A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2025 оны 02 дугаар

сарын 05ы өдрийн 72 дугаар

тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

 

Ирээдүйн өв сангийн ХӨРӨНГИЙН УДИРДЛАГЫН бодлого

 

 

Нэг.Ерөнхий зүйл

 

1.1.Энэ хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичиг (цаашид "Хөрөнгийн удирдлагын бодлого" гэх)-т Ирээдүйн өв сан (цаашид "Сан" гэх)-ийн хөрөнгийг удирдахад баримтлах зарчим, тавигдах шаардлага, хязгаарлалтыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын хэрэгслийн өгөөжийн доод хэмжээ, хөрөнгө оруулалтын жишиг багц, Сангийн хөрөнгөөс хөрөнгө оруулахыг хориглох санхүүгийн хэрэгсэл зэргийг тусгана.

 

1.2.Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлнэ.

 

1.3.Хөрөнгийн удирдлагын бодлогод хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

      1.3.1."Идэвхтэй удирдлага" гэж нэмэлт өгөөж олох зорилгоор багцыг жишиг багцаас бүтэц болон эрсдэлийн үзүүлэлтийн хувьд мэдэгдэхүйц ялгаатайгаар удирдахыг;

 

      1.3.2."Хагас идэвхтэй удирдлага" гэж зөвшөөрөгдсөн эрсдэлийн хязгаарын хүрээнд жишиг багцын эрсдэлийн үзүүлэлтээс илүү эрсдэл хүлээх замаар багцын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилт бүхий багцын удирдлагыг;

 

      1.3.3."Идэвхгүй удирдлага" гэж багцыг жишиг багц дахь хөрөнгө оруулалтын хэрэгслээр бүрдүүлж, өгөөж, эрсдэлийн ижил түвшинд удирдахыг;

 

      1.3.4."Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зээлжих зэрэглэл тогтоогч байгууллага" гэж Эс энд Пи Глобал Рейтингс (Стандарт энд Пүүрс), Мүүдиз Рейтингс, эсхүл Фитч Рейтинг Инкийг;

 

      1.3.5."Хөрвөх чадварын эрсдэл" гэж хөрөнгө оруулалтыг тухайн зах зээлд түргэн борлуулах боломжгүйн улмаас хүлээж болзошгүй алдагдлыг;

 

      1.3.6."Зах зээлийн эрсдэл" гэж хүү болон валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөрөнгө оруулалтын үнэлгээ буурах эрсдэлийг;

 

      1.3.7."Зээлийн эрсдэл" гэж харилцагч байгууллагын санхүүгийн чадавх алдагдах, эсхүл буурснаас шалтгаалан хөрөнгө оруулалтыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь алдах, хөрөнгө оруулалтын үнэлгээ буурах эрсдэлийг;

 

      1.3.8."Төлбөр тооцооны эрсдэл" гэж гэрээнд заасан хугацаанд гэрээнд оролцогч тал төлбөр хийгээгүйгээс шалтгаалан үүсэж болох эрсдэлийг;

 

      1.3.9."Хамгийн их эрсдэл" гэж тодорхой хугацаанд, тодорхой магадлалтайгаар хүлээж болзошгүй алдагдлын дээд хэмжээг;

 

      1.3.10."Жишиг үзүүлэлтээс хазайх хэмжээ" гэж тухайн багцын өгөөж болон жишиг багцын өгөөжийн зөрүүний стандарт хазайлтыг;

 

      1.3.11."Үргэлжлэх хугацаа" гэж хүүгийн түвшний өөрчлөлтөөс хамааран тухайн санхүүгийн хэрэгслийн үнэ цэн хэрхэн (хувиар, эсхүл нэрлэсэн дүнгээр) өөрчлөгдөхийг харуулсан хүүгийн эрсдэлийн хэмжүүрийг.

 

1.4.Сангийн хөрөнгийг мөнгөний бодлого, макро эдийн засгийн орчны нөхцөлтэй уялдуулан удирдах бөгөөд энэхүү Хөрөнгийн удирдлагын бодлогыг 2030 он хүртэл баримтална.

 

Хоёр.Хөрөнгийн удирдлагын зорилго, зарчим

 

2.1.Сангийн хөрөнгийн удирдлагын зорилго нь Санд газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар урт хугацаанд өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулахад оршино.

 

2.2.Сангийн хөрөнгийг найдвартай, хөрвөх чадвартай байх нөхцөлийг зэрэг хангасны үндсэн дээр эрсдэл-өгөөжийн зохистой түвшнийг баримтлан удирдах бөгөөд Сангийн хөрөнгийн бүтцийг хөрөнгийн удирдлагын үндсэн зорилгод нийцүүлэн үе шаттайгаар төрөлжүүлнэ.

 

2.3.Сангийн хөрөнгийг удирдахад Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн    5 дугаар зүйл, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг тус тус баримтална.

 

Гурав.Хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч

 

3.1.Сангийн хөрөнгийг Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу 2030 он хүртэл хугацаанд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага удирдах бөгөөд шаардлагатай тохиолдолд Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн хувиар гэрээ байгуулсны үндсэн дээр Монголбанкаар дамжуулан хэрэгжүүлж болно.

 

3.2.Хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч нь хөрөнгө оруулалтын шийдвэрийг Хөрөнгийн удирдлагын бодлого болон хууль тогтоомжид нийцүүлэн бие даан гаргана.

 

3.3.Хөрөнгийн удирдлагыг энэ бодлогод заасан ерөнхий бүтэц, бенчмаркийн дагуу идэвхтэй, хагас идэвхтэй, эсхүл идэвхгүй хэлбэрээр хэрэгжүүлж болно.

 

3.4.Хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч нь хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Сангийн хөрөнгийн удирдлагыг олон улсын санхүүгийн байгууллага, эсхүл хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхэлдэг, гадаадын мэргэшсэн хуулийн этгээдээр энэхүү бодлогын хүрээнд гэрээ байгуулсны үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

 

3.5.Энэ бодлогын 3.4-т заасны дагуу удирдуулах хөрөнгийн эхний хэмжээ нь 200 сая ам.доллароос хэтрэхгүй байх бөгөөд уг хэмжээ нь хүүгийн орлого болон үнэлгээний зөрүүгээр нэмэгдэж болно.

 

3.6.Хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд үнэт цаас, хувьцааны төлбөр тооцоог гүйцэтгэх, хадгалах үйлчилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаар гүйцэтгүүлнэ.

 

3.7.Энэ бодлогын 3.4, 3.6-д заасан байгууллагыг сонгоход үйлчилгээний шимтгэлийн хэмжээ, ижил төрлийн сангийн хөрөнгийг удирдаж байсан туршлагыг харгалзан үзэх бөгөөд гадаад валютын улсын нөөцийн удирдлагын үйл ажиллагаанд Монголбанктай хамтран ажилладаг байгууллагыг сонгож болно.

 

Дөрөв.Хөрөнгө оруулалтын өгөөжийн доод хэмжээ,

хөрөнгө оруулах хэрэгсэл, жишиг багц

 

4.1.Сангийн хөрөнгө оруулалтын өгөөж нь багц тус бүрийн бенчмарк индексийн өгөөжийг тухайн багцын хөрөнгө оруулалтын бодит гүйцэтгэлийн хувиар жигнэсэн дундаж өгөөжөөс багагүй байна.

 

4.2.Сангийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг ам.доллароор тооцож, тайлагнана.

 

4.3.Сангийн хөрөнгийг олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан гадаад улсын нутаг дэвсгэрт нээлттэй арилжаалагдаж байгаа, хөрөнгийн бирж буюу санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий этгээдэд бүртгүүлсэн дараах хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулна:

 

      4.3.1.АА буюу түүнээс дээш зээлжих зэрэглэлтэй гадаад улсын Засгийн газрын үнэт цаас;

 

      4.3.2.АА буюу түүнээс дээш зэрэглэлтэй олон улсын санхүүгийн байгууллагын үнэт цаас;

 

      4.3.3.АА буюу түүнээс дээш зэрэглэлтэй Засгийн газрын баталгаатай болон дэмжлэгтэй байгууллагын үнэт цаас;

 

      4.3.4.энэ бодлогын 4.4-т заасан бенчмарк индексийг дагадаг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх;

 

      4.3.5.Америкийн Нэгдсэн Улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй 500 том компанийн хувьцаа, хувьцааны индекс;

 

      4.3.6.бэлэн валют, түүнтэй адилтгах хэрэгсэл;

 

      4.3.7.Төвбанкны хадгаламж.

 

4.4.Сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулахад доор дурдсан хувь хэмжээний хязгаар, бенчмаркийг баримтална:

 

 

 

 

Багцын төрөл

Хөрөнгө оруулах хэрэгсэл

Нийт багцад эзлэх хувь

Бенчмарк

1

Тогтмол орлоготой үнэт цаасны багц

Энэ бодлогын

4.3.1-4.3.4-т заасан хэрэгсэл

0-100%

Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын    0-5 жилийн хугацаатай үнэт цаасны индекс

2

Хувьцааны багц

Энэ бодлогын 4.3.5-д заасан хэрэгсэл

0-15%

Америкийн Нэгдсэн Улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй 500 том компанийн индекс

3

Түргэн хөрвөх хөрөнгийн багц

Энэ бодлогын 4.3.6-д заасан хэрэгсэл

0-5%

-

4

Төвбанкны хадгаламж

Энэ бодлогын 4.3.7-д заасан хэрэгсэл

0-100%

Монголбанкны харилцагч гадаад улсуудын Төвбанкны хадгаламжийн дундаж хүү

 

4.5.Сангийн хөрөнгө оруулалтын багцыг дараах тохиолдолд дахин тэнцвэржүүлнэ:

 

      4.5.1.Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан эх үүсвэрээс Санд эх үүсвэр нэмж хуваарилагдсан;

 

      4.5.2.энэ бодлогын 4.4-т заасан тухайн хөрөнгө оруулах хэрэгслийн нийт багцад эзлэх хувь 3 нэгж хувиас илүү хувиар хэлбэлзсэн;

 

      4.5.3.хөрөнгө оруулалтын эрсдэлийн хязгаараас давсан.

 

4.6.Энэ бодлогын 4.3.1, 4.3.2, 4.3.3-т заасан хөрөнгө оруулалтын хэрэгсэл нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл тогтоогч хоёроос доошгүй байгууллагаар зэрэглэл тогтоолгосон байна. Холбогдох зэрэглэлийн үнэлгээ нь зөрүүтэй тохиолдолд сүүлийн нэг жилд тогтоолгосон хоёр зэрэглэлийн үнэлгээний аль багаар нь, хэрэв сүүлийн нэг жилд тогтоолгосон хоёр зэрэглэлийн үнэлгээ байхгүй тохиолдолд хамгийн сүүлд тогтоолгосон зэрэглэлийн үнэлгээгээр тооцно.

 

4.7.Сангийн хөрөнгийн үнэлгээг санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцүүлэн гаргана.

 

Тав.Хөрөнгө оруулалтад тавигдах шаардлага, хязгаарлалт

 

5.1.Сангийн хөрөнгийг ам.доллар болон бенчмарк индекс дэх хэрэгслийн нэрлэсэн бусад валютаар санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулна.

 

5.2.Сангийн хөрөнгийн удирдлагыг идэвхгүй хэлбэрээр хэрэгжүүлэх бол энэ бодлогын 4.4-т заасан бенчмарк индексэд багтсан хэрэгслүүдэд, идэвхтэй, эсхүл хагас идэвхтэй хэлбэрээр удирдах бол бодлогын 4.3-т заасан санхүүгийн хэрэгсэлд байршуулж удирдана.

 

5.3.Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд дараах зүйлсийг хориглоно:

 

      5.3.1.Сангийн хөрөнгийг дотоодын арилжааны банк, санхүүгийн байгууллагуудад хадгаламж хэлбэрээр байршуулах, тэдгээрийн гаргасан үнэт цаасанд хөрөнгө оруулах;

 

      5.3.2.эрх бүхий этгээдэд бүртгүүлээгүй үнэт цаасанд байршуулах;

 

      5.3.3.цэрэг, зэвсэг, хар тамхи, мансууруулах бодис, тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, тэдгээрийн худалдаа, хуулиар хориглосон бусад үйл ажиллагаанд хөрөнгө оруулах;

 

      5.3.4.авто зам, төмөр зам, нисэх буудал болон Хот байгуулалтын тухай хуулийн 3.1.10-д заасан инженерийн дэд бүтцэд хамаарах үл хөдлөх эд хөрөнгөд хөрөнгө оруулах;

 

      5.3.5.Сангийн хөрөнгийг уул уурхай, эрдэс баялгийн салбарын компанийн хувьцаанд хөрөнгө оруулах;

 

      5.3.6.Сангийн хөрөнгийг барьцаалах, зээл олгох, зээлийн баталгаа, батлан даалт гаргах болон бусдын үүргийн гүйцэтгэлийг аливаа хэлбэрээр хангах гэрээ, хэлцэл байгуулах;

 

      5.3.7.санхүүгийн хэрэгсэлд байршуулсан хөрөнгийн хувь, хэмжээг хөрөнгө оруулж байгаа этгээдийн хяналтын багцын хувь, хэмжээнд хүргэх;

 

      5.3.8.санхүүгийн хөшүүрэг, үнэт цаас зээлж худалдах аливаа төрлийн гэрээ, хэлцэл хийх;

 

      5.3.9.санхүүгийн үүсмэл хэрэгслийг хөрөнгө оруулалтын зах зээлийн эрсдэлийг хаах, бууруулахаас бусад зорилгоор ашиглах.

 

Зургаа.Эрсдэлийн удирдлага

 

6.1.Хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч нь Сангийн эрсдэлийн удирдлагыг хүлээж болох эрсдэл, үр өгөөжийн зохистой харьцааг хангах замаар хэрэгжүүлнэ.

 

6.2.Хөрөнгийн удирдлагын хүрээнд гарч болох дараах эрсдэлийг удирдан зохицуулна:

 

      6.2.1.Хөрвөх чадварын эрсдэлийн удирдлага:

 

          6.2.1.а.Сангийн хөрөнгийн тодорхой хэсгийг түргэн хугацаанд бэлэн валютад хувирах, хөрвөх чадвар өндөртэй хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулах;

          6.2.1.б.эрсдэл-өгөөжийн хэмжээг харгалзан нэг төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэлд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг хязгаарлах, тухайн нэг хөрөнгө оруулалт нь эзэмшиж байгаа нийт хэмжээгээрээ зах зээлд нэг удаа аливаа нэмэлт зардалгүйгээр борлуулагддаг байх шаардлагыг хангасан байх.

      6.2.2.Зах зээлийн эрсдэлийн удирдлага:

          6.2.2.а.их хэмжээний зах зээлийн эрсдэл хүлээхээс зайлсхийх;

 

          6.2.2.б.хөрөнгө оруулалтын хугацаа нь 5 жил хүртэл байх.

 

      6.2.3.Зээлийн эрсдэл, төлбөр тооцооны эрсдэлийн удирдлага:

 

           6.2.3.а.хөрөнгө оруулалтын хэрэгсэл нь санхүүгийн хөшүүрэггүй байх;

 

           6.2.3.б.зээлийн эрсдэлээс хамгаалах хэрэгсэл (баталгаа), бүртгэл, төлбөр тооцооны гэрээ, хэлцлийг ашиглах.

 

6.3.Сангийн хөрөнгө оруулалтын эрсдэлийг хөрөнгө оруулах хэрэгслийн төрөл тус бүрээр болон нийт багцын хувьд тооцно.

 

6.4.Хөрөнгө оруулалтын эрсдэлийг тооцоход дараах аргачлалыг ашиглана:

 

      6.4.1.хамгийн их эрсдэлийг Сангийн хөрөнгө оруулалтын багцаас тодорхой хугацаанд тодорхой хувийн магадлалтайгаар хүлээж болзошгүй алдагдлын дээд хэмжээгээр тооцно;

 

      6.4.2.жишиг үзүүлэлтээс хазайх хэмжээг Сангийн хөрөнгө оруулалтын багцын бодит өгөөжийг бенчмарктай харьцуулах замаар тооцно;

 

      6.4.3.үнэт цаасны багцын хувьд үргэлжлэх хугацааг хүүгийн түвшний өөрчлөлтөөс хамааран тухайн санхүүгийн хэрэгслийн үнэ цэн хэрхэн (хувиар, эсхүл нэрлэсэн дүнгээр) өөрчлөгдөхөөр тооцно.

 

Долоо.Бусад

 

7.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хөрөнгийн удирдлагын бодлогын хэрэгжилтийг жил бүр Засгийн газарт тайлагнана.

 

7.2.Хөрөнгийн удирдлагын бодлогод оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авна.

 

7.3.Хөрөнгийн удирдлагын бодлогын хэрэгжилтийг Сангийн үйл ажиллагааны тайланд тусгана.

 

7.4.Сангийн хөрөнгийн удирдлагыг Монголбанкаар дамжуулан гүйцэтгүүлэх тохиолдолд байгуулсан гэрээ болон Хөрөнгийн удирдлагын бодлогын хэрэгжилтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтмол хянаж, Засгийн газарт тайлагнана.

 

7.5.Сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн удирдлагатай холбоотой мэдээлэл ил тод байх бөгөөд мэдээллийг хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч байгууллага боловсруулан хуульд заасны дагуу тайлагнана.

 

 

 

----о0о----