- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- "ЭХИЙН АЛДАР" ОДОНГООР ШАГНАХ ЖУРАМ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны
… дугаар сарын …-ны өдрийн … дугаар
зарлигийн хавсралт
"ЭХИЙН АЛДАР" ОДОНГООР ШАГНАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Эхийн алдар" нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнах болзол, бүрдүүлэх баримт бичиг түүнийг хүлээн авах, уламжлах, өргөн мэдүүлэх, шийдвэрлэх, шагнал гардуулах, одон, үнэмлэхийг нөхөн болон сольж олгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. "Эхийн алдар" одонгоор шагнах болзол
2.1."Эхийн алдар" одонгоор дараах эхийг шагнана:
2.1.1.зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонгоор;
2.1.2.дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонгоор.
2.2."Эхийн алдар" одонгоор шагнагдах эхийн бага хүүхэд тухайн жилийн 05 дугаар сарын 01-ний өдөр буюу түүнээс өмнө нэг нас хүрсэн байна.
2.3."Эхийн алдар" одонгоор шагнагдах эхийн хүүхдийн тоонд дараах тохиолдлыг хамруулж болно:
2.3.1.гурав хүртэлх настайд нь үрчлэн авсан хүүхдийг;
2.3.2.эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг.
2.4."Эхийн алдар" одонгоор шагнагдсан эх хүүхдээ үрчлүүлсэн тохиолдолд тухайн хүүхдийг одонгийн болзолд дахин хамруулахгүй.
Гурав. "Эхийн алдар" одонгоор шагнагдах эхийн бүрдүүлэх баримт бичиг
3.1.Энэ журмын 2.1, 2.2, 2.3-т заасан болзол хангасан эхийн оршин суугаа баг, хорооны Засаг дарга дараах баримт бичгийг хүлээн авч сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ:
3.1.1."Эхийн алдар" нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет; (хавсралт-1)
3.1.2.эхийн иргэний үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар эсхүл түүний лавлагаа;
3.1.3.хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай харьяа баг, хорооны Засаг дарга эсхүл эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт;
3.1.4.гурав хүртэлх насны хүүхэд үрчлэн авсан бол түүний лавлагаа;
3.1.5.хүүхэд нэг ба түүнээс дээш настай нас барсан бол нас барсны гэрчилгээний баталгаажуулсан хуулбар эсхүл түүний лавлагаа.
Дөрөв. "Эхийн алдар" одонгоор шагнагдах эхийн баримт бичгийг хүлээн авах, уламжлах, өргөн мэдүүлэх
4.1.Оршин суугаа баг, хорооны Засаг дарга энэхүү журмын 3.1-т заасан баримт бичгийг хүлээн авч сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт уламжилна.
4.2.Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар хүлээн авсан баримт бичгийг хянаж, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт уламжилна.
4.3.Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар ажлын хэсэг байгуулж, ирүүлсэн баримт бичгийг хянан үзэж, хэлэлцэн шийдвэрлэнэ.
4.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга захирамж, холбогдох баримт бичгийг жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөн мэдүүлнэ.
4.4.Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар гадаад улсад байгаа эхийн энэ журмын 3.1-т заасан баримт бичгийг хянан хүлээн авч, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжилна.
4.5.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баримт бичгийг хянан үзэж, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт албан бичгээр өргөн мэдүүлнэ.
4.6.Аймаг, нийслэлийн Засаг дарга, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн "Эхийн алдар" нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдах эхийн материалын үнэн, зөв байдлыг хариуцна.
Тав."Эхийн алдар" нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнах асуудлыг шийдвэрлэх, гардуулах
5.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар өргөн мэдүүлсэн баримт бичгийг хянан нэгтгэж, "Эхийн алдар" нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнах шийдвэрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулна.
5.2.Монгол Улсын Ерөнхийлөгч "Эхийн алдар" нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнах тухай зарлиг гаргаж, одонг үнэмлэхийн хамт гардуулна.
5.3.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эрх олгосон албан тушаалтан "Эхийн алдар" нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг тухайн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулан гардуулж болно.
5.4.Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага "Эхийн алдар" нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан талаарх ажлын тайланг тухайн жилийн 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ.
Зургаа."Эхийн алдар" одон, түүний үнэмлэхийг нөхөн болон сольж олгох
6.1."Эхийн алдар" нэг, хоёрдугаар зэргийн одон, үнэмлэхийг үрэгдүүлсэн, гэмтээсэн бол нөхөн болон сольж олгож болно. Энэ тохиолдолд дараах баримт бичиг бүрдүүлнэ:
6.1.1.өргөдөл;
6.1.2.одонгийн үнэмлэхийн хуулбар эсхүл түүний лавлагаа;
6.1.3.тухайн эхийн иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл түүний лавлагаа;
6.1.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
6.1.5.эвдэрч, гэмтсэн одон, үнэмлэх.
6.2.Энэ журмын 6.1-т заасан баримт бичгийг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжилна.
6.3.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга энэ журмын 6.1-т заасан баримт бичгийг хянан, захирамж гарган шийдвэрлэнэ.
—оОо—
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх