A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЦАХИМ ХУУДАС ХӨТЛӨХ, ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР БАЙРШУУЛЖ НИЙТЛЭХ, ШИНЭЧЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2026 оны 02 дугаар

сарын 04ий өдрийн 41 дүгээр

тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

 

ЦАХИМ ХУУДАС ХӨТЛӨХ, ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР БАЙРШУУЛЖ НИЙТЛЭХ, ШИНЭЧЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ

НИЙТЛЭГ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэхүү журмын зорилго нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 6.1-д заасан нийтийн мэдээлэл хариуцагч (цаашид "мэдээлэл хариуцагч" гэх) төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас (цаашид "Цахим хуудас" гэх)-ыг хөтөлж, хуулиар байнга ил тод, нээлттэй байлгахаар заасан мэдээллийг байршуулах, нийтлэх, шинэчлэх, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.

 

1.2.Мэдээлэл хариуцагч нь хууль болон энэ журам, Монгол Улсын стандарт "Төрийн байгууллагын вэб сайтад тавих шаардлага MNS 6285"-д нийцүүлэн нээлттэй мэдээллийг цахим хуудсанд байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих талаар дотоод журам батлан мөрдүүлж болно.

 

1.3.Цахим хуудас хөтлөх, ашиглах, мэдээлэл шинэчлэхтэй холбоотой сургалтыг төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид "Агентлаг" гэх), хөгжүүлэлт, засвар үйлчилгээ болон хэвийн үйл ажиллагааг "И-Монгол академи" УТҮГ (цаашид "Академи" гэх), техник хангамж, сүлжээний найдвартай, аюулгүй ажиллагааг "Үндэсний дата төв" УТҮГ (цаашид "Дата төв" гэх), цахим хуудасны бүтцийг баталж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг цахим хөгжил, инновац, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нээлттэй мэдээллийг нийтлэх, шинэчлэх, цахим хуудас хөтлөх, тасралтгүй ажиллагааг мэдээлэл хариуцагчид тус тус хариуцан ажиллана.

 

Хоёр.Цахим хуудас хөтлөх хандах эрхийн

зохицуулалт, чиг үүрэг

 

2.1.Цахим хуудасны хандах эрх нь дараах 4 түвшинтэй байна. Үүнд:

 

      2.1.1.цахим хуудасны админ;

 

      2.1.2.хяналтын админ;

 

      2.1.3.байгууллагын админ;

 

      2.1.4.байгууллагын бусад хэрэглэгч (6-аас ихгүй байна).

 

2.2."Цахим хуудасны админ" нь Академи байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

      2.2.1.цахим хуудасны хөгжүүлэлтийг хийх;

 

      2.2.2.цахим хуудаст мэдээ мэдээллийг кирилл монгол, монгол бичиг, англи хэл дээр оруулах боломжтой байхаар хөгжүүлэх;

 

      2.2.3.цахим хуудасны тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, гарсан тасалдал, саатал, алдаа, гэмтлийг бүртгэх, шаардлагатай тохиолдолд                  3-5 хоногийн дотор холбогдох байгууллагад мэдэгдэх, хамтран засварлах;

 

      2.2.4.Агентлагаас ирүүлсэн цахим хуудас сайжруулах бодлогын даалгаврын дагуу системийн шинжилгээ хийж, шаардлагатай хөгжүүлэлтийг хийх.

 

2.3."Хяналтын админ" нь Агентлаг байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

      2.3.1.цахим хуудсанд мэдээлэл шинэчлэх үйл ажиллагааг мэдээлэл хариуцагч байгууллагатай хамтран зохион байгуулах;

 

      2.3.2.цахим хуудас хөтлөх, мэдээлэл нийтлэхтэй холбогдох сургалт, нэвтрүүлэлтийн ажлыг зохион байгуулах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

 

      2.3.3.цахим хуудасны "Онцлох мэдээ" буланг удирдаж, хяналт тавих;

 

      2.3.4.мэдээлэл хариуцагчаас ирүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч, нэгтгэн, хөгжүүлэлтийн бодлогын даалгаврыг боловсруулж, Академид хүргүүлэх;

 

      2.3.5.цахим хуудасны хөгжүүлэлтийн ажлыг туршиж, нэвтрүүлэх;

 

      2.3.6.цахим хуудасны бүтцийг боловсруулан, цахим хөгжил, инновац, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

 

      2.3.7.мэдээлэл хариуцагчаас ирүүлсэн хүсэлтэд үндэслэн ажлын 8 цагт багтаан хандах эрхийг тохируулж, удирдах.

 

2.4."Байгууллагын админ" болон "Байгууллагын бусад хэрэглэгч"-ийн хандах эрх нь Мэдээлэл хариуцагчид байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

      2.4.1.байгууллагын админ болон байгууллагын бусад хэрэглэгчийн хандах эрх хариуцах ажилтныг томилох;

 

      2.4.2.байгууллагын админы эрх бүхий албан хаагчийн бүртгэлд өөрчлөлт орсон тухай бүрд Агентлагт мэдэгдэж, тохиргоо хийлгэх;

 

      2.4.3.өөрийн байгууллага, харьяа, салбар байгууллагын холбогдох хэрэглэгчдэд цахим хуудасны үйл ажиллагаа, ашиглалтын талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

 

      2.4.4.байгууллагын админ нь өөрийн байгууллагын бусад хэрэглэгчийн хандах эрхийг, харьяа, салбарын хэмжээнд байгууллагын админы хандах эрхийг удирдах, эрх авсан албан хаагчийн бүртгэлд өөрчлөлт орох бүрд шинэчлэн тохируулах;

 

      2.4.5.байгууллагын админ нь цахим хуудсанд системийн үндсэн боломжийн хүрээнд 3 хүртэлх цэсийг байгууллагын цэсэд үүсгэх эрхтэй байх бөгөөд энэ нь цахим хуудас дахь цэс болон мэдээлэлтэй давхардахгүй, мэдээллүүдийг баяжуулах, бусад төрлийн системүүдтэй холбох, тохиргоо хийх;

 

      2.4.6.байгууллагын админ нь цахим хуудасны ашиглалт, хэвийн үйл ажиллагаа, түүний сайжруулалтай холбоотой санал, хүсэлтийг харьяа байгууллагын хэмжээнд нэгтгэн Агентлагт хүргүүлэх;

 

      2.4.7.байгууллагын админ нь цахим хуудсанд техникийн алдаа, аюулгүй байдлын эрсдэл, саатал гарсан тохиолдолд шалтгааныг даруй тодруулж, Академид мэдэгдэн, шаардлагатай арга хэмжээг авах;

 

      2.4.8.байгууллагын бусад хэрэглэгч нь цахим хуудсанд өөрийн байгууллагын мэдээ, мэдээллийг тогтмол шинэчлэн нийтэлж, үнэн зөв байдлыг хариуцах;

 

      2.4.9.байгууллагын бусад хэрэглэгч нь цахим хуудасны ашиглалт сайжруулалттай холбоотой саналыг байгууллагын админд хүргүүлэх.

 

Гурав.Ил тод, нээлттэй мэдээлэл

байршуулж нийтлэх, шинэчлэх

 

3.1.Мэдээлэл хариуцагч нь дараах нээлттэй мэдээллийг цахим хуудсанд ил тод байршуулж, тогтмол шинэчилнэ. Үүнд:

 

      3.1.1.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.2-8.6-д заасан мэдээлэл;

 

      3.1.2.цаг үеийн болон төлөвлөгөөт үйл ажиллагааны мэдээ, мэдээлэл;

 

      3.1.3.байгууллагын удирдлага иргэдийг хүлээн авч уулзах цагийн мэдээлэл;

 

      3.1.4.хүн, хуулийн этгээдээс гаргасан санал, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэлтийн явцын мэдээлэл;

 

      3.1.5.хуульд заасан бусад.

 

3.2.Мэдээлэл хариуцагч нь нээлттэй мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.9, 8.11-д заасан хугацаанд, бусад мэдээллийг тухай бүр шинэчилж, тогтмол хяналт тавина.

 

3.3.Цахим хуудсанд байршуулсан мэдээ, мэдээллийг Нээлттэй мэдээллийн "shilen.gov.mn" системд автоматаар татан авах бөгөөд ил тод, нээлттэй байдлын  (Шилэн индекс)-ийн үнэлгээнд ашиглана.

 

Дөрөв.Хяналт тавих

 

4.1.Агентлаг нь цахим хуудасны ашиглалт, шинэчлэл, үнэн зөв байдалд тогтмол хяналт тавьж, тайланг жил бүр цахим хөгжил, инновац, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

4.2.Дата төв нь цахим хуудасны техник хангамж, сүлжээний бэлэн байдал, найдвартай, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт тавьж, холбогдох байгууллагад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллана.

 

4.3.Цахим хуудасны хөтлөлт, мэдээллийн шинэчлэлтэд хяналт тавихдаа Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.19 дэх хэсэгт заасан "Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам"-ыг баримтална.

 

Тав.Бусад зүйл

 

5.1.Цахим хуудсанд байршуулсан мэдээ, мэдээллийн үнэн зөв байдлыг мэдээлэл хариуцагч бүрэн хариуцна.

 

5.2.Хуульд заасан үндэслэл, журам, эсхүл мэдээллийн эзэн зөвшөөрснөөс бусад тохиолдолд хаалттай, хязгаарлалттай мэдээллийг цахим хуудсанд нийтлэхийг хориглоно.

 

5.3.Цахим хуудсанд хандах эрх бүхий ажилтан нь нэвтрэх нэр, нууц үгийг бусдад шилжүүлэхийг хориглоно.

 

5.4.Цахим хуудсыг шинэчлэх, эсхүл шинээр үүсгэх тохиолдолд архивласан болон байршуулж нийтэлсэн нээлттэй мэдээллийг тухайн байршуулж нийтэлсэн огноогоор шинэ цахим хуудсанд хуулах, эсхүл устахгүй байхаар шинэчлэлийг хийнэ.

 

5.5.Цахим хуудасны мэдээлэл байгууллагын админы түвшинд устгах тохиолдолд цахим хуудасны админд мэдэгдэл хүргүүлнэ. Цахим хуудсанд хандах явцад мэдээлэл устах тохиолдолд гэм буруутай этгээд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.

 

 

 

---о0о---