A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралт

 

 

ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДОН ГАРАХ ЗАРДЛЫН ТООЦООГ ХИЙХ АРГАЧЛАЛ

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцоход энэхүү аргачлалыг баримтална.

1.2.Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын гаргаж байгаа зардал (цаашид “зардал” гэх)-ыг тооцож, цаашид ачааллыг аль болох багасгах санал боловсруулахад энэхүү аргачлалын зорилго оршино.

1.3.Энэхүү аргачлал нь дараах хууль тогтоомжид хамаарахгүй:

-Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай;

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай;

-Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай;

-Хууль тогтоомжийн тухай хуулийн 6.2, 6.3-т заасан;

-хуульд заасан бусад.

1.4.Зардлыг дараах тохиолдолд тооцно:

1.4.1.хуулийн төслийн үр нөлөөг урьдчилан тандан судлах явцад;

1.4.2.хуулийн төслийн үр нөлөөг тооцох явцад;

1.4.3.хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг судлах явцад.

1.5.Зардлыг дараах төрөл тус бүрээр тооцно:

1.5.1.хуулийн этгээдийн зардал[1];

1.5.2.иргэний үүсэх зардал[2];

1.5.3.төрийн байгууллагын зардал.

Хоёр. Хуулийн этгээдийн зардлыг тооцох

2.1.Хуулийн этгээдийн зардлыг тооцох ажлыг дараах үе шаттайгаар зохион байгуулна:

2.1.1.хуулийн этгээдийн гүйцэтгэх үүргийг тогтоох;

2.1.2.зардлыг тооцох;

2.1.3.тоон үзүүлэлтийг тооцох;

2.1.4.нийт зардлын дүнг тооцож гаргах;

2.1.5.хялбарчлах боломжийг шалгах;

2.1.6.нэмэлт зардлыг тооцох.

2.2.Хуулийн этгээдийн хувьд хууль тогтоомжид заасан үүргийг гүйцэтгэхтэй холбогдуулан гарах мөнгөн зардлыг тооцно.

2.3.Хуулийн этгээдийн гүйцэтгэх үүргийг тогтоохдоо хууль тогтоомжийн үйлчлэлд хамаарах хуулийн этгээдийн гүйцэтгэх үүрэг (цаашид “үүрэг” гэх) нэг бүрийг тогтооно. Гүйцэтгэх үүрэг гэж тухайн хууль тогтоомжийн үйлчлэлд хамаарах хуулийн этгээд хуульд заасны дагуу тоо баримт, тайлан, холбогдох бусад мэдээлэл (цаашид “мэдээлэл” гэх)-ийг бэлтгэн төрийн байгууллага буюу гуравдагч этгээдэд гаргаж өгөх, эсхүл хүргүүлэхийг хэлнэ[3].

Энэхүү үүргийн дагуу хүргүүлж байгаа мэдээлэл нь нэг буюу хэд хэдэн мэдээллийн агуулгаас бүрдэнэ. Мэдээллийн агуулга гэж тухайн хуулийн этгээдээс төрийн байгууллага буюу гуравдагч этгээдэд гаргаж өгөх бүх тоон мэдээлэл, бичиг баримтын бүрдлийг ойлгох бөгөөд агуулга бүр нь үүрэгтэйгээ нийцэж байх ёстой.

2.4.Зардлыг тооцохдоо үүрэг тус бүрийг хэрэгжүүлэхэд гарах зардлыг тооцох бөгөөд уг ажлыг дараах журмын дагуу зохион байгуулна:

2.4.1.зардлыг тооцохын тулд ажилтны ажлын хөлс, мэдээлэл бэлтгэн гаргахтай холбогдуулан хэрэгжүүлэх үйл ажиллагаа, түүний гүйцэтгэлийн хугацааг нэг бүрчлэн тодорхойлно.

2.4.2.ажлын хөлсийг тухайн салбарын цалин хөлсний дундаж дүнгээр тооцох бөгөөд дараах томьёог ашиглана.

 

Ажлын хөлс=Үндсэн цалин÷Ажиллах хугацаа

 

 Тайлбар: Нэг сараар тооцно.

 

2.4.3.ажлын хөлсийг тооцохдоо хуулийн этгээдийн төрөл, тухайн үйл ажиллагаанд ердийн болон нарийн мэргэжлийн ур чадвар шаардлагатай эсэхийг харгалзан үзнэ[4].

2.4.4.зардлыг тооцохдоо тухайн үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах үйл ажиллагаа нэг бүрийг ямар хугацаанд гүйцэтгэхийг дунджаар тооцож гаргах хэрэгтэй бөгөөд тухайн үйл ажиллагааг ямар хугацаанд хийж гүйцэтгэхийг тогтоосон загвар, стандарт (хүснэгт 1) байдаг бол түүнийг ашиглаж болно.

2.4.5.энэхүү аргачлалын 2.4.4-т заасан загвар байхгүй тохиолдолд тухайн үүрэгтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлээс судалгаа авах, ярилцлага, хэлэлцүүлэг хийх зэрэг аргаар шаардлагатай мэдээллийг[5] цуглуулж, зарцуулагдах хугацааг тодорхойлно.

2.4.6.зардлыг тооцож гаргахдаа үйл ажиллагаа тус бүрийг гүйцэтгэхэд зарцуулах хугацааг ажлын хөлсөөр үржүүлэх бөгөөд дараах томьёог ашиглана:

 

Зардал (ҮА тус бүрийн)=Хугацаа×Ажлын хөлс

 

Тайлбар: ҮА-үйл ажиллагаа

 

2.5.Тоон үзүүлэлтийг тооцох үе шатанд тухайн үүргийг холбогдох хуулийн этгээд хэдэн удаа хэрэгжүүлэхийг хуанлийн 1 жилээр тооцож гаргах бөгөөд дор дурдсан журмын дагуу зохион байгуулна:

2.5.1.тоон үзүүлэлтийг тохиолдлын болон давтамжийн тоо ашиглан дараах томьёогоор тооцно:

 

Тоон үзүүлэлт=Тохиолдлын тоо×Давтамжийн тоо

 

2.5.2.тохиолдлын тоо нь тухайн үүргийг хэдэн хуулийн этгээдэд хүлээлгэж байгааг илэрхийлнэ. Ингэхдээ статистикийн тоо мэдээг ашиглах бөгөөд энэ талаар статистик тоо байхгүй бол баримжаалж тооцно.

2.5.3.давтамжийн тоо нь тухайн үүргийг гүйцэтгэх хуулийн этгээд 1 жилд хэдэн удаа хэрэгжүүлэхийг харуулна.

2.5.4.давтамжийн тоо хуулийн заалтаас шууд харагддаг. Мөн тухайн хуульд шууд заагаагүй, өөр хуулиас ишлэл авсан байж болно[6].

2.5.5.зарим мэдээллийг жил бүр биш, 2 жилд 1 удаа, эсхүл хагас жил, сар бүр гаргахаар үүрэг болгосон байдаг. Энэ тохиолдолд хэрэв сар бүр гаргахаар бол давтамж нь 12, хагас жилд 1 удаа бол давтамж нь 2, 2 жилд 1 удаа бол давтамж нь 0.5 гэх зэргээр давтамжийн нэгж “нэг жил”-ийг үндэслэж гаргана.

2.6.Нийт зардлын дүнг тооцох үе шатанд зардлын нийт дүнг тооцож гаргана. Нийт зардлын дүнг тооцохдоо тухайн үүргийг гүйцэтгэхэд шаардагдах зардлыг тоон үзүүлэлтээр үржүүлж гаргах бөгөөд дараах томьёог ашиглана:

 

Нийт зардал=Зардал×Тоон үзүүлэлт

 

2.7.Хялбарчлах боломжийг шалгах үе шатанд өмнөх үе шатанд тодорхойлсон үүрэг нэг бүрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг бууруулах буюу дарамт, ачааллыг багасгах боломжтой эсэхийг шалгана.

Асуулт бэлтгэж хариулт авах замаар хуулийн этгээдийн зардлыг багасгах боломж байгаа эсэхийг тодорхойлно. Үүнд:

2.7.1.хамрагдах хуулийн этгээдийн тоог багасгах боломж байгаа эсэх;

2.7.2.мэдээлэл хүргүүлэх давтамжийг багасгах боломж байгаа эсэх;

2.7.3.мэдээллийн агуулгыг багасгах боломж байгаа эсэх;

2.7.4.шинээр үүсэх үүргийг урьд байсан үүрэгтэй нэгтгэж болох эсэх;

2.7.5.мэдээллийг цахимаар хүргүүлэх боломжтой эсэх;

2.7.6.мэдээллийг хүргүүлэх байгууллагын тоог багасгах боломжтой эсэх;

2.7.7.нэг цэгийн үйлчилгээ бий болгох боломжтой эсэх гэх мэт.

Хуулийн этгээдийн зардлыг бууруулах боломж байгаа эсэхийг шалгасны дараа хамгийн бага зардлаар хэрэгжүүлэх, үр ашигтай байх хувилбарыг сонгоно[7].

2.8.Нэмэлт зардлыг шаардлагатай тохиолдолд “Бусад зардал×Тоон үзүүлэлт” гэсэн томьёогоор үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарч болох нэмэлт зардлыг тооцох бөгөөд тухайн үүргийг хэрэгжүүлэх явцад өөр ямар нэмэлт зардал[8] гарч болохыг сайтар бодож, хамтад нь тооцох шаардлагатай.

Гурав. Иргэний зардлыг тооцох

3.1.Иргэний зардал, ачааллыг тооцох ажлыг дараах үе шаттайгаар зохион байгуулна:

3.1.1.иргэний гүйцэтгэх үүргийг тогтоох;

3.1.2.цаг хугацаа болон гарч болох зардлыг тооцох;

3.1.3.тоон үзүүлэлтийг тооцох;

3.1.4.нийт дүнг тооцож гаргах;

3.1.5.хялбарчлах боломжийг шалгах.

3.2.Иргэний зардлыг тооцохдоо мөнгөн зардлаас гадна зарцуулах хугацаа (ачаалал)-г тооцно.

3.3.Иргэний гүйцэтгэх үүргийг тогтоохдоо хууль тогтоомжид заасны дагуу иргэний гүйцэтгэх үүргийг нэг бүрчлэн (цаашид “үүрэг” гэх) тогтоох бөгөөд энэхүү аргачлалын 2.3-т заасныг баримтална.

3.4.Цаг хугацаа болон гарч болох зардлыг тооцох:

3.4.1.иргэний гүйцэтгэх үүргийн агуулга, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэг бүрчлэн тодорхойлсны дараа уг үүргийг гүйцэтгэж зарцуулах цаг хугацааг шаардлагатай мөнгөн зардлын хамт тооцож гаргана.

3.4.2.хэрэгжүүлэх үйл ажиллагаа, түүнийг гүйцэтгэх хугацааг[9] энэхүү аргачлалын 2 дугаар хавсралт болон 2.4.5-д заасан журмыг баримтлан тогтооно.

3.4.3.мөнгөн зардлыг тооцохдоо тухайн үүргийг хэрэгжүүлэхэд иргэнээс зайлшгүй гарах мөнгөн зардал буюу бодит, тогтсон зардлыг тооцно. Үүнд: мэдээллийг холбогдох газарт хүргүүлэхэд гарах бичиг хэрэг, шуудангийн зардал, баримт бичгийг нотариатаар баталгаажуулахыг тухайлан шаардсан тохиолдолд нотариатын зардал, гадаад паспорт авах өргөдөл гаргахад цээж зураг авахуулах зардал, зөвшөөрөл хүсэхэд төлөх хураамж зэргийг оруулна. Ингэхдээ гүйцэтгэх үүргийг хэрэгжүүлэхэд тухайн иргэнээс гарч болох замын зардлыг тооцохгүй.

3.5.Тоон үзүүлэлтийг тооцох үе шатанд тухайн үүргийг иргэн хэдэн удаа хэрэгжүүлэхийг хуанлийн 1 жилээр тооцож гаргах бөгөөд тоон үзүүлэлтийг тохиолдлын болон давтамжийн тоо ашиглан дараах томьёогоор тооцно.

 

Тоон үзүүлэлт=Тохиолдлын тоо×Давтамжийн тоо

 

Тохиолдлын болон давтамжийн тоог энэхүү аргачлалын 2.3-т заасныг баримтлан тооцно.

3.6.Нийт дүнг тооцож гаргах үе шатанд тухайн үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэнд үүсэх ачааллыг тооцож гаргах бөгөөд иргэнд үүсэх ачаалал нь цаг хугацааг тоон үзүүлэлтээр үржүүлснээр тодорхойлогдоно.

 

Ачаалал=Цаг хугацаа×Тоон үзүүлэлт

 

Шаардлагатай тохиолдолд зайлшгүй гарах нэмэлт зардал буюу үүргийг хэрэгжүүлэхэд иргэнээс гарах мөнгөн зардлыг тооцож гаргаж болно.

3.7.Хялбарчлах боломжийг шалгах үе шатанд энэхүү аргачлалын 2.7-д заасантай нэгэн адил арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

Дөрөв. Төрийн байгууллагын зардлыг тооцох

4.1.Төрийн байгууллагын зардал буюу улсын төсөвт үүсэх ачааллыг[10] тооцохын тулд тухайн ажил үйлчилгээг гүйцэтгэхэд шаардагдах хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлж, түүнд шаардагдах зардлыг тооцож гаргах бөгөөд уг ажлыг дараах үе шаттайгаар зохион байгуулна:

4.1.1.байгууллагын гүйцэтгэх үүрэг буюу ажил, үйлчилгээг тодорхойлох;

4.1.2.ажил, үйлчилгээг гүйцэтгэх хүний нөөцийг тодорхойлох;

4.1.3.гарах зардлыг урьдчилан тооцох;

4.1.4.зардлыг нэгтгэн тооцох;

4.1.5.хувилбарыг нягталж, үр дүнг танилцуулах.

4.2.Зардлын тооцоог хийхдээ хууль тогтоомжийн зохицуулалтад хамааралтай төрийн байгууллага нэг бүрийг тодорхойлж, тэдгээрийн үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоог анхаарах хэрэгтэй.

4.3.Байгууллагын гүйцэтгэх үүрэг буюу ажил үйлчилгээг тодорхойлох:

4.3.1.тухайн хууль тогтоомжид хамаарах төрийн байгууллагууд, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг буюу ажил, үйлчилгээ (цаашид “ажил, үйлчилгээ” гэх) нэг бүрийг тодорхойлно;

4.3.2.байгууллагыг сонгохдоо тухайн ажил, үйлчилгээнд хамааралтай бүх байгууллагыг биш голлон үүрэг гүйцэтгэх байгууллагыг сонгоно;

4.3.3.ажил, үйлчилгээнд[11] хэрэгжүүлэх, хэмжих боломжтой ажлыг хамааруулна.

4.4.Ажил, үйлчилгээг гүйцэтгэх хүний нөөцийг тодорхойлох:

4.4.1.хүний нөөцийг тодорхойлохын тулд тухайн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэхэд зарцуулах хугацаа болон 1 жилд гүйцэтгэх тоо (цаашид “тохиолдлын тоо” гэх)-г, нэг ажилтанд шаардагдах нийт ажлын цагийн хамт тооцож гаргана.

4.4.2.зарцуулах хугацааг тодорхойлохдоо бусад төрийн байгууллагад адил төстэй үйлчилгээ байгаа эсэхийг судалж, холбогдох мэргэжилтнүүдийн саналыг авах бөгөөд тэдгээрийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээгээр баримжаалж тогтооно.

4.4.3.тохиолдлын тоог тогтоох боломжтой, тогтоох боломжгүй гэж 2 ангилна:

4.4.3.1.статистикийн мэдээлэл, түүнчлэн судалгаагаар тогтоож болох ажил, үйлчилгээг тогтоох боломжтой тохиолдлын тоонд хамааруулна.

4.4.3.2.үргэлжилсэн шинжтэй, тасралтгүй хийгдэх ажил, үйлчилгээг тогтоох боломжгүй тохиолдлын тоонд хамааруулна. Тухайлбал, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг хэдэн жилээр үргэжлүүлэн хэрэгжүүлж болох бөгөөд энэ нөхцөлд шаардагдах хүний нөөцийг шууд баримжаалж тооцно.

4.4.4.шаардагдах ажлын цагийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажиллах цагийн горимтой харьцуулж үзэх бөгөөд 1 жилд ажиллах өдөр, цаг, минут гэсэн хэмжигдэхүүнд тулгуурлана.

4.4.5.тухайн ажил, үйлчилгээг гүйцэтгэхэд шаардагдах хүний нөөцийн хэрэгцээг энэхүү аргачлалын 4.4.3-т заасан ангиллаас хамааруулан 2 хэлбэрээр тооцно. Үүнд:

4.4.5.1.тохиолдлын тоог тогтоох боломжтой үед зарцуулах хугацааг тохиолдлын тоогоор үржүүлж хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлно.

 

Хүний нөөцийн хэрэгцээ=Зарцуулах хугацаа×Тохиолдлын тоо

 

4.4.5.2.тохиолдлын тоог тогтоох боломжгүй үед хүний нөөцийн хэрэгцээг баримжаалан тооцно.

 

Хүний нөөцийн хэрэгцээ=Тоо (баримжаагаар)

 

4.4.6.Хууль тогтоомжийн төсөлтэй холбогдуулан шийдвэр гаргахад төрийн байгууллагын бодлогын шинжтэй зарим ажил, үйлчилгээг зардлын тооцоо хийхэд оруулахгүй. Үүнд: мэргэжилтэн хуулийн төсөл боловсруулах болон парламент хуулийн төслийг хэлэлцэх гэх мэт үйл ажиллагаа хамаарна.

 

4.4.7.Тооцож гаргасан хүний нөөцийн хэрэгцээг жилд шаардагдах ажлын цагт хувааж тухайн ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтны тоо буюу нэмэгдэх ажлын ачааллын хувийг гаргана.

4.5.Гарах зардлыг урьдчилан тооцох үе шатанд дараах төрлийн зардлыг тооцно:

4.5.1.хүний нөөцийн зардал-тухайн үүргийг гүйцэтгэх төрийн албан хаагчийн авч болох цалин, нэмэгдэл, тусламж, төрөөс даадаг бусад бүх зардлыг нэгтгэн дунджаар гаргасан зардал;

4.5.2.материаллаг зардал-тухайн ажлын байртай холбогдон гарах нийтлэг зардлыг хэлнэ. Үүнд: ажлын байрны түрээсийн төлбөр, эд хөрөнгийн элэгдэл хорогдол, цахилгаан дулаан, бичиг хэрэг, техник, тоног төхөөрөмж, урсгал болон хөрөнгө оруулалт гэх мэт зардлууд;

4.5.3.бусад зардал-тухайн ажил, үйлчилгээг гүйцэтгэхэд дагалдан гарах зардлыг хэлнэ. Үүнд: тухайн ажил, үйлчилгээг гүйцэтгэхтэй холбогдуулан хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлгэх гэх мэт зардал ;

Зардлын урьдчилсан тооцоог хооронд нь харьцуулахын тулд бодитой дундаж үзүүлэлтийг хэрэглэнэ.

4.6.Нийт дүнг тооцох үе шатанд төрийн байгууллагаас гарах нийт зардлыг тооцож гаргана. Ингэхдээ өмнө тооцож гаргасан хүний нөөц, материаллаг болон бусад зардлын нийлбэрийг хүний нөөцийн хэрэгцээнд үржүүлэн тооцно.

 

 

Нийт зардал=(хүний нөөцийн зардал+материаллаг зардал+бусад зардал)×хүний нөөцийн хэрэгцээ

 

 

4.7.Хялбарчлах боломжийг шалгаж үр дүнг танилцуулах үе шатанд хуулийн төсөлд шинээр нэмж байгаа буюу өөрчилж байгаа зохицуулалттай холбогдон гарах төсвийн зардлыг багасгах, эдийн засагт дарамт багатай өөр хувилбар, боломж байгаа эсэхийг шалгана.

 

 

 

---о0о---

 

Хүснэгт 1

 

 

                        Хуулийн этгээдийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн хугацааг тооцох загвар[12]

 

Ерөнхий үйл ажиллагаа

Гүйцэтгэх хугацаа (минут)

Энгийн

Дунд

Бүрэн

1

Үүрэгтэй танилцах, судлах

3

15

120

2

Мэдээлэл цуглуулах

3

15

120

3

Маягт бөглөх, гарчиглах, тэмдэглэх

3

7

30

4

Тооцоо хийх

3

20

120

5

Мэдээлэл, өгөгдөхүүнийг нягтлах

1

5

45

6

Алдааг засах

2

10

60

7

Тоо баримтыг боловсруулах

3

15

120

8

Мэдээлэл шилжүүлэх болон нийтлүүлэх

1

2

10

9

Дотоод хуралдаан (зөвлөлгөөн)

5

30

480

10

Бусадтай хамтран хийх хуралдаан (зөвлөлгөөн)

10

60

480

11

Мөнгө шилжүүлэх үүрэг хэрэгжүүлэх

2

8

30

12

Олшруулах, архивлах, тараах

2

5

15

13

Төрийн захиргааны байгууллагаас шалгах

2

30

240

14

Төрийн захиргааны байгууллагын шалгалтын дүнгээс үүдэлтэй засвар, өөрчлөлт

3

90

90

15

Холбогдох байгууллагатай харилцахад хүндрэл үүссэнээс үүдэн мэдээлэл нэмж цуглуулах

3

15

120

16

Сургалт, давтан сургалтын арга хэмжээнүүд

3

15

480

 

 

Хүснэгт 2

 

                                          Иргэний үүсэх үйл ажиллагааны гүйцэтгэлийн цаг хугацааг тооцох загвар

 

Ерөнхий стандарт үйл ажиллагаа

Гүйцэтгэх хугацаа (минут)

Энгийн

Дунд

Бүрэн

1

Үүрэгтэй танилцах

2

5

20

2

Мэргэжлийн зөвлөгөө авах (холбогдох газраас)

10

30

80

3

Мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээллийг нэгтгэх

1

3

20

4

Цуглуулсан мэдээллээ боловсруулах (нягтлах, тооцоолох, шалгах гэх мэт)

1

5

55

5

Маягт бөглөх

2

5

25

6

Албан бичиг боловсруулах (захиа, факс, цахим шуудан гэх мэт)

3

5

15

7

Мэдээллээ холбогдох газарт илгээх

1

2

5

8

Төлбөр хийх

1

2

3

9

Баримт бичиг хуулбарлах үдэх, хадгалах

1

3

6

10

Төрийн эрх бүхий байгууллагаар шалгалт хийлгэх

1

15

60

11

Эрх бүхий байгууллагаас нэмэлт лавлагаа шаардвал гаргаж өгөх

2

5

15

 

 

Хүснэгт 3

 

                                       Хуулийн этгээдийн зардлыг тооцох дарааллыг харуулсан ерөнхий бүдүүвч

 

Хууль тогтоомжийн зохицуулалт

 

Гүйцэтгэх үүрэг нэг бүр

 

Үүргийг хэрэгжүүлэхэд зайлшгүй хийх үйлдэл нэг бүр

 

Хугацаа×Ажлын хөлс

Хамрагдагчдын тоо×Давтамж

 

Үйл ажиллагаа тус бүрийн зардал Тоон үзүүлэлт

 

Зардал=Үйл ажиллагаа тус бүрийн зардал×Тоон үзүүлэлт

 

 

Хүснэгт 4

 

                                        Иргэний зардал, ачааллыг тооцох дарааллыг харуулсан ерөнхий бүдүүвч

 

Хууль тогтоомжийн зохицуулалт

 

Гүйцэтгэх үүрэг нэг бүр

 

Үүргийг хэрэгжүүлэхэд зайлшгүй хийх үйлдэл нэг бүр

 

Цаг хугацаа

Тохиолдлын тоо×Давтамж

 

Үйл ажиллагааны тус бүрийн зардал Тоон үзүүлэлт

 

Үүсэх ачаалал=Цаг хугацаа×Тоон үзүүлэлт

 

 

Хүснэгт 5

 

                                     Төрийн байгууллагын зардлыг тооцох дарааллыг харуулсан ерөнхий бүдүүвч

 

Хууль тогтоомжийн зохицуулалт

 

Төрийн байгууллагын гүйцэтгэх үүрэг буюу ажил, үйлчилгээ

 

Хүний нөөцийн хэрэгцээ

 

(тохиолдлын тоог тогтоох боломжтой)

 

Тохиолдол бүрт зарцуулах

хугацаа x Тохиолдлын тоо

(тохиолдлын тоог тогтоох боломжгүй)

 

Ажилтны тоо, баримжаагаар

 

 

Хүний нөөцийн хэрэгцээ x Зардал=Хүний нөөцийн зардал

 

Хүний нөөцийн зардал

+

Материаллаг зардал

+

Бусад зардал

=

 

НИЙТ ДУНДАЖ ЗАРДАЛ

 

 

 

 


[1]Хууль тогтоомжоор төрийн байгууллагаас бусад аж ахуйн нэгж, байгууллагад хүлээлгэж байгаа үүргийг хэрэгжүүлэхэд зарцуулж байгаа мөнгөн зардал.

 

[2]Хууль тогтоомжоор иргэнд хүлээлгэж байгаа үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан зарцуулах цаг хугацаа.

 

[3]Үүнд бүх төрлийн өргөдөл, хүсэлт, маягт бөглөх, статистик тоо мэдээ өгөх, бүртгүүлэх, нөхөн олговор, төрөөс тусламж, дэмжлэг, зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөл гаргах, зөвшөөрөл хүсэх гэх мэт үүргүүд хамаарна.

[4]Адил мэргэжлийн хүмүүс хэдийгээр нэг төрлийн ажил хийдэг ч ажиллаж байгаа байгууллагаасаа хамааран өөр, өөр цалин авч болно. Мөн ямар салбарт, ямар мэргэжлийн үйл ажиллагаа вэ гэдгийг анхаарч бусад салбарын ажлын цалингийн жишгээс баримжаа авах боломжтой.

 

[5]Тухайлбал, тухайн үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хэдий хэр хугацаа зарцуулах, шинээр үүсч байгаа үүрэгтэй ойролцоо өөр үүрэг байгаа эсэх, байгаа бол уг үүргийг гүйцэтгэхэд хэдий хэр хугацаа зарцуулдаг вэ гэх мэт судалгаа авч болно.

 

[6]Тухайлбал, Автотээврийн тухай хуульд тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээг Статистикийн тухай хуульд заасны дагуу гаргана гэсэн заалт оруулна гэвэл ямар давтамжтай, өөрөөр хэлбэл уг мэдээг жилд хэдэн удаа гаргаж мэдээлэхийг Статистикийн хуулиас харна гэсэн үг юм.

 

[7]Нэг талд зардал гарч байгаа ч нөгөө талд үр өгөөж гарна. Зардал үр өгөөжийн харьцаа чухал бөгөөд их зардал гарч байна гээд татгалзаж болохгүйг анхаарах нь зүйтэй.

 

[8]Энэ нь зардлын тооцоог зөв хийж, бодитой дүгнэлт гаргахад туслах болно. Энэхүү нэмэлт зардлыг тооцох ямар нэг арга, томьёо байхгүй, энгийн математик тооцооны аргыг ашиглаж болно. 

[9] Иргэдийн хувьд үйл ажиллагаа бүрийг хэрэгжүүлэхэд шаардагдах цаг хугацааг баримжаалах нь тухайн мэдээлэх үүргийн онцлог, амьдарч байгаа газар нутаг, нийгмийн байдал зэргээс хамааран харилцан адилгүй боловч дундаж цаг хугацааг тооцох нь чухал юм.

[10]Ажилтан, түүнд өгөх цалин хөлс, цаашлаад тухайн ажилтны ажлын байрны гэх мэт зардлууд.

 

[11]Ажил, үйлчилгээг тодорхойлохдоо гүйцэтгэх үйлдэл, алхмыг хэт нарийвчлахгүйгээр бүртгэх, гэрчилгээ олгох гэх мэт ерөнхий байдлаар бүлэглэх нь тохиромжтой. Мөн тухайн ажил, үйлчилгээг гүйцэтгэх байгууллагуудын уялдаа холбоог сайтар харж, ажил, үйлчилгээний давхардал, хийдэл байгаа эсэхийг нягтлах ёстой. 

 

[12] Хуульд заасан үүргийг хэрэгжүүлэхэд тухайн хуулийн этгээдийн явуулах үйл ажиллагаа, түүнд зарцуулах цаг хугацааг дунджаар гаргасан олон улсын стандарт.