A

A

A

Бүлэг: 1979

                                                                                                      Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 195 дугаар
                                                                                                      тогтоолын хавсралт 

Дүрмийг 2011-05-11-ний 151-ээр тогтоолоор  хүчингүй болсонд тооцсон
         
                                                                          МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДҮРЭМ

                                                                                                 Нэгдүгээр бүлэг

                                                                                                   Ерөнхий зүйл

                                                                       Нэг. Зорилт

1.1. Энэхүү дүрмийн зорилт нь Монгол Улсын Хөгжлийн банк (цаашид "Хөгжлийн банк" гэх)-ны үйл ажиллагааны үндсэн чиглэл, хяналтын зарчим, удирдлага, зохион байгуулалтын бүтэц, удирдлагын эрх, үүрэг, өөрийн хөрөнгө, Хөгжлийн банкийг татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

                                                                  Хоёр. Эрх зүйн байдал

2.1. Хөгжлийн банкны үүсгэн байгуулагч нь Монгол Улсын Засгийн газар (цаашид "Засгийн газар" гэх) байна.

2.2. Хөгжлийн банк нь Монгол Улсын хөгжлийн бодлогод тодорхойлсон тэргүүлэх салбаруудын хөгжлийг дэмжих, нэмүү өртөг шингээсэн экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байна.

                                                                Гурав. Хөгжлийн банкны нэр, хаяг

3.1. Хөгжлийн банкны оноосон нэрийг монгол хэлээр "Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК (товчоор "МУХБ"), англи хэлээр "Development Bank of Mongolia LLC" (товчоор "DBM") гэнэ.

3.2. Хөгжлийн банкны хаяг нь түүний удирдлага байрших газраар тодорхойлогдоно. Компанийн удирдлага хаягаа улсын бүртгэлд өөрчлөгдсөн тухай бүр бүртгүүлнэ.

                                                                   Дөрөв. Хөгжлийн банкны тэмдэг

4.1. Хөгжлийн банк нь өөрийн бэлгэдэл бүхий тэмдэгтэй байх бөгөөд албан ёсны хаяг бүхий албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

4.2. Хөгжлийн банк өөрийн бэлгэдэл тугтай байж болно.

                                                                    Тав. Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгө

5.1. Хөгжлийн банкны энгийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг Засгийн газар эзэмшинэ.

5.2. Засгийн газар нь Хөгжлийн банкинд хөрөнгө оруулах этгээдийг сонгоно.

                                                Зургаа. Хөгжлийн банкны хувь нийлүүлэгч

6.1. Хөгжлийн банкны хувь нийлүүлэгч нь Засгийн газар, банкны дүрмийн санд хөрөнгө оруулсан Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд байна.

6.2. Хувь нийлүүлэгч нь Компанийн тухай болон Банкны тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

6.3. Хөгжлийн банкинд хөрөнгө оруулах этгээд нь анхны хөрөнгө оруулалтаар Засгийн газраас хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээний 50-иас дээш хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө оруулах чадвартай иргэн, хуулийн этгээд байна.

6.4. Хөрөнгө оруулах иргэн, хуулийн этгээдэд тавих нарийвчилсан шаардлагыг санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

6.5. Банкны хувь нийлүүлэгч хувьцаагаа энэ дүрмийн 6.3, 6.4-т заасан шаардлага хангасан этгээдэд худалдаж, шилжүүлж болно. Хувь нийлүүлэгчийн хувьцаагаа худалдах, шилжүүлэх тухай хүсэлтийг банкны төлөөлөн удирдах зөвлөл хүлээн авч Компанийн болон Банкны тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

                                                                Долоо. Хөрөнгийн эх үүсвэр

7.1. Хөгжлийн банк нь татан төвлөрүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгөө дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:

7.1.1. хувь нийлүүлэгчдийн оруулсан мөнгөн хөрөнгө;

7.1.2. харилцах данс;

7.1.3. зээл, тусламж;

7.1.4. үнэт цаас;

7.1.5. бусад эх үүсвэр.

                                                                                 Хоёрдугаар бүлэг

                                                                      Хөгжлийн банкны үйл ажиллагаа

                                   Найм. Хөгжлийн банкны эрхлэх үйл ажиллагаа

8.1. Хөгжлийн банк Монгол Улсын хөгжлийн бодлогод тодорхойлсон тэргүүлэх салбаруудын хөгжлийг дэмжих, нэмүү өртөг шингээсэн экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр дунд болон урт хугацааны зээл, бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлнэ. Хөгжлийн банк Банкны тухай хуулийн 6.1.1-д заасан мөнгөн хадгаламжийн үйлчилгээ үзүүлэхгүй.

                                  Ес. Хөгжлийн банкны эрх, үүрэг

9.1. Хөгжлийн банк дараахь эрхийг эдэлнэ:

9.1.1. хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас зөвшөөрсний дагуу өөрийн үнэт цаасыг гадаад, дотоодын зах зээлд арилжих;

9.1.2. энэ дүрмийн 7.1-д заасан эх үүсвэрээр зээлийн үйл ажиллагаа явуулах;

9.1.3. байршиж байгаа чөлөөтэй мөнгөн хөрөнгийг бусад санхүүгийн байгууллагаар дамжуулан зах зээлд хөрвөх өндөр чадвартай санхүүгийн хэрэгсэлд зохистой, үр өгөөжтэй байршуулах;

9.1.4. Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрсний дагуу бие дааж болон бусад санхүүгийн байгууллагатай хамтран батлан даалт, баталгаа гаргах;

9.1.5. гадаад, дотоод төлбөр тооцоо эрхлэх;

9.1.6. өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллага, бусад хуулийн этгээдтэй харилцах, хамтран ажиллаж, гэрээ, хэлцэл байгуулах;

9.1.7. хууль тогтоомжоор хориглоогүй, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ эрхлэх.

9.2. Хөгжлийн банк дараахь үүргийг хүлээнэ:

9.2.1. зээл өгсөн болон баталгаа, батлан даалт гаргасан төслийн хэрэгжилтэд хяналт тавих;

9.2.2. зээл ашиглалт болон банкны зээлдэгчийн санхүүгийн байдалд хяналт, шалгалт явуулж байх;

9.2.3. хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, тухай бүр нь Монголбанкинд мэдэгдэх;

9.2.4. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

                                                                          Гуравдугаар бүлэг

                                                                          Активын удирдлага

                           Арав. Зээлийн бодлого, түүнд тавигдах шаардлага

10.1. Хөгжлийн банк нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан, энэхүү дүрмийн 8.1-д заасантай нийцэж байгаа төсөлд зээл олгож болно.

10.2. Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагаа нь дараахь шаардлагыг хангасан байна:

10.2.1. зээлийн эрсдэл, зээл авах үндэслэл, төслийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг тооцсон мэргэжлийн дүгнэлтэд үндэслэн банкны хувьд зардлаа нөхөхүйц хүү, хугацаа бүхий нөхцөлөөр зээл олгоно. Шаардлагатай тохиолдолд барьцаа, батлан даалт болон бусад үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэглэх;

10.2.2. зээл олгох шийдвэрийг зөвхөн мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний эерэг дүгнэлтэд үндэслэн гаргана. Шаардлагатай тохиолдолд шинжилгээ, үнэлгээ хийлгэх мэргэшсэн шинжээчдийг гэрээний үндсэн дээр ажиллуулах.

10.3. Зээлийн шинжилгээ, үнэлгээ хийхэд дараахь зарчмыг баримтална:

10.3.1.зээлийн шинжилгээ, үнэлгээг өөрийн орны онцлогийг харгалзан олон улсын аргачлал, шалгуурын дагуу хараат бус, мэргэшсэн шинжээчдээр хийлгэх;

10.3.2. зээлийн шинжилгээ, үнэлгээ нь тухайн төслийн эдийн засаг, нийгмийн үр ашиг, эрсдэлийг тогтоосон байх;

10.3.3. тухайн төсөл нь Хөгжлийн банкны зээлийн шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдвол энэ тухай зээл хүссэн этгээдэд мэдэгдэх.

10.4. Хөгжлийн банк зээлийн бодлогоо тодорхойлж, Засгийн газраар батлуулна.

10.5. Хөгжлийн банкны зээлийн бодлогод Зээлийн шинжилгээ, үнэлгээний хорооны гишүүдийн тоо, гишүүдийг сонгох журам, санал хураах эрх, хорооны шийдвэр гаргах дэг, эдлэх эрх, үүрэг, хороог хянах, шалгах журам, зээлийн барьцаа, батлан даалт, баталгааны талаар нарийвчлан тусгана.

                                              Арван нэг. Чөлөөт мөнгөн хөрөнгийг ашиглах

11.1. Хөгжлийн банк нь Монголбанкнаас тогтоосон банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд харшлаагүй тохиолдолд чөлөөтэй мөнгөн хөрөнгөө нэмэлт орлого бүрдүүлэх чиглэлээр ашиглаж болно. Ийнхүү ашиглахдаа Монголбанкнаас зөвшөөрөл авна.

                                         Арван хоёр. Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хориглох зүйл

12.1. Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:

12.1.1. энэ журмын 8.1-д зааснаас бусад үйл ажиллагаанд зээл олгох, баталгаа, батлан даалт гаргах;

12.1.2. Хөгжлийн банкны санхүүгийн үйлчилгээнд хамрагдаж, хөрөнгө оруулалтын болон экспортын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд данс нээх;

12.1.3. хууль тогтоомж болон банкны дотоод журамд заасны дагуу өөрийн ажилтанд санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэхээс бусад тохиолдолд иргэд, хуулийн этгээдэд буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх;

12.1.4. хуульд зааснаас бусад тохиолдолд харилцагчийн зөвшөөрөлгүйгээр данснаас нь гүйлгээ хийх;

12.1.5. аливаа улс төрийн нам, эвсэл, иргэн, хуулийн этгээдэд хандив өгөх.

                                                                            Дөрөвдүгээр бүлэг

                                                            Хөгжлийн банкны хяналт, шалгалт

              Арван гурав. Хөгжлийн банкны хяналт, шалгалт

13.1. Хөгжлийн банкны хувь нийлүүлэгчдийн хурал хянан шалгагч (хянан шалгах зөвлөл)-тай байна. Хянан шалгагч (хянан шалгах зөвлөл) нь компанийн дүрэм, хувь нийлүүлэгчдийн хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, компанийн удирдлагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргаж хувь нийлүүлэгчдийн хуралд танилцуулна. Хувь нийлүүлэгчдийн санал, гомдлын дагуу компанийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг хянан шалгаж, Компанийн тухай хуулийн 62.2-т заасны дагуу хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах талаар санал гаргаж болно.

13.2. Хянан шалгагч (хянан шалгах зөвлөл)-ийг сонгох журам, түүний бүрэн эрхийн хугацааг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтооно. Хянан шалгагч (хянан шалгах зөвлөлийн гишүүн) нь банкны эрх бүхий албан тушаалтан байхыг хориглоно.

13.3. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэд банкны бодлого, тухайн жилийн бизнес төлөвлөгөө, төсөв, үйл ажиллагаанд мөрдөх журмын хэрэгжилт, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан зөв эсэхэд хяналт тавьж, актив хөрөнгийг хамгаалан үр ашгийг дээшлүүлэх чиг үүрэг бүхий дотоод аудитын нэгж ажиллана. Төлөөлөн удирдах зөвлөл нь дотоод аудитын нэгжийн төсөв, орон тоог баталж, удирдлага, ажилтныг томилон, үйл ажиллагааны журам, цалин, урамшууллын хэмжээг тогтооно.

13.4. Дотоод аудитын нэгж нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн шууд удирдлагын дор үйл ажиллагаа эрхэлж банкны нэгж, бусад салбарыг шалган Төлөөлөн удирдах зөвлөлд ажлаа тайлагнана.

13.5. Дотоод аудитын нэгжийн хянан шалгагч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.5.1. батлагдсан хуваарийн дагуу ээлжит болон ээлжит бус шалгалтыг явуулах;

13.5.2. үйл ажиллагаа явуулах зорилгоор Хөгжлийн банкны нэгж болон салбаруудад чөлөөтэй нэвтрэн орох;

13.5.3. Хөгжлийн банкны нэгж болон салбаруудын санхүүгийн баримтад хяналт, шалгалт хийх, тайлбар лавлагаа гаргуулж авах;

13.5.4. шаардлагатай баримт бичгийг банкны нэгж болон салбар, харилцагч иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах;

13.5.5. шаардлагатай бол Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагад хандаж, мэдээллээр хангах.

                                                                          Тавдугаар бүлэг

                                                             Удирдлага, зохион байгуулалт

                              Арван дөрөв. Хөгжлийн банкны удирдлага

14.1. Хөгжлийн банкны эрх барих дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал байна.

14.2. Хувь нийлүүлэгчдийн хурлын чөлөөт цагт Хөгжлийн банкны эрх барих байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байна.

14.3. Хувь нийлүүлэгчдийн хурал нь Банкны тухай хуулийн 29.2, Компанийн тухай хуулийн 63.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

14.4. Банкны тухай хуульд өөрөөр заагаагүй бол Хөгжлийн банкны хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах, мэдээлэл хүргэх, шийдвэр хүчин төгөлдөр болох журам зэрэг бусад асуудлыг Компанийн тухай хуулийн 60-74 дүгээр зүйлээр зохицуулна.

                                   Арван тав. Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл

15.1. Хөгжлийн банк Төлөөлөн удирдах зөвлөлтэй байна.

15.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний тоо ес (9) байх бөгөөд гурав нь хараат бус гишүүн байна. Хараат бус гишүүнийг "Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам"1-д заасны дагуу нэр дэвшүүлж, Засгийн газар Хөгжлийн банкны хувьцааг 100 хувь эзэмшиж байгаа тохиолдолд Засгийн газраас эрх олгосон этгээд, бусадтай хамтарч эзэмшиж байгаа тохиолдолд хувь нийлүүлэгчдийн хурлаас томилно. Бусад 6 гишүүнийг Засгийн газар Хөгжлийн банкны хувьцааг 100 хувь эзэмшиж байгаа тохиолдолд Засгийн газраас эрх олгосон этгээд төрийг төлөөлөх этгээдийг төрийн захиргааны албан хаагчдаас сонгон шууд томилох бөгөөд бусадтай хамтарч эзэмших тохиолдолд талууд эзэмшиж байгаа хувьцаанд тохирох тооны хүний нэрийг дэвшүүлж, хувь нийлүүлэгчдийн хурлаас томилно.

15.3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь дараахь болзол, шалгуурыг хангасан байна:

---------------------------------------------------
1"Журам батлах тухай" Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 434/113/167 дугаар хамтарсан тушаалаар баталсан




15.3.1. Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвар, туршлагатай байх;

15.3.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх;

15.3.3. Банкны тухай хуулийн 32.1-д заасан шалгуурыг хангасан байх;

15.3.4. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь дээр дурдсанаас гадна Банкны тухай хуулийн 33.3-т заасан шалгуурыг хангасан байх.

15.4. Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг 4 жил хүртэлх хугацаагаар сонгоно.

15.5. Төлөөлөн удирдах зөвлөл Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйл, Банкны тухай хуулийн 31.3-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

15.6. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн дараахь үүргийг хэрэгжүүлнэ:

15.6.1. хууль тогтоомж болон энэхүү дүрэмд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

15.6.2. нууцаар ашиг хүртэхгүй байх;

15.6.3. сонирхлын зөрчлөөс зайлсхийж, сонирхлын зөрчил үүссэн үед Төлөөлөн удирдах зөвлөлд мэдээлдэг байх;

15.6.4. банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байх.

15.7. Банкны тухай хуульд өөрөөр заагаагүй бол Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдуулах, шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг бусад асуудлыг Компанийн тухай хуулийн 76-79 дүгээр зүйлээр зохицуулна.

                                              Арван зургаа. Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага

16.1. Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага банкны дүрэм болон Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Банкны гүйцэтгэх удирдлагыг Банкны тухай хуулийн 31.3.2-т заасны дагуу Монголбанкны ерөнхийлөгчтэй зөвшилцөн Төлөөлөн удирдах зөвлөл томилж, чөлөөлнө.

16.2. Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ.

16.3. Гүйцэтгэх захирал дараахь шалгуурыг хангасан байна:

16.3.1. банк, санхүүгийн салбарт таваас доошгүй жил, үүнээс гурваас доошгүй жилд нь олон улсын зах зээлд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагад ажилласан байх;

16.3.2. Банкны тухай хуулийн 34.2-т заасан шалгуурыг хангасан байх.

16.4. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.4.1. Хөгжлийн банкны дотоод дүрэм, журам, заавар, аргачлалыг батлах;

16.4.2. Банкны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлж, банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуурыг хангах, хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ, үнэлгээ хийж, тэдгээрийг шалгаруулан зээл олгох, санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх, төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой санхүү бүртгэл, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалтын асуудлаар шийдвэр гаргах;

16.4.3. Хөгжлийн банкны зээлийн бодлого, түүний хэрэгжилттэй холбоотой асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагуудтай шууд харилцаж, байр сууриа илэрхийлэх;

16.4.4. Банкны жилийн төсвийг боловсруулан батлуулж, гүйцэтгэлийг зохион байгуулах;

16.4.5. шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх;

16.4.6. Хөгжлийн банкны зээлийн болон санхүүгийн бусад үйлчилгээний хүү, шимтгэлийн хувь хэмжээг тогтоох;

16.4.7. Хөгжлийн банкийг төлөөлөх, хувь нийлүүлэгчдийн хурлаас олгосон эрхийн дагуу иргэн, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулах, хуулийн этгээдэд зохих журмын дагуу зээл, төлбөрийн батлан даалт, банкны баталгаа гаргах;

16.4.8. Хөгжлийн банкны боловсон хүчнийг шилж сонгох, бэлтгэх, давтан сургах бодлогыг тодорхойлох, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цалингийн сүлжээ, урамшуулал, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох, ажлаас чөлөөлөх, урамшуулах, сахилгын арга хэмжээ авах;

16.4.9. Хөгжлийн банкны нэрийн өмнөөс холбогдох мэдээ, тайланг харилцагчдаас шаардан авах, тэдний тайлан тэнцэлтэй танилцах, шалгах, хууль тогтоомжийн дагуу хөрөнгийг барьцаанд авах, дансны гүйлгээг түр хаах.

16.5. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал дараахь үүргийг хэрэгжүүлнэ:

16.5.1. Банкны үйл ажиллагааны хэтийн чиглэл, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх, актив, пассивын удирдлагын бодлогыг тодорхойлох;

16.5.2. санхүүгийн сахилга батыг чанд сахиулах, банкны хэвийн үйл ажиллагааг хангуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

16.5.3. Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын төслийн болон зээлийн шинжилгээ, үнэлгээ хийх зориулалтаар мэдээллийн сан бүрдүүлэх;

16.5.4. хөрөнгө оруулалтын төслийн үнэлгээний зарчмыг тогтоож, сайжруулах арга хэмжээ авах;

16.5.5. хөрөнгө оруулалт, зээлийн үйл ажиллагааны хяналт, шалгалтын тогтолцоог бүрдүүлэх;

16.5.6. харилцагчаас Хөгжлийн банкны өмнө хүлээсэн үүргийг хангуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

16.5.7. Хөгжлийн банк, түүний салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд холбоотой дүрэм, журам, заавар, тушаалын хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг тооцон ажиллах;

16.5.8. хувь нийлүүлэгчдийн хурлаас зөвшөөрсний дагуу Хөгжлийн банкны хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж, чөлөөтэй мөнгөн хөрөнгийг зах зээлд хөрвөх өндөр чадвартай санхүүгийн хэрэгсэлд байршуулах, банкны үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

16.5.9. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, зээлийн мэдээллийг цаг тухайд нь гаргуулж, тэдгээрийн үнэн зөв байдлыг хангуулах;

16.5.10. Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын төслийн салбарын бүтэц, чиглэл, зээлийн хэмжээ, үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа явц байдал, үнэт цаасны борлуулалт, эх үүсвэр татан төвлөрүүлэлт, түүний үр ашгийн байдал, цаашдын төлөв хандлагын талаар санал боловсруулан Засгийн газарт хүргүүлж байх;

16.5.11. Хөгжлийн банкны хороодыг толгойлж, тэдгээрийг өдөр тутмын удирдлагаар ханган ажиллах;

16.5.12. Хөгжлийн банкны санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулах;

16.5.13. хувийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг хэлэлцэхэд оролцохгүй байх.

16.6. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал нь бусад байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхэлж болохгүй.

16.7. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал ээлжийн амралт эдлэх, гадаад, дотоодод албан томилолтоор ажиллах, удаан хугацаагаар өвчлөх тохиолдолд өөрийн бүрэн эрхийг эрх бүхий этгээдэд шилжүүлнэ. Гүйцэтгэх захирал нь тодорхой бүрэн эрхээ Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтан болон ажилтанд шилжүүлж болно. Ийнхүү эрхээ итгэмжлэн шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

16.8. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө ажлаа тайлагнана.


                                              Арван долоо. Хөгжлийн банкны зөвлөл

17.1. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал нь түүний бүрэн эрхэд хамаарах асуудлаар зөвлөж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлтэй байж болно.

17.2. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал батална.

                                             Арван найм. Хөгжлийн банкны хороод

18.1. Хөгжлийн банк нь Актив, пассивын удирдлагын, Зээлийн удирдлагын болон Эрсдэлийн удирдлагын хороотой байна.

18.2. Энэ журмын 18.1-д заасан хорооны дарга нь банкны гүйцэтгэх захирал байх бөгөөд гишүүдийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилж, чөлөөлнө.

18.3. Актив, пассивын удирдлагын хороо нь тус банкны актив, пассивын байршил, бүтэц, хугацааны байдлыг шинжилж, түүнийг зохистой удирдлагаар хангах арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлнэ.

18.4. Зээлийн удирдлагын хороо нь банкны зээлээр хэрэгжиж байгаа төслүүдэд шинжилгээ, үнэлгээ хийж, төслийн явц байдалд хяналт тавин зээл эргэн төлөгдөхөд учирч болох эрсдэлээс хамгаалах арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлж, банкны зээлийн багцын оновчтой бүрдүүлэлтийг хангана.

18.5. Эрсдэлийн удирдлагын хороо нь банкны зээлийн, зах зээлийн, хөрвөх чадварын, үйл ажиллагааны, хууль эрх зүйн, нэр хүндийн болон бусад төрлийн эрсдэлийн удирдлагын талаар авч байгаа арга хэмжээ хангалттай байгаа эсэхэд хяналт тавина.

                                                 Арван ес. Хөгжлийн банкны хяналтын зөвлөл

19.1. Хөгжлийн банкны хувь нийлүүлэгчдийн хурлаас дотоод хяналтын үйл ажиллагаа, хөндлөнгийн хяналтын санал, дүгнэлтийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын багц болон Хөгжлийн банкнаас санхүүгийн тайлангаа Засгийн газар олон нийтэд тайлагнан мэдээлж байгаа байдал, Хөгжлийн банк болон гүйцэтгэх захирлын үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих эрх бүхий төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 5 гишүүнтэй, орон тооны бус Хяналтын зөвлөлийг байгуулан ажиллуулна.

19.2. Хяналтын зөвлөл нь Хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, зээл, төлбөр тооцоо, санхүүгийн зах зээлд явуулах үйл ажиллагааны талаар шийдвэр гаргахад хөндлөнгөөс оролцохгүй.

19.3. Хөгжлийн банк болон гүйцэтгэх захирлаас Хяналтын зөвлөлийг үйл ажиллагаагаа явуулахад нь шаардлагатай мэдээллээр бүрэн хангана.

19.4. Хяналтын зөвлөлийн гишүүний урамшуулал, ажиллах журмыг хувь нийлүүлэгчдийн хурлаас тогтооно.

19.5. Хөгжлийн банкны Хяналтын зөвлөл ажлаа хувь нийлүүлэгчдийн хуралд тайлагнана.

                                     Хорь. Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалт

20.1. Хөгжлийн банк нь дараахь зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байна:

20.1.1. Санхүүгийн удирдлага, эх үүсвэр зохицуулалт, статистикийн газар;

20.1.2. Хөрөнгө оруулалт, зээлийн бодлого, төлөвлөлтийн газар;

20.1.3. Мэдээллийн технологи, сургалт, судалгааны газар;

20.1.4. Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар.

20.2. Хөгжлийн банк нь Банкны тухай хуулийн 18.2-т заасны дагуу Монголбанкны зөвшөөрөл авсны үндсэн дээр өөрийн салбар, төлөөлөгчийн газрыг байгуулан ажиллуулж болно.

20.3. Хөгжлийн банкны салбар нь Хөгжлийн банкны төв оршин байгаа газраас өөр газар байрлаж, Хөгжлийн банкны үндсэн чиг үүрэг болон Төлөөлөгчийн газрын үүргийг гүйцэтгэнэ.

20.4. Хөгжлийн банкны Төлөөлөгчийн газар нь Хөгжлийн банкны хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, мэдээлэл цуглуулах, Хөгжлийн банкны нэрийн өмнөөс тус банкнаас тогтоосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх зэрэг эрх зүйн төлөөллийн үйл ажиллагаа явуулна.

20.5. Хөгжлийн банкны салбар, төлөөлөгчийн газар хилийн чанадад үйл ажиллагаа эрхлэхдээ Монгол Улсын болон тухайн улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, эрх зүйн хэм хэмжээ, зарчмуудыг мөрдлөг болгоно.

20.6. Хөгжлийн банкны ажилчдын хөдөлмөрийн болон нийгмийн баталгаатай холбогдсон харилцааг хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, тус банкны хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ болон хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

20.7. Хөгжлийн банкны ажилтанд Банкны тухай хуулийн 7.2-т зааснаас гадна дараахь зүйлийг хориглоно:

20.7.1. аливаа иргэн болон бусад хуулийн этгээдийн ашиг сонирхлыг төлөөлөхгүй байх;

20.7.2. албан үүрэгтээ үнэнч шударга хандаж, Хөгжлийн банкны үйл ажиллагаа, тогтоосон зарчимд харш байдлаар өөртөө болон гэр бүл, төрөл төрөгсөд, ажил төрлийн болон хувийн харьцаатай хүмүүст хууль бусаар давуу байдал олгохгүй байх;

20.7.3. харилцагчийн данс, зээл, төлбөр тооцоо, бизнесийн ажиллагаатай холбоотой албан материал, тоон үзүүлэлт, дотоод дүрэм, журам, заавар нөхцөлүүдийг хууль тогтоомж, журам, зааварт зааснаас бусад тохиолдолд бусдад мэдээлэх, танилцуулах, ашиглуулах, нууцлалыг алдагдуулах буюу хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх;

20.7.4. албан үүргийнхээ дагуу олж авсан мэдээллийн нууцлалыг хуульд зааснаас бусад тохиолдолд үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш задруулахгүй байх.

                                                                           Зургадугаар бүлэг

                                               Нягтлан бодох бүртгэл, аудит, санхүүгийн тайлан

                        Хорин нэг. Хөгжлийн банкны бүртгэл тооцоо, санхүүгийн тайлан

21.1. Хөгжлийн банкны санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж, олон улсын нягтлан бодох бүртгэлийн зарчмын дагуу улирал болгон гаргаж, аудитын байгууллагаар баталгаажуулан дүгнэлтийн хамт жилийн тайланд тусгана.

21.2. Санхүүгийн тайлан нь тайлан тэнцэл, орлого, үр дүнгийн тайлан, хуримтлагдсан ашгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан болон нэмэлт тайлбар, тодруулгаас бүрдэнэ.

21.3. Санхүүгийн тайлангийн үнэн зөвийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Санхүүгийн удирдлага, эх үүсвэр зохицуулалт, статистикийн газрын дарга хариуцна.

21.4. Хөгжлийн банкны санхүүгийн үйл ажиллагаанд Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр сонгосон хөндлөнгийн аудитын байгууллагаар шалгалт хийлгүүлж, дүгнэлт гаргуулна.

                                                                       Долдугаар бүлэг

                                                                           Бусад зүйл

                                 Хорин хоёр. Хөгжлийн банкийг татан буулгах

22.1. Хөгжлийн банкийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу татан буулгана.

22.2. Хөгжлийн банкийг татан буулгах тохиолдолд нэхэмжлэгчдийн өр төлбөрийг хуульд заасан дарааллыг баримтлан барагдуулсны дараа үлдэж байгаа эд хөрөнгийг төрийн өмчид шилжүүлнэ.




                                                                                                      ---оОо---