- Нүүр
- Сайдын тушаал
- ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/130 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмаар ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтан, иргэн болон ажил олгогчид зориулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /цаашид "ХАБЭА" гэнэ/ сургалтын төрөл, зохион байгуулалт, хяналт үнэлгээ, тайлан мэдээтэй холбогдох харилцааг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн зохицуулна.
1.2.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллага болон аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ХАБЭА-н сургалтын байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавихад мэргэжлийн холбоодтой хамтран ажиллана.
1.3.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллага, их сургуультай хамтран ХАБЭА-н сургалтын байгууллагын багшид зориулсан сурган заах арга зүйн сургалтыг зохион байгуулна.
1.4.Мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллага нь ХАБЭА-н ажилтан, аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг мэдээллээр хангах зорилгоор ХАБЭА-н сургалт, зөвлөх, аутсорсинг үйлчилгээ үзүүлэгч мэргэжилтэн, байгууллагын талаарх нээлттэй мэдээллийн сан /цаашид "нээлттэй мэдээллийн сан" гэнэ/-г үүсгэн хөтөлнө.
Хоёр.Сургалтын төрөл
2.1.Ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтан, иргэн болон ажил олгогчид зориулсан ХАБЭА-н сургалт нь дараах төрөлтэй байна.
2.1.1.ажил олгогчийн сургалт;
2.1.2.нийт ажилтны сургалт;
2.1.3.эрсдэлтэй ажлын байранд ажилладаг ажилтанд зориулсан сургалт /цаашид "эрсдэлтэй ажлын байрны сургалт" гэнэ/;
2.1.4.хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан сургалт;
2.1.5.ХАБЭА-н ажилтны сургалт.
2.2.Ажил олгогч болон аж ахуйн нэгж, байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан энэхүү журмын 2.1.1-д заасан сургалтад жил бүр хамрагдаж, байгууллагын түвшинд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн төлөвлөх, зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай мэдлэгтэй болсон байна.
2.3.Ажил хөдөлмөр эрхэлж буй нийт ажилтан, иргэн энэхүү журмын 2.1.2-т заасан сургалтад жил бүр хамрагдаж аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай мэдлэг, дадал эзэмшсэн байна.
2.4.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсгэх эрсдэл өндөртэй ажлын байранд ажилладаг иргэн, ажилтан энэхүү журмын 2.1.3-т заасан сургалтад ажлын байрны эрсдэлийн шинж чанар, ажлын байрны онцлогоос шалтгаалан жил бүр хамрагдана.
2.5.Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулахгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар эзэмших зорилгоор энэхүү журмын 2.1.4-т заасан сургалтад жил бүр хамрагдана.
2.6.Энэхүү журмын 2.1.5-д заасан сургалтаар аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах ХАБЭА-н ажилтныг бэлтгэх бөгөөд байгууллагын түвшинд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хууль тогтоомж, шаардлагын дагуу зохион байгуулахад шаардлагатай мэдлэг, чадварыг эзэмшсэн байна. ХАБЭА-н мэргэжлээр их, дээд сургууль төгссөн хүн энэ сургалтад хамаарахгүй.
2.7.ХАБЭА-н сургалтын байгууллага нь эрсдэл өндөртэй салбарын ХАБЭА-н ажилтныг тухайн чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж болно.
Гурав.Сургалтын хөтөлбөр
3.1.Ажил олгогч, нийт ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан ХАБЭА-н сургалт зохион байгуулах байгууллага /цаашид "сургалтын байгууллага" гэнэ/ нь энэхүү журмын хавсралтаар баталсан жишиг хөтөлбөрт нийцүүлэн сургалтын төрөл бүрээр хөтөлбөр боловсруулан баталж, сургалтад ашиглана.
3.2.Эрсдэлтэй ажлын байрны сургалт, ХАБЭА-н ажилтны сургалт зохион байгуулах сургалтын байгууллага нь энэхүү журмын хавсралтаар баталсан жишиг хөтөлбөрт нийцүүлэн сургалтын төрөл бүрээр хөтөлбөр боловсруулж, мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллагаар батлуулсан байна.
3.3.Сургалтын хөтөлбөр нь зорилго, агуулга, сургалтаар эзэмших цогц чадамж, мэдлэг, чадвар, хандлага, хичээлийн цаг, сэдвийн агуулга, төлөвлөгөө, сургалт удирдах багшийн мэдээлэл, сургалтын зохион байгуулалт, суралцагчийн үнэлгээ гэсэн агуулгатай байна.
3.4.Сургалтын хөтөлбөрт тусгасан суралцагчийн үнэлгээнд дараах нийтлэг шаардлага тавигдана.
3.4.1.ажил олгогч, нийт ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан сургалтад хамрагдаж, хичээлийн ирц 100 хувь, мэдлэг үнэлэх сорилд 75 хувиас багагүй дүн авсан бол сургалтыг амжилттай дүүргэсэнд тооцно;
3.4.2.ХАБЭА-н ажилтны болон эрсдэлтэй ажлын байрны сургалтад хамрагдаж, хичээлийн ирц 100 хувь, мэдлэг үнэлэх сорилд 80 хувиас багагүй оноо, практик ур чадварын үнэлгээнд хангалттай дүн авсан бол төгссөнд тооцно.
3.5.Сургалтад хамрагдаж байгаа ажил олгогч, нийт ажилтан, иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн эрсдэлийн шинж чанар, ажлын байрны онцлогийг харгалзан сургалтын хөтөлбөрт нэмэлт агуулгыг оруулж болно.
3.6.Сургалтын байгууллага нь шинээр ажилд орж байгаа иргэн болон өөр ажлын байранд шилжиж байгаа ажилтны сургалтын хөтөлбөрийг эрсдэлийн шинж чанар, ажлын байрны онцлогт нийцүүлэн боловсруулна.
3.7.Ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар боловсруулж болно.
Дөрөв.Сургалтын зохион байгуулалт
4.1.Сургалтын байгууллага нь хуулийн этгээд байх ба сургалтын чиглэлээр мэргэшсэн багшлах хүний нөөц, сургалтын анги танхим, дадлагын бааз эсхүл гэрээт байгууллагатай гэрээлсэн байна. Дадлага хичээлд Олон Улсын стандарт шаардлага хангасан орчин үеийн шинэлэг технологийг ашиглаж болно.
4.2.Аж ахуйн нэгж, байгууллага нь энэхүү журмын шаардлагад нийцүүлэн өөрийн ажлын байр, үйлдвэр, үйлчилгээний онцлогт тохируулан ажил олгогч, нийт ажилтан, эрсдэлтэй ажлын байрны сургалтыг зохион байгуулж болно.
4.3.Сургалтын байгууллага нь тухайн жилд зохион байгуулах сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, багшлах бүрэлдэхүүний мэдээллийг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.
4.4.Мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллага нь сургалтын байгууллагын дараах материалд үндэслэж, мэдээллийн сан үүсгэн хадгална.
4.4.1.ХАБЭА-н сургалтын төрөл бүрээр боловсруулж, батлуулсан сургалтын хөтөлбөр;
4.4.2.энэхүү журмын 2.1.3, 2.1.4, 2.1.5 д заасан заасан төрлөөр сургалтыг зохион байгуулах бол дадлага хичээлийн удирдамж;
4.4.3.багшийн анкет, боловсролын диплом, багшлах арга зүйн сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
4.4.4.сургалтад элсэгч болон суралцагчдын бүртгэл, танхимын болон дадлага хичээлийн ирц, төгсөгчдийн мэдлэг, чадварыг үнэлсэн шалгалтын дүн, төгсөгчдийн бүртгэл, гэрчилгээний дугаар.
4.5.ХАБЭА-н сургалтын байгууллагад хичээл заах багш нь заах арга зүйн сургалтад хамрагдаж, чадвар эзэмшсэн ХАБЭА-н мэргэжилтэн байна.
4.6.Эрсдэлтэй ажлын байрны сургалтад хичээл заах багш нь тухайн чиглэлээр мэргэшсэн байна.
4.7.ХАБЭА-н ажилтны сургалтад хичээл заах багш нь дараах шаардлагыг хангана.
4.7.1.ХАБЭА-н мэргэжилтэн эсхүл мэргэжлийн цогц чадамжийг эзэмшсэн;
4.7.2.ХАБЭА-н чиглэлээр таваас доошгүй жилийн ажлын туршлагатай;
4.7.3.Онол, дадлага хичээл удирдах, заах арга зүйн чадвар эзэмшсэн, багшлах эрхийн үнэмлэх авсан.
4.8.Хөдөлмөрийн эрүүл ахуйн хичээл заах багш нь хөдөлмөрийн эрүүл ахуйн төрөлжсөн мэргэшилтэй байна.
4.9.Ажлын байран дахь анхны тусламжийн хичээлийг заах багш нь анхны тусламж үзүүлэгчийн гэрчилгээт сургалтыг дүүргэсэн, практик ажлын туршлагатай байна.
4.10.Мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллага нь ХАБЭА-н ажилтны сургалтад хамрагдсан суралцагчийн бүртгэл, мэдээлэл, мэдлэг үнэлэх сорилын цахим системийг хөгжүүлж, 6 сар тутамд сорилын асуултыг шинэчилж, нууцлалыг хадгална.
4.11.Сургалтын байгууллага нь ХАБЭА-н ажилтны сургалтад элсэгч бүрийг энэхүү журмын 4.10-т заасан сорилын цахим системд бүртгүүлэх бөгөөд системээс суралцагч бүрд дахин давтагдахгүй бүртгэлийн дугаар олгоно.
4.12.ХАБЭА-н ажилтны сургалтад хамрагдсан суралцагч нь энэхүү журмын 4.10-т заасан сорилын цахим системээр шалгалт өгч хангалттай дүн авсан бол практик ур чадварын үнэлгээнд хамрагдах болзол хангана.
4.13.Сургалтын байгууллага нь ажил олгогч, нийт ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан ХАБЭА-н сургалтыг амжилттай дүүргэсэн төгсөгчдөд гэрчилгээ олгож болно.
4.14.ХАБЭА-н ажилтны сургалтын төгсөгчдөд олгох гэрчилгээнд дараах нийтлэг мэдээлэл бичигдэнэ.
4.14.1.Сургалтын байгууллагын нэр;
4.14.2.Суралцагчийн бүртгэлийн дугаар;
4.14.3.Суралцагчийн овог, нэр;
4.14.4.Сургалтын нэр: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны сургалт;
4.14.5.Хөтөлбөрийн агуулга, сургалтын цаг;
4.14.6.Сургалтад элссэн, төгссөн огноо;
4.14.7.Гэрчилгээний хүчинтэй хугацаа;
4.14.8.Гэрчилгээг баталгаажуулсан албан тушаалтны нэр, гарын үсэг.
4.15.Сургалтад хамрагдсан боловч шалгалтад тэнцээгүй, хангалтгүй дүн авсан суралцагч 1 удаа дахин шалгалт өгч болно.
4.16.ХАБЭА-н ажилтны сургалтыг төгсөгчдөд олгох гэрчилгээ нь 3 жилийн хугацаатай байх ба гэрчилгээний хугацааг сунгахын тулд ХАБЭА-н ажилтны мэдлэгийг үнэлэх сорилын цахим системийн давтан сорилын шалгалтад хамрагдана.
Тав.Хяналт үнэлгээ, тайлан мэдээ
5.1.Мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллага нь ХАБЭА-н сургалтын байгууллагад хийх хяналт, үнэлгээг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах журмын хавсралтаар батлагдсан маягтын дагуу жил тутамд болон хүн, хуулийн этгээдийн өргөдөл хүсэлтийн дагуу мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулж, үр дүнг нийтэд нээлттэй мэдээлнэ.
5.2.Энэхүү журмын 5.1-т заасан хяналт үнэлгээний дүнг үндэслэн жил бүр сургалтын байгууллагын мэдээллийг нээлттэй санд байршуулна.
5.3.ХАБЭА-н сургалтын байгууллага нь сургалтын төрөл бүрээр элссэн, суралцсан болон төгссөн хүний тоон мэдээг эдийн засгийн салбар, аймаг, дүүргээр улирал бүр хавсралтад заасан загварын дагуу гаргаж дараа сарын 10-ны өдрийн дотор мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллагад илгээнэ.
5.4.Сургалтын байгууллага нь журмын 5.3-т заасан тоон мэдээг тогтоосон хугацаанд ирүүлээгүй тохиолдолд 5.1-т заасан хяналт үнэлгээний дүнг бууруулж тооцох үндэслэл болно.
5.5.Мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллага нь ХАБЭА-н сургалтын статистик мэдээг улирал бүр нэгтгэн гаргаж, дараа сарын 21-ний өдрийн дотор хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Зургаа.Бусад
6.1.Мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллага нь ХАБЭА-н ажилтны мэдлэг үнэлэх сорилын цахим системийг хөгжүүлж, сорилын нууцлал, системийн тасралтгүй, хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангаж ажиллана.
6.2.ХАБЭА-н ажилтны мэдлэг үнэлэх сорилын цахим систем ашиглахтай холбоотой шалгалтад хамрагдсан хүний мэдээллийг (овог, нэр, шалгалтын дүн, бүртгэлийн дугаар зэрэг) цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалахад холбогдох хууль тогтоомжийг мөрдөнө.
--- о0о ---
Текст томруулах
A
A
A