- Нүүр
- Сайдын тушаал
- НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ХУУЛИЙН ДАГУУ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АНГИЛАЛ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТОГТООХ ЖУРАМ
Сангийн сайдын 2016 оны 41 дүгээр тушаалын хавсралт
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ХУУЛИЙН ДАГУУ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АНГИЛАЛ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТОГТООХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.2-т заасны дагуу аж ахуйн нэгж байгууллагыг ангилах шалгуур үзүүлэлтийг тогтоох, ангилах ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2.Санхүүгийн тайлангийн И-баланс цахим санд байгаа тухайн аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн үзүүлэлтэд үндэслэн ангиллыг тогтооно.
1.3.Аж ахуйн нэгж, байгууллагын ангилах шалгуур үзүүлэлтийг санхүүгийн тайлангийн нэгтгэл, дүн шинжилгээнд үндэслэн 3 жил тутамд шинэчлэн тогтооно.
Хоёр. Нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж, байгууллага
2.1.Олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг ашиглан үйл ажиллагаа явуулдаг, эсвэл бүтээгдэхүүн ажил үйлчилгээний үнэ өртөг эсвэл үйл ажиллагаа нь нийтийн эрх ашигт нөлөөлдөг бол нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж, байгууллага гэж үзнэ.
2.2.Нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж, байгууллагад дараах аж ахуйн нэгж, байгууллагууд хамаарна:
2.2.1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.2.1-4.2.7-д заасан байгууллагууд;
2.2.2.Газрын тосны салбарт тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага;
2.2.3.Энэ журмын 3.2-т заасны дагуу “том аж ахуйн нэгж” гэсэн ангилалд хамаарах байгууллага;
Гурав. Аж ахуйн нэгж, байгууллагыг ангилах шалгуур үзүүлэлтийг
тогтоох, ангилах
3.1.Дараах үзүүлэлтийг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагыг том, жижиг дунд гэж ангилна. Үүнд:
3.1.1.Нийт хөрөнгийн хэмжээ;
3.1.2.Борлуулалтын хэмжээ;
3.2.Аж ахуйн нэгж, байгууллагын нийт хөрөнгийн хэмжээг тухайн жилийн санхүүгийн тайланд үндэслэн нийт хөрөнгийн эхний ба эцсийн үлдэгдлийн арифметик дунджаар тооцно.
3.3.Аж ахуйн нэгж, байгууллагын борлуулалтын хэмжээг тухайн жилийн санхүүгийн тайланд тусгагдсан борлуулалтын хэмжээгээр тооцно.
3.4.Дараах шалгуурын аль нэгийг хангасанбол “том аж ахуйн нэгж, байгууллага” гэсэн ангилалд хамааруулна. Үүнд:
3.4.1.Нийт хөрөнгийн хэмжээ 0.5 тэрбум төгрөгөөс дээш;
3.4.2.Борлуулалтын хэмжээ 1.5 тэрбум төгрөгөөс дээш;
3.5.Энэ журмын 2.2-т заасан шалгуурын дагуу “нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж”-д хамаарч байгаагаас бусад аж ахуйн нэгж, байгууллагыг “жижиг дунд аж ахуйн нэгж” гэсэн ангилалд хамааруулна.
Дөрөв. Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэл хөтлөх,
санхүүгийн тайланг баталгаажуулах
4.1.Нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж, байгуулага нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын зөвлөлөөс гаргасан Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг дагаж мөрдөх бөгөөд Аудитын олон улсын стандартын дагуу санхүүгийн тайлангийн аудит хийлгэнэ.
4.2.Жижиг дунд аж ахуйн нэгж, байгууллага нь Жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг дагаж мөрдөнө.
Тав. Аж ахуйн нэгж байгууллагын ангилалыг анх удаа
тогтоох, өөрчлөх
5.1.Аж ахуйн нэгж, байгууллагын ангиллыг анх удаа тогтоохдоо тухайн аж ахуйн нэгж, байгууллагын 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн үзүүлэлтэд үндэслэн харилцагч санхүүгийн байгууллага тогтооно.
5.2.Энэ журмын 1.3-т заасны дагуу ангилал тогтоох үзүүлэлтийн түвшинг шинэчлэн тогтоосон үед тухайн жилээс өмнөх дараалсан 3 жилийн санхүүгийн тайлангийн үзүүлэлтэд үндэслэн ангилалыг хянан үзэж, өөрчлөн тогтооно.
5.3.Харилцагч санхүүгийн байгууллагын эсвэл аж ахуйн нэгж, байгууллагын үндэслэл бүхий хүсэлтээр энэ журмын 1.3-т заасан хугацааны дотор ангилалыг өөрчлөн тогтоож болно. Харин энэ журмын 2.2-т заасан аж ахуйн нэгж, байгууллагын хувьд ангилалыг өөрчлөхгүй.
5.4.Аж ахуйн нэгж, байгууллага нь ангиллыг анх удаа болон өөрчлөн тогтооход ангиллын үзүүлэлтийг алдаж тооцоолсоны улмаас буруу тогтоосон гэж үзвэл харилцагч санхүүгийн байгууллагад энэ тухай гомдол гаргаж болно.
Зургаа. Хариуцлага
6.1.Энэ журамд зааснаар холбогдох ангилалд тохирох санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг дагаж мөрдөөгүй аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч нарт холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
----------оОо----------
Текст томруулах
A
A
A