- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫГ 2026-2030 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны
109 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫГ 2026-2030 ОНД ХӨГЖҮҮЛЭХ
ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл /цаашид "Үндсэн чиглэл" гэх/-д үндэсний, салбарын, төсвийн ерөнхийлөн захирагчдын болон тэдгээрийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн түвшинд тулгамдаж байгаа асуудлыг тогтоож, уг асуудлыг шийдвэрлэх арга зам, түүнийг шийдвэрлэснээр бий болох үр дүн, хэмжих шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон болно. Шалгуур үзүүлэлтийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдтэй уялдуулсан бөгөөд улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тус үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулж нарийвчлан тусгасан.
Үндсэн чиглэл нь Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, улс, аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө, улс, орон нутгийн төсөв, цаашлаад байгууллагын стратеги болон жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, төрийн албан хаагчийн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө зэрэг баримт бичгийн суурь болно. Үндсэн чиглэлд тодорхойлсон үр дүнг бодлого, төлөвлөлтийн эдгээр баримт бичигт тусгаж, зорилтот үр дүнг хангахад чиглэсэн арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлнэ.
Үндсэн чиглэл нь "Шинэ итгэл-Эрс шинэтгэл"-д зорьсон "Хүний хөгжил", "Нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйл", "Эдийн засаг, дэд бүтцийн хөгжил", "Байгаль орчин, ногоон эдийн засаг", "Төрийн бүтээмж, засаглал", "Бүсийн хөгжил", "Үндэсний өрсөлдөх чадвар", "Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун" гэсэн бодлогын найман чиглэлээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд үндэсний арван үр дүнд хүрэхээр төлөвлөв.
Нэг.Хүний хөгжил
1.1.Боловсролын чанар болон хүртээмжийн ялгааг арилгаж, эрүүл мэндийн тогтолцооны гүйцэтгэлийн хүрээг тогтоож, хүн төвтэй, хүртээмжтэй, чанартай, санхүүгийн эрсдэлгүй тусламж, үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, дундаж наслалтыг 2 насаар нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцсэн хүний нөөцийг бэлтгэн, хүний хөгжлийн үзүүлэлтийн оноог 0.85-д хүргэнэ.
1.2.Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдааг сайжруулж, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлнэ.
Хоёр.Нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйл
2.1.Иргэдийн оролцоо, соён гэгээрэл, хамтын хариуцлагыг нэмэгдүүлж, тэгш боломжийг ханган, эх хэл, түүх, өв соёлоо дээдэлсэн үндэсний соёлын дархлааг бэхжүүлэн, эв нэгдэл, эх оронч үзлийг бататган үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн үзүүлэлтийг 55 хувьд хүргэнэ.
2.2.Эрүүл, аюулгүй амьдрах орчин, хүртээмжтэй орон сууц, чанартай нийгмийн хамгааллын үйлчилгээгээр амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүлийн эрүүл, тогтвортой байдлыг дэмжиж, хүний эрхийн баталгааг ханган, хүүхдийн хөгжил, хамгааллыг шинэ шатанд гаргаж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг 20 хувиар өсгөнө.
2.3.Дундаж давхаргыг дэмжиж, өрхийн бодит орлогыг хамгаалж, нийгмийн хамгааллын оновчтой тогтолцоогоор өрхийн орлогод үүсэх эрсдэлийг бууруулан, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлын түвшнийг 15 хувьд хүргэнэ.
Гурав.Эдийн засаг, дэд бүтцийн хөгжил
3.1.Боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд тогтвортой хадгална.
Дөрөв.Байгаль орчин, ногоон эдийн засаг
4.1.Анхдагч экосистемийн тэнцвэрийг хангаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, байгалийн нөөц баялгийн нөхөн сэргээлт, зохистой ашиглалтыг дэмжин, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлж, үйлдвэрлэл, хэрэглээнээс үүсэх бохирдол, хаягдлыг бууруулж, орчны чанар стандартыг сайжруулж байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлтийн оноог 59.0-д хүргэнэ.
Тав.Төрийн бүтээмж, засаглал
5.1.Авлигыг бууруулж, иргэдийн шүүхэд итгэх итгэл, шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлж, батлан хамгаалах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулж, "Цахимаар түрүүнд" зарчмыг хэрэгжүүлж, иргэн төвтэй үйлчилгээг бүрдүүлж зөв засаглалын үзүүлэлтээр эхний 90 орны нэг болно.
Зургаа.Бүсийн хөгжил
6.1.Бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, эдийн засгийн хувьд төрөлжүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлнэ.
Долоо.Үндэсний өрсөлдөх чадвар
7.1.Бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, татварын болон гаалийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 50 орны нэг болно.
Найм.Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун
8.1.Монгол Улсын хөгжилд оруулах шинжлэх ухаан, технологи, инновацын хувь нэмрийг дээшлүүлж, төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгааны үр дүн, оюуны өмч, шинэ технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх боломжийг нээж Дэлхийн мэдлэгийн индексийг 52.4 оноонд хүргэнэ.
---oOo---
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх