- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СҮҮ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР, ЦЕХЭД ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ШААРДЛАГАД НИЙЦСЭН ТҮҮХИЙ СҮҮ НИЙЛҮҮЛСЭН МАЛЧИН, ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2026 оны 08 дугаар
сарын 26-ны өдрийн 353 дугаар
тогтоолын хавсралт
СҮҮ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР, ЦЕХЭД ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН
ШААРДЛАГАД НИЙЦСЭН ТҮҮХИЙ СҮҮ НИЙЛҮҮЛСЭН МАЛЧИН,
ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИД МӨНГӨН
УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү (цаашид "сүү" гэх) нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгохтой холбогдсон харилцааг зохицуулна.
1.2.Урамшууллын зорилго нь сэрүүний улиралд түүхий сүүний нийлүүлэлт, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой байлгах, малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн сүү нийлүүлэх сонирхлыг нэмэгдүүлж, тэдний орлогыг өсгөхөд оршино.
1.3.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь "Техникийн зохицуулалтыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 69 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Сүү бэлтгэл, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ын дагуу тухайн жилийн урамшуулалд хамрагдах үйлдвэр, цехийн жагсаалтыг батална.
1.4.Энэ журмаар зохицуулах харилцаа, тавигдах шаардлагыг харьяалах нутаг дэвсгэртээ сурталчлах, малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд сургалт, мэдээлэл хүргэх ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар хариуцан зохион байгуулна.
1.5.Энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид олгох мөнгөн урамшууллыг тухайн оны 11 дүгээр сарын 01-ээс дараа оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд сүү боловсруулах үйлдвэр, цехэд нийлүүлсэн сүүний 1 литр тутамд 1000 (нэг мянга) төгрөгөөр тооцож, сар бүр олгоно.
1.6.Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нь урамшуулалд хамрагдах хүсэлтээ үйлдвэр, цехэд сүү нийлүүлсэн тухайн сарын сүүлийн өдрөөр тасалбар болгон дараа сарын 10-ны өдрийн дотор хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын урамшууллын цахим систем (https://tus.mofa.gov.mn)-д илгээнэ.
1.7.Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид олговол зохих урамшууллыг сүү бэлтгэн нийлүүлсэн тухайн сарын сүүлийн өдрөөр тасалбар болгон малын эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн сангийн болон татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд тус тус үндэслэн тооцно.
1.8.Мөнгөн урамшуулалд хамрагдах малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8.2-8.4-т заасан шаардлагын дагуу цахим хэлбэрээр авна.
Зөвшөөрөлд мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах зорилго, үндэслэл, мэдээллийн жагсаалт, мэдээлэл хариуцагч, боловсруулах, ашиглах хугацаа, бусдад дамжуулах эсэх, зөвшөөрлөө цуцлах хэлбэрийг тодорхой тусгана.
1.9.Энэ журмын 1.8-д заасны дагуу цуглуулсан мэдээллийг зөвхөн урамшуулалд хамрагдах эрх үүсгэх, урамшуулал олгох, хяналт, аудит хийх зорилгоор ашиглана. Мэдээллийн төрөл тус бүрийн хадгалах хугацааг хуульд заасан баримт, мэдээлэл хадгалах хугацаатай нийцүүлэн тогтоож, хугацаа дуусмагц устгах, эсхүл мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгох арга хэмжээ авна.
Хоёр.Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч болон
үйлдвэр, цехэд тавигдах шаардлага
2.1.Сүү нийлүүлэх малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нь дараах шаардлагыг хангасан байна:
2.1.1.малын тоо, үүлдэр, омог, шилжилт хөдөлгөөний мэдээллийг Малын генетик нөөцийн тухай хуулийн 5.7-д заасан үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд үнэн зөв бүртгүүлсэн байх;
2.1.2.мал сүргээ ялган тэмдэглэж, энэ журмын 2.1.1-д заасан нэгдсэн санд бүртгүүлсэн байх;
2.1.3.саалийн малыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулан, эрүүл болохыг баталгаажуулж мал эмнэлгийн гэрчилгээ авсан байх;
2.1.4.татварын төлбөрийн баримтын цахим системд өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгүүлсэн байх;
2.1.5.үйлдвэр, цехтэй сүү бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулсан байх;
2.1.6.мөнгөн урамшуулалд хамрагдах хүсэлтийг энэ журмын 1.6-д заасан цахим системээр гаргаж, 1.8-д заасан мэдээлэл ашиглах зөвшөөрлийг өгсөн байх.
2.2.Үйлдвэр, цех нь дараах шаардлагыг хангасан байна:
2.2.1.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5-д заасан урьдчилсан хяналт шалгалтын дүгнэлттэй, эсхүл мөн хуулийн 6.6-д зааснаар үйлдвэрлэл эхлүүлэх эрх үүссэн байх;
2.2.2.энэ журмын 1.3-т заасан техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх;
2.2.3.шинээр үйлдвэрлэл эхлүүлснээс бусад үйлдвэр, цехийн хувьд харьяа аймаг, нийслэлийн эрх бүхий хяналтын байгууллагаар сүүлийн 3 жилийн аль нэг жилийн үйл ажиллагааг дүгнүүлсэн байх;
2.2.4.худалдан авсан сүү, үйлдвэрлэсэн, борлуулсан бүтээгдэхүүнийг Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу санхүүгийн болон татварын тайланд тусган баталгаажуулсан байх;
2.2.5.малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчтэй сүү нийлүүлэх, худалдан авах гэрээг байгуулж, худалдан авсан байх;
2.2.6.сүү худалдан авах бүрд худалдан авалтын тоо хэмжээ, сүүний чанарын үзүүлэлт болон үнийн мэдээллийг сүү бэлтгэлийн систем (https://milk.mofa.gov.mn)-д тухай бүр үнэн, зөв, бүртгэдэг байх;
2.2.7.малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчээс сүү худалдан авах бүрд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.14-т заасан төлбөрийн баримт (И баримт)-ыг үйлдэн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд баталгаажуулсан байх.
Гурав.Урамшуулал олгох
3.1.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөнгөн урамшуулалд шаардагдах хөрөнгийн хэмжээ, холбогдох тооцоо, судалгаа, шаардлагатай бусад материалын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, улсын төсөвт тусгуулах арга хэмжээ авна.
3.2.Үйлдвэр, цех нь энэ журмын 2.2-т заасан шаардлагыг хангасан талаарх нотлох баримтыг бүрдүүлэн тухайн оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор албан бичгээр хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.3.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 2.2-т заасан шаардлагыг хангасан үйлдвэр, цехийн жагсаалтыг тухайн жилийн 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн цахим хуудсанд байршуулна.
3.4.Сум, дүүргийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь сүүнд сар бүр хяналт хийсний үндсэн дээр мал эмнэлгийн гэрчилгээг олгож, мэдээллийг мал, амьтны эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн санд оруулна.
3.5.Үйлдвэр, цех нь энэ журмын 3.4-т заасан гэрчилгээг үндэслэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчээс сүүг худалдан авч, сар бүрийн сүүлийн өдөрт багтаан тооцоо нийлнэ.
3.6.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мөнгөн урамшуулалд хамрагдах малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийн жагсаалтыг баталж, урамшууллыг сүү нийлүүлэх гэрээнд заасан нэрийн дансанд дараа сарын 20-ны өдрийн дотор шилжүүлнэ.
3.7.Нэр, данс зөрсөн, данс хаагдсаны улмаас малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийн дансанд шилжүүлсэн урамшуулал буцаагдсан тохиолдолд уг дансны жагсаалтыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох аймаг, нийслэл, сум, дүүргийн хүнс, хөдөө ахуйн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлж залруулах арга хэмжээ авна.
3.8.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мөнгөн урамшуулал олгох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, энэ журмын 3.7-д заасан мэдээллийн сан, системийн уялдаа, техникийн хэвийн ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллана.
Дөрөв.Урамшуулал олгохоос татгалзах
4.1.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах тохиолдолд малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгохоос татгалзана:
4.1.1.энэ журмын 2.1-д заасан шаардлага хангаагүй;
4.1.2.энэ журмын 3.3-т заасан жагсаалтад ороогүй үйлдвэр, цехэд сүү нийлүүлсэн;
4.1.3.бэлтгэн нийлүүлсэн сүүний худалдан авалт, борлуулалтын баримт нь татварын цахим системд бүртгэгдэж, баталгаажаагүй;
4.1.4.сүүнд олгосон мал эмнэлгийн гэрчилгээ нь энэ журмын 3.3-т заасан үйлдвэр, цехийн нэр дээр бичигдээгүй, мал, амьтны эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдэж, баталгаажаагүй, эсхүл хүчинтэй хугацаа нь дууссан буюу тухайн сард бичигдээгүй;
4.1.5.малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч, эсхүл үйлдвэр, цехээс шалтгаалан мэдээлэл зөрүүтэй, бүрдэл дутуу болох нь тогтоогдож, мэдээлэл залруулахыг мэдэгдсэн хугацаанд залруулаагүй.
4.2.Төрийн мэдээллийн сан, урамшууллын нэгдсэн системийн ачаалал, үйл ажиллагааны доголдол зэргээс шалтгаалан малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгогдоогүй тохиолдолд урамшууллыг нөхөн олгох арга хэмжээ авна.
4.3.Урамшуулал олгохоос татгалзсан шалтгаан, түүнийг нотлох баримт, холбогдох мэдээллийг малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид цахим системээр мэдэгдэнэ.
4.4.Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нь энэ журмын 4.3-т заасныг эс зөвшөөрвөл Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар гомдол гаргах эрхтэй.
Тав.Бусад
5.1.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран сүүний нийлүүлэлт болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд жилд нэгээс доошгүй удаа хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэж, арилгуулах арга хэмжээг авна.
5.2.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын хэрэгжилт, үр дүн, тухайн жилийн төсвийн зарцуулалтыг Засгийн газарт тайлагнана.
---о0о---
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх