A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2024 оны 12 дугаар

сарын 25ы өдрийн 243 дугаар

тогтоолын 2 дугаар хавсралт

 

 

 

АХМАДЫН САН БАЙГУУЛАН АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

 1.1.Аж ахуйн нэгж, байгууллага, төсвийн байгууллага (цаашид "байгууллага" гэх)-аас ахмадын санг байгуулан ажиллуулах, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавихад энэ журмыг баримтална.

 

 1.2.Байгууллага нь  Ахмад настны тухай хуулийн 14.7-д заасан мөнгөн хөрөнгөөр ахмадын сан байгуулна.

 

 1.3.Ахмадын сангийн хөрөнгө нь тухайн байгууллагын төсвийн нэг бүрэлдэхүүн хэсэг байна.

 

 1.4.Байгууллага нь  ахмад настны тооноос  хамааран ахмадын санг цалингийн сангийн хэдэн хувиар тогтоох асуудлыг хоёр жилд нэг удаа байгууллагын дэргэдэх ахмадын хороо, зөвлөлтэй хэлэлцэн тогтоож, тухай байгууллагын нийт ажилтны хуралд танилцуулна.

 

 1.5.Төсвийн байгууллага ахмадын сангийн хөрөнгийг Төрийн сангийн дансанд  байршуулна.

 

Хоёр.Ахмадын сангийн хөрөнгийн бүрдүүлэлт

 

 2.1.Ахмадын сангийн хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:

 

       2.1.1.аж ахуйн нэгж, байгууллага, өөрийн төсөв, үйл  ажиллагааны орлогоос, төсвийн байгууллага тухайн жилийн төсөвт тусган цалингийн нийт сангийн гурав хүртэлх хувьтай тэнцэх хэмжээгээр ахмадын санд төвлөрүүлсэн хөрөнгө;

 

       2.1.2.ахмадын сангийн тухайн жилийн зарцуулагдаагүй чөлөөт үлдэгдэл хөрөнгө;

 

       2.1.3.гадаад, дотоодын байгууллага болон иргэдээс санд өгсөн мөнгөн болон мөнгөн бус хандив, тусламж;

 

       2.1.4.аж ахуйн, нэгж байгууллагын хувьд сангийн хөрөнгийн үлдэгдлийг банканд хадгалуулсны хүүгийн орлого;

 

       2.1.6.бусад эх үүсвэр.

 

Гурав.Ахмадын сангийн хөрөнгийн зарцуулалт

 

 3.1.Ахмадын сангийн хөрөнгийг Ахмад настны тухай хуулийн  12.1, 14.6-д заасан дараах арга хэмжээнд зарцуулна:

       3.1.1.байгууллага, салбартаа онцгой үр бүтээл гарган олон жил идэвх зүтгэлтэй ажилласан ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, буцалтгүй тусламж олгох;

 

       3.1.2.цагаан сар, ахмадын өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэх, бэлэг дурсгалын зүйл гардуулах;

 

       3.1.3.нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг ахмад настанд түлш худалдан авахад зориулан мөнгөн дэмжлэг үзүүлэх;

 

       3.1.4.хувиараа хөдөлмөр эрхлэх болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа ахмад настанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

 

       3.1.5.шинээр хашаа, байшин барих, засварлах, орон сууцныхаа нөхцөлийг сайжруулахад зориулж ахмад настанд дэмжлэг үзүүлэх;

 

       3.1.6.эрүүл мэндийн шалтгаанаар удаан хугацаагаар өвчтэй байгаа ахмад настанд эмчилгээний зардалд зориулж мөнгөн тусламж үзүүлэх;

 

       3.1.7.ахмад настан өөрөө эсхүл, түүний нөхөр (эхнэр) нь нас барсан тохиолдолд мөнгөн тусламж олгох;

 

       3.1.8.ахмадуудын дунд идэвхтэй насжилтыг дэмжих амралт, аялал, урлаг, спортын арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

 

       3.1.9.амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай болон харж хандах ах дүү, төрөл садангүй, ганц бие ахмад настанд мөнгөн тусламж үзүүлэх;

 

       3.1.10.хуульд заасан хүрээнд ахмад настанд чиглэсэн бусад хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэх.

 

 3.2.Төсвийн байгууллага ахмадын сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын зардал шийдвэрлэхгүй.

 

 3.3.Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, төсвийн ерөнхийлөн захирагч энэ журмын 3.1.3, 3.1.9-д заасан мөнгөн дэмжлэгийн хэмжээг тогтоож, дотоод журам, ажилтнуудын нийгмийн хамгааллын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

 

 3.4.Ахмадын сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд ашиглах, зарцуулахыг хориглоно.

 

 3.5.Ахмадын сангаас дэмжлэг, тусламж авахыг хүссэн ахмад настан тухайн байгууллагын дэргэдэх ахмадын хороо, зөвлөлд хүсэлт гаргана.

 

 3.6. Энэ журмын 3.5-д заасан хүсэлтийг тухайн байгууллагын ахмадын хороо, зөвлөлийн албан ёсны саналыг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, төсвийн байгууллагын шууд захирагч шийдвэрлэнэ.

 

 3.7.Байгууллага өөрчлөн зохион байгуулагдсан тохиолдолд ахмадын сангийн хөрөнгийг ахмадуудын бүртгэлийн хамт тухайн байгууллагын эрх, үүргийг шилжүүлэн авсан хуулийн этгээдэд шилжүүлнэ.

 3.8.Байгууллага татан буугдсан тохиолдолд ахмадын сангийн үйл ажиллагааг зогсоож, цаашид харьяалах байгууллагагүй болсон тухай ахмадуудад мэдэгдэн, тэдгээрийн бүртгэлийг харьяа сум, дүүргийн Засаг даргад шилжүүлнэ.

 

 3.9.Татан буугдсан байгууллагын ахмад настанд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг нутгийн захиргаа, ахмадын байгууллага хамтран зохион байгуулна.

 

 3.10.Төсвийн байгууллага нь ахмадын санд шилжүүлэх хөрөнгийг төсвийн төлөвлөлтийн Фискал программын "Ахмадын сан" гэсэн зориулалтад тусган батлуулж, тухайн байгууллагын ахмадын санд шилжүүлж, холбогдох зардлыг санхүүжүүлнэ.

 

 3.11.Төсвийн байгууллагын  ахмадын санд шилжүүлэх хөрөнгийг төсвийн шууд захирагч нь Төсвийн тухай хуулийн 42.3-т заасны дагуу төсөвтөө зохицуулалт хийх санал гаргаж, шийдвэрлүүлнэ.

 

 3.12.Төсвийн байгууллагын удирдлага нь ахмадын сан байгуулан ажиллуулах тухай тушаалыг баталж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт хүргүүлж, ахмадын сангийн дансыг нээлгэнэ.

 

Дөрөв.Сангийн хөрөнгийн зарцуулалтад

тавих хяналт, тайлан

 

 4.1.Ахмадын сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах үүргийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, төсвийн байгууллагын шууд захирагч хариуцан гүйцэтгэнэ.

 

 4.2.Ахмадын сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт, шалгалтын чиг үүргийг төсвийн байгууллагын харьяа улсын байцаагч, аж ахуйн нэгж, байгууллагын эрх бүхий албан тушаалтан тус тус хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.

 

 4.3.Ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, дэмжлэг олгох, ахмадын сангийн гүйцэтгэлийг тайлагнах асуудлыг тухайн байгууллагын санхүүгийн нэгж болон ахмадын хороо хамтран хариуцан гүйцэтгэнэ.

 

 4.4.Аж ахуйн нэгж, байгууллага нь ахмадын сангийн үйл ажиллагааны тайлан, мөнгөн хөрөнгийн зарцуулалтын талаар жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор байгууллагын дэргэдэх ахмадын хороо, зөвлөлд тайлагнана.

 

 4.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн ахмадын байгууллага энэ журмын хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавина.

 

 4.6.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд Ахмад настны тухай хуулийн       16 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

----о0о----