A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Их Хурлын 2006 оны 01 дүгээр тогтоолын хавсралт
 
ТӨРӨӨС АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
               1.1. Монгол Улсын олон хэвшил бүхий эдийн засгийн онцлог, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын "Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлал", "Хөдөлмөрийн хүрээн дэх суурь зарчим ба үндсэн эрхүүдийн тухай Тунхаглал"-ын үзэл санаанд тулгуурлан төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг (цаашид "бодлого" гэнэ) үндэсний хэмжээнд тодорхойлж, хэрэгжүүлнэ.
 
               1.2. Энэ бодлогын зорилго нь албан бус хөдөлмөр эрхлэгчдийг төрийн үйлчилгээгээр дамжуулан албан хэлбэрт шилжүүлэх, аливаа эрсдэлээс хамгаалах эрх зүй, эдийн засаг, хөдөлмөр, нийгмийн хамгааллын баталгаа бий болгож, улс орны эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд оршино.
 
               1.3. Албан бус хөдөлмөр эрхлэлт гэдэгт албан ёсны бүртгэл, мэдээлэл, нийгмийн хамгаалалд бүрэн хамрагдаагүй, хөдөө аж ахуйн бус, аж ахуй эрхлэх аливаа нэгэн зохион байгуулалтын хэлбэрт ороогүй, хуулиар хориглоогүй ажил, үйлчилгээг хувь хүн, өрх, хамтлаг эрхлэхийг хамруулна.
 
               1.4. Бодлогыг Монгол Улсын хөгжлийн ойрын болон дунд хугацааны төлөвлөгөө, Мянганы хөгжлийн зорилттой уялдуулан, улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган, бодлогын нэгдүгээр үеийг 2006-2008 онд, хоёрдугаар үеийг 2009-2011 онд, гуравдугаар үеийг 2012-2015 онд тус тус хэрэгжүүлнэ.
 
Хоёр. Баримтлах зарчим
 
               2.1. Албан бус хөдөлмөр эрхлэгчдэд аливаа дарамт, шахалт үзүүлэхийг хориглоно.
 
               2.2. Хувь хүн, өрх, хамтлагийн аж ахуй эрхлэх эрх, эрх чөлөөг хүндэтгэнэ.
 
               2.3. Албан бус хөдөлмөр эрхлэлтээс албан хэлбэрт шилжих санаачилга, үйл ажиллагааг дэмжинэ.
 
               2.4. Нийгмийн түншлэл, хамтын ажиллагаанд тулгуурлана.
 
               2.5. Ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх эдийн засгийн бодлоготой хослуулна.
 
               2.6. Албадан болон хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр, нийгэм, эдийн засгийн талаар ялгаварлан гадуурхах явдлыг устгах зорилттой уялдуулна.
 
               2.7. Албан бус хөдөлмөр эрхлэгчдэд үзүүлэх үйлчилгээ, дэмжлэг нь тэдний үйл ажиллагааны хэлбэр, бүс нутгийн онцлогоос үл хамааран тэгш, хүртээмжтэй байна.
 
Гурав. Хэрэгжүүлэх арга зам
 
               3.1. Албан бус хөдөлмөр эрхлэлтийг макро эдийн засгийн бодлоготой уялдуулж, газрын шинэчлэл, хөрөнгө оруулалт, технологи, татвар, санхүү, зээл, бүртгэл, мэдээллийн бодлогоор дамжуулан зохион байгуулалтад орох боломжийг өргөжүүлнэ. Энэ зорилгоор:
 
                              3.1.1. хувь хүн, өрх, хамтлагийн ажил, үйлчилгээ эрхлэх, хөдөлмөрөө оновчтой хорших, үйл ажиллагаагаа албан хэлбэрт шилжүүлэх сонирхлыг газар эзэмших, ашиглах, өмчлөх бодлогоор дэмжих;
 
                              3.1.2. зээлийн үйлчилгээний төрлийг өргөжүүлэх, зээл авах боломжийг нэмэгдүүлэх замаар хувь хүн, өрх, хамтлагийн хадгаламж, хуримтлалаа өсгөх сонирхлыг бий болгох;
 
                              3.1.3. эд хөрөнгийн болон зээлийн даатгалын үйлчилгээг нэвтрүүлж, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах;
 
                              3.1.4. татварын уян хатан бодлогоор дамжуулан хувь хүн, өрх, хамтлагийн ажил, үйлчилгээгээ албан хэлбэрт шилжүүлэх боломжийг дээшлүүлэх;
 
                              3.1.5. нийгмийн даатгалын хувь хэмжээг үе шаттайгаар бууруулах, цалин, хөлсний тогтолцоог боловсронгуй болгох замаар албан хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх;
 
                              3.1.6. албан бус хөдөлмөр эрхлэлтийг үндэсний статистикийн бүртгэл, тооцооны системд хамруулж, мэдээлэл, судалгааг боловсронгуй болгох;
 
                              3.1.7. албан бус хөдөлмөр эрхлэгчдийг техник, технологийн дэвшил, хөрөнгө оруулалтаар дэмжиж, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтарч ажиллах боломжийг бүрдүүлэх.               
 
               3.2. Албан бус хөдөлмөр эрхлэлтийн эрх зүйн орчныг сайжруулан энэхүү хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрлөх эрхийн баталгааг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн хангахад анхаарна. Энэ зорилгоор:
 
                              3.2.1. хөдөлмөрийн хууль тогтоомжийн хамрах хүрээг өргөжүүлэн, албан бус хөдөлмөр эрхлэгчдийг албан хөдөлмөр эрхлэгчдийн нэг адил хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх;
 
                              3.2.2. албан бус хөдөлмөр эрхлэгчдэд ажил, үйлчилгээний чиглэл болон бизнесийн сонирхлоороо нэгдэх, төлөөллөө бий болгоход нь дэмжлэг үзүүлэх;
 
                              3.2.3. хөдөлмөрийн хяналтын чиг үүрэг, хүртээмжийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн өргөжүүлж, хөдөлмөрийн харилцааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх;
 
                              3.2.4. өндөр эрсдэлтэй ажил, үйлчилгээ эрхэлж байгаа албан бус хөдөлмөр эрхлэгчдийг зохион байгуулалтын оновчтой хэлбэрт оруулах чиглэлээр эрх зүйн орчин  бүрдүүлэх.              
 
               3.3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлоготой уялдуулан албан бус хөдөлмөр эрхлэгчдийн орлогын тогтвортой эх үүсвэр бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжинэ. Энэ зорилгоор:
 
                              3.3.1. хөдөлмөр эрхлэлтийн олон хэв шинж, бүс нутгийн онцлогт нийцсэн уян хатан бодлого хэрэгжүүлэх;
 
                              3.3.2. хөдөлмөр эрхлэлтийн талаархи төсөл, тусламжид ахмад настан, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах;
                             
                              3.3.3. албан бус хөдөлмөр эрхлэгчдэд аж ахуй эрхлэх ур чадвар олгох, түүнийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтыг сайжруулж, нийгмийн эмзэг хэсгийг түлхүү хамруулах арга хэлбэрийг дэмжих;
 
                              3.3.4. албан бус хөдөлмөр эрхлэгчид мэдээлэл, харилцааны технологийг ашиглан зах зээлийн талаархи шинэ мэдлэг олж авах боломжийг бүрдүүлэхэд анхаарах;
              
                              3.3.5. бага оврын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн үйлдвэрлэл, худалдаа, зуучлалыг өргөжүүлж, бизнесийн үйлчилгээний төрөл, хэлбэрийг хөгжүүлэх.
 
               3.4. Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн нөхцөл, ашиг сонирхол, орлогын байдалтай уялдуулан тэдгээрийн нийгмийн хамгааллыг сайжруулна. Энэ зорилгоор:
 
                              3.4.1. албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн нөхцөлийг үе шаттай сайжруулахад чиглэсэн менежментийг нэвтрүүлж, энэ чиглэлээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагын техник, арга зүйн дэмжлэг авах;
 
                              3.4.2. нийгмийн даатгалын үйлчлэх хүрээ, нэр төрлийг өргөжүүлж, тэдгээрт албан бус хөдөлмөр эрхлэгчдийг хамруулах талаар төсөл боловсруулж хэрэгжүүлэх;
 
                              3.4.3. албан бус хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын талаархи мэдлэгийг дээшлүүлж, тэдэнд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах;
 
                              3.4.4. албан бус хөдөлмөр эрхлэгчдийг олон улсын жишигт нийцсэн нийгмийн хамгааллын сайн дурын бүтэц, бичил сүлжээнд хамруулах талаар гарч байгаа санал, санаачилгыг дэмжих.
 
               3.5. Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэн албан бус хөдөлмөр эрхлэлтийг албан хэлбэрт шилжүүлэхэд нийгмийн түншлэлийн болон олон нийтийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, тэдний чадавхийг бэхжүүлнэ. Энэ зорилгоор:
 
                              3.5.1. албан бус хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах талаар ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлийн болон бусад байгууллагаас гаргаж байгаа санаачилгыг дэмжих;
 
                              3.5.2. нийгмийн зөвшлийг хангах гурван талт хэлэлцээр, үндэсний хороо, зөвлөл зэрэг хамтын ажиллагааны хэлбэрт албан бус хөдөлмөр эрхлэгчдийг оролцуулах боломжийг бүрдүүлэх;
 
                              3.5.3. албан бус хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох, тэдгээрт үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэх арга хэмжээ авах.
 
              
 
 
 
 
---оОо---