A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2026 оны 02 дугаар

сарын 04ий өдрийн 41 дүгээр

тогтоолын 2 дугаар хавсралт

 

 

 

НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД БАЙЛГАХ БОЛОН

ИЛ ТОД БАЙДЛЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ ТОГТООХ,

ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ журам нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 6.1-д заасан нийтийн мэдээлэл хариуцагч (цаашид "мэдээлэл хариуцагч" гэх), мөн хуулийн 8.2-8.6-д заасан нээлттэй мэдээллийн ил тод байдлын шалгуур үзүүлэлтийг тогтоох, 8.17-д заасан хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх "Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл" (цаашид "Зөвлөл" гэх) нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээ хийх, зөвлөмж гаргах, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

 

1.2.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.8, 8.9, 8.10 дахь хэсэгт заасан цахим хуудас нь Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас (цаашид "цахим хуудас" гэх) болон Нээлттэй мэдээллийн "shilen.gov.mn" систем (цаашид "нээлттэй мэдээллийн систем" гэх) байна.

 

1.3.Мэдээлэл хариуцагч нээлттэй мэдээллийн систем болон төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсанд мэдээллийг шууд холбох боломжтой байдлаар өөрийн байгууллагын цахим хуудасны бэлэн байдлыг хангана.

 

1.4.Мэдээлэл хариуцагч нээлттэй мэдээллийн ил тод байдлыг хангахад Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.16 дахь хэсэгт заасан "Цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам"-ыг мөрдөнө.

 

1.5.Мэдээллийн ил тод байдлын үнэлгээ хийхэд дараах зарчмыг баримтална:

 

      1.5.1.шударга, хараат бус байх;

 

      1.5.2.үнэлгээ нь нээлттэй, олон нийтийн оролцоог хангасан байх;

 

      1.5.3.үнэлгээний тайлан, дүгнэлт нь ил тод байх;

 

      1.5.4.үнэлгээ нь шалгуур үзүүлэлт, мэдээ тайланд үндэслэсэн байх;

 

      1.5.5.зөвлөмж нь ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн байх;

 

      1.5.6.ил тод байдлын тайлан нь үнэн зөв, нотлогдохуйц байх;

 

      1.5.7.мэдээллийн үнэн зөв байдлыг мэдээлэл хариуцагч хариуцдаг байх.

 

Хоёр.Нээлттэй мэдээллийн ил тод байдлыг

үнэлэх шалгуур үзүүлэлт

 

2.1.Нээлттэй мэдээллийн ил тод байдлыг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

 

      2.1.1.мэдээллийн хүртээмжтэй байдал-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль (цаашид "хууль" гэх)-ийн 8.8-д заасны дагуу олон нийтэд ил тод мэдээлсэн эсэх;

 

      2.1.2.хугацаандаа нийтлэгдсэн байдал-нээлттэй мэдээллийг хуулийн 8.9, 8.11-д заасан хугацаанд олон нийтэд хүргэсэн эсэх;

 

      2.1.3.мэдээллийн бүрэн бүтэн байдал-нээлттэй мэдээллийг хуулийн 8.2-8.6-д заасан зохицуулалтын хүрээнд бүрэн гүйцэд тусгасан эсэх;

 

      2.1.4.эх сурвалжийн тодорхой байдал-хуульд заасан нээлттэй мэдээллийг дэлгэрүүлж авах, тодруулах эх сурвалж, холбоо барих мэдээллийг цахим хуудсанд байршуулсан эсэх.

 

2.2.Нээлттэй мэдээллийн ил тод байдлыг үнэлэх дэлгэрэнгүй шалгуур үзүүлэлт бүхий Нээлттэй мэдээллийн системийн бүтэц, түүний хандах эрхийн түвшнийг цахим хөгжил, инновац, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

 

Гурав.Нээлттэй мэдээллийн ил тод байдлын

үнэлгээ хийх аргачлал

 

3.1."Мэдээллийн хүртээмжтэй байдал"-ыг (МХБ) дараах аргачлалаар үнэлнэ:

 

      3.1.1.нээлттэй мэдээллийг цахим хуудас, мэдээллийн самбар, бусад мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтэлсэн бол ХАНГАЛТТАЙ буюу 30 оноо;

 

      3.1.2.нээлттэй мэдээллийг ДУТУУ буюу зөвхөн цахим хуудаст нийтэлсэн бол 15 оноо, мэдээллийн самбарт нийтэлсэн бол 10 оноо, бусад мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтэлсэн бол 5 оноо;

 

      3.1.3.нээлттэй мэдээллийг нийтлээгүй бол ХАНГАЛТГҮЙ буюу 0 оноо.

 

3.2."Хугацаандаа нийтлэгдсэн байдал"-ыг (ХНБ) дараах аргачлалаар үнэлнэ:

 

      3.2.1.нээлттэй мэдээллийг хуулиар тогтоосон хугацаанд нийтэлсэн, шинэчилсэн бол ХАНГАЛТТАЙ буюу 30 оноо;

 

      3.2.2.нээлттэй мэдээллийг хуулиар тогтоосон хугацаанаас хойш нийтэлсэн, шинэчилсэн бол ДУТУУ буюу 10 оноо;

 

 

 

      3.2.3.улирал бүр шинэчлэгддэг нээлттэй мэдээллийг нийтлээгүй, шинэчлээгүй бол ХАНГАЛТГҮЙ буюу 0 оноо;

 

      3.2.4.хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.2, 8.3.3, 8.3.6-д заасан цахим хуудсанд байршсан, шалгуур хангасан, байнга шинэчлэгддэггүй мэдээллийн оноог бүрэн тооцно.

 

3.3."Мэдээллийн бүрэн бүтэн байдал"-ыг (МБББ) дараах аргачлалаар үнэлнэ:

 

      3.3.1.хуулиар 8.6-д заасан мэдээллийг ил тод байлгах үүрэг хүлээгээгүй мэдээлэл хариуцагчийн хувьд хуулийн 8.2, 8.3, 8.4, 8.5-д заасан нээлттэй мэдээллийг бүрэн гүйцэд нийтэлсэн бол 30 оноо, дутуу нийтэлсэн бол 15 оноо;

 

      3.3.2.хуулийн 8.6-д заасан мэдээллийг ил тод байлгах үүрэг хүлээсэн мэдээлэл хариуцагчийн хувьд хуулийн 8.2, 8.3, 8.4, 8.5-д заасан нээлттэй мэдээллийг бүрэн гүйцэд нийтэлсэн бол 15 оноо, дутуу нийтэлсэн бол 10 оноо, хуулийн 8.6-д заасан нээлттэй мэдээллийг бүрэн гүйцэд нийтэлсэн бол 15 оноо, дутуу нийтэлсэн бол 5 оноо;

 

      3.3.3.хуулийн 8.2, 8.3, 8.4, 8.5, 8.6-д заасан нээлттэй мэдээллийг нийтлээгүй бол 0 оноо.

 

3.4."Эх сурвалжийн тодорхой байдал"-ыг (ЭСТБ) дараах аргачлалаар үнэлнэ:

 

      3.4.1.нээлттэй мэдээллийг дэлгэрүүлж авах, тодруулах эрх бүхий ажилтны харьяалах нэгжийн нэр, албан тушаал, нэр болон холбоо барих мэдээллийг нийтэлсэн бол ХАНГАЛТТАЙ буюу 30 оноо;

 

      3.4.2.энэ журмын 3.4.1-д заасан мэдээллийн аль нэгийг нийтлээгүй бол ДУТУУ буюу 10 оноо;

 

      3.4.3.энэ журмын 3.4.1-д заасан мэдээллийг нийтлээгүй бол ХАНГАЛТГҮЙ буюу 0 оноо.

 

3.5.Нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээний хувийг шалгуур үзүүлэлтийн оноонд үндэслэн дараах аргачлалаар тооцож гаргана.

 

3.6.Үнэлгээний ерөнхий болон хэсгийн дундаж оноо, хувийг үзүүлэлтүүдийн оноо, хувийн арифметик дунджаар тооцно.

 

3.7.Энэхүү журмын 3.5 дахь хэсэгт заасан аргачлалын дагуу үнэлгээг нээлттэй мэдээллийн системд автоматаар тооцоолох боломжийг бүрдүүлсэн байна.

 

Дөрөв.Нээлттэй мэдээллийн ил тод байдалд

үнэлгээ хийх, удирдлага, зохион байгуулалт

 

4.1.Нээлттэй мэдээллийн ил тод байдалд үнэлгээ хийхдээ нээлттэй мэдээллийн системээр хянах бөгөөд хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг ашиглаж болно.

 

4.2.Мэдээлэл хариуцагч өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хамаарах нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг энэ журмын 2 дугаар зүйлд заасан шалгуурын дагуу 3 дугаар зүйлд заасан аргачлалаар үнэлж, нээлттэй мэдээллийн системд илгээнэ.

 

4.3.Мэдээлэл хариуцагч цахим хуудас болон нээлттэй мэдээллийн нэгдсэн системд байршуулсан мэдээллийн үнэн зөв, алдаагүй байдлыг хариуцна.

 

4.4.Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдээлэл хариуцагчийн нээлттэй мэдээллийн системд байршуулсан мэдээллийг дараагийн улирал, хагас жил, жилийн эхний сард багтаан хянан баталгаажуулж, нээлттэй мэдээллийн системийн ил тод, нээлттэй байдал (Шилэн индекс)-ын үнэлгээг эрэмбэлэн ил тод байршуулна.

 

4.5.Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нээлттэй мэдээллийн системийн ил тод, нээлттэй байдал (Шилэн индекс)-ын үнэлгээний үр дүнг тухай бүр Зөвлөлд хүргүүлнэ.

 

4.6.Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг салбарын хэмжээнд сайд, нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулж, тэдгээрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгж дотоод хяналт тавина.

 

4.7.Сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тухайн жилийн тайлангаа дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор Зөвлөлд хүргүүлнэ.

 

4.8.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасан нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээнд хамаарах шилэн дансны хөтлөлтийн тухайн жилийн үнэлгээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хуулийн 8 дугаар зүйлийн 8.17 дахь хэсэгт заасан орон тооны бус зөвлөлд дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.

 

4.9.Зөвлөл нэгдсэн үнэлгээг хийхдээ ил тод, нээлттэй байдал  (Шилэн индекс)-ын үнэлгээ, шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ, сайд, аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг хамтатган хянаж, үнэлгээг баталгаажуулах бөгөөд үнэлгээнд өөрчлөлт оруулж болно.

 

4.10.Зөвлөл үнэлгээний нэгдсэн тайланг хуралдаанаараа хэлэлцэж, мэдээллийн ил тод байдлыг бүрэн хангаагүй мэдээлэл хариуцагчид зөвлөмж хүргүүлнэ.

 

4.11.Мэдээлэл хариуцагч Зөвлөлөөс хүргүүлсэн зөвлөмжийн дагуу шаардлагатай арга хэмжээг шуурхай авч, биелэлтийг 30 хоногийн дотор тайлагнана.

 

4.12.Зөвлөл мэдээлэл хариуцагчдын нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийн үнэлгээ, зөвлөмжийн хэрэгжилт, авах арга хэмжээний санал бүхий тухайн жилийн улсын хэмжээний нэгдсэн тайланг дараа оны 04 дүгээр сарын      01-ний өдрийн дотор Засгийн газарт танилцуулна.

 

4.13.Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтэд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор хөндлөнгийн үнэлгээ болон судалгааг судалгааны байгууллага, мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

 

4.14.Зөвлөл үнэлгээ, судалгаа хийхэд шаардагдах зардлыг жил бүрийн байгууллагын төсөвт тусгаж, санхүүжүүлнэ.

 

Тав.Хариуцлага

 

5.1.Нээлттэй мэдээллийг холбогдох журмын дагуу хугацаанд нь ил тод байршуулаагүй байгууллага, албан тушаалтанд Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

---о0о---