A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 177 дугаар
            тогтоолын хавсралт

 

“ГААЛЬ, ТАТВАР, САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВ”
УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дүрмийн зорилго нь Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийг тогтоож, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. ”Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газар (цаашид “үйлдвэрийн газар” гэх) нь гааль, татвар, санхүүгийн мэдээллийн нэгдсэн системийн хяналт, хөгжлийн асуудлыг хариуцан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлж, өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулан төсвөөс тодорхой хэмжээгээр санхүүжилт авдаг улсын үйлдвэрийн газар мөн.

1.3. Үйлдвэрийн газар нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хууль, Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг мөрдлөг болгон ажиллана.

1.4. Үйлдвэрийн газрын оноосон бүтэн нэр “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газар, товчилсон нэр нь “ГТСМТТ” УТҮГ байна.

Хоёр. Үйлдвэрийн газрын бэлгэдэл, тэмдэг

2.1. Үйлдвэрийн газар нь тогтоосон журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэх бөгөөд өөрийн бэлгэдэлтэй байж болно.

2.2. Бэлгэдлийн загварыг захирал тушаалаар батлах бөгөөд түүнийг  оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж хэрэглэнэ.

2.3. Тэмдгийг үйлдвэрийн газрын захирлаас итгэмжлэн хариуцуулсан этгээд түшиж, ашиглалт, хамгаалалт, хадгалалтыг хариуцна.

Гурав. Үйлдвэрийн газрын зорилго,
     чиг үүрэг

3.1. Үйлдвэрийн газрын үндсэн зорилго нь гааль, татвар, санхүүгийн мэдээллийн нэгдсэн системийн хяналт, программ хангамжийн хөгжүүлэлтийг хариуцах замаар гааль, татвар, санхүүгийн албаны үйл ажиллагаанд мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, гааль, татвар, санхүүгийн албаны мэдээллийн санг бий болгохтой холбогдсон цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд оршино.

3.2. Үйлдвэрийн газар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.2.1. гааль, татвар, санхүүгийн мэдээллийн нэгдсэн системийн программ хангамжийг холбогдох байгууллагын бодлого, даалгаврын дагуу хөгжүүлэх;

3.2.2. гааль, татвар, санхүүгийн мэдээллийн нэгдсэн системийг хянах;

3.2.3. гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн өгөгдлийн санг сайжруулах асуудал болон түүний зохицуулалтыг хариуцах;

3.2.4. гааль, татвар, санхүүгийн мэдээллийн системийн нэгтгэлийг хариуцах;

3.2.5. мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх;

3.2.6. гааль, татвар, санхүүгийн мэдээллийн системийг төрийн бусад байгууллагын мэдээллийн системтэй уялдуулах, тэдгээртэй мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх;

3.2.7. гааль, татвар, санхүүгийн мэдээллийн системийн нууцлал, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах;

3.2.8. гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн нэгдсэн системийг сайжруулах, техник, технологийн инновацийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх.

3.3. Үйлдвэрийн газрын дэргэд гааль, татвар, санхүүгийн албаны үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг уялдуулан зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Удирдах зөвлөл ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 153-р тогтоолоор нэмсэн/

Дөрөв. Үйлдвэрийн газрын эд хөрөнгийн
эрх, үүрэг

4.1. Үйлдвэрийн газар нь эд хөрөнгийн талаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

Тав. Үйлдвэрийн газрын удирдлага

5.1. Үйлдвэрийн газрын захирлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

5.2. Үйлдвэрийн газрын захирлаар санхүү, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн, энэ салбарт 5-аас доошгүй жил ажилласан, дээд боловсролтой, удирдах ажлын зохих мэдлэг, дадлага, туршлагатай хүнийг томилно. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 153-р тогтоолоор нэмэлт орсон/

5.3. Захирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрэм, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

5.4. Захирал дор дурдсан бүрэн эрхтэй байна:

5.4.1. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, гааль, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

5.4.2. батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах;

5.4.3. ажил, үүргээ гүйцэтгэх явцад олж авсан төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгалах, хувийн болон бусад этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх, энэ талаар үйлдвэрийн газрын нийт ажиллагсадтай нууцлалын гэрээ байгуулж ажиллах;

5.4.4. батлагдсан бүтэц, орон тоондоо багтаан үйлдвэрийн газрын ажилчдыг томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, хууль болон гэрээнд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх;

5.4.5. ажилчдын ажлын байрны тодорхойлолтыг батлах;

5.4.6. үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, үйлчилгээ, технологийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг баталж мөрдүүлэх;

5.4.7. хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх;

5.4.8. анхан шатны бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргах ажлыг зохион байгуулж, тэдгээрийн үнэн зөвийг биечлэн хариуцах;

5.4.9. өөрийн эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, үйлдвэрийн газрыг гадаад, дотоодод төлөөлөх зэргээр үйлдвэрийн газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, итгэмжлэл олгох;

5.4.10. захирлын эрх хэмжээнд хамаарах асуудлаар тушаал гаргаж, холбогдох дүрэм, журам, заавар, хуваарь баталж, биелэлтийг нь зохион байгуулж, үр дүнг тооцох;

5.4.11. үйлдвэрийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах тусгай зөвшөөрөл, лиценз, эрхийн холбогдох баримт бичгийг бүрдүүлж ажиллах, үйлдвэрийн газарт шинээр худалдан авах болон акталж устгах, худалдах, шилжүүлэх, үндсэн хөрөнгийн асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

5.4.12. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

5.5. Захирал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болно.

5.6. Захирал өмчийн хэлбэрээс үл хамаарч аливаа хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлд орох, тэдгээрийн захиргаанд удирдах ажил хавсран гүйцэтгэхийг хориглоно.

5.7. Захирал гаалийн болон татварын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын даргатай нууцлалын гэрээ байгуулж ажиллана.

Зургаа. Санхүүгийн тайлан, тэнцэл, бүртгэл

6.1. Үйлдвэрийн газрын тухайн жилийн орлого дараах санхүүгийн эх үүсвэрээс бүрдэнэ:

6.1.1. улсын төсвийн санхүүжилт;

6.1.2. төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагатай хамтарч ажиллах гэрээний дагуу үзүүлсэн ажил, үйлчилгээний орлого;

6.1.3. хандивлагч орнуудын зээл, тусламж болон буцалтгүй тусламж, төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;

6.1.4. хууль тогтоомж, энэхүү дүрмээр зөвшөөрсөн бусад ажил, үйлчилгээнээс олсон орлого.

6.2. Үйлдвэрийн газрын санхүүгийн жил тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусч, дараа оны 1 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ.

6.3. Үйлдвэрийн газар нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу жил бүр санхүүгийн тайлан гаргаж, аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.

6.4. Үйлдвэрийн газрын санхүүгийн тайлангийн үнэн зөвийг захирал, ерөнхий нягтлан бодогч хариуцна.

6.5. Үйлдвэрийн газрын санхүүгийн тайланд дараах зүйлийг тусгана:

6.5.1. баланс;

6.5.2. орлого, үр дүнгийн тайлан;

6.5.3. мөнгөн гүйлгээний тайлан;

6.5.4. хуримтлагдсан ашгийн тайлан;

6.5.5. тухайн тайлангийн хугацаанд хийсэн их хэмжээний болон сонирхлын зөрчил бүхий хэлцлийн жагсаалт, нэр, төрөл, үнийн дүн, удирдлагад олгосон цалин, шагнал, урамшуулал;

6.5.6. байгууллага, иргэд, ажилтнаас авах авлага, тэдгээрийн үүссэн шалтгаан, барагдуулалтын явц;

6.5.7. нэмэлт тайлбар;

6.5.8. санхүүгийн тайлангийн тодруулга;

6.5.9. бусад.

6.6. Үйлдвэрийн газрын санхүүгийн алба, нягтлан бодогч хуулиар тогтоосон журмын дагуу анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах ажлыг хариуцан зохион байгуулж, дүгнэлт гарган захиралд танилцуулна. Захирал нь тухайн жилийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүтэц, хөрөнгө, санхүү, үр дүнгийн талаар тодорхой тусгасан дараах мэдээллийг агуулсан тайлан, илтгэх бичгийг санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ:

6.6.1. тайлангийн хугацаанд үйлдвэрийн газрын эрхлэн явуулсан үндсэн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй танилцуулга, гарсан өөрчлөлт болон эдгээр үйл ажиллагааны үр дүн;

6.6.2. тайлангийн хугацаанд үйлдвэрийн газрын албан тушаалтан ажиллагсдад олгосон шагнал, урамшуулал, удирдлагын зардлын хэмжээ;

6.6.3. шаардлагатай бусад мэдээлэл.

6.7. Төсвийн орлого, зарлагын мэдээ, мөнгөн болон мөнгөн бус хөрөнгийн гүйцэтгэлийн тайланг улирал, жил тутам гаргаж аудитаар баталгаажуулан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

6.8. Эд хөрөнгийн дотоодын тооллогыг хугацаанд нь явуулж, жилийн тайлан тэнцэлд тулгана.

6.9. Төсвийн тухай хуульд заасны дагуу өөрийн чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, урсгал зардлын төлөвлөгөөг батлуулна.

6.10. Үйлдвэрийн газар Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллана.

Долоо. Хяналт шалгалт

7.1. Төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалтад төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллана.

7.2. Үйлдвэрийн газрын захирал байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг санхүүгийн болон төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын өмнө хариуцна.

7.3. Үйлдвэрийн газрыг өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад ерөнхий нягтлан бодогч бүртгэлийн хяналт тавьж ажиллана.

Найм. Үйлдвэрийн газрын баримт
бичгийг хадгалах

8.1. Үйлдвэрийн газар нь албан хэрэг хөтлөлт, хадгалалтын нийтлэг журмыг мөрдөн ажиллаж дараах баримт бичгийг хадгална:

8.1.1. үйлдвэрийн газрын дүрэм, дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, үйлдвэрийн газрыг байгуулах эрх бүхий байгууллагын шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх, лиценз, тусгай зөвшөөрөл, сертификат;
8.1.2. санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, түүнд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмж;

8.1.3. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, нягтлан бодох бүртгэлд тусгасан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох бичиг баримт;

8.1.4. үйлдвэрлэл, технологи, үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам, заавар, стандарт, холбогдох бусад баримт бичиг;

8.1.5. хурлын тэмдэглэл, шийдвэр, захирлын гаргасан тушаал, шийдвэр;

8.1.6. шаардлагатай бусад баримт бичиг.

Ес. Бусад

9.1. Энэ дүрэмд зааснаас бусад асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

 

 

---о0о---