A

A

A

Бүлэг: 1979

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн

2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 74 тоот тогтоолын нэгдүгээр хавсралт

 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ, ХЭРЭГЛЭГЧ ХООРОНДЫН

АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМ
 

1. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү дүрмийн зорилго нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллага /хангагч/ болон үйлчилгээг хүртэж буй иргэд, байгууллагууд /хэрэглэгч/-ын хоорондын харилцаа, гэрээ байгуулах нөхцөл, түүнд тавих шаардлага, үйлчилгээний түвшин, чанар, төлбөр тооцооны нөхцөл зэрэг харилцааг зохицуулахад оршино.

2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хоорондын аж ахуйн харилцаа

2.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын Иргэний хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах  татуургын ашиглалтын тухай хууль, холбогдох бусад хууль эрх зүйн баримт бичиг болон энэхүү дүрэмд нийцүүлэн хэрэглэгчтэй аж ахуйн гэрээ байгуулна.

2.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрэглэгчтэй цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулж, дүгнэн ажиллана.

2.3 Иргэнтэй байгуулах гэрээнд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан зүйлийг тусгана.

2.4 Хуулийн этгээдтэй байгуулах гэрээнд энэ дүрмийн 2.3-т зааснаас гадна ус хангамжийн хэрэглээний горим, сар бүрийн төлбөрийн хуваарь зэргийг тусгана.

2.5 Дараах шаардлагыг хангасан хэрэглэгчтэй цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээг байгуулна. Үүнд:

2.5.1 Хангагчаас техникийн нөхцөл авсан байх,

2.5.2 Хэрэглэгчийн эзэмшилд байгаа шугам сүлжээний эзэмшлийн заагийг тогтоосон холболтын схем зурагтай байх /ажлын зургийг хангагчтай зөвшилцсөн байх/;

2.5.3 Хэмжих хэрэгслийн зангилаа, тоног төхөөрөмж нь батлагдсан зураг, схемийн дагуу угсрагдсан, баталгаажуулсан тоолуур суурилуулсан байх,

              2.5.4 Цэвэр усны шугамын угаалга, дүүргэлт, холболтын хөлс төлсөн байх,

2.5.5 Гүйцэтгэлийн зураг үйлдэж, хотын мэдээллийн санд бүртгүүлсэн байх.

2.5.6 Ариутгах татуургын төвлөрсөн системд холбогдох боломжгүй хэрэглэгч бохир ус зөөвөрлөх үйлчилгээгээр эрх бүхий байгууллагатай гэрээ хийсэн байх

2.6 Хэмжих хэрэгсэл, лац, тойрох шугам дээрх хаалт, хэмжих хэрэгслийн зангилаа, барилга байгууламж болон гадна цэвэр, бохир усны худаг, худаг хүртэлх шугамын ашиглалтыг хэрэглэгчийн талаас эрх бүхий албан тушаалтанд хариуцуулна.

2.7 Цэвэр, бохир усны үйлчилгээнд хамаарч буй барилга байгууламжийг өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд шилжүүлвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээг 7 хоногийн өмнө цуцалж, төлбөр тооцоог дуусган,  акт үйлдсэн байна.

2.8 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгчийн хүсэлтээр төлбөртэй үйлчилгээг үзүүлж болно. Үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээг хангагч байгууллагаас батална.

3. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг

3.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгчдийг Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн[1] 6 дугаар зүйлийн 6.5, 6.6 дах хэсэгт заасны дагуу батлагдсан, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа  “MNS 0900:2005 Ундны ус, эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” ундны усны стандартын шаардлагад нийцсэн усаар хангах үүрэгтэй.

3.2 Хэрэглэгчийн ус хангамж, ариутгах татуургын системд холбогдсон шугам сүлжээ, барилга байгууламжид хяналт тавьж, хэрэглэгчид ашиглалтын талаар мэргэжлийн тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх үүрэгтэй.

3.3 Хэрэглэгчийн зүй бус усны хэрэглээг илрүүлэх, усны алдагдлыг таслан зогсоох, усыг хэмнэлттэй хэрэглэх бодлого баримтлах, хэрэглэгчийн нийлүүлж буй бохир усанд лабораторийн шинжилгээ хийж, байнгын хяналт тавих үүрэгтэй.

3.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан хэмжээг баримтлан үйлдвэрлэл явуулж буй хэрэглэгчийн технологийн хэрэглээнээс гарч буй бохир уснаас сар бүр дээж авч шалгах эрхтэй.

3.5 Эрх бүхий байгууллагаас усны үнэ тарифт нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд түүнийг мөрдөж эхлэхээс 30 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах үүрэгтэй.

3.6 Хууль тогтоомж буюу гэрээг санаатайгаар зөрчиж цэвэр, бохир усны шугамд зөвшөөрөлгүй холбосон бол тухайн ус хэрэглээний тооцоог шугам угаалга, дүүргэлтийг тооцох аргачлалаар бодож тогтоон нөхөн төлбөр төлөхийг шаардах эрхтэй. /Шугам дүүргэлт, угаалга тооцох аргачлалаар бодож тогтоохдоо урсгалын хурдыг 1.5 м/с гэж үзэж, хоолойн хөндлөн огтлолын талбайгаар тооцно/

3.7 Хэрэглэгчийн эзэмшлийн ариутгах татуургын шугам сүлжээнд хур тунадасны ус оруулсан тохиолдолд нийлүүлсэн усны хэмжээг шугамын дүүргэлтийг 100%, урсгалын хурдыг 1.0 м/с байхаар төлбөрийг тооцоолж, хэрэглэгчээр төлүүлэхээр шаардах эрхтэй.

3.8 Хэрэглэгч усыг гэрээнд зааснаас бусад зориулалтаар ашиглаж байгаа нь тогтоогдвол уг зөрчлийг арилгах хугацаатай үүрэг өгөх, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж хариуцлага тооцуулах, гэрээг цуцлах эрхтэй.

3.9 Хэрэглэсэн цэвэр ус, нийлүүлсэн бохир усны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй хэрэглэгчдийг цэвэр усаар хангах гэрээг цуцлах эрхтэй.

3.10 Хэрэглэгчийн буруугаас ус хангамж, ариутгах татуургын системд гэмтэл гаргасан тохиолдолд учирсан хохирлыг барагдуулахыг хэрэглэгчээс шаардах эрхтэй.

3.11.Хангагч байгууллага хэрэглэгчийн барилга байгууламжийг Зохицуулах зөвлөлийн мэдээллийн санд бүртгүүлнэ. Шинэ хэрэглэгч бүртгүүлэх тохиолдолд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

3.11.1.Хангагч нь тухайн барилга, байгууламжид ойролцоо байрлалтай, хэрэглэгчдэд засвар үйлчилгээг түргэн, шуурхай үзүүлэх боломжтой байх.

3.11.2.Хангагч нь хэрэглэгчтэй тухайн барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээний гэрээг байгуулсан байх.

3.11.3.Мэдээллийн санд бүртгүүлэх хэрэглэгчийн барилга байгууламжийг ашиглалтанд авсан комиссын акт, дүгнэлттэй байх.

3.11.4.Мэдээллийн санд бүртгүүлэх барилга байгууламжийн айл өрх, аж ахуйн нэгжийн тоо тодорхой байх.

3.11.5.Мэдээллийн санд бүртгүүлэх барилга байгууламжийн ус хангамж, ариутгах татуургын техникийн нөхцлийн хэрэгжилт хангагдсан байх.

3.11.6.Шинээр гэрээ байгуулах хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээ нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчид санхүүгийн хувьд үр ашигтай байх. /ХСУХАТАҮЗЗ-ийн 2020 оны 45 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан./

4. Хэрэглэгчийн эрх, үүрэг

4.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх бүхий албан тушаалтныг сар бүр усны тоолуурын заалт авах боломжоор хангах, баталгаажуулах, төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй.

4.2 Хэрэглэгч өөрийн эзэмшлийн цэвэр, бохир усны шугам, худгийн бүрэн бүтэн байдалд байнга хяналт тавьж, стандартын тагтай байлгах ба техникийн өрөө, зоорийн давхрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглоно.

4.3 Өөрийн зааг эзэмшилд байгаа ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ барилга байгууламжийг гэмтээхгүй, усанд автуулахгүй, хөлдөөхгүй байлгах, худгийн тагийг цас мөснөөс цэвэрлэх, хангагч байгууллагаас тавьсан лац, ломбыг гэмтээхгүй байх, гадаргуугийн болон хур тунадасны ус зайлуулах сувгийг ариутгах татуургын шугам сүлжээнд холбохгүй байх, галын гидрантын ашиглалтын бүрэн бүтэн байдлыг хангах, ус зөөвөрлөх боломжтой орц гарцтай байх зэрэг хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй.

4.4 Ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, барилга байгууламжид гарсан осол гэмтлийн талаар хангагч байгууллагад яаралтай мэдэгдэж, Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөл ирэх хүртэл гэмтэл гарсан хэсгийг хяналтандаа байлгана.

4.5 Хэмжих хэрэгслийн зангилааг Барилгын норм ба дүрмийн дагуу үзлэг, үйлчилгээ хийхэд тохиромжтой, ус тусгаарлагчтай, гэрэлтүүлэгтэй, +50С-ээс доошгүй хэмтэй өрөөнд буюу дулааны узелийн өрөөнд байрлуулна.

4.6 Усны тоолуурыг холбогдох журмын дагуу хэрэглэгч өөрийн хөрөнгөөр суурилуулах бөгөөд ашиглалт, үйлчилгээг хариуцна.

4.7 Хэрэглэгчийн усны тоолуур гэмтсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, засварлуулах арга хэмжээг авах үүрэгтэй.

4.8 Хэрэглэгч усны нөөц тоолууртай бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчийг байлцуулан сольж, заалтыг 2 тал баталгаажуулна.

4.9 Хэрэглэгчийн усны хэрэглээ үндэслэлгүй, огцом өөрчлөгдсөн тохиолдолд хэмжих хэрэгслийн зангилааг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй зөвшилцсөн зөрчлийг арилгуулна.

4.10 Хэрэглэгч нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан зөвшөөрөгдөх хэмжээнд нийцсэн бохир усыг төвлөрсөн шугамд нийлүүлнэ.

4.11 Хэрэглэгч нь MNS 6561:2015 “Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус. Ерөнхий шаардлага” стандартын шаардлагад нийцсэн цэвэршүүлсэн бохир усыг байгальд нийлүүлнэ.

4.12 Худаг, камерийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, гадны хүн оруулахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.

4.13 Хэрэглэгчийн ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээнд өөр хэрэглэгчийг холбох бол зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр холбож, эрх бүхий ажилтны хяналтан дор холболтыг гүйцэтгэнэ.

4.14 Хэрэглэгч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх бүхий ажилтанд ус түгээгүүрийн оруулга, усны тоолуурын зангилаа, сантехникийн хэрэгсэл /ванн, тосгуур, угаагуур, жорлон/-ийг шалгах бололцоогоор хангана.

4.15 Өөрийн эзэмшлийн шугам сүлжээнд хангагчтай зөвшилцөлгүйгээр бусад  хэрэглэгчийг холбох, тэдгээртэй усаар хангах аж ахуйн гэрээ байгуулахыг хориглоно.

4.16. Хэрэглэгч нь хөрсний ус, борооны усыг хангагч байгууллагын зөвшөөрлөөр нийлүүлсэн тохиолдолд хэмжээ, хугацаа, давтамж, төлбөр хийх нөхцөлийг тусгасан түр гэрээг байгуулна. /ХСУХАТАҮЗЗ-ийн 2020 оны 123 дугаар тогтоолоор нэмсэн./

5. Усны үйлчилгээний төлбөр тооцоо

5.1 Цэвэр, бохир усны хэмжээг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу тогтооно.

5.2 Усны хэрэглээний төлбөрийг Монгол Улсын стандартад нийцсэн, эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтаар тооцох бөгөөд тоолуургүй хэрэглэгчийн хэрэглэсэн усны хэмжээг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 20.2-д зааснаар тооцно.

5.3 Хэрэглэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчийг тоолуурын заалт авах боломжоор хангаагүй тохиолдолд хэрэглэсэн цэвэр ус, татан зайлуулсан бохир усны хэмжээг сүүлийн 3 сарын дунджаар, шинээр холбогдсон хэрэглэгчийн хувьд хэрэглэсэн усны хэмжээг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 20.2-д зааснаар, тоолуургүй хэрэглэгчийн тарифаар тооцно.

5.4 Ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэгдэж байгаа бохир усны хэмжээг тооцохдоо цэвэр усны хэрэглээг үндэслэнэ.

5.5 Бохир усны хэмжээг хүнсний болон зарим онцлог үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүнд шингэсэн усны хэмжээг хасаж тооцно. Үйлдвэрийн газрууд нь шингээлтийн хэмжээг зохих технологийн дагуу тогтоож, хангагчтай тохиролцон, гэрээнд тусгана. 

5.6 Усны төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд хангагчийн харилцах дансанд эсвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн кассанд тушаана.

5.7 Хэрэглэгч худалдан авсан цэвэр ус, нийлүүлсэн бохир усны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн[2] 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасны дагуу хангагч нь алданги тооцох эрхтэй.

5.8 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасны дагуу батлагдсан цэвэр, бохир усны үнэ, тарифыг дагаж мөрдөнө.

6. Ус хангамжийг хязгаарлах нөхцөл

6.1 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2-т заасан үндэслэлээр хангагч нь хэрэглэгчийн ус хангамжийг хязгаарлана.

6.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгчийн ус хангамжийг хязгаарлахдаа урьдчилан мэдэгдэх бөгөөд төлөвлөгөөт засвар, үйлчилгээ хийх үед цэвэр усаар хангах үйл ажиллагааг түр зогсоохдоо онцгой обьект болон их хэрэглээтэй хэрэглэгчдэд 24-өөс доошгүй цагийн өмнө, урьдчилан мэдэгдэж, тохиролцсоны үндсэн дээр зогсоох үүрэгтэй.

6.3  Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бохир усны найрлага дах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх хэмжээнээс ихийг цэвэрлэх байгууламжид нийлүүлсэн, бохирдолтын түвшинг баримтлаагүй тохиолдолд Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулах, хэрэглэгчийг цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйл ажиллагааг тодорхой хугацаанд хэсэгчлэн болон бүрэн зогсоож болно.

6.4 Хэрэглэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс албан ёсоор зөвшөөрөл аваагүй тохиолдолд дамжин хэрэглэгчийн усыг хаах болон таслах эрхгүй.

6.7 Хэрэглэгч цэвэр, бохир усны төлбөрөө 3-н сараас дээш хугацаагаар төлөөгүй, ус ашиглалт, ариутгах татуургын улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хэрэглэгчийн ус хангамжийг хязгаарлаж болно.

7. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн нөхцөлд ажиллах

7.1 Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн үед хангагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

7.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль цаг уурын онцгой нөхцөл байдалд ажиллах журмыг баримтлан шугам сүлжээнд гарсан осол, гэмтлийг богино хугацаанд арилгах бүх талын арга хэмжээ авах, шаардагдах засварын хугацааг хэрэглэгчид хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон бусад хэлбэрээр мэдээлнэ.

7.3 Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан[3] гамшгийн нөхцөл байдал үүссэнээс бусад үед буюу шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарснаас хэсэг бүлэг хэрэглэгчийн ус хангамж тасарсан тохиолдолд хэрэглэгчид мэдэгдсэнээс хойш 24 цагийн дотор хэрэглэгчийн ус хангамжийг сэргээнэ.

8. Маргааныг хянан шийдвэрлэх, хохирлыг нөхөн төлүүлэх

8.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.

8.2 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасны дагуу өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хянан шийдвэрлэнэ.

8.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд гарсан маргааныг талууд харилцан тохиролцсоны дагуу шийдвэрлэх бөгөөд харилцан шийдэлд хүрч чадаагүй тохиолдолд Зохицуулах байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ. Хэрэв маргалдагч талууд Зохицуулах байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ.

8.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд усны тоолуурын заалттай холбоотой гарсан маргааныг эрх бүхий лаборатори, мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ.

8.5 Тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрэглэгчийн хооронд цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулахтай холбоотой харилцаанаас үүссэн хохирлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хамтран тогтоосон актаар баталгаажуулна.

8.6 Хохирлын актыг холбогдох талууд хамтран ажлын 5 /тав/ хоногийн дотор тогтоож баталгаажуулах бөгөөд хохирлыг буруутай тал нь 1 /нэг/ сарын дотор нөхөн төлнө.

8.7 Хэрэглэгч нь өөрийн эзэмшилд байгаа тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйгээс тусгай зөвшөөрөл эзэмшигч болон бусад этгээдэд хохирол учруулсан бол хохирлыг шууд нөхөн төлнө.

8.8 Хэрэв хэрэглэгчийн буруугаас тоолуурын хэвийн ажиллагааг хангаагүй, тоолуурын заалтаар усны хэмжээг тооцох боломжгүй тохиолдолд тухайн сарын хэрэглээг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 20.2-д зааснаар тооцно.

8.9 Дараах тохиолдолд хэрэглэгчид учирсан хохирлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцахгүй. Үүнд:

8.9.1 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 16.1, 16.2-т заасны дагуу хязгаарлалт хийснээс учирсан хохирлыг хариуцахгүй.

8.9.2 Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8.ж хэсэгт[4] заасан галын болон байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэй хохирол;

8.9.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээгээр тохиролцож, тогтоосон горимыг хэрэглэгч зөрчсөн үед;

8.9.4 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5-д заасны дагуу хэрэглэгчийн усыг хязгаарласан;

8.9.5 Хэрэглэгчийн ус хангамжийн шугам сүлжээг гуравдагч этгээд гэмтээсэн бол;

9. Бусад зүйл

9.1 Энэхүү дүрмийн биелэлтэд Зохицуулах байгууллага хяналт тавих бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч талууд хэрэгжүүлнэ.

9.2 Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага болон  олон нийт хяналт тавьж болно.

9.3 Энэхүү дүрмийг зөрчсөн этгээдэд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

9.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн эзэмшлийн шугам хоолой, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тохиолдолд тэдний хооронд байгуулсан гэрээний дагуу зохицуулна.

-------о О о--------


 



[1] 6.5.Стандартчиллын техникийн хорооны хэлэлцэж дэмжсэн стандартын төслийг Стандартчиллын Үндэсний зөвлөл улсын хэмжээнд хэрэглэхээр хүлээн зөвшөөрч үндэсний стандартаар батална.

6.6.Үндэсний стандарт нь товчилсон тэмдэглэгээ, улсын бүртгэлийн дугаартай байх бөгөөд түүнийг баталсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлд бүртгэсэн тухай олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

 

[2] 232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.

[3] 4.1.2.“гамшиг” гэж аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд улс, орон нутгийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учрахыг;

[4] 4.1.8.ж.галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг.