A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 116

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газар, гадаад улсын Засгийн газрын хооронд байгуулсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

2.Тухайн улстай хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагааны цар хүрээ, зонхилох чиглэл, хуралдаанаар хэлэлцэх асуудалтай уялдуулан хуралдаанд монголын талаас оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг комиссын Монголын хэсгийн дарга нар тухай бүр томилж байхаар тогтоосугай.

3.Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн нарийн бичгийн даргын үүргийг Гадаад харилцааны яамны тухайн улсыг хариуцсан ажилтан гүйцэтгэж байхаар тогтоосугай.

4.Шаардлагатай тохиолдолд Засгийн газар хоорондын тухайн комиссын Монголын хэсгийг холбогдох комиссын Монголын хэсгийн даргатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бусад гишүүн удирдаж болохыг зөвшөөрсүгэй.

5.Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн үйл ажиллагааны зардлыг Гадаад харилцааны сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт үүрэг болгосугай.

6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ