A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2025 оны 09 дүгээр

сарын 24ий өдрийн 104 дүгээр

тогтоолын 2 дугаар хавсралт

 

 

 

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН

АЖИЛЛАХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх)-ийн үйл ажиллагааны зохион байгуулалттай холбоотой асуудлыг энэ журмаар зохицуулна.

 

1.2.Зөвлөл нь бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор судалгаа, шинжилгээнд үндэслэсэн бодлогын зөвлөмжөөр Ерөнхий сайд, Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, цаг үеэ олсон мэдээлэл, арга зүйгээр хангана.

 

1.3.Зөвлөл нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдгийг хэрэглэнэ.

 

1.4.Зөвлөл нь ажлын албатай байх бөгөөд Ажлын албаны чиг үүргийг "Эдийн засгийн хөгжлийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газар гүйцэтгэнэ.

 

Хоёр.Зөвлөлийн үйл ажиллагааны зарчим

 

2.1.Зөвлөл нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх ёс, мэргэжлийн ёс зүйг баримтлах, ил тод байх, бусдын нөлөөнд үл автах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно.

 

Гурав.Зөвлөлийн чиг үүрэг

 

3.1.Зөвлөл дараах үндсэн асуудлын хүрээнд бодлогын зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

      3.1.1.макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх, эдийн засгийн хөгжилд тулгарч байгаа болон цаашид үүсэж болох дотоод, гадаад эрсдэлт хүчин зүйл, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар;

 

      3.1.2.Монгол Улсын эдийн засгийн бүтэц, өрсөлдөх чадвар, тэдгээрийн давуу талуудыг хөгжлийн гол хүчин зүйл болгон ашиглах боломжийн талаар;

 

      3.1.3.дотоодын зах зээл, бизнесийн орчин болон олон улсад хөгжиж байгаа эдийн засгийн шинэ салбар, үйлдвэрлэл, технологи, тэдгээрийг нэвтрүүлэх боломжийн талаар;

 

 

 

      3.1.4.эдийн засгийн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх талаар;

 

      3.1.5.экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны бодлогын талаар;

 

      3.1.6.Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг тогтвортой дэмжих томоохон төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй, үр ашигтай хэрэгжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар;

 

      3.1.7.бизнесийн болон хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон улсын бизнесийн сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар;

 

      3.1.8.хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй үзүүлэх, үйл ажиллагаанд нь учирч байгаа хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнес хөгжлийг дэмжих арга хэмжээний талаар;

 

      3.1.9.төсөв, санхүү, эдийн засгийн бодлогын төлөвлөлтийг сайжруулах, түүний тайлагналт, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналтыг сайжруулах талаар.

 

Дөрөв.Зөвлөлийн бүрэлдэхүүн

 

4.1.Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлэх бөгөөд орон тооны бус гишүүдээс бүрдэнэ.

 

4.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын даргатай зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хурлын гишүүнийг оруулж болно.

 

4.3.Зөвлөлийн бүрэлдэхүүнд их, дээд сургууль, хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллага, шинжээчдийн төлөөллийг оруулна.

 

4.4.Шаардлагатай бол Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Зөвлөлийн бүрэлдэхүүнд тухай бүр өөрчлөлт оруулж болно.

 

4.5.Зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор олон улсын байгууллагын шинжээчид, гадаад улсын төрийн бус байгууллагын мэргэжилтнийг оруулсан орон тооны бус зөвлөхийн баг томилж болно.

 

Тав.Зөвлөлийн гишүүний эрх, үүрэг

 

5.1.Зөвлөлийн гишүүн дараах эрхтэй байна:

 

      5.1.1.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан тодруулга, нэмэлт мэдээллийг Ажлын албанаас авах;

 

      5.1.2.Зөвлөлийн хуралдаанаас гарсан зөвлөмжийг тухай бүр шуурхай хүлээн авах;

 

      5.1.3.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуульд заасан тодорхой чиглэлээр мэдээлэл түгээх, ярилцлага өгөх;

 

 

      5.1.4.энэ журмын 3.1-д заасан асуудлын хүрээнд Зөвлөлийн хуралдаанаар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн асуудлаар санал гаргах.

 

5.2.Зөвлөлийн гишүүн дараах үүрэгтэй байна:

 

      5.2.1.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж, өөрийн санал болон шаардлагатай тохиолдолд холбогдох тойм судалгаа, эх сурвалж зэрэг материалыг бэлтгэх, идэвх, санаачилгатай оролцох;

 

      5.2.2.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Зөвлөлийн гишүүдэд тараах шаардлагатай гэж үзсэн нэмэлт эх сурвалжийн талаарх мэдээллийг энэ журмын 1.4-т заасан Ажлын албанд урьдчилан мэдэгдэх;

 

      5.2.3.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудал (нууцад хамаарахгүй)-ын талаар төлөөлж байгаа байгууллагынхаа хүрээнд мэдээлэл түгээх.

 

5.3.Зөвлөлийн гишүүд нь дэд хэсгүүдэд хуваагдан тодорхой асуудлаар зөвлөмжийн төсөл боловсруулан Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж болно.

 

Зургаа.Зөвлөлийн хуралдаан

 

6.1.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд шаардлагатай тохиолдолд хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж болно.

 

6.2.Зөвлөл улиралд нэг удаа буюу жилд дөрвөөс доошгүй удаа хуралдана.

 

6.3.Зөвлөлийн дарга, эсхүл Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар ээлжит бус хуралдааныг хуралдуулж болно.

 

6.4.Зөвлөлийн нийт гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцно.

 

6.5.Хуралдаанаар хэлэлцэх асуудлын онцлогоос хамаарч нээлттэй, хаалттай хуралдаан хийж болно.

 

6.6.Хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, түүний түр эзгүйд Зөвлөлийн дэд дарга даргална.

 

6.7.Ээлжит хуралдааны тов, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хуралдаан эхлэхээс 5-аас доошгүй өдрийн өмнө гаргаж, Зөвлөлийн гишүүдэд мэдэгдэнэ.

 

6.8.Ээлжит хуралдааны материалыг хуралдаан эхлэхээс 3-аас доошгүй өдрийн өмнө Зөвлөлийн гишүүдэд хүргүүлнэ.

 

6.9.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан холбогдох албан тушаалтан, хөндлөнгийн шинжээч, судлаач, мэргэжилтнийг оролцуулж, санал, тайлбарыг сонсож болно.

 

 

 

6.10.Хуралдааны явцыг тэмдэглэлд тусгана.

 

6.11.Зөвлөл нь хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар олон нийтэд мэдээлж, тайлбар хийж болно.

 

6.12.Хаалттай хуралдаанд зөвхөн Зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга болон тухайн асуудал хариуцсан ажилтан оролцож, Ажлын албаны нууцын ажилтан тэмдэглэл хөтөлнө.

 

Долоо.Зөвлөлийн шийдвэр

 

7.1.Зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд түүнд Зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

 

7.2.Зөвлөлөөс гаргах шийдвэр зөвлөмж хэлбэртэй байна.

 

7.3.Зөвлөмж нь шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаа, нотолгоонд үндэслэсэн, цаг үеэ олсон, хэрэгжихүйц байна.

 

7.4.Зөвлөл энэ журмын 3.1-д заасан асуудлын хүрээнд судалгаа, шинжилгээ хийж, тухайн асуудлаар гаргасан зөвлөмжөө Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын холбогдох гишүүнд хүргүүлнэ.

 

7.5.Зөвлөл нь шаардлагатай тохиолдолд зөвлөмжийн хэрэгжилтийг хангах асуудлаар тухайн зөвлөмжийг хүргүүлсэн байгууллагын удирдлага болон мэргэжлийн шинжээчидтэй зөвлөлдөх уулзалт зохион байгуулж болно.

 

7.6.Зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлэх ажлыг Ажлын алба тухай бүр шуурхай зохион байгуулна.

 

7.7.Зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ажлын алба хагас жил тутам дүгнэж, Зөвлөлийн хуралдаанд танилцуулна.

 

7.8.Зөвлөлийн Ажлын алба нь шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн олон улсын болон мэргэжлийн төрийн бус байгууллагаар судалгаа, шинжилгээний ажил хийлгэж болно.

 

Найм.Зөвлөлийн дотоод мэдээллийн

нууцыг хадгалах

 

8.1.Зөвлөлийн гишүүн болон Ажлын албаны албан хаагч төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтад заасан мэдээллийг задруулах, тараах, бусдад мэдээлэх, хувийн зорилгодоо ашиглахыг хориглоно.

 

 

 

 

---о0о---