A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • 2026 ОНЫ ТӨСВИЙН ЗАРДЛЫН САНХҮҮЖИЛТЭД ЭРЭМБЭ ТОГТООЖ, ТӨСВИЙН ХЭМНЭЛТ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 325

Улаанбаатар хот

2026 ОНЫ ТӨСВИЙН ЗАРДЛЫН САНХҮҮЖИЛТЭД ЭРЭМБЭ ТОГТООЖ, ТӨСВИЙН ХЭМНЭЛТ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7, 12 дугаар зүйлийн 12.1.17 дахь заалтыг тус тус үндэслэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төсвийн зарцуулалтыг хэмнэлтийн горимд шилжүүлэх, төсвийн орлогын гүйцэтгэлийн эрсдэлийг бууруулах, төсвийн сахилга бат болон төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Бүх шатны төсвийн захирагчийн 2026 оны батлагдсан төсвийн зарцуулалтыг төрийн үндсэн үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, хуулиар хүлээсэн үүрэг, хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, төлбөр төлөх хугацаа болон төсвийн орлогын гүйцэтгэлийг харгалзан дараах эрэмбээр санхүүжүүлсүгэй:

1.1.санхүүжилтийг бүрэн олгох зардал, арга хэмжээ:

а.төрийн албан хаагчийн цалин хөлс, өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн болон хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж;

б.нийгмийн даатгал, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, хүүхэд хамгааллын үйлчилгээ;

в.төрийн өмчийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дээд болон мэргэжлийн, техникийн боловсролын сургалтын байгууллагын улсын төсвөөс санхүүжүүлэхээр баталсан урсгал санхүүжилт;

г.сургуулийн өмнөх насны хүүхдийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн зардал;

д.асрамжийн газар болон зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, гааль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалт, цагдаагийн байгууллагын тээвэр, шатахуун, хоол хүнс, дотоод албан томилолт, нормын хувцасны зардал;

е."Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенц (СОР17)-ын талуудын 17 дугаар бага хурал"-ын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах зардал;

ё.бүх шатны төрийн байгууллагын интернэтийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль тогтоомжид заасан шаардлагатай маягт хэвлэх зардал;

ж.Засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөр;

з.Засгийн газрын болон орон нутгийн нөөц хөрөнгөөс хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн арга хэмжээний санхүүжилт.

1.2.санхүүжилтийг түр зогсоох зардал, арга хэмжээ:

а.хууль тогтоомжид заасан, Засгийн газрын болон улс, аймгийн Онцгой комиссын шийдвэртэй, эсхүл олон улсын гэрээгээр зайлшгүй хүлээсэн үүрэгтэйгээс бусад форум, хурал, зөвлөгөөн, чуулга уулзалт, баяр ёслол, тэмдэглэлт ой, салбарын өдөр, урлаг, спортын болон бусад олон нийтийн арга хэмжээ;

б.төрийн өндөр албан тушаалтны урьдчилан төлөвлөгдсөн албан ёсны гадаад томилолт, Засгийн газраас зөвшөөрсөн тохиолдолд Засгийн газрын гишүүдийн гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардал;

в.хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, мэдээллийн системийн тасралтгүй байдлыг болон үндэсний аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатайгаас бусад багаж, техник хэрэгсэл, тавилга, автомашин худалдан авах болон хойшлуулах боломжтой урсгал засварын зардал;

г.батлан хамгаалах, хууль зүй, онцгой байдал, төрийн тусгай хамгаалалт, боловсролоос бусад салбарын сургалт, дадлага бэлтгэлийн зардал;

д.төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, киноны уран бүтээлийн зардал;

е.хууль тогтоомж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон хамтын гэрээгээр заавал олгохоор тогтоосон болон зайлшгүй шаардлагатайгаас бусад ажил олгогчоос олгох нэг удаагийн тэтгэмж, урамшуулал, дэмжлэг.

1.3.төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан санхүүжүүлэх зардал, арга хэмжээ:

а.мэргэжлийн үйлчилгээний төлбөр;

б.бараа, ажил, үйлчилгээний бусад зардал.

2.Төсвийн зохицуулалт хийхтэй холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, шүүх, прокурор болон Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад тус тус зөвлөсүгэй.

2.1.төрийн үндсэн үйлчилгээ, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, өрийн үйлчилгээ, хууль, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, олон улсын гэрээ болон хүчин төгөлдөр гэрээгээр төлөх хугацаа болсон төлбөрөөс бусад хойшлуулах, бууруулах боломжтой урсгал зардлын эрсдэлийг тооцсоны үндсэн дээр тухайн зардлын батлагдсан дүнгээс 20-оос доошгүй хувиар хэмнэх төлөвлөгөө, арга хэмжээг төсөвт өртөг, хугацаа, хариуцах нэгжийн хамт баталж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

2.2.өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд төрийн үндсэн үйлчилгээ, хүний амь нас, эрүүл мэнд, боловсрол, аюулгүй ажиллагааг болон үндэсний аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд нөхөн томилгоо хийхгүй байх;

2.3.Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, урлаг, спортын уралдаан, наадам, тэмцээн зохион байгуулахгүй байх;

2.4.төрийн үйлчилгээний стандарт, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг алдагдуулахгүйгээр захиргааны зориулалттай байрны цахилгаан, дулаан, цэвэр усны хэрэглээг өмнөх оны мөн үеийн хэрэглээтэй харьцуулахад 20 хүртэл хувиар бууруулах арга хэмжээ авч, хэмжүүрийн мэдээллээр баталгаажуулах;

2.5.яам, агентлаг болон захиргааны чиг үүрэг бүхий бүх шатны төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд төсвийн хөрөнгөөр компьютер, хэвлэгч, хувилагч, тавилга, техник хэрэгсэл, автомашин шинээр худалдан авахгүй байх, үүнтэй холбогдуулан сонгон шалгаруулж, гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулах үүрэг үүсээгүй байгаа төлөвлөгдсөн худалдан авах ажиллагааг холбогдох хуульд заасан журмын дагуу зогсоох;

2.6.боловсрол, эрүүл мэндийн байгууллагын үндсэн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай орон тооноос бусад тохиолдолд хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэргүйгээр шинээр чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоо нэмэгдүүлэхгүй байх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, сул орон тоог нөхөхгүй байх замаар цалин хөлсний зардлыг хэмнэх;

2.7.Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлын байрны онцлог, төрийн үйлчилгээний хүртээмж, тасралтгүй байдлыг харгалзан тухайн байгууллагын нийт албан хаагчдын 30 хувиас доошгүйг зайнаас буюу цахим сүлжээгээр болон уян хатан цагаар ажиллуулах хуваарь батлан хэрэгжүүлж, урсгал зардлыг хэмнэх;

2.8.бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг байгууллага хооронд нэгтгэх боломжийг судалж, агуулахын үлдэгдэл болон ашиглагдаагүй хөрөнгийг нэн тэргүүнд ашиглаж, түрээс, мэргэжлийн үйлчилгээ, харилцаа холбоо болон бусад давтамжтай гэрээний нөхцөлийг хууль тогтоомжид нийцүүлэн дахин хянаж, шинэчлэх;

2.9.хурал, сургалт, албан харилцааг цахим хэлбэрт шилжүүлэх, хэвлэх болон шуудангийн зардлыг бууруулах, албан томилолтыг нэгтгэн төлөвлөх замаар захиргааны зардлыг хэмнэх;

2.10.орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг эрэмбэлж, зайлшгүй шаардлагатайгаас бусад хөрөнгө оруулалтыг зогсоох асуудлыг хуульд заасан журмын дагуу тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлж ажиллах;

2.11.энэ тогтоолыг хэрэгжүүлэх явцад төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлийг урьдчилан үнэлж, шаардлагатай арга хэмжээний талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр танилцуулах;

2.12. 2027 оны улсын төсвийн төсөлд тусгах төсөл арга хэмжээг салбарын бодлогын ач холбогдол, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг харгалзан эрэмбэлэх;

2.13.батлагдсан төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангах.

3.Төсвийн орлогын гүйцэтгэл, төрийн сангийн мөнгөн хөрөнгийн төлөв, төлбөрийн хугацаа болон төрийн үйлчилгээ тасалдах эрсдэлийг харгалзан төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулах замаар энэ тогтоолд заасан зардлын эрэмбийн зохицуулалтыг Төсвийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд баталж, шаардлагатай тохиолдолд дахин үнэлж мөрдүүлэхийг Сангийн сайд З.Мэндсайханд зөвшөөрсүгэй.

4.Энэ тогтоолын 3-т заасан төсвийн сар, улирлын хуваарийн хүрээнд төрийн үйлчилгээг тасалдуулахгүй, гэрээний үүргийг зохих журмаар гүйцэтгэж, хугацаа хэтэрсэн өр төлбөр шинээр үүсгэхгүй байхаар үйл ажиллагааг зохион байгуулж, төсвийн сахилга бат, хариуцлагыг өндөржүүлэн ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, шүүх, прокурор болон Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад тус тус зөвлөсүгэй.

5.Энэ тогтоолын хэрэгжилт, хэмнэсэн төсөв, хязгаарласан санхүүжилт, шинээр үүссэн өр төлбөр болон төрийн үйлчилгээний тасралтгүй байдлын мэдээллийг сар бүрийн 10-ны өдрийн дотор нэгтгэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, шүүх, прокурор болон Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад тус тус зөвлөсүгэй.

6.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд Төрийн хэмнэлтийн тухай хууль болон энэ тогтоолд заасан хэмнэлтийн горимыг мөрдүүлж, санхүүгийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, үрэлгэн байдлыг хязгаарлах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч, хэмнэлтийн арга хэмжээг тухайн хуулийн этгээдийн 2026 оны төсөв, бизнесийн төлөвлөгөөнд тусгаж, шаардлагатай өөрчлөлт, тодотголыг эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

7.Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан төсвийг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журмыг Засгийн газар баталдаг болох чиглэлээр Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хууль болон журмын төслийг боловсруулж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Сангийн сайд З.Мэндсайханд даалгасугай.

8.Энэ тогтоолыг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мөрдсүгэй.

9.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг сар бүр Засгийн газарт танилцуулж, төсвийн орлогын гүйцэтгэл болон төрийн сангийн мөнгөн хөрөнгийн нөхцөл байдал сайжирсан тохиолдолд санхүүжилтийн хязгаарлалтыг үе шаттай бууруулах чиглэлээр тодорхой санал боловсруулж ажиллахыг Сангийн сайд З.Мэндсайханд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН