A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2025 оны 09 дүгээр

сарын 17ы өдрийн 98 дугаар

 тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ

ДЭМЖИХ ВИРТУАЛ БҮСИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээд (цаашид "хуулийн этгээд" гэх)-ийг мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс (цаашид "виртуал бүс" гэх)-д бүртгэх, гэрээ байгуулах, виртуал бүсээс хасахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

1.2.Виртуал бүсийн үйл ажиллагааг цахим систем ашиглан зохион байгуулна.

 

Хоёр.Хуулийн этгээдийг виртуал бүсэд

       бүртгэх, гэрээ байгуулах

 

2.1.Хуулийн этгээд нь виртуал бүсэд бүртгүүлэх хүсэлтээ Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 12.1.1-12.1.3-т заасан мэдээллийн хамт мөн хуулийн 11.2-т заасан Үндэсний зөвлөлийн Ажлын алба (цаашид "Ажлын алба" гэх)-нд төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан цахим хэлбэрээр хүргүүлнэ.

 

2.2.Ажлын алба энэ журмын 2.1-д заасан хүсэлтийг Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 12.1-д заасны дагуу ажлын      3 өдрийн дотор хянаж, виртуал бүсэд бүртгэх эсэх талаар хариу мэдэгдэнэ.

 

2.3.Виртуал бүсэд бүртгүүлэхээр ирүүлсэн хуулийн этгээдийн хүсэлт шаардлага хангасан тохиолдолд Ажлын алба хуулийн этгээдийг виртуал бүсэд бүртгэж, Зөвлөлөөс баталсан гэрээний загварын дагуу цахим хэлбэрээр гэрээ байгуулах мэдэгдлийг хуулийн этгээдэд хүргүүлнэ.

 

2.4.Виртуал бүсэд бүртгүүлэхээр ирүүлсэн хуулийн этгээдийн хүсэлт шаардлага хангаагүй бол Ажлын албанаас тодорхой үндэслэл, тайлбарын хамт материалыг буцаан хүргүүлнэ.

 

2.5.Энэ журмын 2.4-т заасны дагуу хүсэлтийг буцаасан тохиолдолд шаардлагыг ханган ажлын 5 өдрийн дотор Ажлын албанд дахин хүргүүлнэ.

 

2.6.Энэ журмын 2.3-т заасан мэдэгдэл авсан хуулийн этгээд ажлын 5 өдөрт багтаан дараах баримт бичиг, мэдээллийг Ажлын албанд хүргүүлнэ:

 

      2.6.1.мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны чиглэл, бизнес төлөвлөгөө, хийгдэх ажлын дэлгэрэнгүй мэдээлэл, төсвийн тооцоо;

 

      2.6.2.байгууллагын бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн мэдээлэл;

 

      2.6.3.зохиогчийн эрхийн гэрчилгээ, патент, ашигтай загвар эзэмшиж байгаа бол гэрчилгээний хуулбар.

 

2.7.Ирүүлсэн баримт бичиг, мэдээллийн хүрээнд энэ журмын 2.3-т заасан гэрээний дагуу тусгай нөхцөлийг харилцан тохиролцсоны дүнд хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн тоон гарын үсгээр баталгаажуулж, гэрээг байгуулна.

 

2.8.Ажлын албанаас виртуал бүсэд бүртгүүлэх хүсэлтийг хуульд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр буцаасан нь хуулийн этгээдийн дахин хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй.

 

Гурав.Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн

     этгээдийн эрх, үүрэг

 

3.1.Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээд дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

 

      3.1.1.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн  13 дугаар зүйлд заасан татварын болон татварын бус дэмжлэг авах;

 

      3.1.2.Үндэсний зөвлөл, Ажлын алба болон төрийн бусад байгууллагаас шаардсан мэдээллийг тогтоосон хугацаанд гаргаж өгөх;

 

      3.1.3.санхүүгийн болон татварын тайлангаа жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор Ажлын албанд хүргүүлэх;

 

      3.1.4.Монгол Улсын хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллах.

 

Дөрөв.Виртуал бүсийн үйл ажиллагааны

       удирдлага, зохицуулалт

 

4.1.Виртуал бүсийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах үүргийг Үндэсний зөвлөл хариуцах бөгөөд виртуал бүсийн өдөр тутмын үйл ажиллагааг Ажлын алба зохион байгуулна.

 

4.2.Ажлын алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

      4.2.1.виртуал бүсэд хуулийн этгээдийг бүртгэх, хуульд заасан үндэслэлээр бүртгэлээс хасах;

 

      4.2.2.мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, төсвийн төслийг боловсруулж, Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэх;

 

      4.2.3.виртуал бүсийн үйл ажиллагааны тайланг Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэх;

 

      4.2.4.виртуал бүсэд бүртгэлтэй талаарх тодорхойлолт гаргах, Татварын ерөнхий газар болон холбогдох бусад байгууллагад цахим системээр хүргүүлэх;

 

      4.2.5.виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдээс ирүүлсэн Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 13.2-т заасан дэмжлэг авах хүсэлтийг судалж, Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;

 

      4.2.6.виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдийн жагсаалтыг олон нийтэд нээлттэй байршуулах;

 

      4.2.7.гадаад улс, олон улсын болон дотоодын байгууллагаас хандив, тусламж авах ажлыг зохион байгуулах, энэ чиглэлээр хийсэн ажлын талаар Үндэсний зөвлөлд жил бүр танилцуулах;

 

      4.2.8.Ажлын албаны үйл ажиллагааны тайланг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Үндэсний зөвлөлд танилцуулж, дүгнүүлэх.

 

Тав.Хяналт тавих, бүртгэлээс хасах

 

5.1.Ажлын алба виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдийн дараах үйл ажиллагаанд хяналт тавина:

 

      5.1.1.хуулийн этгээд виртуал бүсэд бүртгүүлсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаанд гэрээ, дүрэмд заасан мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа эсэх;

 

      5.1.2.мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс бусад төрлийн үйл ажиллагааг виртуал бүсээр дамжуулан эрхэлсэн эсэх;

 

      5.1.3.гэрээ, дүрэмд заасан мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаанд үйл ажиллагаа нь өөрөөс хамаарах шалтгаанаар тасалдсан, зогссон эсэх;

 

      5.1.4.энэ журмын 2.7-д заасан гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэх.

 

5.2.Ажлын алба энэ журмын 5.1-д заасан хяналт тавих чиг үүргийн хүрээнд хуулийн этгээд болон бусад байгууллагаас холбогдох мэдээлэл, нотлох баримтыг гаргуулан авч, дүгнэлт гаргана.

 

5.3.Ажлын алба энэ журмын 5.1.4-т заасан хяналтыг тавихдаа хөндлөнгийн шинжээч ажиллуулж болно. Шинжээч дараах шаардлагыг хангасан байна:

 

      5.3.1.мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх;

 

      5.3.2.хяналт хийх хуулийн этгээдтэй ашиг сонирхлын зөрчилгүй байх;

 

      5.3.3.төрийн захиргааны албан тушаалд ажилладаггүй байх.

 

5.4.Шинжээч Ажлын албатай байгуулсан гэрээний хүрээнд виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдийн хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ бодит хэрэгцээ, шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодорхойлж, дүгнэлт гаргана.

 

5.5.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 12.4-т заасан үндэслэлээр виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдийг бүртгэлээс хасах тухай мэдэгдлийг гэрээний хэрэгжилтийг дүгнэснээс хойш ажлын 5 өдрийн дотор тухайн хуулийн этгээдэд хүргүүлнэ.

 

5.6.Хуулийн этгээд энэ журмын 5.5-д заасан мэдэгдлийн дагуу ажлын         5 өдөрт багтаан тайлбар өгөх эрхтэй бөгөөд энэ хугацаанд тайлбар гаргаагүй тохиолдолд хүлээн зөвшөөрсөнд тооцож, бүртгэлээс хасна.

 

Зургаа.Санхүүжилт

 

6.1.Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд үзүүлэх татварын бус дэмжлэгийн төсвийн хөрөнгийг Төрийн сангийн дансанд байршуулж, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 13.3-т заасан дэмжлэг болон виртуал бүсийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

 

6.2.Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд үзүүлэх татварын бус дэмжлэгийг Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн        14 дүгээр зүйлд заасан эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

 

6.3.Хуулийн этгээдэд үзүүлэх татварын бус дэмжлэгийн төрөл, дэмжлэгийн хэмжээ, эх үүсвэрийн мэдээллийг багтаасан төлөвлөгөөний төслийг жил бүрийн төсвийн цаглабарт нийцүүлэн Үндэсний зөвлөл хэлэлцэн баталж, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

6.4.Үндэсний зөвлөлөөс баталсан төсвийн төслийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянан, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

6.5.Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгөөр тухайн жилд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөөнд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 14.1.4-т заасан хувь хэмжээтэй дүйцэхүйц хөрөнгийг уг хуульд заасан зориулалтаар зарцуулахаар тусгана.

 

6.6.Энэ журмын 6.1-д заасан төсвийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах үүргийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

 

Долоо.Бусад

 

7.1.Хуулийн этгээдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх нууцлалыг хадгалах, хамгаалах, ашиглахтай холбоотой харилцааг Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар тус тус зохицуулна.

 

7.2.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

----о0о---