- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АХМАД НАСТАНД ДЭМЖЛЭГ, ХӨНГӨЛӨЛТ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2024 оны 12 дугаар
сарын 25-ны өдрийн 243 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
АХМАД НАСТАНД ДЭМЖЛЭГ, ХӨНГӨЛӨЛТ ОЛГОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Ахмад настны тухай хуулийн 8.1.1, 8.1.2, 8.1.3, 8.1.4, 10.1.2, 10.1.3-т заасан дэмжлэг, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 5.4-т заасан хөнгөлөлт олгоход энэ журмыг баримтална.
1.2.Энэ журмын үйлчлэлд Ахмад настны тухай хуулийн 3.1, 3.3, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 4.1-д заасан иргэн хамаарна.
1.3.Ахмад настанд олгох дэмжлэг, хөнгөлөлтийн зардлыг Нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлнэ.
Хоёр.Дэмжлэг, хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтийг
хүлээн авах, хянан шийдвэрлэх
2.1.Ахмад настан энэ журмын 1.1-д заасан дэмжлэг, хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтээ халамжийн нэгдсэн систем "еhalamj.mn" (цаашид "нэгдсэн систем" гэх)-ээр дамжуулан цахимаар, эсхүл сум, хорооны нийгмийн ажилтанд хандан бичгээр гаргана.
2.2.Сум, хорооны нийгмийн ажилтан энэ журмын 2.1-д заасан хүсэлтийг ажлын 3 өдрийн дотор хянан бүртгэж, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад илгээнэ.
2.3.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага сум, хорооны нийгмийн ажилтны хянан бүртгэсэн ахмад настны хүсэлтийг ажлын 3 өдрийн дотор хянан баталгаажуулна.
2.4.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага дэмжлэг, хөнгөлөлтөд хамрагдсан ахмад настанд цахим хувийн хэрэг үүсгэх бөгөөд энэ журмын 2.1-д заасан цаасан хэлбэрээр бүрдүүлсэн баримт бичгийг холбогдох хууль, журмын дагуу архивлана.
Гурав.Ахмад настанд дэмжлэг олгох
3.1.Ахмад настны тухай хуулийн 8.1.1-д заасан хөл, гар, шүдний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл, тэргэнцэр, нэн шаардлагатай тусгай хэрэгслийн зардлыг ахмад настанд олгоход Засгийн газраас баталсан жагсаалт, жишиг үнийн хөнгөлөлтийн хэмжээг баримтална.
3.2.Ахмад настан хөл, гар, шүдний протезийг өөрийн сонгосон байгууллага, шүдний эмнэлгээр хийлгэж хөнгөлөлтийг нөхөн авна.
3.3.Ахмад настан харааны шил, сонсголын аппаратыг төрөлжсөн мэргэшлийн эмчийн дүгнэлтээр өөрийн сонгосон байгууллагаас худалдан авч, хөнгөлөлтийг нөхөн авна.
3.4.Ахмад настан тэргэнцэр, нэн шаардлагатай тусгай хэрэгслийг өөрийн сонгосон байгууллага, эмийн сангаас худалдан авч, хөнгөлөлтийг нөхөн авна.
3.5.Эдэлгээний чанар алдагдаагүй, хэрэглэж байсан тэргэнцэр, тусгай хэрэгслийг бусдаас худалдан авсан тохиолдолд энэ журмын 3.1-д заасан хөнгөлөлтийн хэмжээг 50 хувиар бууруулан ахмад настанд олгоно.
3.6.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Ахмад настны тухай хуулийн 8.2-т заасан стандартын шаардлагыг хангасан, эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд үйлчилгээ үзүүлэх хүсэлт ирүүлсэн амралт, сувиллын байгууллагын жагсаалтыг жил бүр гарган, гэрээ байгуулна. Жагсаалт гаргах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар байгуулна. (Засгийн газрын 2025 оны 268 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)
3.7.Энэ журмын 3.6-д заасан гэрээнд эрхийн бичгийн хөнгөлөлтөөр амарч, сувилуулахад ахмад настны төлөх төлбөрийн хэмжээг тусгана.
3.8.Ахмад настан энэ журмын 3.6-д заасан байгууллагаас сонгон төлбөрийг тухайн байгууллагын дансанд шилжүүлж, эрхийн бичиг авах хүсэлтээ цахимаар, эсхүл сум, хорооны нийгмийн ажилтанд хандан гаргана.
3.9.Ахмад настны тухай хуулийн 10.1.2-т заасан сувиллын эрхийн бичгийн жишиг үнийг ахмад настанд 50 хувиар, хүндэт донор ахмад настанд 100 хувиар тооцон жилд нэг удаа нөхөн олгоно.
3.10.Ахмад настны төлсөн сувиллын эрхийн бичгийн үнийн дүн нь Засгийн газраас тогтоосон жишиг үнийн дээд хэмжээнээс бага бол ахмад настны төлсөн хэмжээгээр, илүү бол Засгийн газраас тогтоосон жишиг үнийн дээд хэмжээгээр тооцно. Дотоодын сувилалд амарч сувилуулсан ахмад настны тээврийн хэрэгслийн нэг талын зардлыг нийтийн тээврийн, эсхүл агаарын тээврийн тарифт үнээр тооцож олгоно. (Засгийн газрын 2025 оны 268 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)
3.11.Ахмад настны тухай хуулийн 10.1.3-т заасан нийслэлээс алслагдсан зайг Монгол Улсын авто замын сүлжээнд заасан нийслэлээс аймаг, аймгаас тухайн иргэний оршин суугаа сумын төв хүртэлх замын уртаар тооцно.
3.12.Ахмад настны тухай хуулийн 8.1.3-т заасан орон сууцны хөлс төлөх, түлш худалдан авахад зориулсан мөнгөн тусламжийг хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдаж байгаа ахмад настан болон хүндэт донор ахмад настанд Засгийн газраас тогтоосон хэмжээгээр жилд нэг удаа олгоно.
3.13.Нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг ахмад настанд түлш худалдан авах эрхийн бичгийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж олгоно.
3.14.Ахмад настны тухай хуулийн 8.1.4-т заасан оршуулгын мөнгөн тусламжийг Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан гэр бүлийн гишүүнд, эсхүл аймаг, дүүргийн Засаг даргын захирамжаар асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон иргэнд өргөдлийг нь үндэслэн олгоно.
3.15.Ганц бие ахмад настан нас барсан тохиолдолд сум, хорооны Засаг даргын захирамжаар оршуулах ажлыг хариуцахаар томилогдсон иргэнд оршуулгын мөнгөн тусламжийг олгож болно.
3.16.Энэ журмын 3.6-д заасан сувиллын газар нь Эрүүл мэндийн даатгалын сангаас ижил хугацаанд ахмад настны нэр дээр санхүүжилт авсан тохиолдолд тухайн байгууллагад нийгмийн халамжийн сангаас үзүүлэх хөнгөлөлтийг давхардуулан олгохгүй.
Дөрөв. Алдар цолтон ахмад настанд хөнгөлөлт олгох
4.1.Алдар цолтон ахмад настанд нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардлыг жилд нэг удаа хот хоорондын тээврийн, эсхүл агаарын тээврийн тарифт үнээр тооцон нөхөн олгоно.
4.2.Алдар цолтон ахмад настанд дотоодын рашаан сувиллын эрхийн бичгийн үнэ, ирэх, буцах замын зардлыг жилд нэг удаа нөхөн олгохдоо энэ журмын 3.9-д заасан хэмжээг баримтална.
4.3.Алдар цолтон ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулж жилд нэг удаа Засгийн газраас тогтоосон хэмжээгээр хөнгөлөлт олгоно.
4.4.Ахмад настанд Ахмад настны тухай хуулийн 8.1.3, 10.1.2-т заасан дэмжлэгийг Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 5.4.2, 5.4.3-т заасан хөнгөлөлттэй давхардуулан олгохгүй.
Тав.Дэмжлэг, хөнгөлөлт олгоход үндэслэх бичиг баримт
5.1.Ахмад настан энэ журамд заасан хүсэлт гаргахад шаардагдах өргөдөл, иргэний үнэмлэхийн мэдээллийг сум, хорооны нийгмийн ажилтан нэгдсэн системээс татан бүрдүүлнэ.
5.2.Протез, ортопедийн хэрэгсэл, тэргэнцэр, нэн шаардлагатай тусгай хэрэгслийн хөнгөлөлтийг олгоход дараах бичиг баримтыг үндэслэнэ:
5.2.1.протез, ортопед, тэргэнцэр, нэн шаардлагатай хэрэгсэл шаардлагатай тухай төрөлжсөн мэргэшлийн эмчийн дүгнэлт;
5.2.2.төлбөр төлсөн баримт;
5.2.3.энэ журмын 3.5-д заасан тэргэнцэр, тусгай хэрэгслийн тухайд түүнийг ашиглаж байгааг нотлох зураг, сум, хорооны нийгмийн ажилтны тодорхойлолт.
5.3.Амралт, сувиллын үйлчилгээнд хамрагдах хүсэлт гаргахад эрхийн бичгийн өөрийн хариуцах төлбөрийг төлсөн баримтыг үндэслэнэ.
5.4.Орон сууцны хөлс төлөх, түлш худалдан авахад зориулсан мөнгөн тусламжийг олгоход дараах бичиг баримтыг үндэслэнэ:
5.4.1.хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагддаг тухай сум, хорооны нийгмийн ажилтны тодорхойлолт;
5.4.2.алдар цолтон ахмад настны тухайд алдар цолны үнэмлэх;
5.4.3.хүндэт донор ахмад настны тухайд Цус сэлбэлт судлалын үндэсний төв, салбар төвийн тодорхойлолт.
5.5.Магадлан итгэмжлэгдсэн сувиллын хөнгөлөлт олгоход дараах бичиг баримтыг үндэслэнэ:
5.5.1.сувиллын төлбөр төлсөн баримт;
5.5.2.замын зардал төлсөн баримт;
5.5.3.хүндэт донор ахмад настны тухайд Цус сэлбэлт судлалын үндэсний төв, салбар төвийн тодорхойлолт;
5.5.4.алдар цолтон ахмад настны тухайд алдар цолны үнэмлэх.
5.6.Оршуулгын мөнгөн тусламж олгоход дараах бичиг баримтыг үндэслэнэ:
5.6.1.нас барсны гэрчилгээ;
5.6.2.хүсэлт гаргасан иргэний өргөдөл, иргэний үнэмлэх;
5.6.3.нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй талаарх тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын (суманд нийгмийн даатгалын байцаагч) байгууллагын тодорхойлолт;
5.6.4.ганц бие ахмад настан нас барсан тохиолдолд оршуулах ажлыг хариуцах итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон тухай сум, хорооны Засаг даргын шийдвэр.
5.7.Энэ журмын 5.6.3-т заасан тодорхойлолтыг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага энэ журмын 6.4-т заасны дагуу системээс татан бүрдүүлнэ.
5.8.Ахмад настны тухай хуулийн 10.1.3-т заасан унааны нэг талын зардлыг олгоход дараах бичиг баримт үндэслэнэ:
5.8.1.нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ, оношилгоо хийлгэх шаардлагатай тухай аймгийн эрүүл мэндийн байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын шийдвэр;
5.8.2. замын зардал төлсөн баримт.
5.9.Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 5.4.1-д заасан ирэх, буцах замын зардал олгоход дараах баримт бичгийг үндэслэнэ:
5.9.1.алдар цолны үнэмлэх;
5.9.2.замын зардал төлсөн баримт.
5.10.Төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан авах боломжтой мэдээллийг иргэнээс шаардахгүй.
Зургаа.Төрийн байгууллага хооронд
мэдээлэл солилцох
6.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журамд заасан эмч, эмнэлгийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт, шийдвэрийг төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан тухай бүр нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
6.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь магадлан итгэмжлэгдсэн сувиллын жагсаалт, шүдний протез хийх зөвшөөрөл бүхий байгууллагын жагсаалтыг жил бүрийн 01 дүгээр сар болон 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор гарган нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад цахимаар хүргүүлнэ.
6.3.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нас барсан болон улсын бүртгэл нь шинэчлэгдсэн иргэдийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тухай бүр хүргүүлнэ.
6.4.Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй нас барсан ахмад настны мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тухай бүр хүргүүлнэ.
6.5.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 3.6, 6.2-т заасан байгууллагын мэдээлэл, жагсаалтыг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлж, ахмад настан, тэдний асран хамгаалагчийг мэдээллээр хангана.
6.6.Ахмад настны тухай хуулийн 13.9-д заасны дагуу энэ журмын 3.2, 3.3, 3.4, 3.6, 3.9-д заасан байгууллага нь дэмжлэг, хөнгөлөлтөд хамрагдсан ахмад настны нэрсийн жагсаалт, үйлчлүүлсэн хугацааны талаарх цахим мэдээлэл (биометрик)-ийг сар бүр аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хүргүүлнэ.
Долоо.Санхүүжилт
7.1.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага дэмжлэг, хөнгөлөлт авах эрх үүссэн ахмад настны мэдээлэл бүхий жагсаалт (цаашид "жагсаалт" гэх)-ыг сар бүрийн 10-ны өдрийн дотор нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
7.2.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 7.1-д заасан жагсаалтыг холбогдох төрийн байгууллагуудын мэдээллийн сантай тулган баталгаажуулж, сар бүрийн 12-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн сангийн газарт хүргүүлнэ.
7.3.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 7.2-т заасан жагсаалтад үндэслэн төлбөрийн хүсэлт (ТТ2А маягт)-ийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн сангийн нэгжид тухайн сарын 15, 25-ны өдрийн дотор хүргүүлнэ.
7.4.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн сангийн нэгж нь багцын гүйлгээг тухай бүр баталгаажуулж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн сангийн газрын багцын гүйлгээний дансанд ажлын 3 өдрийн дотор санхүүжилтийг шилжүүлнэ.
7.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн сангийн нэгж нь багцын гүйлгээний дансанд хүлээн авсан гүйлгээний дүн болон багцын гүйлгээний системээр ирүүлсэн мэдээллийн дагуу банк хооронд дамжуулна.
7.6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн сангийн газар нь дэмжлэг, хөнгөлөлтийн буцаалтыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын холбогдох дансанд төвлөрүүлнэ.
Найм.Бусад
8.1.Дэмжлэг, хөнгөлөлт олгох үйл ажиллагаа, төсөв, хөрөнгийн зарцуулалтад аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус хяналт тавина.
8.2.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын хяналт, шалгалт хариуцсан нэгж нь дэмжлэг, хөнгөлөлтөд хамрагдах иргэний бичиг баримтад тухай бүр хяналт тавьж ажиллана.
8.3.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын хяналт, шалгалт хариуцсан нэгж нь ахмад настны дэмжлэг, хөнгөлөлт олголтын хэрэгжилтэд түүврийн аргаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг улирал тутамд хийнэ.
8.4.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь ахмад настны санал, гомдлыг цаасан болон цахим хэлбэрээр тусгай дугаар бүхий нээлттэй утсаар хүлээн авч шийдвэрлэнэ.
8.5.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь ахмад настанд олгосон протез, ортопед, тусгай хэрэгслийн чанар, үйлчилгээнд хөндлөнгийн болон олон нийтийн хяналт, шалгалтыг жилд нэг удаа зохион байгуулна.
8.6.Эмч, эмнэлгийн байгууллагын болон бусад байгууллагын дүгнэлт, тодорхойлолтыг иргэн, албан тушаалтан, байгууллага хуурамчаар үйлдсэн, дэмжлэг, хөнгөлөлтийн мөнгийг зөрүүтэй олгосон тохиолдолд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, Ахмад настны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
8.7.Амралт, сувиллын газар хуурамч бичиг баримт бүрдүүлэн ахмад настны нэр дээр өөр иргэнд үйлчилгээ үзүүлсэн нь тогтоогдвол гэрээг цуцалж, хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
8.8.Аж ахуйн нэгж байгууллага нь ахмад настанд тохирохгүй, чанаргүй протез, ортопед, тусгай хэрэгсэл олгосон талаар иргэн, хөндлөнгийн этгээдээс ирүүлсэн гомдол үндэслэлтэй болох нь нотлогдвол хохирлыг нөхөн төлүүлж, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
8.9.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаас ахмад настан дэмжлэг, хөнгөлөлтөд хамрагдсан тайланг авч сар, хагас, бүтэн жилээр авч нэгтгэн, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
8.11.Энэ журмын 6-д заасан мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох төрийн захиргааны байгууллага хариуцах бөгөөд мэдээллийг цаг хугацаанд нь ирүүлээгүйн улмаас учирсан хохирлыг буруутай албан тушаалтан, байгууллага барагдуулна.
----о0о----
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх