A

A

A

Бүлэг: 1979

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/322 дугаар захирамжийн хавсралт

 

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД АЧААНЫ, ТҮГЭЭЛТ, ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТОМАШИНЫГ ХЯЗГААРЛАЛТТАЙГААР ОРОЛЦУУЛАХ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь Үндсэн хуульд заасан иргэний эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг хангах, нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, ачааны, түгээлт, хүргэлтийн үйл ажиллагааг зохицуулах, ачааны автомашин, машин механизмын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тогтоон нийслэлийн авто зам, замын байгууламжийг эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлж, хөдөлгөөнд оролцогчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

1.2.Энэхүү журам нь нийслэлийн нутаг дэвсгэрт ачааны, түгээлт, хүргэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд хамаарах бөгөөд холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.

Хоёр.Замын хуудасны төрөл, хугацаа

2.1.Нийслэлийн ачааны, түгээлт, хүргэлтийн ачааны автомашин болон машин механизмын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон замуудад тодорхой цагийн хязгаарлалттайгаар нийгмийн үйлчилгээг тасралтгүй явуулахаар нийслэлийн автотээврийн талаарх бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах байгууллагаас замын хуудас олгож, бүртгэх замаар зохицуулалт хийж, хөдөлгөөнд хяналт тавина.

2.2.Энэхүү журамд заасан замын хуудас нь дараах төрөлтэй байна. Үүнд:

2.2.1.энгийн буюу "ЕС" замын хуудас;

2.2.2.тусгайлсан буюу "Түр" замын хуудас;

2.3."ЕС" замын хуудас авах иргэн, хуулийн этгээд нь хяналтын үзлэгт тэнцсэн, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан, татвар болон хуулийн дагуу оногдуулсан торгуулийг зохих хугацаанд төлсөн, түүнчлэн автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан тээврийн хэрэгсэл цахимаар болон "Хурдан" КИОСК машинаас замын хуудас авна.

2.4.Энэхүү журмын 4.3.1-4.3.4-т заасан хязгаарлалт тогтоосон гудамж, замуудаас бусад замаар ачаа тээвэрлэлт хийж буй иргэн, хуулийн этгээд нь энэ журмын 2.2.1 дэх хэсэгт заасан "ЕС" замын хуудсыг 6 сар тутам авна.

2.5."Түр" замын хуудас нь нийслэлийн замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон гудамж замаар цагийн хязгаарлалттайгаар зорчиж, ачааны, түгээлт, хүргэлтийн үйлчилгээ эрхэлж буй тохиолдолд журмын 4.1-т заасан "ЕС" замын хуудсыг авсан байна.

2.6."Түр" замын хуудсыг ачааны, түгээлт, хүргэлтийн үйлчилгээний онцлогоос хамаарч түүний хүчинтэй хугацааг нийслэлийн автотээврийн талаарх бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах байгууллагаас тогтооно.

Гурав."Түр" замын хуудас олгох

3.1.Энэхүү журмын 2.2.2-т заасан "Түр" замын хуудас авах хуулийн этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлж, цахим мэдээллийн санд илгээнэ.

3.1.1."Түр" замын хуудас авах албан бичиг;

3.1.2.Хязгаарлалт тогтоосон болон хориглосон гудамж, замууд руу зайлшгүй тохиолдлоор зорчих хэрэгцээ шаардлагыг нотолсон баримт, ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар, шаардлагатай бол нийслэлийн авто замын асуудал эрхэлсэн байгууллагын тодорхойлолт;

3.1.3.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3.1.4.Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар;

3.1.5.Тээврийн хэрэгслийн ерөнхий байдлыг харуулсан зураг (4 талын зураг);

3.1.6.Энэ журмын 2.2.1-т заасан "ЕС" замын хуудасны хуулбар.

3.2.Аюултай ачаа тээвэрлэх хуулийн этгээд энэ зүйлийн 3.1-т зааснаас гадна дараах бичиг баримтыг цахим мэдээллийн санд илгээнэ.

3.2.1.Аюултай ачааг тээвэрлэхэд улсын ахлах байцаагчаар шалгуулж тээврийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрсөн тухай дүгнэлт;

3.2.2.Аюултай ачааны таних тэмдэг болон аюулын шинж чанарын тухай санамж байрлуулсан байдлын баталгаажуулалт;

3.2.3.Торхны болон баллоноор тээвэрлэлт гүйцэтгэх тохиолдолд тэдгээрийн баталгаажуулалт;

3.2.4.Цагдаагийн байгууллагын тогтоосон замнал;

3.2.5.Тээврийн цагдаагийн албанаас зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл;

3.2.6.Энэ журмын 7.4-т заасан шаардлагын хэрэгжилт.

3.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх хуулийн этгээд нь энэ журмын 3.2-т зааснаас гадна дараах бичиг баримтыг бүрдүүлж, цахим мэдээллийн санд илгээнэ.

3.3.1.Дагалдан явах хамгаалалтын машины дугаар, гэрчилгээ;

3.4."М" трактор, өөрөө явдаг машин механизм, өргөх байгууламж бүхий тээврийн хэрэгсэлд тусгай эрх бүхий мэргэжлийн байгууллагаар техникийн хяналтын үзлэг хийлгүүлж, зохих хяналтын байгууллагаар шалгуулж, дүгнэлт гаргуулсан байна.

3.5.Энэхүү журмын 2.5-т заасан "Түр" замын хуудсыг иргэн авах тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлж, цахим мэдээллийн санд илгээнэ.

3.5.1."Түр" замын хуудас авах хүсэлт;

3.5.2.Хязгаарлалт тогтоосон болон хориглосон гудамж, замууд руу зайлшгүй тохиолдлоор зорчих хэрэгцээ шаардлагыг нотолсон баримт, шаардлагатай бол нийслэлийн авто замын асуудал эрхэлсэн байгууллагын тодорхойлолт; (3.1.1-3.1.6)

3.5.3.Хамтран ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар;

3.5.4.Иргэний үнэмлэхийн хуулбар (танилт нэвтрэлтийн цахим системээр нэвтэрсэн бол шаардлагагүй);

3.5.5.Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар;

3.5.6.Тээврийн хэрэгслийн ерөнхий байдлыг харуулсан зураг (4 талын зураг).

3.5.7.Энэ журмын 2.3.-т заасан "ЕС" замын хуудасны хуулбар;

Дөрөв.Ачааны, түгээлт, хүргэлтийн үйлчилгээний автомашины замын хөдөлгөөнд тавих хязгаарлалт, зохицуулалт

4.1.Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага стандартад заасны дагуу Автотээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөн бүх жингийн дээд хэмжээг мөрдөнө.

4.2.Нийслэлийн нутаг дэвсгэрт ачааны, түгээлт, хүргэлтийн үйлчилгээний автомашиныг гудамж замын хүрээ болон тухайн тээврийн хэрэгслийн төрөл, ангиллаас хамаарч дараах байдлаар зохион байгуулна.

4.2.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу "В" ангиллын ачааны автомашин, "С" ангиллын тээврийн хэрэгсэл, "СЕ" ангиллын тээврийн хэрэгсэл, "М" ангиллын тээврийн хэрэгсэлд "ЕС" болон "Түр" замын хуудас олгоно.

4.3.Хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон цаг, гудамж замуудын нэр, байршил:

 4.3.1.Ачааны, түгээлт, хүргэлтийн үйлчилгээний "В" ангиллын ачааны автомашинд өдрийн 08:00 цагаас 20:00 цагийн хооронд нийслэлийн дараах гудамжны авто замаар зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтооно. Үүнд:

-Бага тойруу доторх гудамжны авто замууд (Анкарагийн гудамж, Нэгдсэн үндэстний гудамж, Сүхбаатарын талбай, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Хуульчдын гудамж, Жуулчны гудамж, Ж.Самбуугийн, Ерөнхий сайд Амарын гудамж, Б.Алтангэрэлийн гудамж, Ц.Жигжиджавын гудамж, Б.Ширэндэвийн гудамж, Данзангийн гудамж);

-Энхтайваны өргөн чөлөө: (Монгол Улсын Боловсролын Их сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэл)

-Олимпийн гудамж;

-Жамъяан гүний гудамж;   

-П.Гэндэнгийн гудамж;

-Лодонгийн Түдэвийн гудамж;

 4.3.2.Ачааны, түгээлт, хүргэлтийн үйлчилгээний "С", "М" ангиллын тээврийн хэрэгсэлд 08.00 цагаас 21.00 цагийн хооронд нийслэлийн дараах гудамжны авто замаар зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтооно. Үүнд:

 - Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө: (Баруун 4 замын уулзвараас 5 шарын нүхэн гарц хүртэл);

-Өнөр хорооллын гудамж;

-Их тойруу доторх гудамж: (С.Чоймболын гудамж, Бакула Ренбучийн гудамж, Төмөрчний гудамж, Баруун Сэлбийн гудамж, Жуулчны гудамж, Ноён хутагт Данзанравжаагийн гудамж, Л.Лааганы гудамж, Г.Бумцэндийн гудамж, Ч.Шархүүгийн гудамж, Гал сөнөөгчдийн гудамж, Д.Дамбын гудамж, Н.Содномын гудамж, Ж.Батмөнхийн гудамж, Б.Чимидийн Эрхүүгийн гудамж, Бээжингийн гудамж, Денверийн гудамж, Болгарын гудамж, Токиогийн гудамж, Оюутны гудамж, Залуучуудын гудамж, Бадарчин Аялаажавын товчоо, Цэндгүний гудамж);

-Нарны зам: (Материал импексийн хойд уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэл);

-Энгельсийн гудамж: (Механик тээврийн сургуулийн уулзвараас Чингисийн өргөн чөлөө хүртэл);

-Ард Аюушийн өргөн чөлөөний уулзвараас зүүн тийш Өргөө кино театрын уулзвар;

-Жалханз хутагт Дамдинбазарын гудамж;

-Нийслэл хүрээ өргөн чөлөө: (120 мянгатын уулзвараас Их Монгол улсын гудамжны уулзвар);

-Чингисийн өргөн чөлөө: (120 мянгатын уулзвараас яармагийн гүүрний хойд уулзвар);

-Зайсангийн гудамж: (120 мянгатын уулзвараас Хөдөө аж ахуйн Их сургуулийн уулзвар);

-Их Mонгол улсын гудамж: (Нийслэл хүрээ өргөн чөлөөний зүүн уулзвараас урагш Их Тэнгэрийн хойд уулзвар);

-Наадамчдын зам;

-Х.Чингүнжавын гудамж;

-Өргөө гудамж;

-Ногоон нуурын гудамж;

-Галдан Бошготын гудамж;

-Цагдаагийн гудамж;

4.3.3.Ачааны, түгээлт, хүргэлтийн үйлчилгээний "СЕ" ангиллын тээврийн хэрэгсэлд 08.00 цагаас 21.00 цагийн хооронд нийслэлийн дараах гудамжны авто замаар зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтооно. Үүнд:

 -"С" ангиллын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон гудамж замууд;

 -Махатма Гандийн гудамж;

 -Дунд голын гудамж: (Механик тээврийн сургуулийн уулзвараас Энхтайваны гүүрний доод уулзвар);

 -Намяанжүгийн гудамж;

 -Энхтайван өргөн чөлөө: (Зүүн 4-н замын уулзвараас Офицеруудын ордны уулзвар);

 -Их тойруу: (Сансарын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам);

 -Хувьсгалчдын гудамж: (Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс зүүн урд уулзвараас Гэсэр сүмийн урд уулзвар хүртэл);

 4.3.4.Ачааны, түгээлт, хүргэлтийн үйлчилгээний "С", "М", "СЕ" ангиллын тээврийн хэрэгсэл болон машин механизмд нийслэлийн дараах гудамж, замын хөдөлгөөнийг хязгаарлана.

-"В" ангиллын хязгаарлалттай гудамж;

-Сөүлийн гудамж;

-Усны гудамж: (Урбанек худалдааны төвийн уулзвараас Циркийн хойд уулзвар хүртэл);

-Үйлдвэрийн гудамж;

-Чингисийн өргөн чөлөө: (Төв шуудангийн уулзвараас 120 мянгатын уулзвар);

-Их Монгол Улсын гудамж: (Юнескогийн гудамж уулзвараас Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамжны уулзвар хүртэл);

-Энхтайваны өргөн чөлөө: (Зүүн 4 замын уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэл);

-Энэбишийн өргөн чөлөө: (Өргөө кино театрын уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэл);

4.4.Доор дурдсан тээврийн хэрэгсэлд ажил үйлчилгээ явуулах нөхцөл шаардлагыг нотолсон баримт бичгийг үндэслэн "ЕС" замын хуудсыг авч энэ журамд заагдсан ТҮР замын хуудасгүйгээр хязгаарлалттай гудамж, замын хөдөлгөөнд оролцоно. Үүнд:

-"Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар" ОНОААТГ-ын харьяа ариутгах татуургын болон цэвэр усны шугам хоолойн засвар, дуудлагын автомашин

-"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ний харьяа дулааны шугам сүлжээний засвар, дуудлагын автомашин

-"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ний харьяа цахилгаан шугамын гэмтлийн автомашин, троллейбусны шугамын засварын автомашин

-"Монгол шуудан" ТӨХК-ийн харьяа холбооны шугамын гэмтлийн автомашин

-"Тохижилт үйлчилгээний төв" ОНӨААТҮГ-ын харьяа гэрэлтүүлгийн засвар, дуудлагын автомашин

-"Тохижилт үйлчилгээний төв" ОНӨААТҮГ-ын харьяа гадна реклам чимэглэл, мэдээллийн байгууламжийн засварын автомашин

-"Хот Тохижилтын Газар" ОНӨААТҮГ-ын харьяа техникийн түргэн тусламжийн автомашин

-"Улаанбаатар зам засвар арчлалтын газар" ОНӨААТҮГ-ын харьяа нийслэлийн зам, засвар, арчлалт, хамгаалалтын автомашин

-"Хот Тохижилтын Газар" ОНӨААТҮГ-ын харьяа нийслэлийн тохижилт үйлчилгээний автомашин

-"Монгол шуудан" ТӨХК-ийн харьяа шуудан зөөврийн автомашин

-Хот Тохижилтын Газар" ОНӨААТҮГ-ын харьяа нийслэлийн үер, хурын ус зайлуулах шугам сүлжээний засвар, арчлалт, хамгааллын чиглэлээр ашиглах автомашин

Тав.Ачааны, түгээлт, хүргэлтийн үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийн үүрэг

 5.1.Ачааны, түгээлт, хүргэлтийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээд нь дараах үүрэг хүлээнэ. Үүнд:

 5.1.1.Аюултай болон тэсэрч дэлбэрэх ачаа тээвэрлэх хуулийн этгээд нь тухайн тээврийн хэрэгсэлд "GPS" буюу байршил тогтоогч болон зайлшгүй тохиолдолд эрх бүхий байгууллага албан тушаалтанд "SOS" буюу тусламж мэдээлэл өгөх төхөөрөмжийг суурилуулж, төрийн байгууллагын мэдээллийн нэгдсэн системд холбогдсон байх;

 5.1.2.Ачааны, түгээлт, хүргэлтийн тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарч холбогдох стандартыг хэрэгжүүлэн ажиллах, тээвэрлэгч иргэн, хуулийн этгээд тээвэрлэлтийн тайланг нийслэлийн автотээврийн талаарх бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах байгууллагад тогтмол өгөх;

 5.1.3.Хөдөлгөөнд оролцож буй ачааны, түгээлт, хүргэлтийн тээврийн хэрэгсэл, машин механизм нь зам талбай бохирдуулахгүй байх (ачаа нь унахгүй, асгарахгүй, чирэгдэхгүй, хийсэхгүй байх, бетон зуурмаг асгарахгүй байх зэрэг) нөхцөлийг хангах;

 5.1.4.Түгээмэл тархацтай ашигт малтмалыг нийслэл хот уруу орох тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тээвэрлэлтийг гүйцэтгэх;

 5.1.5.Газрын хөрсний хөлдөлт, гэсэлтийн улмаас авто зам эвдрэхэд эмзэг болсон үед тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жинг хорогдуулан тээвэрлэлт хийх;

 5.1.6.Барилгын бетон зуурмаг үйлдвэрлэж буй хуулийн этгээд нь тээврийн хэрэгслийн бүх жинг хэмжих суурин авто пүүг ажиллуулах;

Зургаа.Мэдээллийн сан үүсгэх, хамтран ажиллах

 6.1.Ачааны, түгээлт, хүргэлтийн үйл ажиллагааны бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэхэд дараах байгууллагаас тухай бүр мэдээллийг оруулж, иргэн, хуулийн этгээдийг мэдээ, мэдээллээр ханган хэрэгжүүлэн ажиллана. Үүнд:

 6.1.1.Энэхүү журмын дагуу замын хуудас олгох, цахим мэдээллийн системийг ашиглах талаар иргэн, хуулийн этгээдэд сурталчлах, холбогдох эрх бүхий байгууллага хуулийн этгээдийг мэдээллээр хангах ажлыг нийслэлийн автотээврийн талаарх бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хариуцсан байгууллага;

 6.1.2.Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл, саатал ихтэй гудамж зам, цагуудын талаарх мэдээллийг Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв;

 6.1.3.Авто замын хөлдөлт, гэсэлтийн эмзэг үе болон авто замаар зорчуулах тээврийн хэрэгслийн бодит жин, тэнхлэгт ногдох ачааллын талаарх мэдээллийг нийслэлийн авто замын асуудал эрхэлсэн байгууллага;

6.1.4.Хүнсний түргэн муудах бараа түгээлтийн талаарх мэдээллийг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны хүнс, худалдаа, үйлчилгээний асуудал эрхэлсэн нэгж.

6.1.5.Нийслэлийн авто замын асуудал эрхэлсэн байгууллага нь нийслэлийн нутаг дэвсгэрийн авто зам, замын байгууламжийг арчлах, хамгаалах, авто замын даац, ашиглалттай холбоотой мэдээллээр Ачааны, түгээлт, хүргэлтийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдийг мэдээ, мэдээллээр ханган ажиллана.

 6.2.Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын холбогдох нэгж нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийн хэрэгжилтийг хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хүрээнд хэрэгжүүлэн зохион байгуулна.

 6.3.Иргэн, хуулийн этгээдэд хүндрэл, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор энэхүү журамд заасан замын хуудсыг цахимаар олгох, мэдээллийн санд өөрчлөлт хийх, программ хангамжийг шинэчлэх ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Мэдээллийн технологийн газар болон автотээврийн талаарх бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах байгууллага хамтран шуурхай зохион байгуулна.

Долоо.Хяналт шалгалт

 7.1.Энэхүү журмын хэрэгжилтэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар харьяалан шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд хяналт тавьж ажиллана.

 7.2.Нийслэлийн нутаг дэвсгэр дэх Ачааны, түгээлт, хүргэлтийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих эрх бүхий мэргэжлийн байгууллагууд хамтран хяналт шалгалт явуулж болно.

 7.3.Ажил, үйлчилгээнд мөрдөж ажиллах хууль тогтоомж, дүрэм, журам, улсын стандартыг зөрчин тээвэрлэлт хийсэн тохиолдолд "ЕС" болон "Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах түр хуудас"-ыг хураан авч, эрх бүхий байгууллагад шилжүүлэх.

 7.4.Аюултай болон тэсэрч дэлбэрэх ачаа тээвэрлэх хуулийн этгээд нь тухайн тээврийн хэрэгслийн "GPS" буюу байршил тогтоогчийг төрийн байгууллагын нэгдсэн системд бүртгүүлнэ, зайлшгүй тохиолдолд эрх бүхий албан байгууллага, албан тушаалтнаас "SOS" буюу тусламж мэдээлэл хүсэхэд Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв хянаж зохион байгуулалтын арга хэмжээг авах үүрэгтэй.

Найм.Бусад зүйл

         8.1.Энэхүү журамд заасан замын хуудас нь холбогдох хууль, тогтоомжид заасан иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 8.2.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр бол холбогдох гомдол, мэдээллийг харьяа байгууллага, албан тушаалтанд даруй шилжүүлнэ.

 

......о0о......