- Нүүр
- Сайдын тушаал
- АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНГИЛАЛ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТОГТООХ ЖУРАМ
Сангийн сайдын 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн А/25 дугаар тушаалын хавсралт
АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНГИЛАЛ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТОГТООХ ЖУРАМ
НЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагыг ангилах, шалгуур үзүүлэлтийг тогтоох ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2.Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг тухайн байгууллагын санхүүгийн тайланд үндэслэн И-Баланс цахим систем /цаашид "цахим систем" гэх/-ээр тогтооно.
ХОЁР.АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНГИЛАЛ
2.1.Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагад Улсын бүртгэлийн ерөнхий газрын ХУР системд бүртгэлтэй хуулийн этгээд болон цахим татварын И-Такс системд бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд хамаарна. Үүнд:
2.1.1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.2.1-4.2.7-д заасан аж ахуйн нэгж, байгууллага;
2.1.2.Иргэний хуулийн 36.2-т заасан сан, нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагууд;
2.1.3.энэ журмын 3.1-т заасны дагуу "санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллага" гэсэн ангилалд хамаарах байгууллагууд.
ГУРАВ.АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТОГТООХ
3.1.Аж ахуйн нэгж, байгууллагын борлуулалтын орлогын хэмжээ 2.5 тэрбум төгрөгөөс дээш бол санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллага гэсэн ангилалд хамаарна.
3.2.Аж ахуйн нэгж, байгууллагын ангиллыг анх удаа тогтоохдоо борлуулалтын орлогын хэмжээг өмнөх жилийн орлогын дэлгэрэнгүй тайлангийн борлуулалтын орлого /цэвэр/ гэсэн мөрөнд тусгагдсан дүнгээр цахим системээр тогтооно.
3.3.Аж ахуйн нэгж, байгууллагын борлуулалтын орлогын хэмжээ тухайн тайлант жилд өөрчлөгдсөн тохиолдолд тайлант жилийн орлогын дэлгэрэнгүй тайлангийн борлуулалтын орлого /цэвэр/ гэсэн мөрөнд тусгагдсан дүнгээр цахим системээр тогтооно.
3.4.Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллага нь санхүүгийн тайлагналын олон улсын стандарт болон энэ тушаалаар батлагдсан шалгуур үзүүлэлтийг дагаж мөрдөх бөгөөд Аудитын олон улсын стандартын дагуу санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэнэ.
ДӨРӨВ.ХАРИУЦЛАГА
4.1.Энэ журамд зааснаар холбогдох ангилалд тохирох санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч нарт холбогдох хуульд заасан хариуцлагыг тооцно.
--- о0о ---
Текст томруулах
A
A
A