- Нүүр
- Сайдын тушаал
- ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛОН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ БУСАД ГАМШГИЙН УЛМААС ХОХИРОЛ БАРАГДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
Монгол Улсын Шадар сайдын 2025 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛОН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ БУСАД ГАМШГИЙН УЛМААС ХОХИРОЛ БАРАГДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
Нэг.Зорилго, хамрах хүрээ
1.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.5-д заасан давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас хохирол барагдуулах чиглэлээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийсэн, санхүүгийн дэмжлэг, хандив олгосон татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагад татварын хөнгөлөлт эдлэх үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхойлоход энэхүү шаардлагын зорилго оршино.
1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй, нийгмийн хариуцлагын хүрээнд заасан давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас хохирол барагдуулах чиглэлээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийсэн, санхүүгийн дэмжлэг, хандив олгосон татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагад энэхүү шаардлага хамаарна.
Хоёр.Давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас хохирол барагдуулах үйл ажиллагаа
2.1.Давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшиг гэдэгт Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 болон 4.1.3-т заасан аюулт үзэгдэл, осол нь Засгийн газрын 2018 оны 327 дугаар тогтоолоор баталсан "Гамшгийг тодорхойлох шалгуур үзүүлэлт" дэх аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлыг хангасан тохиолдол хамаарна.
2.2.Давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас хохирол барагдуулах үйл ажиллагаанд дараах үйл ажиллагаа хамаарна:
2.2.1."Давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас хохирол барагдуулах үйл ажиллагаа" гэдэгт энэхүү шаардлагын 2.1 дэх хэсэгт заасан тохиолдлын улмаас учирсан хохирлыг барагдуулах хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, санхүүгийн дэмжлэг болон бараа, материалын хандив;
2.2.2."Хөрөнгө оруулалт" гэдэгт энэхүү шаардлагын 2.1 дэх хэсэгт заасан тохиолдлын улмаас учирсан хохирлыг барагдуулах зорилгын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгө;
2.2.3."Бүтээн байгуулалт" гэдэгт энэхүү шаардлагын 2.1 дэх хэсэгт заасан тохиолдлын улмаас учирсан хохирлыг барагдуулах зорилгын хүрээнд барьсан барилга байгууламж, дэд бүтэц, инженерийн байгууламж;
2.2.4."Санхүүгийн дэмжлэг, хандив" гэдэгт энэхүү шаардлагын 2.1 дэх хэсэгт заасан тохиолдлын улмаас учирсан хохирлыг барагдуулах зорилгын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд сайн дурын үндсэн дээр үзүүлсэн мөнгөн болон биет хөрөнгө.
Гурав.Татварын хөнгөлөлт эдлэх давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас хохирол барагдуулах үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага
3.1.Хохирол барагдуулах хөрөнгө оруулалт нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
3.1.1.татвар төлөгчийн нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт өөр хуулийн этгээдийн элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан бодитой хөрөнгө оруулалт байх;
3.1.2.татвар төлөгчийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.5-д заасан үндсэн үйл ажиллагаатай хамааралгүй байх;
3.1.3.татвар төлөгч бусад этгээдэд хөрөнгө оруулалт хийх тохиолдолд тухайн этгээдтэй төсөл, үйл ажиллагаанд нь хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлж, хөрөнгө оруулалт авч буй талын санхүүгийн тайланд элэгдэл тооцох үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн байх.
3.2.Хохирол барагдуулах бүтээн байгуулалт нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
3.2.1.аюулт үзэгдэл, ослын улмаас учирсан хохирол барагдуулах, сэргээн босгох зорилготой байх;
3.2.2.холбогдох стандарт, норм ба дүрмийг хангасан байх;
3.2.3.татвар төлөгчийн өөрийн хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, төслийн хувьд тухайн татвар төлөгчийн удирдах дээд байгууллагын баталсан бизнесийн төлөвлөгөөнд туссан, санхүүгийн тайланд элэгдэл тооцох үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн байх;
3.2.4.Нийгмийн хариуцлагын хүрээнд нэг ба түүнээс дээш жилийн хугацаанд хэрэгжих бүтээн байгуулалтыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.13-т заасан маягтын дагуу бүртгүүлсэн байна.
3.3.Хохирол барагдуулах санхүүгийн дэмжлэг, хандив нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
3.3.1.хариу төлбөргүй шилжүүлсэн мөнгөн болон биет хөрөнгө байх;
3.3.2.санхүүгийн дэмжлэг, хандив хүлээн авч буй тал нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хандив олгох татвар төлөгчтэй ашиг сонирхлын зөрчилгүй, хамааралгүй байх;
3.3.3.Иргэний хуульд заасныг баримтлан санхүүгийн дэмжлэг, хандивын зориулалтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д нийцүүлэн тусгасан гэрээ байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байх;
3.3.4.энэхүү шаардлагын 3.3.3-т заасны дагуу байгуулсан гэрээг тухай бүр харьяа татварын алба болон Онцгой байдлын байгууллагад бүртгүүлсэн байх;
3.3.5.санхүүгийн дэмжлэг, хандив олгосон болон хүлээн авсан тал нь тухайн санхүүгийн дэмжлэг, хандивыг энэхүү шаардлагын 3.3.3-т заасан гэрээнд тусгасан зориулалтын дагуу тухайн тайлант хугацаанд зарцуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч, гэрээг цуцлах болон татгалзахгүй тухайгаа илэрхийлсэн акт үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байх;
3.3.6.санхүүгийн дэмжлэг, хандивын зардал нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажсан байх.
3.4.Энэхүү шаардлагын 3.1, 3.2, 3.3-т заасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, санхүүгийн дэмжлэг, хандив нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.3, 13.1.4, 13.1.5-д заасан хасагдах зардлын шаардлагыг хангасан байна.
3.5.Энэхүү шаардлагын 2.1 дэх хэсэгт заасан давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшиг болсон тохиолдол нь улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн Онцгой комиссын тодорхойлолт эсхүл гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн акт, дүгнэлтээр баталгаажсан байна.
3.6.Давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас хохирол барагдуулах хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, санхүүгийн дэмжлэг, хандив нь харьяа онцгой комисс болон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.
Дөрөв.Хяналт, баталгаажуулалт
4.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.5-д заасан хөнгөлөлт эдлэх үйл ажиллагаа нь түүнд тавигдах шаардлагыг хангасан эсэхэд бүх шатны Онцгой байдлын байгууллага хяналт тавина.
4.2.Онцгой байдлын байгууллага нь энэхүү шаардлагын 2.2 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг бүртгэж, мэдээллийн сан үүсгэнэ.
4.3.Албан татварын хөнгөлөлтөд хамрагдсан үйл ажиллагааны талаарх статистик мэдээллийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын статистикийн асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж хагас жил тутам нэгтгэн гаргана.
4.4.Нийслэл, орон нутгийн Онцгой байдлын газар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.5-д заасан үйл ажиллагааг бүртгэн авч, мэдээллийг улирал тутам Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын санхүү, ар тал, хангалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгжид ирүүлнэ.
4.5.Татварын алба албан татварын хөнгөлөлтөд хамрагдахаар ирүүлсэн татвар төлөгчийн тайлант үеийн татварын хөнгөлөлтийн мэдээллийг жил бүрийн 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
4.6.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын санхүү, ар тал, хангалт хариуцсан нэгж болон улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн асуудал хариуцсан нэгж ирүүлсэн мэдээллийг 30 хоногийн дотор хянаж, баталгаажуулан татварын асуудал эрхэлсэн байгууллагад хүргүүлнэ.
Тав.Бусад
5.1.Аж ахуйн нэгж нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийг татвараас зайлсхийх үндсэн зорилгоор ашигласан тохиолдолд татварын холбогдох хуульд заасны дагуу хөнгөлөлт эдлүүлэх үндэслэл болохгүй.
5.2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, санхүүгийн дэмжлэг, хандив нь нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулагдаагүй, гэрээний хэрэгжилт хангагдаагүй болох нь тогтоогдсон тохиолдолд татварын холбогдох хуульд заасны дагуу хөнгөлөлт эдлүүлэх үндэслэл болохгүй.
--- о0о ---
Текст томруулах
A
A
A