
- ХӨДӨЛМӨРИЙН ХУВИЙН БИРЖИЙГ БҮРТГЭЖ, САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЖУРАМ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/54 дүгээр тушаалын хавсралт
ХӨДӨЛМӨРИЙН ХУВИЙН БИРЖИЙГ БҮРТГЭЖ, САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэх, хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэх, оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох, санхүүжүүлэх, хяналт тавих асуудлыг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон түүний эрх олгосон байгууллага нь хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэж, гэрчилгээ олгох, үйл ажиллагааг нь зохицуулахад Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавих шаардлага "MNS6620:2016" стандарт болон холбогдох журам, стандарт, аргачлалыг баримтална.
1.3.Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь сонгон шалгаруулалтаар гэрээний үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэгч хувийн биржүүдийг нэгтгэсэн мэргэжлийн холбоонд хөдөлмөрийн хувийн бүртгэл, тайлагналт, хяналт хийхтэй холбоотой эрх, үүргээ шилжүүлэн гүйцэтгүүлж болно.
Хоёр.Хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэх, хугацааг сунгах, бүртгэлээс хасах
2.1.Хөдөлмөрийн хувийн биржээр бүртгүүлэх хуулийн этгээд нь дараах бичиг баримтыг бүрдүүлэн бүртгэх эрх бүхий байгууллагад хандана.
2.1.1.албан хүсэлт;
2.1.2.хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа; /хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тусгагдсан байх/
2.1.3.удирдах ажилтан /захирал/-ны анкет;
2.1.4.хөдөлмөрийн хувийн биржийн үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргасан хуулийн этгээд нь Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийн өргүйг нотлох лавлагаа;
2.1.5.хөдөлмөрийн хувийн биржийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх журам, ёс зүйн дүрэм, бизнес төлөвлөгөө, байгууллагын үйл ажиллагааны танилцуулга;
2.1.6.ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх, мэргэшсэн зөвлөх, ажил зуучлал хариуцсан ажилтны анкет, диплом, гэрчилгээний хуулбар, тухайн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа;
2.1.7."MNS6620:2016" стандартын шаардлага хангасан эсэх талаарх аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас ирүүлсэн санал, дүгнэлт.
2.2.Энэхүү журмын 2.1-д заасан бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, аль нэг шаардлагыг бүрэн хангаагүй тохиолдолд бүртгэхээс татгалзах ба бүртгэлийн гэрчилгээ олгохгүй.
2.3.Хөдөлмөрийн хувийн биржийн бүртгэлийн гэрчилгээ /цаашид "бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г 3 жилийн хугацаатай олгоно.
2.4.Бүртгэлийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө гаргах ба энэхүү журмын 2.1-д заасан бичиг баримтад өөрчлөлт орсон бол холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн эрх бүхий байгууллагад хүргүүлж бүртгүүлнэ.
2.5.Бүртгэлийн гэрчилгээг анх олгосон хугацаагаар сунгана.
2.6.Бүртгэлийн гэрчилгээг сунгахдаа хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай байгуулсан санхүүжилтийн гэрээ, уг гэрээ дүгнэсэн акт, үйл ажиллагааны үр дүн, албан хүсэлт, сар бүрийн үйл ажиллагааны тайланг үндэслэнэ.
2.7.Хөдөлмөрийн хувийн биржийг дараах тохиолдолд бүртгэл хийх эрх бүхий байгууллага бүртгэлээс хасаж, гэрчилгээг хүчингүй болгоно:
2.7.1.Хөдөлмөрийн хувийн бирж өөрөө хүсэлт гаргасан;
2.7.2.Хуулийн этгээд татан буугдсан;
2.7.3.Бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласан ажлын байрны болон ажил хайгчийн зарыг зөвшөөрөлгүй бүртгэсэн, худал мэдээлэл оруулсан, эсхүл хуурамч материал бүрдүүлж санхүүжилт хүссэн;
2.7.4.Иргэнийг хуулиар хориглосон ажилд зуучлахыг завдсан эсхүл зуучилсан нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санал гомдол, холбогдох эрх бүхий этгээдийн хяналт шалгалтаар нотлогдсон;
2.7.5.Гурван сарын хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд ажил хайгчийг ажилд зуучлан оруулсан тухай бүртгээгүй;
2.7.6.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9.4-т заасныг зөрчсөн;
2.7.7.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29.11-т заасан чиг үүргийг үйл ажиллагааны төлөвлөгөөндөө бүрэн тусгаагүй, хэрэгжүүлээгүй;
2.7.8.Гэрээнд заасан үүргээ хангалттай биелүүлээгүй.
Гурав. Хөдөлмөрийн хувийн биржийн үйл ажиллагаа
3.1.Хөдөлмөрийн хувийн бирж нь хөдөлмөр эрхлэлтийн дараах нийтлэг үйлчилгээг үзүүлнэ:
3.1.1.хөдөлмөр эрхлэх чадварын үнэлгээ хийх;
3.1.2.хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөө боловсруулах;
3.1.3.ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх;
3.1.4.ажилд зуучлах;
3.1.5.ажил олгогчид зориулсан зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах;
3.1.6.хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах;
3.1.7.өдөрлөг яармаг зохион байгуулах.
3.2.Хөдөлмөрийн хувийн биржийн үйлчилгээг ажил мэргэжил, хүн амын бүлэг, эдийн засгийн үйл ажиллагааны салбараар төрөлжүүлэн үзүүлж болно.
3.3.Хөдөлмөрийн хувийн биржүүд нь нэгдэж нэгдсэн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх болон салбар нэгжтэй байж болно.
3.4.Хөдөлмөрийн хувийн биржүүд нь хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн тогтолцоонд хамрагдаж, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалттайгаар үзүүлнэ.
Дөрөв. Оролцогч талуудын эрх, үүрэг
4.1.Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хөдөлмөрийн хувийн биржийн үйл ажиллагаатай холбоотойгоор хууль тогтоомжид зааснаас гадна дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.1.1.хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний стандарт, аргачлалыг мөрдүүлэх, хяналт тавих;
4.1.2.эрх шилжүүлсэн байгууллагатай хамтран ажиллах, ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг хагас бүтэн жилээр дүгнэх;
4.1.3.эрх шилжүүлсэн байгууллагатай байгуулсан гэрээ болон үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх;
4.1.4.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн дагуу санхүүжилтийг энэ журмын хавсралтаар тогтоосон тарифаар тооцон сар бүр олгох;
4.1.5.хөдөлмөрийн хувийн биржийг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;
4.1.6.санхүүгийн тайлан, үйл ажиллагаанд улирал бүр хяналт тавих, санал, зөвлөмж гаргах.
4.2.Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас эрх шилжүүлсэн байгууллага нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.2.1.хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулах;
4.2.2.хөдөлмөрийн хувийн биржийг хууль тогтоомж, энэ журмын дагуу бүртгэх, бүртгэлийн гэрчилгээг сунгах, цуцлах;
4.2.3.хөдөлмөрийн хувийн биржийн гүйцэтгэлийн тайланг үйлчилгээний төрөл тус бүрээр холбогдох маягтын дагуу сар бүр цаасаар болон цахимаар авч хянан баталгаажуулах, тайлагнах;
4.2.4.хөдөлмөрийн хувийн биржийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулж, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар батлуулах, сургалт зохион байгуулах;
4.2.5.олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах;
4.2.6.төрийн болон төрийн бус байгууллагуудтай хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах;
4.2.7.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах.
4.3.Хөдөлмөрийн хувийн биржүүд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.3.1.Энэхүү журмын 3.1-т заасан үйл ажиллагааг чанартай, хүртээмжтэй гүйцэтгэх;
4.3.2.Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаа явуулах.
4.4.Хөдөлмөрийн хувийн биржүүд дараах эрхтэй:
4.4.1.Хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, сургалт, судалгаа, мэргэжил арга зүйн дэмжлэг авах, мэдээллээр хангагдах;
4.4.2.Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санд холбогдох;
4.4.3.Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг холбогдох хууль, журмын дагуу үзүүлж, энэ журмын хавсралтаар тогтоосон тарифаар санхүүжилт хүсэх.
Тав. Мэдээ, тайлан, санхүүжилт
5.1.Хөдөлмөрийн хувийн бирж нь хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эсхүл түүний эрх шилжүүлсэн байгууллагад дараах тайлан, мэдээг доор дурдсан хугацаанд гаргаж ирүүлнэ.
5.1.1.Хөдөлмөрийн зах зээлийн анхан шатны мэдээллийг батлагдсан маягтын дагуу сар бүрийн 25-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд болон албан бичгээр эсхүл цахимаар тухайн сарын 30-ны дотор;
5.1.2.Хөдөлмөрийн хувийн биржийн үйл ажиллагааны жилийн эцсийн тайланг хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад 12 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон 12 дугаар сарын 15-ны дотор.
5.2.Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь эрх шилжүүлсэн байгууллагын хяналт, дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн хувийн биржийн санхүүжилтийг энэ журмын хавсралтаар тогтоосон тарифаар тооцон сар бүрийн 15-ны дотор олгоно.
5.3.Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үзүүлсэн тайлан мэдээг тухайн сарын тайлант хугацаанаас хоцроосон тохиолдолд санхүүжилт олгохгүй.
5.4.Энэхүү журмын 3.1-т зааснаас бусад үйл ажиллагаанд санхүүжилт олгохгүй.
5.5.Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь үйл ажиллагааны мэдээ, тайланг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон бусад холбогдох байгууллагад тогтмол мэдээлж, тайлагнана.
Зургаа. Бусад
6.1.Хөдөлмөрийн хувийн биржийн үйл ажиллагаанд эрх шилжүүлсэн байгууллага болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон холбогдох бусад байгууллагаас хяналт тавина.
6.2.Хөдөлмөрийн хувийн бирж, эрх шилжүүлсэн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн байгууллагаар жил бүр аудит хийлгэнэ.
6.3.Хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэх, санхүүжилт олгох, бүртгэлээс хасахтай холбоотой гомдол, маргааныг хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргах ба маргааныг шийдвэрлэх боломжгүй үед шүүхээр шийдвэрлүүлнэ.
6.4.Хөдөлмөрийн хувийн бирж нь илтэд хуурамч шинжтэй баримт материал бүрдүүлэн, санхүүжилт хүссэн, иргэнээс зуучлалын төлбөр авсан тохиолдолд хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.
6.5.Энэхүү журмыг зөрчигчдөд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
--- о0о ---
Хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэж, санхүүжилт олгох журмын хавсралт
ХӨДӨЛМӨРИЙН ХУВИЙН БИРЖИД САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ТАРИФ
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ | Нэгжид ногдох зардал /сарын ХХДХ-тэй жишсэн хувь, төгрөгөөр/ | |
Хөдөлмөр эрхлэх чадварын үнэлгээ хийх
| 2.4 хувьтай тэнцэх өртөг | |
Хувь хүний хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөгөө боловсруулах
|
1.6 хувьтай тэнцэх өртөг | |
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох бүлгийн зөвлөгөө өгөх
|
34.1 хувьтай тэнцэх өртөг
| |
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан зөвлөгөө өгөх |
Ажил хайгч, ажилгүй иргэн |
2.3 хувьтай тэнцэх өртөг
|
Хөгжлийн бэрхшээлтэй хүн |
3.4 хувьтай тэнцэх өртөг
| |
Ажил олоход хүндрэлтэй иргэн
| 3.0 хувьтай тэнцэх өртөг | |
Ажилд зуучлах |
Ажил хайгч, ажилгүй иргэн
|
6.0 хувьтай тэнцэх өртөг
|
Хөгжлийн бэрхшээлтэй хүн
|
8.9 хувьтай тэнцэх өртөг
| |
Ажил олоход хүндрэлтэй иргэн
| 7.7 хувьтай тэнцэх өртөг |
--- о0о ---
Текст томруулах
A
A
A