- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МАХНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 377
Улаанбаатар хот
МАХНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн хүн амын 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэх махны нөөц бүрдүүлэх, улирлын шинжтэй үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нарт даалгасугай:
1.1.нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжийг нээлттэй, ил тод сонгон шалгаруулж, арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр болон Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, холбогдох журмын дагуу биржийн бус зах зээлд өрийн хэрэгсэл гаргах замаар мэргэжлийн хөрөнгө оруулагчаар дамжуулан татан төвлөрүүлсэн эх үүсвэрээр цахим төлбөрийн баримтын системд үндэслэн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжүүдэд зээлийн хүүгийн дэмжлэгийг үзүүлэх ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах;
1.2.хүүгийн дэмжлэгийн хэмжээ, хугацаа, олгох болон зогсоох нөхцөл, гүйцэтгэлд тавих хяналт, тайлагналын шаардлагыг тогтоож, нийтэд ил тод мэдээлэх;
1.3.энэ тогтоолын 1.1-д заасан Засгийн газраас үзүүлэх хүүгийн дэмжлэгт шаардагдах санхүүжилтийг батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэх;
1.4.өөрийн хөрөнгөөр нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдийн саналыг судалж, тэдгээрт Засгийн газраас үзүүлэх зээлийн хүүгийн дэмжлэгтэй дүйцэхүйц хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх;
1.5.бэлтгэн нийлүүлсэн нөөцийн махны чанар, эрүүл ахуйн шаардлага, нөөц бүрдүүлэлтийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах;
1.6.энэ тогтоолын хүрээнд аж ахуйн нэгжийн авсан зээл, гаргасан өрийн хэрэгслийн үндсэн төлбөр, бусад үүргийн гүйцэтгэлд баталгаа гаргахгүй байх.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг "Стратегийн нөөцийн зарим бараа болон төмс, хүнсний ногооны нийлүүлэлтийг тогтворжуулах, хүртээмжийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 326 дугаар тогтоолын 9-д заасны дагуу тайлагнаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Стратегийн нөөцийн зарим бараа болон төмс, хүнсний ногооны нийлүүлэлтийг тогтворжуулах, хүртээмжийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 326 дугаар тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ц.ИДЭРБАТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх