- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- ДОМЭЙН НЭРИЙГ БҮРТГЭХ, АШИГЛАХ ЖУРАМ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 242 тоот тогтоолын хавсралт
ДОМЭЙН НЭРИЙГ БҮРТГЭХ, АШИГЛАХ ЖУРАМ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэ журмаар Харилцаа холбооны тухай хуульд заасны дагуу домэйн нэрийг бүртгэх, ашиглахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
1.2. Энэ журмыг домэйн нэр бүртгэгч, домэйн нэр эзэмшигч /цаашид "эзэмшигч" гэх/, хуульд заасан эрх бүхий байгууллага[1] /цаашид "эрх бүхий байгууллага" гэх/, Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/ болон бусад холбогдох талууд дагаж мөрдөнө.
1.3. Олон улсын интернэтийн цахим нэр, тоон хаягжилтын корпорац (ICANN)-тай Монгол Улсын MN өргөтгөлтэй домэйн нэрийг бүртгэх үйл ажиллагааг хариуцах гэрээ байгуулсан хуулийн этгээдийг Бүртгэгч гэж нэрлэнэ.
1.4. Бүртгэгч нь домэйн нэрийн бүртгэлийн үйлчилгээ эрхлэх тодорхой эрхийг гэрээний үндсэн дээр Зохицуулах хорооноос бүртгэлийн гэрчилгээтэй хуулийн этгээдэд олгоно. Бүртгэлийн үйлчилгээ эрхлэх ийм этгээдийг Гэрээт бүртгэгч гэж нэрлэнэ.
ХОЁР.БАРИМТЛАХ ЗАРЧИМ
2.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, нийтэд нээлттэй, ил тод байх, адил тэгш эрхтэйгээр түрүүлж мэдүүлсэн хүсэлтийг эхэлж бүртгэх, эзэмшигчийн эрхийг хүндэтгэх зарчмуудыг домэйн нэрийг бүртгэх, ашиглахтай холбоотой үйл ажиллагаанд баримтална.
2.2. MN, МОН өргөтгөлтэй болон энэ журмын Хавсралт 1-д заасан дэд домэйн нэр /цаашид "Дэд домэйн нэр" гэх/-ийн иж бүрдэл нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн байна.
ДОМЭЙН НЭРИЙН БҮРДЭЛ, ТҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
3.1. MN өргөтгөлтэй болон Дэд домэйн нэрийн домэйн нь англи хэлний цагаан толгойн A-Z, a-z үсэг, 0-9 хүртэлх цифр, "-" дундуур зураас; МОН өргөтгөлтэй домэйн нэрийн дэд домэйн нь монгол цагаан толгойн А-Я, а-я үсэг, 0-9 хүртэлх цифр, "-" дундуур зураас зэрэг 2-оос доошгүй, 63-аас илүүгүй, эхлэл болон төгсгөл нь үсэг, эсхүл тооноос бүрдсэн нийлмэл нэр байна.
ДӨРӨВ.
ДОМЭЙН НЭРИЙГ БҮРТГЭХТЭЙ ХОЛБООТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
4.1. Домэйн нэрийн сан нь домэйн нэрийн мэдээлэл, домэйн нэр бүртгэгчийн мэдээлэл, эзэмшигчийн мэдээлэл, серверийн мэдээлэл, АйПи (IP) хаяг, эзэмшлийн түүх, өөрчлөлтийн мэдээллийг бүртгэж хадгалах систем бөгөөд домэйн нэрийг давхардуулан бүртгэх боломжгүй хэлбэрээр тохируулсан байна.
4.2. Домэйн нэрийн сангийн дараах мэдээлэл олон нийтэд ил тод байна. Үүнд:
4.2.1.домэйн нэр;
4.2.2.эзэмшигчийн нэр, хаяг, утас, цахим шуудангийн хаяг;
4.2.3.серверийн нэр болон АйПи хаяг;
4.2.4.домэйн нэр бүртгэгчийн нэр, хаяг;
4.2.5.бүртгэл хийгдсэн болон өөрчлөлт оруулсан огноо, хүчинтэй хугацаа.
4.3. Монгол Улсад оршин суугаа хаяг, бүртгэлтэй хүн, хуулийн этгээд нь MN болон МОН өргөтгөлтэй домэйн нэрийг эзэмших хүсэлтийг домэйн нэр бүртгэгчид гаргана.
4.4. Монгол Улсын төрийн байгууллага нь GOV.MN өргөтгөлтэй домэйн нэрийг эзэмших хүсэлтийг "Төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журам"-ын хоёрдугаар зүйлд заасны дагуу "Үндэсний дата төв" УТҮГ-т, Монгол Улсын боловсрол, сургалтын байгууллага нь EDU.MN өргөтгөлтэй домэйн нэрийг эзэмших хүсэлтийг "Боловсролын мэдээллийн технологийн төв" УТҮГ-т гаргана.
4.5. Домэйн нэрийг ашиглах үйл ажиллагааг дараах салбарын чиглэлээр ангилж бүртгэнэ. Үүнд:
4.5.1.цахим худалдаа;
4.5.2.цахим үйлчилгээ;
4.5.3.цахим тоглоом;
4.5.4.санхүүгийн үйлчилгээ;
4.5.5.мэдээ мэдээлэл;
4.5.6.танин мэдэхүй;
4.5.7.мультимедиа;
4.5.8.төрийн байгууллага;
4.5.9.төрийн бус байгууллага;
4.5.10.олон улсын байгууллага;
4.5.11.хувийн байгууллага;
4.5.12.мэргэжлийн холбоо;
4.5.13.боловсролын байгууллага;
4.5.14.шинжлэх ухаан;
4.5.15.бусад.
4.6. Монгол Улсад оршин суугаа хаяг, бүртгэлтэй хүн энэ журмын 4.3-т заасан хүсэлтэд дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
4.6.1.овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
4.6.2.төрсөн он, сар, өдөр;
4.6.3.регистрийн дугаар;
4.6.4.Монгол Улс дахь оршин суугаа хаяг;
4.6.5.цахим шуудангийн хаяг;
4.6.6.утасны дугаар.
4.7. Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд нь энэ журмын 4.3-т заасан хүсэлтэд дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
4.7.1.хуулийн этгээдийн нэр;
4.7.2.гүйцэтгэх захирлын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
4.7.3.хуулийн этгээдийн албан ёсны хаяг, байршил;
4.7.4.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
4.7.5.утасны дугаар;
4.7.6.цахим шуудангийн хаяг.
4.8. Домэйн нэр бүртгэгч нь домэйн нэрийг эзэмших хүсэлтийг хүлээн аваад дараах ажиллагааг явуулна. Үүнд:
4.8.1.энэ журмын 4.6, 4.7-д заасан мэдээлэл болон гуравдугаар зүйлд заасан домэйн нэрийн иж бүрдлийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах;
4.8.2.хүсэлтийг хүлээн авсан хугацаа (он, сар, өдөр, цаг, минут, секунд)-ны дарааллаар домэйн нэрийн санд дугаарлан тэмдэглэж баталгаажуулах;
4.8.3.домэйн нэрийг ашиглах үйл ажиллагааны чиглэлийг энэ журмын 4.5-д заасан ангиллаар бүртгэх;
4.8.4.домэйн нэрийн санд Танилт, нэвтрэлтийн системээр бүртгэлийн мэдээллийг баталгаажуулж оруулах;4.8.5.домэйн нэрийг ажлын 1 өдөрт багтаан бүртгэх бөгөөд домэйн нэр эзэмших хугацаа нь 1 жилээс доошгүй байна;
4.8.6.домэйн нэрийг бүртгэхээс татгалзсан бол тайлбарыг албан бичиг эсвэл цахим шуудангаар хүргүүлэх.
ТАВ.
ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ДОМЭЙН НЭРИЙГ АШИГЛАХТАЙ
ХОЛБООТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
5.1. Эзэмшигч нь дараах эрхтэй. Үүнд:
5.1.1.домэйн нэрийг бусдад шилжүүлэх, худалдах;
5.1.2.бүртгэлийг шинэчлэх, өөрчлөх;
5.1.3.домэйн нэр бүртгэгчийг солих.
5.2. Эзэмшигч нь дараах үүрэгтэй. Үүнд:
5.2.1.домэйн нэрийн санд энэ журмын 4.6, 4.7, 5.1.2-т заасан бүртгэлийн мэдээллийг үнэн зөв бүрэн мэдүүлэх;
5.2.2.бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд ажлын 30 өдөрт багтаан шинэчлэх хүсэлтээ домэйн нэр бүртгэгчид хүргүүлэх;
5.2.3.Танилт, нэвтрэлтийн нэгдсэн системээр өөрийн бүртгэлийн мэдээллийг баталгаажуулах;
5.2.4.Монгол Улсын хууль тогтоомж болон энэ журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх.
5.3. Домэйн нэр эзэмших эрхийг дор дурдсаны дагуу бусдад шилжүүлнэ. Үүнд:
5.3.1.эзэмшигч нь өөрийн хүсэлт, эсхүл эрх шилжүүлэн авагчтай байгуулсан гэрээний дагуу домэйн нэр эзэмших эрхээ энэ журмын 4.3-т заасан хүн, хуулийн этгээдэд шилжүүлж болно;
5.3.2.домэйн нэр бүртгэгч нь шилжүүлэх хүсэлтийг хүлээн аваад ажлын 3 өдөрт багтаан шийдвэрлэж, энэ журмын 4.8-д заасны дагуу бүртгэх үйл ажиллагааг явуулна.
5.4. Домэйн нэр эзэмших эрхийг дор дурдсаны дагуу түдгэлзүүлнэ. Үүнд:
5.4.1.энэ журмын 5.2-т заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зохицуулах хорооноос ирүүлсэн мэдэгдлийн дагуу домэйн нэр эзэмших эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг домэйн нэр бүртгэгч авна;
5.4.2.энэ журмын 5.4.1-д заасан арга хэмжээний улмаас гарах эрсдэлийг эзэмшигч хариуцна.
5.5. Домэйн нэр эзэмших эрхийг энэ журмын 5.4.1-д заасан зөрчлийг арилгасан тохиолдолд Зохицуулах хорооны мэдэгдлийн дагуу сэргээнэ.
5.6. Домэйн нэр эзэмших эрх дараах үндэслэлээр дуусгавар болно. Үүнд:
5.6.1.энэ журмын 5.3-т заасны дагуу шилжүүлсэн бол;
5.6.2.эзэмшигч нь нас барсан бөгөөд эзэмших эрхээ бусад этгээдэд шилжүүлээгүй бол;
5.6.3.хуулийн этгээд татан буугдсан бөгөөд эрх нь бусад этгээдэд шилжээгүй бол;
5.6.4.домэйн нэр эзэмших хугацаа дууссанаас 65 хоногийн хугацаа өнгөрсөн бол;
5.6.5.энэ журмын 5.4.1-д заасан зөрчлийг 30 хоногийн дотор арилгаагүй бол;
5.6.6.эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол.
5.7. Хүн, хуулийн этгээд нь энэ журмын Хавсралт 1-д зааснаас бусад дэд домэйн нэрийг үүсгэх тохиолдолд зөвхөн өөрийн дотоод үйл ажиллагаанд ашиглаж болно.
ЗУРГАА.ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЧИГ ҮҮРЭГ
6.1. Зохицуулах хороо нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
6.1.1.энэ журмын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах;
6.1.2.Бүртгэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулах;
6.1.3.домэйн нэрийн бүртгэл, ашиглалттай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх;
6.1.4.домэйн нэрийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавих;
6.1.5.энэ журмын 5.2-т заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд домэйн нэр эзэмших эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг авах талаар мэдэгдэл хүргүүлэх;
6.1.6.өргөдөл гомдол шийдвэрлэхэд мэргэжлийн туслалцаа авах, мэргэжлийн тусгай мэдлэг бүхий зөвлөх этгээдийн нэрийн жагсаалт /цаашид "Зөвлөхийн жагсаалт" гэх/ гаргах, дүгнэлт гаргуулахаар ажлын хэсэг байгуулах;
6.1.7.Монгол Улсын төрийн үйл ажиллагаанд ашиглах, нутаг дэвсгэрийн нэгжийг илэрхийлэх эсвэл онцлох нэршил бүхий домэйн нэрийн нөөцийн жагсаалт /цаашид "Домэйн нэрийн нөөц" гэх/-ыг үүсгэх;
6.1.8.Гэрээт бүртгэгчид бүртгэлийн гэрчилгээ олгох, сунгах, цуцлах, түдгэлзүүлэх, сэргээх, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
6.1.9.хууль тогтоомж болон энэ журмыг зөрчиж бүртгэсэн домэйн нэрийн анхны бүртгэл болон бүртгэлийн өөрчлөлтүүдийг хүчингүй болгох;
6.1.10.хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд домэйн нэрийн бүртгэлд өөрчлөлт оруулах, эрх шилжүүлэхийг хязгаарлах;
6.2. Энэ журмын 6.1.7-д заасан Домэйн нэрийн нөөцийг Зохицуулах хорооны албан ёсны цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээлнэ.
ДОЛОО.БҮРТГЭГЧ, ТҮҮНИЙ ЧИГ ҮҮРЭГ
7.1.Бүртгэгч нь дараах техникийн шаардлагыг хангасан байна. Үүнд:
7.1.1.хоёр болон түүнээс дээш интернэтийн үйлчилгээ эрхлэгчийн сүлжээнд тав буюу түүнээс дээш домэйн нэрийн серверийг байрлуулах;
7.1.2.Монгол Улсад байрлах MN болон МОН өргөтгөлтэй домэйн нэрийн бүртгэлийн өгөгдлийн сан, сервер, системтэй байх;
7.1.3.энэ журмын 7.1.2-т заасан домэйн нэрийн өгөгдлийн сан, сервер нь "Үндэсний дата төв" УТҮГ-т байрлах;
7.1.4.интернэтийн дундын холболтын төвд холбогдсон байх;
7.1.5.домэйн нэрийн бүртгэлийн болон төлбөр тооцооны өөрийн программ хангамжтай байх;
7.1.6.Танилт, нэвтрэлтийн системд холбогдсон байх;
7.1.7.энэ журмын 7.1.2-т заасан сервер, системийн кибер болон биет аюулгүй байдлыг хангах.
7.2.Бүртгэгч нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
7.2.1.энэ журамд заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн Монгол Улсын MN болон МОН өргөтгөлтэй домэйн нэрийн санг үүсгэж бүртгэл, хадгалалтыг хариуцна;
7.2.2.энэ журмын Хавсралт 1-д заасан Дэд домэйн нэрийг бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулах ажлыг хэрэгжүүлнэ;
7.2.3.холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хүн, хуулийн этгээдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах;
7.2.4.энэ журмын 4.2-т заасан мэдээлэл болон 6.1.7-д заасан Домэйн нэрийн нөөцийг олон нийтэд мэдээлнэ.
7.3. Зохицуулах хорооны өмнө бүртгэгч нь дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
7.3.1.Зохицуулах хороонд домэйн нэрийн санд цахим хэлбэрээр хандах, ашиглах эрх гаргаж өгнө;
7.3.2.Зохицуулах хорооноос ирүүлсэн мэдэгдлийн дагуу домэйн нэр эзэмших эрхийг түдгэлзүүлэх, бүртгэлийг цуцлах, өөрчлөх, шилжүүлэх арга хэмжээг нэн даруй авч, хариуг мэдэгдэнэ;
7.3.3.энэ журмын 6.1.7-д заасан домэйн нэрийг Зохицуулах хорооны зөвшөөрлийн дагуу олгоно;
7.3.4.Зохицуулах хороонд домэйн нэрийн зохицуулалтад шаардлагатай мэдээллийг тухай бүр гаргаж өгнө.
7.4. Бүртгэгч нь Зохицуулах хорооны батлагдсан маягтын дагуу хагас жилийн статистик тайлан мэдээллээ тухайн оны 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор, жилийн статистик тайлан мэдээллээ дараа оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор Зохицуулах хороонд хүргүүлнэ.
7.5. Бүртгэгч нь өөрийн болон Гэрээт бүртгэгчийн үйл ажиллагаа, шийдвэрийн үр дагавар, бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцна.
НАЙМ.
ГЭРЭЭТ БҮРТГЭГЧ, ТҮҮНИЙ ЧИГ ҮҮРЭГ
8.1. Гэрээт бүртгэгч нь домэйн нэрийг бүртгэх үйлчилгээнд энэ журам болон дараах нөхцөл шаардлагыг дагаж мөрдөнө. Үүнд:
8.1.1.Зохицуулах хорооноос бүртгэлийн гэрчилгээ авах;
8.1.2.Гэрээт бүртгэгч нь Бүртгэгчтэй гэрээ байгуулсан байх;
8.1.3.энэ журмын 4.2-т заасан мэдээлэл болон 6.1.7-д заасан Домэйн нэрийн нөөцийг олон нийтэд мэдээлэх;
8.1.4.Зохицуулах хорооноос ирүүлсэн мэдэгдлийн дагуу холбогдох арга хэмжээг даруй авч, хариуг мэдэгдэх;
8.1.5.Зохицуулах хороонд шаардлагатай мэдээллийг тухай бүр гаргаж өгөх;
8.1.6.домэйн нэрийн санд энэ журмын 4.6, 4.7-д заасан мэдээллийг Танилт, нэвтрэлтийн системээр баталгаажуулж бүрэн оруулах;
8.1.7.Бүртгэгчтэй байгуулсан гэрээний нөхцөлд нийцүүлэх эрх эдэлж, үүрэг хүлээх.
8.2. Гэрээт бүртгэгч нь домэйн нэр эзэмших хугацаа дуусахаас 45-аас доошгүй хоногийн өмнөөс эзэмшигчид мэдэгдэх, домэйн нэр эзэмших хугацаа дууссанаас хойш 65-аас доошгүй хоногийн хугацаанд сэргээх боломжтой байх хадгалах үүрэг хүлээнэ. Домэйн нэрийг сэргээх хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан шийдвэрлэнэ.
8.3. Гэрээт бүртгэгч нь дараах техникийн шаардлагыг хангасан байна. Үүнд:
8.3.1.интернетийн дундын холболтын төвд интернетийн үйлчилгээ эрхлэгчээр дамжуулан холбогдсон байх;
8.3.2.Танилт, нэвтрэлтийн системд Бүртгэгчээр дамжуулан холбогдох;
8.3.3.энэ журмын 7.1.2-т заасан сервер, системд хандахдаа кибер болон биет аюулгүй байдлыг хангах.
8.4. Гэрээт бүртгэгч нь Зохицуулах хорооны батлагдсан маягтын дагуу хагас жилийн статистик тайлан мэдээллээ тухайн оны 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор, жилийн статистик тайлан мэдээллээ дараа оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор Зохицуулах хороонд хүргүүлнэ.
ЕС.ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ
9.1. Домэйн нэрийн бүртгэл, ашиглалттай холбоотой иргэд, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Зохицуулах хороо өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ.
9.2. Өргөдөл хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын хууль тогтоомж болон энэ журмыг баримтална. Монгол Улсын хууль тогтоомж болон энэ журамд заагаагүй асуудлыг шийдвэрлэхдээ Олон улсын интернэтийн цахим нэр, тоон хаягжилтын корпорацын Домэйн нэрийн тухай маргааныг шийдвэрлэх бодлого /UDRP/-ын холбогдох хэсгийг баримталж болно.
9.3. Иргэн, хуулийн этгээд нь өргөдөл, гомдол гаргахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
9.3.1.өргөдөл, гомдол гаргах болсон шалтгаан, нөхцөлийг агуулсан албан бичиг, өргөдөл;
9.3.2.иргэний хувьд иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
9.3.3.энэ журмын Хавсралт 2-т заасан маягтыг бөглөх;
9.3.5.маргаан бүхий домэйн нэрийг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, гэрээний дагуу эзэмшдэг болон эзэмшиж байсан бол энэ талаарх баримт, материал.
9.5. Энэ журмын 9.4-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тохиолдолд Зохицуулах хорооны тухайн асуудлыг хариуцсан нэгж өргөдөл, гомдолд хамаарах талуудад мэдэгдэж, холбогдох тайлбар, мэдээлэл, баримт бичгийг гаргуулан авна.
9.6. Энэ журмын 9.5-д заасны дагуу өргөдөл, гомдолд хамаарах талууд нь мэдэгдлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор холбогдох тайлбар, мэдээлэл, баримт бичгийг Зохицуулах хороонд ирүүлнэ.
9.7. Өргөдөл, гомдолд хамаарах талууд нь энэ журмын 9.6-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн тохиолдолд Зохицуулах хороо 1 удаа 7 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд заасан хугацаанд хариу ирүүлээгүй нь өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх үндэслэл болохгүй.
9.8. Бүртгэгч нь энэ журмын 9.5-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш өргөдөл, гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл домэйн нэрийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй.
9.9. Зохицуулах хорооны дарга шаардлагатай тохиолдолд маргаан бүхий асуудлаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий 3 гишүүний бүрэлдэхүүнтэй маргаан шийдвэрлэх багийг томилон ажиллуулж болно. Ингэхдээ талуудын оролцоог хангах бөгөөд өргөдөл, гомдол гаргагч болон холбогдогч тал энэ журмын 6.1.6-д заасан жагсаалтаас тус бүр нэг гишүүн санал болгоно. Маргаан шийдвэрлэх багийн ахлагчийг мөн энэ жагсаалтаас сонгож Зохицуулах хорооны дарга томилно.
9.10. Энэ журмын 9.9-д заасан талууд, эсхүл талуудын аль нэг нь маргаан шийдвэрлэх багт гишүүн санал болгоогүй тохиолдолд Зохицуулах хорооны дарга энэ журмын 6.1.6-д заасан жагсаалтаас тохиолдлын журмаар сонгож маргаан шийдвэрлэх багийн гишүүдийг бүрдүүлнэ.
9.11. Маргаан шийдвэрлэх баг нь өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор маргаан бүхий асуудлаар хөндлөнгийн дүгнэлт гаргаж, хорооны хуралдаанд танилцуулна. Зохицуулах хороо нь дүгнэлтийг хүлээн авч энэ журмын 9.16-д заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.
9.12. Маргаан шийдвэрлэх багийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд дүгнэлтээ олонхын саналаар гаргана.
9.13. Маргаан шийдвэрлэх багийн гишүүн нь дараах тохиолдолд татгалзан гарах үүрэгтэй. Үүнд:
9.13.1.өргөдөл гаргагч болон эзэмшигч, эсхүл уг домэйн нэрийг бүртгэсэн бүртгэгч, гэрээт бүртгэгч, эсхүл тэдгээрийн хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээд;
9.13.2.тухайн домэйн нэрийг бүртгэх ажиллагаанд оролцож байсан;
9.13.3.маргаан шийдвэрлэх багийн бүрэлдэхүүнд ажилласнаар ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй;
9.13.4.дүгнэлтийг хараат бусаар гаргаж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал.
9.14. Энэ журмын 9.13-т заасан нөхцөл байдал тогтоогдсон, эсхүл маргаан шийдвэрлэх багийн гишүүн өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд чөлөөлж, энэ журмын 9.9-д заасан журмын дагуу өөр гишүүнийг томилно. Шинэ гишүүн томилогдсон бол дүгнэлт гаргах хугацааг 14 хоногоор нэг удаа сунгаж болно.
9.15. Энэ журмын 9.9-д заасны дагуу маргаан шийдвэрлэх баг томилох шаардлагагүй тохиолдолд Зохицуулах хорооны тухайн асуудал хариуцсан нэгж хариу тайлбарыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор асуудлыг судалж, дүгнэлт бэлтгэнэ.
9.16. Зохицуулах хороо өргөдлийг хянан үзээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:
9.16.1.домэйн нэрийн бүртгэлийг цуцлах, шилжүүлэх, түдгэлзүүлэх;
9.16.2.өргөдлийг буцаах.
9.17. Зохицуулах хорооны шийдвэрийг өргөдөл гаргагч, эзэмшигч, бүртгэгчид 7 хоногийн дотор албажуулж, цахим болон баталгаат шуудангаар хүргүүлнэ.
9.18. Өргөдөл гаргагч, эзэмшигч нь Зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
АРАВ.
ЗӨРЧИЛТЭЙ ДОМЭЙН НЭРИЙН ЖАГСААЛТ
10.1. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн [2] домэйн нэрийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зөрчилтэй домэйн нэрийн жагсаалтад бүртгэж Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах хандалтыг хязгаарлах технологийн арга хэмжээг авна.
10.2. Эрх бүхий байгууллага нь хууль бус үйлдлийг тогтоож, холбогдох технологийн арга хэмжээг авах тухай шийдвэр, дүгнэлтийг Зохицуулах хороонд албан бичгээр хүргүүлнэ.
10.3. Эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлт бүхий албан бичигт дараах мэдээллийг тусгасан байна. Үүнд:
10.3.1.шийдвэр гаргасан эрх бүхий байгууллагын нэр, хаяг, эрх бүхий албан тушаалтны нэр, албан бичгийн огноо, дугаарыг тодорхой заасан, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан байх;
10.3.2.шийдвэр гаргасан шалтгаан, нөхцөл байдал, хуулийн үндэслэл, зүйл, заалт, хэрэгжүүлэх технологийн арга хэмжээг тодорхой тусгасан байх;
10.3.3.хууль тогтоомжийг зөрчсөн домэйн нэр, контентын цахим холбоос, холбогдох баримтыг хавсаргах.
10.4. Зохицуулах хороо нь энэ журмын 10.3-т заасан шаардлагыг хангасан эрх бүхий байгууллагын шийдвэрийг эзэмшигчид нэн даруй мэдэгдэнэ.
10.5. Зөрчил гаргасан эзэмшигч нь энэ журмын 10.4-т заасан мэдэгдэлд дурдсан арга хэмжээг заасан хугацаанд хэрэгжүүлж, хэрэгжилтийн талаарх мэдээллийг Зохицуулах хороонд цахимаар мэдэгдэж, албан бичгээр ирүүлнэ.
10.6. Эзэмшигч нь энэ журмын 10.2-т заасан шийдвэр, дүгнэлтийг эс хүлээн зөвшөөрвөл шийдвэр, дүгнэлт гаргасан байгууллагад гомдлоо, холбогдох тайлбар мэдээллийн хамт гаргах бөгөөд хувийг Зохицуулах хороонд ирүүлнэ.
10.7. Эзэмшигч нь гомдол гаргасан тохиолдолд тухайн гомдлыг эрх бүхий байгууллага шийдвэрлэх хүртэл энэ журмын 10.5-д заасан арга хэмжээг авахгүй байж болно.
10.8. Эзэмшигчийг олж тогтоох боломжгүй, эсхүл энэ журмын 10.5 эсхүл 10.6-д заасан арга хэмжээг аваагүй бол Зохицуулах хороо нь энэ журмын 10.1-д заасан технологийн арга хэмжээг авна.
10.9. Зохицуулах хороо нь энэ журмын 10.5 эсхүл 10.6-д заасан арга хэмжээ, хариу тайлбарыг шийдвэр гаргасан эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.
10.10. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн домэйн нэрийг дараах тохиолдолд зөрчилтэй домэйн нэрийн жагсаалтаас хасна. Үүнд:
10.10.1.эрх бүхий байгууллагаас зөрчил арилсан тухай шийдвэр, дүгнэлтийг Зохицуулах хороонд албан бичгээр ирүүлсэн;
10.10.2.энэ журмын 5.6.4-т заасан үндэслэлээр домэйн нэр эзэмших эрх дуусгавар болсон.
10.11. Зохицуулах хороо нь эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлтэд заасны дагуу энэ журмын 10.1-д заасан арга хэмжээг шууд авч болно.
10.12. Гаргасан зөрчил, зөрчлийг арилгуулахаар гаргасан шийдвэрийг Зохицуулах хороо тухай бүр холбогдох талууд болон олон нийтэд ил тод мэдээлнэ.
10.13. Энэ зүйлээр зохицуулсан харилцаа нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд заасан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарахгүй болно.
АРВАН НЭГ.БУСАД
11.1. Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
--- о0о ---
"Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам"-ын
1 дүгээр хавсралт
ДЭД ДОМЭЙН НЭРИЙН АНГИЛАЛ
Домэйн нэрийн дэд ангилал
| Шалгуур | Шаардлага |
gov | Төрийн байгууллага | Монгол Улсын төрийн байгууллага |
org | Ашгийн бус байгууллага | Монгол Улсын хуулийн этгээд |
edu | Боловсрол, сургалтын байгууллага | Боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд |
-- о0о ---
"Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам"-ын
2 дугаар хавсралт
Домэйн нэрийн бүртгэл, ашиглалттай холбоотой
өргөдөл гаргах маягт
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Өргөдөл, гомдол; Домэйн нэрийн талаарх мэдээлэл; Хууль ёсны эрх, түүнийг зөрчсөн тухай нотлох баримтууд; Бусад холбогдох бичиг баримт; Төлбөрийн баримт;
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Маягтыг бөглөсөн хүний мэдээлэл
Нэр ________________________________________
Албан тушаал _______________________________
Гарын үсэг __________________________________
Он сар өдөр _________________________________
-- о0о ---
[1] Шүүх, тагнуулын байгууллага, цагдаагийн төв байгууллага, Монополын эсрэг газар, Оюуны өмчийн газар зэрэг хуульд заасан эрх бүхий байгууллага
[2] Мөрийтэй тоглоом, садар самуун, хар тамхи, хүүхдийн зургийг бэлгийн хүчирхийлэлд ашигласан зураг, бичлэг гэх мэт Монгол Улсын хуулийг илт зөрчснийг тогтоосон хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны албан ёсны шийдвэр, дүгнэлтийг ойлгоно.
Текст томруулах
A
A
A