- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ИРГЭНИЙ БОЛОН ХАРУУЛ, ХАМГААЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТЫН ЗААВАР
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/72 дугаар тушаалын хавсралт
ИРГЭНИЙ БОЛОН ХАРУУЛ, ХАМГААЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ
ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ АЮУЛГҮЙ
АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТЫН ЗААВАР
Нэг.Зорилго
1.1.Иргэн, байгаль хамгаалагч, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн ажилтанд иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааг хангах мэдлэг, ур чадварыг олгоход чиглэгдэнэ.
Хоёр.Сургалтын удирдлага, зохион байгуулалт
2.1.Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын зааврыг үндэслэн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв (цаашид “Сургалтын төв” гэх) болон Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба хамтран боловсруулж, Цагдаагийн төв байгууллагын даргаар батлуулна.
2.2.Батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтыг Улаанбаатар хотод Сургалтын төв, аймагт нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага хариуцан зохион байгуулна.
2.3.Цагдаагийн албаны тухай хуулийн 17.3-т заасны дагуу Сургалтын төв нь галт зэвсэг эзэмших, ашиглах сургалтыг зохион байгуулахдаа багшлах боловсон хүчин, сургалтын материаллаг баазад түшиглэн Хууль сахиулахын их сургууль, батлан хамгаалах, хилийн цэргийн анги, байгууллага болон бусад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдтэй гэрээ байгуулан уг сургалтыг явуулах эрх олгож болно. /ЦЕГ-ын 2016-01-28-ны өдрийн А/14 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав/
2.31.Хууль зүй, Батлан хамгаалахын сайд нарын хамтран тогтоосон шийдвэрийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төв нь батлан хамгаалах болон хилийн цэргийн сургалт явуулах газартай энэ зааврын 2.3-д зааснаар гэрээ байгуулж, сургалт явуулах эрх олгоно./ЦЕГ-ын 2016-01-28-ны өдрийн А/14 дугаар тушаалаар нэмснийг тусгав/, /ЦЕГ-ын даргын 2020 оны А/198 дугаар тушаалаар 2.3, 2.31 дэх заалтыг хүчингүй болгосон/
2.4.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага зохион байгуулсан сургалтын үр дүн, хамрагдсан иргэн, хуулийн этгээдийн тухай мэдээллийг улирал тутмын сүүлийн сарын 25-ны дотор Сургалтын төвд ирүүлнэ. Ирүүлсэн дүн, мэдээллийг Сургалтын төв нэгтгэн сургалтын тайлан, мэдээнд тусган Цагдаагийн ерөнхий газрын даргад танилцуулна.
2.5.Сургалтын төвийн ахлах мэргэжилтэн, галт зэвсгийн мэргэшсэн сургагч багш, цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд ажиллаж буй сургагч багш /алба хаагч/ нар танхимын болон дадлагын сургалтыг удирдан явуулна.
2.6.Сургалт явуулах алба хаагч, сургагч багш бүр зааж байгаа хичээлийн төлөвлөгөө, сургалтад ашиглах болон суралцагчийн мэдлэг, ур чадварыг үнэлж, дүгнэх материалыг боловсруулж, үр дүнг хариуцна.
2.7.Танхимын сургалт 2, дадлагын сургалт 1, нийт 3 хоногоос доошгүй хугацаанд сургалтыг зохион байгуулна.
2.8.Сургалтыг хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийн тоо, сургалтын анги, танхимын багтаамж, ачааллыг харгалзан тухай бүр зохион байгуулна.
Гурав.Сургалтын чиглэл, багтаамж, агуулга
3.1.Сургалтын чиглэл:
3.1.1.Дараах сургалтын чиглэлтэй байна. Үүнд:
а/хууль, эрх зүйн мэдлэг;
б/галт зэвсэг /сум/-ийн бүтэц, зохион байгуулалт, тактик техникийн үзүүлэлт;
в/сэтгэл зүйн бэлтгэл;
г/галт зэвсэгтэй харьцах, түүний аюулгүй байдлыг хангах мэдлэг;
д/буудлагын дадлага сургалт;
е/галт зэвсэг хэрэглэсний улмаас бэртэж, гэмтсэн, шархдсан үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадвар;
ж/галын аюулгүй байдлыг хангах, хээрийн нөхцөлд гал унтраах арга тактик.
3.2.Сургалтын багтаамж /багц цаг/:
3.2.1.Сургалтын төлөвлөгөөний дагуу суралцагч нийт 3–аас доошгүй багц цагийн сургалтад хамрагдана.
Сургалтын 6 цагийг 1 багц цагт тооцно. Танхимын нэг удаагийн сургалтын үргэлжлэх хугацаа 90 минут байна.
3.3.Сургалтын агуулга:
3.3.1.Сургалтын агуулга нь иргэн, харуул хамгаалалтын ажилтанд хууль эрх зүйн мэдлэг, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах ур чадвар олгоход чиглэсэн сургалтын үйлчилгээ явуулна.
3.3.2.Иргэний болон харуул, хамгаалалтын зориулттай галт зэвсэг хэрэглэх ерөнхий мэдлэгийн сургалт нийт сургалтын агуулгын 60% хүртэл, дадлага, ур чадварын сургалт 40% хүртэл байна.
3.3.3.Хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдсан иргэн дараах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх шаардлага тавигдана.
а/галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны талаар хууль зүйн зохих мэдлэг эзэмшсэн, тэдгээрийг зөв хэрэглэх чадварыг эзэмшсэн байх;
б/аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар зохих мэдлэгийг авсан байх;
в/галт зэвсэг хэрэглэсний улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол, гэмтэл учруулсан тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж яаралтай үзүүлэх чадвар эзэмшсэн байх;
г/галт зэвсэг хэрэглэх сэтгэл зүйн бэлтгэлтэй, зөв хандлагатай болсон байх.
3.4.Сургалтын арга, хэлбэр:
3.4.1.Сургалтын зорилгыг харгалзан тухайн сэдвийг заах сургалтын оновчтой, үр дүнтэй аргыг багш сонгон хэрэглэнэ. Сургалтад оролцогчдын оролцоог хангах нөхцөл, боломжийг аль болох бүрдүүлж, дадлагажуулж, чадваржуулахад чиглэгдсэн сургалтын аргыг хэрэглэнэ.
3.4.2.Сургалтыг танхимын болон дадлагын хэлбэрээр хослуулан зохион байгуулна.
Танхимын сургалтыг лекц /онол/, семинар, дасгал хэлбэрээр, суралцагчдад мэдлэг, чадвар эзэмшүүлэх, хандлага төлөвшүүлэхэд чиглүүлэн зохион байгуулна.
3.4.3.Дадлагын сургалт нь энэ зүйлийн 2.1-т заасан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу явагдана.
Энэ сургалт нь суралцагчдад хууль тогтоомжоор олгосон эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, хүлээсэн үүргээ биечлэн гүйцэтгэх дадал, ур чадварыг бодит орчинд нь буюу үйл ажиллагааны явцад эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
3.5.Сургалтын орчин:
3.5.1.Сургалтын төв, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад танхимын сургалтыг явуулах анги, танхим, техник хэрэгслийг бэлтгэж, материаллаг бусад орчныг хангасан байна.
3.5.2.Нэг бүлэгт 30-аас доошгүй суралцагч хичээллэх бөгөөд шаардлагатай бол бага бүлгээр 15-аас доошгүй суралцагч хичээллэх анги, танхим, 3 суралцагч бүрийн сургалтад ашиглахаар тооцож, сургалтын галт зэвсэг, бусад техник хэрэгслүүдийг бэлтгэсэн байвал зохино.
3.5.3.Аймагт сургалт хамрагдах иргэдийн тоо нь энэ журмын 3.5.2-т заасан хязгаарт хүрэхгүй тохиолдолд тухайн байгууллагын даргын шийдвэрээр сургалтыг 15-аас доош суралцагчдад сургалтыг явуулж болно.
3.5.4.Сургалтад ашиглах хууль тогтоомж, ном, сурах, бичиг гарын авлагыг цахим болон бусад хэлбэрээр бэлтгэж сургалтад ашиглана.
3.5.5.Галт зэвсгийг задалж, угсрах, шагайврын дадлага, чадварын сургалтыг зохион байгуулах, буудлага үйлдэх боломж, шаардлагыг хангасан анги танхим, байгууламж /тир/-тай байна.
3.6.Сургалтад шаардагдах галт зэвсэг, техник хэрэгсэл:
3.6.1.Танхимын сургалтад дэлгэц, проектор, компьютер, чанга яригч, гарын авлага, үзүүлэн самбар, тараах материалтай байна.
3.6.2. Дадлага сургалтад Галт зэвсгийн тухай хуулийн 4.2-т заасны дагуу хууль зүйн, байгаль орчны болон спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалтад багтсан галт зэвсгийг ашиглана.
3.7.Сургалтын үр дүнг дүгнэх:
3.7.1.Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан иргэн, ажилтнаас хууль, эрх зүйн сорил болон ур чадварын шалгалтыг авч дүгнэнэ.
3.7.2.Шалгалтад амжилттай хамрагдсан иргэн, ажилтанд иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын гэрчилгээг сургалт явуулсан байгууллагын дарга олгоно.
3.7.3.Шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн иргэн, ажилтанг давтан сургалтад хамруулж, шалгалт авч, гэрчилгээ олгоно.
Дөрөв.Суралцагчид тавигдах шаардлага
4.1.Сургалтад хамрагдах иргэн, хуулийн этгээдийн ажилтанд дараах шаардлага тавигдах бөгөөд холбогдох баримт бичгийг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-ээр бүрдүүлнэ.
4.1.1.Иргэн дараах баримт бичгийг:
a)Иргэний үнэмлэхийн лавлагаа;
б)Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа;
в)Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согогийн жагсаалтад заасан өвчин, эмгэггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас;
г)Төлбөр төлсөн баримт.
4.1.2.Харуул хамгаалалтын болон спорт сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд ажилтнаа сургалтад хамруулахдаа дараах баримт бичгийг:
a)Сургалтад хамруулах тухай хүсэлт;
б)Харуул хамгаалалтын болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн лавлагаа;
в)Гэрээт харуул хамгаалалтын сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар.
4.2.Галт зэвсгийн сургалтад хамрагдсаныг нотлох баримт бичигтэй иргэдэд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв нь галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын гэрчилгээг олгож болох бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
4.2.1.Галт зэвсгийн сургалтад хамрагдсаныг нотлох баримт бичигтэй иргэн дараах баримт бичгийг:
а)Буудлага спортын холбооны тодорхойлолт (Буудлага спортын холбооны улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний лавлагаа, тодорхойлолт, хүсэлт);
б)Цэрэг, цагдаагийн сургууль (галын бэлтгэлд хамрагдсан) төгсөж, олгосон баримт бичиг, түүний хавсралт;
в)Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албадын үндсэн чиг үүрэг гүйцэтгэдэг алба хаагчид олгосон албан байгууллагын тодорхойлолт;
г)Гэрээт харуул хамгаалалтын сургалтад хамрагдсаныг нотлох гэрчилгээг тус тус бүрдүүлэхээс гадна энэ зааврын 4.1.1-д заасан баримт бичгийг бүрдүүлсэн байна.
4.3.Сургалтаас чөлөөлөгдөж сургалтын гэрчилгээ авах иргэн “Сургалтын төлбөрийн хэмжээ, зардлын норматив батлах тухай” дотоод хэргийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан шийдвэрт заасан тарифын дагуу гэрчилгээний үнийг төлнө.
Тав.Сургалтын зардал
5.1.Цагдаагийн албаны тухай хуулийн 17.4-т заасны дагуу хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран тогтоосон сургалтын төлбөрийг хуулийн этгээд, иргэн сургалт эхлэхээс 2-оос доошгүй хоногийн өмнө тухайн сургалт явуулах байгууллагын дансанд шилжүүлсэн байна.
5.2.Сургалтын төлбөрийг зөвхөн сургалтын зардалд хэрэглэнэ.
/ЦЕГ-ын даргын 2016 А/59, 2018 оны А/43 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A