- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр
сарын 14-ний өдрийн 15 дугаар
тогтоолын хавсралт
БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Бүс нутгийн хөгжлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг зохицуулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх)-ийн үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.
1.2.Зөвлөл нь Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг үйл ажиллагаандаа удирдлага болгоно.
1.3.Зөвлөл нь хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Ажлын алба (цаашид "Ажлын алба" гэх)-тай байна.
1.4.Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо (цаашид "Үндэсний хороо" гэх)-ны дарга нь зөвлөлийн бүрэлдэхүүнийг Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд нийцүүлэн батална.
1.5.Зөвлөл нь бүсийн нийгэм, эдийн засаг, байгаль орчин, дэд бүтцийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлтэй уялдуулан дэргэдээ салбар зөвлөлтэй байж болох бөгөөд салбар зөвлөлийн ажиллах журмыг үйл ажиллагааны онцлогтой уялдуулан Бүсийн зөвлөлийн дарга баталж, мөрдүүлнэ.
1.6.Зөвлөлийн дарга нь салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг батална.
Хоёр.Зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл
2.1.Зөвлөлийн жилийн төлөвлөгөөг Үндэсний хороо батална. Зөвлөл үйл ажиллагааны тайлан, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр Үндэсний хороонд тайлагнана.
2.2.Зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд шаардлагатай үед Зөвлөлийн дарга, эсхүл Үндэсний хорооны дарга ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.
2.3.Зөвлөлийн хурлыг танхим болон цахимаар зохион байгуулж болно.
2.4.Зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг тухайн бүсэд хамаарах аймгуудад цагаан толгойн үсгийн дарааллаар жил бүр ээлжлэн зохион байгуулна. Бүсийн өргөтгөсөн хуралдааны бүрэлдэхүүнийг Үндэсний хорооны дарга батална.
2.5.Зөвлөлийн ажлын алба нь хурлын бэлтгэл ажлыг хангаж, хурлаар хэлэлцэх асуудлыг ажлын 5-аас доошгүй өдрийн өмнө Зөвлөлийн гишүүдэд урьдчилан хүргүүлнэ.
2.6.Зөвлөл нь Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
2.6.1.тухайн бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөр, төсөл, тэдгээрийн хэрэгжилтийн явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал;
2.6.2.бүсийн хөгжлийн нийтлэг зорилтыг хэрэгжүүлэхэд аймгуудын оролцоо, үйл ажиллагааны төлөвлөлт, уялдааг хангах асуудал;
2.6.3.бүсийн хэлэлцээрээр зохицуулах асуудал, тэдгээрийн хэрэгжилтийн талаарх үнэлэлт, дүгнэлт;
2.6.4.бүсийн хөгжлийн асуудлыг зохицуулах талаар Засгийн газар, Үндэсний хороонд санал тавих, танилцуулга хийх;
2.6.5.орон нутгийн хөгжлийн төвүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх асуудал;
2.6.6.бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймаг, салбар хоорондын уялдааг хангах асуудал;
2.6.7.бусад бүсийн Зөвлөлтэй хамтран ажиллах асуудал;
2.6.8.хөрш орнуудын хил залгаа бүс нутгуудтай харилцах асуудал;
2.6.9.бүс нутгийн хөгжлийн асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санал, хүсэлт;
2.6.10.Зөвлөлөөс байгуулсан ажлын хэсгийн дүгнэлт, Зөвлөлийн гишүүдийн ажлын тайлан, мэдээлэл;
2.6.11.бүсийн хөгжлийн асуудлаар бүсийн түвшинд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах асуудал;
2.6.12.бүсийн хөгжлийн талаарх судалгаа, мэдээллийг гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэх;
2.6.13.хууль тогтоомжид заасан бусад.
2.7.Зөвлөлийн хурлыг гишүүдийн олонх оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцох бөгөөд хэлэлцсэн асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Цөөнх болсон Зөвлөлийн гишүүн саналын үндэслэлээ тайлбарлаж дахин санал хураалгаж болно.
2.8.Зөвлөл нь бүсчилсэн хөгжлийн тодорхой асуудлаар холбогдох салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж судалгаа, дүгнэлт гаргуулж болно.
2.9.Зөвлөл нь шийдвэр гаргахдаа аль нэг талын болон орон нутгийн явцуу ашиг сонирхлын үүднээс хандахгүй байх зарчмыг баримтална.
2.10.Зөвлөлийн гишүүд нь хурлаас гарсан шийдвэрийнхээ төлөө хамтын хариуцлага хүлээх бөгөөд ажлын үр дүнгээ Зөвлөлд тухай бүр тайлагнаж ажиллана.
2.11.Шаардлагатай гэж үзвэл Зөвлөлийн хуралд холбогдох хүмүүсийг байлцуулан, тэдний санал, дүгнэлтийг сонсож болно.
2.12.Зөвлөл нь үйл ажиллагаагаа сурталчлан таниулах, олон нийтийг мэдээллээр хангах цахим хуудастай байж болно.
Гурав.Салбар зөвлөлийн чиг үүрэг
3.1.Салбар зөвлөл нь Зөвлөлийн үйл ажиллагаа, хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой шаардлагатай мэдээ мэдээллээр хангах, судалгаа, шинжилгээ хийх болон бусад чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллана.
3.2.Салбар зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг энэ журмын 1.5, 1.6-д заасны дагуу Зөвлөлийн дарга батална.
3.3.Салбар зөвлөлийн хурлыг танхимаар болон цахимаар зохион байгуулж болох бөгөөд үйл ажиллагааны чиглэлээр санал, дүгнэлт, зөвлөмж гаргана.
Дөрөв.Ажлын албаны чиг үүрэг
4.1.Ажлын алба нь хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Зөвлөлд дэмжлэг үзүүлж ажиллана.
4.2.Ажлын албаны чиг үүргийг Зөвлөлийн даргаар ажиллаж байгаа аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүс, орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан нэгж эрхлэн хэрэгжүүлнэ. Ажлын албаны зохион байгуулалт, үйл ажиллагааны зардлыг Зөвлөлийн даргаар ажиллаж байгаа аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэнэ.
4.3.Ажлын алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.3.1.Зөвлөлийн болон Үндэсний хорооны тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
4.3.2.Зөвлөлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулж, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, үйл ажиллагааны тайланг хагас, бүтэн жилээр Үндэсний хороонд хүргүүлэх ажлыг зохион байгуулах;
4.3.3.Зөвлөлийн болон салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх, хэлэлцүүлэх, хурлын үйл явцын тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг албажуулах, цаасан болон цахим суурьтай мэдээллийн сан бүрдүүлэх, архивлах;
4.3.4.Зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай тоо баримт, мэдээлэл, лавлагааг холбогдох байгууллагуудаас гаргуулан авах, Зөвлөл, салбар зөвлөлийг мэдээллээр хангах;
4.3.5.Зөвлөлийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, оролцоог хангах ажлыг зохион байгуулах;
4.3.6.Зөвлөлөөс нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагатай харилцах үйл ажиллагааг зохицуулах;
4.3.7.Зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай бусад зохион байгуулалтын арга хэмжээг тухай бүр шуурхай авч хэрэгжүүлэх.
Тав.Бусад
5.1.Зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хувийн өмчийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаас зохих журмын дагуу санхүүгийн дэмжлэг авч болно.
5.2.Зөвлөл нь Засгийн газрын байгууллагатай бүсийн хөгжлийн асуудлаар хамтран ажиллана.
5.3.Зөвлөл нь хуулиар эрх олгосны дагуу бүсийн хөгжлийн нийтлэг зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон санхүүжилтийг бүс дотроо зохицуулах эрх эдэлнэ.
5.4.Зөвлөл нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах аливаа асуудлыг гагцхүү тухайн шатны хуралтай тохиролцсоны үндсэн дээр хууль тогтоомжид заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж болно.
----о0о----
Текст томруулах
A
A
A