A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2025 оны 02 дугаар

сарын 05ы өдрийн 72 дугаар

тогтоолын 2 дугаар хавсралт

 

 

 

Хуримтлалын сангийн ХӨРӨНГИЙН УДИРДЛАГЫН бодлого

 

 

Нэг.Ерөнхий зүйл

 

1.1.Энэ хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичиг (цаашид "Хөрөнгийн удирдлагын бодлого" гэх)-т Хуримтлалын сан (цаашид "Сан" гэх)-ийн хөрөнгийг удирдахад баримтлах зарчим, тавигдах шаардлага, хязгаарлалтыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын хэрэгслийн өгөөжийн доод хэмжээ болон эрсдэлийн удирдлагын асуудлыг тусгана.

 

1.2.Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжтой нийцүүлэн Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлнэ.

 

Хоёр.Хөрөнгийн удирдлагын зорилго, зарчим

 

2.1.Сангийн хөрөнгийн удирдлагын зорилго нь Санд газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс хуримтлагдсан хөрөнгийг хөрөнгө оруулалт хийх замаар үнэ цэнийг хадгалах, арвижуулахад оршино.

 

2.2.Сангийн хөрөнгийг удирдахад Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн    5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.

 

Гурав.Хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч

 

3.1.Сангийн хөрөнгийн удирдлагыг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 10.3-т заасны дагуу Монголбанк Засгийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ.

 

3.2.Энэ бодлогын 3.1-д заасан гэрээг Засгийн газрыг төлөөлж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 8.2.1-д заасан Сангийн үйл ажиллагааны удирдлага буюу хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газарт танилцуулсны үндсэн дээр байгуулна.

 

Дөрөв.Хөрөнгө оруулалтын өгөөжийн доод хэмжээ,

хөрөнгө оруулах хэрэгсэл

 

4.1.Сангийн хөрөнгө оруулалт нь Үндэсний баялгийн сангийн тухай хуульд зааснаас багагүй өгөөжтэй байна.

 

4.2.Монголбанк энэ бодлогын 3.1-д заасан гэрээний дагуу Сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасны дагуу хүү тооцох, эсхүл дараах хөрөнгө оруулах хэрэгсэлд хөрөнгө оруулна:

 

4.2.1.Монгол Улсын Засгийн газрын үнэт цаас;

 

4.2.2.төрийн өмчит компанийн хувьцаанаас бусад үнэт цаас, санхүүгийн хэрэгсэл;

 

4.2.3.төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны санхүүжилтийн хөтөлбөр.

 

Тав.Хөрөнгө оруулалтад тавигдах шаардлага,

 хязгаарлалт

 

5.1.Хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч нь Сангийн эрсдэлийн удирдлагыг хүлээж болох эрсдэл, үр өгөөжийн зохистой харьцааг хангах замаар хэрэгжүүлнэ.

 

5.2.Сангаас хийх хөрөнгө оруулалт нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд туссан иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны талаарх зорилт, арга хэмжээтэй нийцсэн байна.

 

5.3.Сангийн хөрөнгийг арилжааны банканд аливаа хэлбэрээр байршуулахыг хориглоно.

 

5.4.Засгийн газар энэ журмын 5.2-т заасны дагуу Сангаас хөрөнгө оруулалт хийх зорилт, арга хэмжээг Сангийн хөрөнгийн хэмжээ, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, хэрэгцээ шаардлагаас хамаарч эрэмбэлж болно.

 

Зургаа.Бусад

 

6.1.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хөрөнгийн удирдлагын бодлогын хэрэгжилтийг Засгийн газарт жил бүр тайлагнана.

 

6.2.Хөрөнгийн удирдлагын бодлогод оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авна.

 

6.3.Хөрөнгийн удирдлагын бодлогын хэрэгжилтийг Сангийн үйл ажиллагааны тайланд тусгана.

 

6.4.Сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн удирдлагатай холбоотой мэдээлэл ил тод байх бөгөөд уг мэдээллийг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгтгэн хуульд заасны дагуу тайлагнана.

 

 

 

 

----о0о----