- Нүүр
- Сайдын тушаал
- ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЗААВАР
Батлан хамгаалахын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/95, А/81 дүгээр тушаалын хавсралт
ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЗААВАР
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү зааврын зорилго нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /цаашид "хууль" гэх/-ийн 1 дүгээр зүйлд заасан байгууллагуудын алба хаагч /цаашид "цэргийн алба хаагч" гэх/ нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбогдсон эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг ханган ажиллахад баримтална.
1.2.Зааврын үйлчлэх хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар, Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэг, төрийн тусгай хамгаалалт, онцгой байдлын байгууллага, цагдаа, тагнуул, шүүхийн шинжилгээ, авлигатай тэмцэх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын газрууд хамаарна.
1.3.Цэргийн алба хаагчид тэтгэвэр тогтоох, олгох, хянах үүргийг энэ зааврын 1.1-д заасан байгууллагатай байгуулсан гэрээний дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газар, аймаг, дүүргийн даатгалын газар хүргүүлнэ.
1.4.Цэргийн алба хаагчид хуульд заасан нэг удаагийн тэтгэмж тогтоох, олгох, хянах үүргийг энэ зааврын 1.1-д заасан байгууллага тус бүр хариуцна.
1.5.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоох, олгохтой холбогдсон зарим зохицуулалтыг тухайн салбарын хууль тогтоомжтой нийцлийг хангаж байгаа эсэх асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газар нь энэ зааврын 1.1-д заасан байгууллагуудаас тайлбар, чиглэл авч болно.
ХОЁР.ЦЭРГИЙН АЛБА ХААСАН БОЛОН ТЭТГЭВЭР ТОГТООХОД БАРИМТЛАХ ХУГАЦААГ ТООЦОХ
2.1.Цэргийн алба хаагчид тэтгэвэр тогтооход баримтлах цэргийн алба хаасан хугацааг тооцоход энэ зааврын 1.1-д заасан цэргийн байгууллагын холбогдох эрх зүйн байдлын хуулиар зохицуулсны дагуу нэмэгдүүлсэн хугацааг баримтлан алба хаасан нийт хугацааг тодорхойлно.
2.2.Цэргийн алба хаагч нь энэ зааврын 1.1-д заасан хэд хэдэн цэргийн байгууллагад сэлгэх болон шилжин алба хаасан тохиолдолд цэргийн байгууллага тус бүрийн алба хаасан хугацааг холбогдох хууль тогтоомжийн дагуу нэмэгдүүлэн тооцож, эдгээр жилүүдийг нэгтгэн цэргийн алба хаасан нийт хугацааг тодорхойлно.
Санамж1:Цэргийн алба хаасан хугацааг тооцоход цэргийн байгууллагаас гаргасан ажилласан хугацааны архивын лавлагааг үндэслэн энэ зааврын 2.2-т заасан хугацааг тухайн цэргийн байгууллага тодорхойлно.
2.3.Хуулийн 6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу цэргийн алба хаагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд энэ зааврын 2.1, 2.2-т зааснаар тооцон гаргасан цэргийн алба хаасан 1 жил тутмыг 6 сараар нэмэгдүүлэн, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Энэ тохиолдолд 12 сар хүрэхгүй хугацааг нэмэгдүүлэн тооцохгүй.
2.4.Хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цэргийн алба хаагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн чадвар алдсаны, мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд энэ зааврын 2.1, 2.2-т зааснаар тооцон гаргасан нийт хугацаагаар тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно.
2.5.Цэргийн алба хаагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтооход энэ зааврын 2.3, 2.4-т зааснаар тооцсон хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс санхүүжүүлэхэд Засгийн газрын 2019 оны "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" 137 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 470 дугаар тогтоолоор баталсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам", Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024 оны 06 дугаар асрын 26-ны өдрийн 03/1863 тоот албан бичгээр ирүүлсэн чиглэлийг тус тус баримтална.
Санамж2:Тухайн алба хаагчийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш алба хаасан хугацааны сар бүрийн цалин хөлсний баримт нь цэргийн байгууллагын архивын сан хөмрөг эсхүл нийгмийн даатгалын байгууллагын архивд байхгүйн улмаас тодорхойлох боломжгүй бол тухайн цэргийн байгууллага нь уг хугацааны цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсэн тайланг үндэслэн тухайн цалингаас шимтгэлийг нэхэмжилнэ. Харин алба хаагчийн харьяа цэргийн байгууллага нь татан буугдсан тохиолдолд түүний харьяа дээд байгууллага нь алба хаагчийн төлөгдөөгүй хугацааны шимтгэлийг хариуцна.
2.6.Хуулийн 8 дугаар зүйлд заасан цэргийн алба хаасны тэтгэвэр тогтооход мөн хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад ажиллан албан журмаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу өмнө нь нөхөн тооцуулсан, цэргийн алба хаагч эхийн төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авч 6 настай болтол нь өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1 жил 6 сараар шимтгэл төлснөөр тооцсон хугацааг тус тус нэгтгэн, 1 жил тутмыг 6 сараар бодон цэргийн алба хаасан хугацаатай нэгтгэн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоох нийт хугацааг тодорхойлно. Энэ тохиолдолд нийгмийн даатгалын газар зөвхөн тэтгэвэр тогтоох үед тухайн иргэний хүсэлтэд үндэслэн эдгээр хугацааг нэгтгэн тооцно.
Санамж3:Энэ тохиолдолд даатгуулагчийн сайн дураар даатгуулсан, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу нөхөн төлсөн хугацаа болон энэ зааврын 2.6-д заасан 1 жил хүрэхгүй хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцохгүй. Түүнчлэн цэргийн хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооход энэ зааврын 2.6-д заасныг баримтлахгүй.
2.7.Хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу цэргийн алба хаасан хугацааг иргэний байгууллагад шимтгэл төлсөн хугацаагаар нэмэгдүүлэхдээ 1 жилийг 6 сараар бодох хуулийн заалтыг мөрдөж эхэлсэн буюу 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон болон шинээр тэтгэвэр тогтоолгох иргэний тэтгэвэр бодоход хэрэглэнэ.
ГУРАВ.ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР ТОГТООХ, ОЛГОХ
3.1.Хуулийн 8, 10, 13 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангасан цэргийн алба хаагчид цэргийн алба хаасны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооно.
3.2.Цэргийн алба хаагч нь тэтгэвэр тогтоолгох болон ямар банк, дансаар дамжуулан тэтгэвэр авах хүсэлтээ харьяа орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагад гаргана.
3.3.Цэргийн алба хаагчид тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох харилцааг Засгийн газрын 2023 оны 450 дугаар тогтоолоор баталсан "Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам"-ыг баримтална.
3.4.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоолгох цалин хөлсийг тодорхойлох, хянахад Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2023 оны А/139 дүгээр тушаалаар баталсан "Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох, хэрэглэх журам"-ыг баримтална.
3.5.Энэ зааврын 1.1-д заасан байгууллагын алба хаагчдын алба хаах насны дээд хязгаарыг Цэргийн албаны тухай хууль болон холбогдох хуульд заасан насыг баримтална.
3.6.Цэргийн тэтгэврийн хэмжээ, нэмэгдлийг тооцоход хуулийн 9, 12, 14 дүгээр зүйлд заасан зохицуулалтуудыг баримтлана.
3.7.Хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтад заасан шалтгаанаар цэргийн алба хаагч хөдөлмөрийн чадвараа алдсан, түүнчлэн нас барсан тохиолдолд хуульд заасан зохицуулалт болон Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийг баримтална.
ДӨРӨВ. АЖИЛ ХӨДӨЛМӨР ЭРХЭЛСЭН ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР АВАГЧИЙН ТӨЛӨХ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭ
4.1.Цэргийн алба хаагч нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4.2, 6.1.1, 6.1.10, 8.2.1-д заасны дагуу эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байна.
4.2.Цэргийн байгууллага нь ажилтнуудаа олгосон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг тооцоход Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал /хуучин нэрээр/-ын сайдын хамтран 2024 оны А/44, А/40 дүгээр тушаалаар баталсан "Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн төрлийн код"-ыг баримтална.
Санамж4:Алба хаагч сарын дунд цол олгогдсон тохиолдолд дараа сарын эхнээс төрлийн кодыг тайлагнана.
4.3.Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.16 дахь заалтын дагуу цэргийн албаа үлгэр жишээчээр хааж, хугацаа дуусахаас өмнө халсан тохиолдолд хугацаат цэргийн алба хаагчийн төлбөл зохих ёстой шимтгэлийг тухайн цэргийн анги, байгууллага тухайн алба хаагчийн цэргийн албыг биеэр хаасан нийт хугацаанд нь төлнө.
4.4.Цэргийн анги, байгууллага нь цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан болон холбогдох бусад хуульд заасан нэмэгдүүлэн тооцох хугацааг нэгтгэн тооцож, нийт хугацааг тодорхойлон баталгаажуулж өгнө.
Нийгмийн даатгалын байгууллага нь цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох нийт хугацааг тооцохдоо тухайн албан хаагчийн албан тушаалд томилсон болон чөлөөлсөн тушаал, шийдвэр, архивын лавлагааг тус тус үндэслэн нийгмийн даатгалын мэдээллийн санд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэлтэй тулган шалгаж тэтгэврийг тогтоож олгоно.
Санамж5:Алба хаагчийн томилсон, чөлөөлсөн тушаал, шийдвэр архивын лавлагааг үндэслэн ажилласан жилийг нийгмийн даатгалын мэдээллийн сантай тулган шалгахад 1995 оноос хойш байлагчаар болон цэргийн байгууллагад ажиллаж байсан, цэргийн сургуульд 2011 оноос хойш сонсогчоор суралцсан, эмэгтэй алба хаагчийн 2024 оноос хүүхдээ асарсан хугацааны холбогдох шимтгэлийг нийгмийн даатгалын байгууллагад тайлагнан төлөөгүй тохиолдолд харьяа цэргийн байгууллага, холбогдох цэргийн байгууллага нь татан буугдсан бол харьяалах дээд байгууллага тус тус нөхөн төлнө.
4.5.Хуулийн 9 дүгээр зүйлийн 4-т "Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувиар өөрчлөн тогтооно" гэж заасны дагуу анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан цэргийн алба хаасан хугацааг нэмэгдүүлэн тэтгэврийг өөрчлөн тогтооно.
Санамж6:Энгийн өндөр насны тэтгэврийг тогтоохдоо иргэний байгууллагад шимтгэл төлж, ажилласан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын тодорхойлолтыг үндэслэнэ.
Санамж7:Тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосны дараа нэгээс дээш жил иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн бол уг хугацааг энгийн байгууллагад шимтгэл төлсөн хугацаанд, харин цэргийн байгууллагад ажилласан бол цэргийн алба хаасан хугацаанд тус тус оруулан тооцно.
Санамж8:Цэргийн алба хаасны бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр буцаан тогтоохдоо тухайн иргэнээр өргөдөл бичүүлэн авч тэтгэврийн хувийн хэрэгт хадгална.
4.6.Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т "тайван цагт энхийг дэмжих ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагч, нисэх цагийн нормоо биелүүлсэн байлдааны сөнөөгч онгоц, байлдааны нисдэг тэрэгний нисэх бүрэлдэхүүн, алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбар, хилийн отряд, застав болон тэдгээртэй адил нөхцөлд байрлаж байгаа цэргийн анги, байгууллага, салбарын офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчийн алба хаасан зургаан сар тутмыг найман сард дүйцүүлэн тооцох" гэж заасныг баримтална.
--- o0o ---
Текст томруулах
A
A
A