A

A

A

Бүлэг: 1979

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/227 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

 

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХАРИУЦЛАГАТАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СУРГАЛТЫН ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмаар согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтанд зориулсан согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалт зохион байгуулахтай холбогдох харилцааг зохицуулна.

1.2.Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалт зохион байгуулахад Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, эдгээр хуультай нийцүүлж гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон энэ журмыг дагаж мөрдөнө.

Хоёр.Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын агуулга, хөтөлбөр, түүнд тавигдах шаардлага

2.1.Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалт нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан арга барилыг үйлчилгээ үзүүлэх ажилтанд төлөвшүүлэх зорилготой ба дараах агуулгын хүрээнд байна. Үүнд:

2.1.1.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, хэм хэмжээний актыг таниулах;

2.1.2.Согтууруулах ундааны нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө, холбогдох хуульд тогтоомжид заасан хариуцлагыг таниулах;

2.1.3.Согтууруулах ундааны агууламж, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, үйлчлүүлэгчийг осол, гэмт хэрэг, зөрчилд өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх;

2.1.4.Үйлчлүүлэгч 21 насанд хүрээгүй, бичиг баримтаа шалгуулахаас татгалзсан, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үйлчлүүлэгчид согтууруулах ундаагаар үйлчлэхээс зайлсхийх арга барил, харилцааны ур чадвар;

2.1.5.Бусад.

2.2.Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын хөтөлбөр нь доор дурдсан шаардлага хангасан байна. Үүнд:

2.2.1.Сургалтын хөтөлбөрт сургалтын зорилго, зорилт, сургалтын арга зүй, төлөвлөлт, хичээлийн цагийн хуваарилалт, суралцагчийн эзэмших чадамж, сургалтын орчны шаардлага, багшид тавигдах шаардлага, элсэгч, төгсөгчдөд тавигдах шаардлага, чанарын үнэлгээ, баталгаажуулалт гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй байна;

2.2.2.Холбогдох мэргэжлийн холбоо нь түншлэлийн оролцоог хангаж, холбогдох бусад байгууллагуудтай хамтран сургалтын жишиг хөтөлбөрийг боловсруулах бөгөөд уг хөтөлбөрийг Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн Удирдах зөвлөл /цаашид "Удирдах зөвлөл" гэх/-өөр хэлэлцүүлж, баталгаажуулна;

2.2.3.Сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь жишиг хөтөлбөрт нийцүүлэн сургалтын хөтөлбөрөө боловсруулж, Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн Ажлын алба /цаашид "Ажлын алба" гэх/-нд хүргүүлж, дүгнэлт гаргуулна.

Гурав.Сургалтын үйл ажиллагаа эрхлэн явуулах хуулийн этгээдэд тавигдах шаардлага

3.1.Сургалтыг ашгийн төлөө бус хуулийн этгээд эрхлэн явуулах ба дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

3.1.1.хуулийн этгээд сургалтын үйл ажиллагааны чиглэлээ улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглүүлсэн байх;

3.1.2.сургалт явуулах орчныг бүрдүүлсэн сургалтын танхим, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх;

3.1.3.сургалтын асуудал хариуцсан орон тооны ажилтантай байх ба орон тооны ажилтныг нийгмийн даатгалд хамруулсан байх;

3.1.4.сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавх бүхий багшлах бүрэлдэхүүнтэй байх.

Дөрөв.Сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт

4.1.Энэ журмын 3.1-т заасан шаардлагыг хангасан хуулийн этгээд сургалт зохион байгуулах хүсэлтээ Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн Ажлын албанд хүргүүлж, гэрээ байгуулна.

4.2.Сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь холбогдох хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалтыг танхимаар эсхүл цахимаар зохион байгуулна.

4.3.Цахимаар сургалт зохион байгуулах сургалтын байгууллага нь цахим сургалтын платформтой байна.

4.4.Цахим сургалтын платформ дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

4.4.1.Дүгнэлт гаргаж, баталгаажуулсан сургалтын хөтөлбөрийн дагуу боловсруулсан цахим хичээлийг системд байршуулсан байх;

4.4.2.Танилт нэвтрэлтийн систем ашиглаж суралцагчийг таньж, баталгаажуулах боломжтой байх;

4.4.3.Суралцагч цахим системд байршуулсан сургалтыг бүрэн судлах, шалгалт өгөх боломжтой байх;

4.4.4.Систем өгөгдлийн сантай байх ба өгөгдлийн сан Удирдах зөвлөлд нээлттэй байх;

4.4.5.Цахим сургалтын платформын техникийн сайжруулалт, өөрчлөлт, техникийн тусламжийг сургалтын байгууллага хариуцах.

4.5.Дүгнэлт гаргаж, баталгаажуулаагүй сургалтын хөтөлбөрөөр сургалт явуулахыг хориглоно.

4.6.Сургалтад бүрэн хамрагдсан суралцагчид сургалтаар эзэмшсэн мэдлэг, чадварыг гэрчлэх батламж олгох бөгөөд батламжийн хүчинтэй хугацаа 3 (гурав) жил байна.

4.7.Батламж нь суралцаж төгссөн хугацааг заасан, дахин давтагдахгүй дугаартай байх ба сургалтын батламжийг сургалт дуусмагц суралцагчид шууд олгож, цахим системд нээлттэй байршуулна.

4.8.Батламжийг бусдад шилжүүлэх, дамжуулах, ашиглуулахыг хориглоно.

4.9.Сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд сургалтын зохион байгуулалт болон тайлан мэдээтэй холбоотой асуудлаар бүрэн хариуцлага хүлээнэ.

4.10.Сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын үйл ажиллагаа, батламж олгосон талаар бүртгэл мэдээллийн сантай байх бөгөөд холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангана.

4.11.Сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь Удирдах зөвлөлөөс гарсан дүгнэлт, санал, зөвлөмжийг сургалтын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлнэ.

Тав.Тайлан, үнэлгээ, сургалтын санхүүжилт

5.1.Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалт эрхлэх хуулийн этгээд нь Ажлын албаны сургалтын нэгдсэн бүртгэлийн цахим сан /цаашид "цахим сан" гэх/-д нэвтрэх эрх нээлгэж, сургалтын санхүүжилт олгох хүсэлтээ дор дурдсан мэдээллийн хамт илгээнэ.

5.1.1.улсын бүртгэлийн гэрчилгээ;

5.1.2.сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, түүний дүгнэлт, баталгаажуулалтын талаар холбогдох баримт бичиг;

5.1.3.сургалтын тайлан;

5.1.4.сургалтын батламж олгосон бүртгэлийн мэдээлэл;

5.1.5.төлбөрийн нэхэмжлэл;

5.1.6.сургалт зохион байгуулсантай холбоотой санхүүгийн анхан шатны болон бусад баримт.

5.2.Ажлын албаны эрх бүхий албан тушаалтан цахим санд ирүүлсэн мэдээллийг ажлын 5 хоногийн дотор хянаж, шаардлага хангасан тохиолдолд баталгаажуулан, хүсэлт гаргасан хуулийн этгээдэд цахимаар хариу өгч, энэ журмын 5.1.1, 5.1.5, 5.1.6-д заасан баримт бичгийг албан бичгээр хүлээн авна.

5.3.Санхүүжилт хүссэн хуулийн этгээдийн цахимаар болон цаасаар ирүүлсэн баримт бичгийг Удирдах зөвлөлийн даргын тушаалаар байгуулсан Ажлын хэсэг магадлан шалгаж, ажлын 10 хоногийн дотор дор дурдсан хариу өгнө:

5.3.1.нэмэлт баримт бичиг шаардлагатай тохиолдолд нөхөн бүрдүүлэх хугацаа тогтоож, мэдэгдэх;

5.3.2.шаардлага хангаагүй эсхүл хуурамч баримт бичиг бүрдүүлсэн тохиолдолд санхүүжилт олгохоос татгалзах;

5.3.3.баримт бичгийн бүрдэл бүрэн, шаардлага хангасан тохиолдолд согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын төлбөрийн 50 хувиар тооцож, гүйцэтгэлээр санхүүжилт олгох саналыг Удирдах зөвлөлд танилцуулах.

5.4.Удирдах зөвлөл саналыг хэлэлцэж, санхүүжилт олгох асуудлыг шийдвэрлэнэ.

5.5.Сургалтын төлбөрийн 50 хувийн зардлыг согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эсхүл суралцагч хариуцна.

5.6.Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт болон сургалтын үйл ажиллагаанд Ажлын алба хяналт тавих ба шаардлагатай тохиолдолд шалгалтын ажлыг зохион байгуулж, Удирдах зөвлөлд танилцуулна.

Зургаа.Бусад

6.1.Энэхүү журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

--- о0о ---