A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралт

 

 

ХуулЬ ТОГТООМЖИЙН төслийн үр нөлөөг ҮНЭЛЭХ аргачлал

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Хууль тогтоомжийн үр нөлөөг үнэлэхэд энэхүү аргачлалыг баримтална.

1.2.Энэхүү аргачлал нь дараах хууль тогтоомжид хамаарахгүй:

-Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай;

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай;

-Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай;

-Хууль тогтоомжийн тухай хуулийн 6.2, 6.3-т заасан;

-хуульд заасан бусад.

1.3.Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлалын зорилт нь боловсруулж байгаа хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлж, хуулийн төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилган хуулийг хэрэглэхэд ойлгомжтой, хэрэгжих боломжтой байдлаар боловсруулах, улмаар хуулийн төслийн чанарыг сайжруулахад чиглэсэн зөвлөмж өгөхөд оршино.

1.4.Хууль тогтоомжийн үр нөлөөг үнэлэх ажиллагааг дараах үе шатын дагуу зохион байгуулна:

1.4.1.шалгуур үзүүлэлтийг сонгох;

1.4.2.хуулийн төслөөс үр нөлөөг нь тооцох хэсгээ тогтоох;

1.4.3.шалгуур үзүүлэлтэд тохирох шалгах хэрэгслийн дагуу үр нөлөөг тооцох;

1.4.4.үр дүнг үнэлэх, зөвлөмж өгөх.

Хоёр. Шалгуур үзүүлэлтийг сонгох

2.1.Энэхүү үе шатанд хуулийн төслийн, эсхүл түүний тодорхой хэсгийн үр нөлөөг үнэлэх шалгуур үзүүлэлтийг сонгоно.

2.2.Хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх үндсэн шалгуур үзүүлэлт дараах төрөлтэй байна:

2.2.1.зорилгод хүрэх байдал;

2.2.2.практикт хэрэгжих боломж;

2.2.3.ойлгомжтой байдал;

2.2.4.хүлээн зөвшөөрөгдөх байдал;

2.2.5.зардал;

2.2.6.харилцан уялдаа.

2.3.“Зорилгод хүрэх байдал” нь тухайн хуулийн төслөөр тавьж байгаа зорилгодоо хүрч чадах эсэхийг тооцон судалдаг шалгуур үзүүлэлт юм. Хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалт, арга хэмжээнүүд нь хуулийн төслөөр тавьсан зорилгод хүрэх боломжтой эсэхийг үнэлэхэд ашиглана.

2.4.“Практикт хэрэгжих боломж” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд тухайн хуулийн төслийн зохицуулалтыг дагаж мөрдөх буюу хэрэгжүүлэх боломжтой эсэхийг, тухайлбал, хуулийн төслийг хэрэгжүүлэх этгээд байгаа эсэх, тэдгээр этгээдэд тухайн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх боломж, бололцоо (санхүү, хүний нөөц зэрэг) байгаа эсэхийг шалгаж тооцно.

2.5.“Ойлгомжтой байдал” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төслийн зохицуулалт түүнийг хэрэглэх, хэрэгжүүлэх субьектүүдийн хувьд ойлгомжтой, логик дараалалтайгаар боловсруулагдсан эсэхийг шалгана.

2.6.“Хүлээн зөвшөөрөгдөх байдал” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд тухайн хуулийн төслийн зохицуулалт иргэд, байгууллагад хэрхэн нөлөөлөх, түүнийг эдгээр этгээдүүд (хуулийн төсөл шууд нөлөөлөх иргэн, хуулийн этгээд) хүлээн зөвшөөрөх эсэхийг шалгана. Өөрөөр хэлбэл, тухайн зохицуулалтаар иргэдийн эрх чөлөөг хязгаарлаж байгаа эсэх, аж ахуйн нэгжүүдэд шинээр үүрэг хүлээлгэсэн эсэх, эсхүл тухайн хуулийн төслийг хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагаанд нийцэх эсэхийг шалгана.

2.7.”Зардал” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төслийн зохицуулалт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон улсын төсөвт ачаалал, хөнгөлөлтийг үүсгэх, төрийн байгууллагад хуулийн төслийг хэрэгжүүлэхэд үүсэх зардал, уг зардлын улмаас үүсэх үр дагавар зэргийг тооцон судална.

2.8.“Харилцан уялдаа” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд тухайн хуулийн төслийн зүйл, заалт өөр хоорондоо болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хууль тогтоомжтой нийцсэн эсэх, мөн төрийн байгууллагын чиг үүрэгтэй давхардсан, зөрчилдсөн эсэх, тухайн чиг үүргийг төрийн байгууллага зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай эсэх, уг чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой эсэхийг шалгана.

2.9.Шалгуур үзүүлэлтийг тогтоохдоо тухайн боловсруулж байгаа хуулийн төслийн зорилго, хамрах хүрээ, зохицуулах асуудалтай уялдуулан нэг, эсхүл хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг сонгож болно. Тухайлбал, тухайн хуулийн төслийн үр нөлөөг зорилгод хүрэх байдал, зардал, хүлээн зөвшөөрөгдсөн байдал гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд тооцож болно.

Гурав. Хуулийн төслөөс үр нөлөөг үнэлэх хэсгийг тогтоох

3.1.Хуулийн төслийн тодорхой зохицуулалтыг сонгон авч үр нөлөөг нь үнэлнэ. Тухайлбал, хуулийн төслийг “Зорилгод хүрэх байдал” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд үр нөлөөг нь үнэлэх бол тухайн хуулийн төслөөр тавьсан зорилгод хүрэхэд чиглэгдсэн, эсхүл түүнийг тодорхой илэрхийлж чадахуйц зохицуулалтыг сонгож авна.

3.2.Хуулийн төслөөс үр нөлөөг нь үнэлэх хэсгийг тогтоохдоо шууд үр дагавар үүсгэж байгаа гол ач холбогдолтой зохицуулалтыг олж тогтоох нь зүйтэй бөгөөд тухайн зохицуулалт бодитой судалгаа хийж болохуйц байх шаардлагатай. Тухайлбал, хуулийн төсөлд улсын төсвөөс болон иргэн, хуулийн этгээдээс тодорхой зардал гарахыг шаардаж байгаа, эсхүл ямар нэг эрх, үүрэг, шинэ чиг үүрэг бий болгож байгаа, эсхүл иргэдэд ачаалал үүсгэж байгаа зохицуулалт тусгасан байвал эдгээр заалтыг зайлшгүй сонгож, үр нөлөөг нь үнэлэх шаардлагатай.

3.3.“Харилцан уялдаа” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төслийн үр нөлөөг шалгах тохиолдолд хуулийн төслийн тодорхой зүйл, заалтыг бус хуулийн төслийг бүхэлд нь шалгана. Учир нь “Харилцан уялдаа” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд тухайн хуулийн төслийн бусад хуультай нийцэх байдлыг шалгадаг.

Дөрөв. Шалгуур үзүүлэлтэд тохирох шалгах хэрэгслийн дагуу хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх

4.1.Энэ үе шатанд шалгуур үзүүлэлтэд тохирох шалгах хэрэгслийн дагуу хуулийн төслийн үр нөлөөг үнэлнэ.

4.2.Шалгах хэрэгсэл нь шалгуур үзүүлэлтээс шалтгаалан харилцан адилгүй байна. Доорх хүснэгтэд хуулийн төслийн үр нөлөөг үнэлэхээр сонгосон шалгуур үзүүлэлтэд тохирох шалгах хэрэгслийг үзүүлэв.

 

Шалгуур үзүүлэлт

Тохирох шалгах хэрэгсэл

1

Зорилгод хүрэх байдал

Зорилгод дүн шинжилгээ хийх

2

Практикт хэрэгжих боломж

Практикт турших

3

Ойлгомжтой байдал

Ойлгомжтой байдлыг шалгах

4

Хүлээн зөвшөөрөгдөх байдал

Хүлээн зөвшөөрөгдөх байдлын судалгаа хийх

5

Зардал

Зардлын тооцоо хийх

6

Харилцан уялдаа

Хуулийн төслийн уялдаа холбоог шалгах

 

4.3.Шалгах хэрэгслийг хэрэглэж, хуулийн төслийн үр нөлөөг үнэлэхийн өмнө уг хуулийн төслөөс үр нөлөөг нь үнэлэхээр сонгосон хэсгийн зохицуулалтад хамаарах этгээдийг тогтоож, түүнтэй болон тухайн зохицуулалттай холбоотой мэдээлэл, статистик тоо баримтыг цуглуулна.

4.4.Шалгах хэрэгслийг ашиглан хуулийн төслийн үр нөлөөг яаж үнэлэхийг тогтооно.

4.5.“Зорилгод дүн шинжилгээ хийх" гэсэн шалгах хэрэгслээр хуулийн төсөлд тусгасан зохицуулалт, арга хэмжээ тухайн хуулийн төсөлд тавьсан зорилгыг биелүүлэхэд чиглэсэн эсэх, зорилгод хүрэх байдалд дүн шинжилгээ хийх бөгөөд ийнхүү дүн шинжилгээ хийхдээ дараах зүйлийг анхаарна:

4.5.1.салбарын мэргэжилтнүүдтэй уулзалт, зөвлөгөөн хийх, тухайн асуудалтай холбоотой ном, хэвлэл, судалгааны материал зэргийг ашиглана.

4.5.2.хуулийн төсөлд зорилгод хүрэхэд чиглэсэн хэд хэдэн зохицуулалт, арга хэмжээг тусгасан бол арга хэмжээ, зохицуулалт бүрт дүн шинжилгээ хийж, тэдгээрийн зорилгод хүрэх боломжийг харьцуулна.

4.5.3.хуулийн төслийн үзэл баримтлалд хуулийн төсөл боловсруулах болсон зорилго, түүнийг батлан гаргах хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон тохиолдолд хуулийн төсөлд энэ талаар хэрхэн тусгасан талаар харьцуулан бичиж, тухайн зохицуулалт, арга хэмжээ зорилгод хүрэх боломжтой байна уу, хуулийн төсөлд боловсруулах болсон үндэслэл, шаардлагад нийцсэн байна уу гэдэгт дүн шинжилгээ хийж харьцуулна.

4.6.“Практикт турших” гэсэн шалгах хэрэгслийн хүрээнд хуулийн төслийн зохицуулалттай холбоотой тодорхой тохиолдлыг бий болгож, тухайн хуулийн төсөлд тусгасан зохицуулалт, арга хэмжээг холбогдох байгууллага, этгээдийг оролцуулан туршилт явуулна. Үүнд:

4.6.1.хуулийн төслийг практикт турших нь тухайн хуулийн төсөл хэрэгжих боломжтой байна уу, хуулийг хэрэгжүүлэх байгууллагууд түүнийг хүлээн зөвшөөрч байна уу, бусад этгээдэд хэрхэн нөлөөлж байгаа болон тухайн зохицуулалтын хийдэл, зөрчлийг тогтооход чухал ач холбогдолтой арга хэмжээ боловч практикт туршилт хийх нь ихээхэн хугацаа, хүн хүч, зардал шаарддаг тул тухайн хуулийн төслийн зохицуулалтад тусгасан чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллага байна уу, туршилтад оролцох этгээд нь хэн байх вэ гэдгийг тогтоож, тэдгээр байгууллага, этгээд зөвшөөрсөн тохиолдолд туршилт явуулна.

4.6.2.туршилт явуулахад их хэмжээний зардал, хүн хүч шаардаж байгаа, эсхүл тухайн хуулийн төслийг хэрэгжүүлэх байгууллага, холбогдох этгээд туршилтын ажиллагаанд оролцохыг зөвшөөрөөгүй тохиолдолд туршилтын ажиллагаа явуулахаас зайлсхийж, тухайн хуулийн төслийг хэрэгжүүлэх байгууллага, этгээдээс санал авах замаар энэ шалгах хэрэгслийг хэрэглэж, хуулийн төслийн үр нөлөөг үнэлнэ.

4.7.“Ойлгомжтой байдлыг шалгах” гэсэн шалгах хэрэгслийн хүрээнд хуулийн төслийн зохицуулалт тухайн хуулийг хэрэгжүүлэх, хэрэглэх этгээдэд ойлгомжтой томьёологдсон эсэхийг шалгаж тогтооно. Үүнд:

4.7.1.тухайн хуулийн төсөлд хамаарах этгээдүүдээс санал авч, хуулийн төсөл, түүний зохицуулалтыг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх боломжтой байгаа эсэх;

4.7.2.хуулийн төслийг боловсруулахдаа Хууль тогтоомжийн тухай хууль, “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал”-ыг баримталсан эсэх.

4.8.Тухайн хуулийн төсөлд тодорхой этгээдэд үүрэг хүлээлгэсэн, хуулийн этгээдэд ачаалал, хүндрэл үүсгэх, эсхүл төрийн байгууллагад шинэ бүтэц бий болгох, чиг үүрэг нэмэх зэрэг зохицуулалт тусгасан бол “Хүлээн зөвшөөрөгдөх байдлын судалгаа хийх” гэсэн шалгах хэрэгслийн хүрээнд дараах байдлаар судалгаа хийнэ:

4.8.1.хуулийн төслийг хэрэгжүүлэх этгээд, төрийн бус байгууллагаас санал авах, санал асуулга явуулах, холбогдох байгууллага, этгээдийн хүрээнд ярилцлага, хэлэлцүүлэг явуулах зэргээр хуулийн төслийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг судална.

4.8.2.хуулийн төслийн үр нөлөөг үнэлэхдээ практикт турших ажиллагаа явуулсан тохиолдолд туршилтад оролцсон этгээд тухайн зохицуулалтыг хэрхэн хүлээн авч байгааг судалж, хүлээн зөвшөөрөгдөх байдлын судалгааг хийж болно.

4.9.“Зардлын тооцоо хийх” гэсэн шалгах хэрэгслээр тухайн хуулийн төсөл батлагдсан тохиолдолд иргэн, хуулийн этгээд, улсын төсөвт үүсгэх зардал, ачааллыг тооцож хэрэгжүүлэх субьектэд зардал, ачаалал бага үүсгэх зохицуулалтын хувилбарыг боловсруулах юм. Зардлын тооцоог “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал”-ын дагуу тооцоолно.

4.10.“Хуулийн төслийн уялдаа холбоог шалгах” шалгах хэрэгслийн хүрээнд дараах асуултад хариулах замаар хуулийн төслийн уялдаа холбоог тогтооно:

4.10.1.хуулийн төслийн зохицуулалт тухайн хуулийн зорилттой нийцэж байгаа эсэх;

4.10.2.хуулийн төслийн “Хууль тогтоомж” гэсэн хэсэгт заасан хуулиудын нэр тухайн харилцаанд хамаарах хууль мөн эсэх;

4.10.3.хуулийн төсөлд тодорхойлсон нэр томьёо тухайн хуулийн төслийн болон бусад хуулийн нэр томьёотой нийцэж байгаа эсэх;

4.10.4.хуулийн төслийн зүйл, заалт тухайн хуулийн төсөл болон бусад хуулийн заалттай нийцэж байгаа эсэх;

4.10.5.хуулийн төслийн зүйл, заалт тухайн хуулийн төслийн болон бусад хуулийн заалттай давхардсан эсэх;

4.10.6.хуулийн төслийг хэрэгжүүлэх этгээдийг тодорхой тусгасан эсэх;

4.10.7.хуулийн төсөлд шаардлагатай зохицуулалтыг орхигдуулсан эсэх;

4.10.8.хуулийн төсөлд төрийн байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг давхардуулан тусгасан эсэх;

4.10.9.төрийн байгууллагын чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх боломжтой эсэх;

4.10.10.татварын хуулиас бусад хуулийн төсөлд албан татвар, төлбөр, хураамж тогтоосон эсэх;

4.10.11.тухайн хуулийн төсөлд тусгасан тусгай зөвшөөрөлтэй холбоотой зохицуулалтыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд тусгасан эсэх;

4.10.12.Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хүний эрхийг хязгаарласан зохицуулалт тусгасан эсэх;

4.10.13.хуулийн төслийн зүйл, заалт жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэх;

4.10.14.хуулийн төсөлд шударга бус өрсөлдөөнийг бий болгоход чиглэсэн заалт тусгагдсан эсэх;

4.10.15.хуулийн төсөлд авлига, хүнд суртлыг бий болгоход чиглэсэн заалт тусгагдсан эсэх;

4.10.16.хуулийн төсөлд тусгасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар тодорхой тусгасан эсэх.

Тав. Үр дүнг үнэлж, зөвлөмж өгөх

5.1.Үр дүнг үнэлж, зөвлөмж өгөх үе шат дараах дарааллаар явагдана:

5.1.1.үр дүнг баримтжуулах;

5.1.2.үнэлэх;

5.1.3.зөвлөмж өгөх.

5.2.Үр дүнг баримтжуулах гэдэг нь шалгах хэрэгслийг хэрэглэх явцад ашигласан мэдээлэл тоо баримт, дүгнэлт, оролцогчид, мэргэжлийн холбоодын санал зэрэг холбогдох бүх материалыг цуглуулах ажиллагаа бөгөөд хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх үе шат бүрийг баримтжуулна. Энэ нь хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх ажиллагааны үр дүнг дүгнэж, зөвлөмж өгөх үндэслэл болох бөгөөд цуглуулсан бүх баримт, мэдээлэл зөвлөмжийн хавсралт болно.

5.3.Үр дүнг үнэлэхдээ шалгах хэрэгслийг хэрэглэх явцад хуулийн төсөл, эсхүл түүний тодорхой зохицуулалтын улмаас ямар үр дүн гарсныг үнэлж, дүгнэлт бичнэ. Тухайлбал, хуулийн төслийг практикт турших үед тухайн туршилтад оролцогчдоос гарсан санал, туршилтын явцад хуулийн зохицуулалтыг хэрэглэхэд ямар нэг хүндрэл гарч байсан эсэх талаар өгсөн тайлбар, мөн хүлээн зөвшөөрөгдөх байдлын судалгаа хийхэд авсан санал асуулгын үр дүн зэргийг нэгтгэн, оролцогчид тухайн хуулийн төсөл, зохицуулалтыг хэрхэн хүлээн авсан талаар үнэлж, дүгнэлт бичнэ. Өөрөөр хэлбэл, баримтжуулах шатанд цуглуулсан баримт, мэдээлэл, үр нөлөөг үнэлэх ажиллагааны явц, тэдгээрийн үр дүнг үнэлсний үндсэн дээр тухайн хуулийн төсөл батлагдсан тохиолдолд гарах үр нөлөө, үр дагаврын талаарх дүгнэлт бичнэ. Үнэлгээ өгөхдөө үр нөлөө үнэлэх ажиллагааны үр дүнг тоон үзүүлэлтээр үнэлж болно.

5.4.Хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх ажиллагааны үр дүнд гарсан дүгнэлтэд тулгуурлан тухайн хуулийн төсөл, эсхүл түүний тодорхой зохицуулалтыг өөрчлөх, нэмэлт оруулах, эсхүл хэвээр үлдээх талаар зөвлөмж бичнэ. Тухайлбал, хуулийн төслийн үр нөлөөг үнэлэхэд хуулийн төсөл батлагдсан тохиолдолд зорилгодоо хүрэх байдал нь эерэг, тухайн зохицуулалтыг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх боломжтой, хуулийг төслийг хэрэглэх, хэрэгжүүлэх байгууллага түүнийг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд хуулийн төслийг хэвээр үлдээх талаар зөвлөмжид тусгана.

5.5.Хэрвээ хуулийн төсөл, түүний зохицуулалтыг өөрчлөх, эсхүл нэмэлт оруулах шаардлагатай тохиолдолд үр дүнг үнэлэх шатанд гарсан дүгнэлтийг үндэслэн хуулийг төслийг өөрчлөх, нэмэлт оруулах талаар зөвлөмжид тодорхой тусгана. Тухайлбал, үр нөлөөг үнэлэх явцад холбогдох байгууллага, этгээдээс ирүүлсэн санал, хэлэлцүүлэгт оролцсон этгээдээс гарсан санаа, туршилтын ажиллагааны тэмдэглэл зэргийг үндэслэн хуулийн төслийг дагаж мөрдөх болон хэрэгжүүлэх боломжтой, бага зардал, ачаалал үүсгэх, илүү ойлгомжтой болгох саналыг томьёолон зөвлөмжид тусгана.

 

 

 

---о0о---