A

A

A

Бүлэг: 1979

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 05дугаар сарын 19-ний өдрийн 74 тоот тогтоолын хоёрдугаар хавсралт

 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН ХООРОНДЫН

АЖ АХУЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ДҮРЭМ
 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү дүрмийн зорилго нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийнхооронд цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулахтай холбогдон үүсэх аж ахуйн харилцааг зохицуулах, тэдгээрийн хооронд байгуулах гэрээний нөхцөл, түүнд тавигдах шаардлага, үйлчилгээний түвшин, чанар, төлбөр тооцооны нөхцөл, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино.

1.2. Энэхүү дүрмийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд дагаж мөрдөнө.

Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын аж ахуйн харилцаа

2.1. Усаар хангаж буй болон дамжуулан түгээж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчид /цаашид тусгай зөвшөөрөл эзэмшигчид гэх/ аж ахуйн гэрээгүйгээр ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.

2.2.Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид хоорондын аж ахуйн гэрээг Зохицуулах байгууллагын баталсан энэхүү дүрмийг үндэслэн Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн байгуулж, гэрээг жил бүр дүгнэн ажиллана.

2.3.Гэрээнд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан зүйлийг тусгахаас гадна ус хангамжийн хэрэглээний горим, сар бүрийн төлбөрийн хуваарь зэргийг тусгана.

2.4.Дараах шаардлагыг хангасан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээг байгуулна. Үүнд:

2.4.1.Зохицуулах байгууллагаас олгосонтусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд барилга байгууламж нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад тэмдэглэгдсэн байна.

2.4.2. Барилга байгууламжууд ашиглалтанд орж, Улсын комисс хүлээн авсан   байх /актуудыг хавсаргах/,

2.4.3. Хангагчаас техникийн нөхцөл авсан байх,

2.4.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эзэмшилд байгаа шугам сүлжээний эзэмшлийн заагийг тогтоосон холболтын схем зурагтай байх, /ажлын зургийг хангагчтай зөвшилцсөн байх/

2.4.5.Усны тоолуурын узель нь батлагдсан зураг, схемийн дагуу угсрагдсан, баталгаажигдсан тоолуур суурилуулсан байх,

2.4.6 Гүйцэтгэлийн зургийг хийлгэж, хотын мэдээллийн санд бүртгүүлсэн байх,

2.4.7.Шугамын угаалга, дүүргэлт, холболтын хөлс төлсөн байх,
 

2.5. Усны параметр гэрээнд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид акт үйлдэж, усны суурь хураамжийг суурь хураамж тооцох аргачлалын  дагуу тооцох ба гэрээгээр хүлээсэн хариуцлагыг буруутай тал хүлээнэ.

2.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцсан барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, үйлчилгээг өөр тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх тохиолдолд Зохицуулах байгууллагад хүсэлт гаргаж,тусгай зөвшөөрлийн хавсралтад өөрчлөлт хийлгэсний үндсэн дээр гэрээг шилжүүлнэ.

2.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд байгуулсан аж ахуйн гэрээ өөрчлөгдөх, дуусгавар болсон тохиолдолд хэрэглэгчдийн эрх ашгийг хохироохгүйгээр зохицуулсан байна.

Гурав. Тусгай зөвшөөрөл эзэмшигч талуудын эрх, үүрэг

3.1.Гэрээнд оролцогч талуудын аль нэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын тооцооны тарифт зохицуулалт хийлгэхийг хүсвэл саналаа Зохицуулах байгууллагад тавьж, шийдвэрлүүлэх эрхтэй.

3.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний хугацаанд худалдан авах цэвэр ус, нийлүүлэх бохир усны тоо хэмжээг үндэслэлтэй тогтоох үүрэгтэй.

3.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цэвэр усны шугамын даралтыг гэрээнд зааснаас бууруулахгүй байх үүрэгтэй.

3.4 Гэрээт тусгай зөвшөөрөл эзэмшигчид тоолуур, хэмжих хэрэгсэлд сард нэгээс доошгүй удаа хамтарсан үзлэг шалгалт хийх үүрэгтэй.

3.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр тооцооны хэмжих  хэрэгсэлд  хяналт тавих зорилгоор хяналтын хэмжих хэрэгсэл тавих эрхтэй.

3.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн эзэмшлийн усны тоолуурын баталгаат хугацаа дуусахад өөрийн зардлаар тоолуур, хэмжих хэрэгслийг баталгаажуулах үүрэгтэй.

3.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хууль тогтоомж буюу гэрээг санаатайгаар зөрчиж цэвэр, бохир усны шугаманд холбосон болус хэрэглээний тооцоог шугам угаалга, дүүргэлтийг тооцох аргачлалаар бодож тогтоон, нөхөн төлбөр төлөхийг шаардах эрхтэй. /Шугам дүүргэлт, угаалга тооцох аргачлалаар бодож тогтоохдоо урсгалын хурдыг 1.5 м/с гэж үзэж, хоолойн хөндлөн огтлолын талбайгаар тооцно/

3.8. Дамжуулан түгээсэн цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг удаа дараа  хугацаанд нь төлөөгүй нөхцөлд хангагч нь дамжуулан түгээсэн тусгай зөвшөөрөл  эзэмшигчээс төлбөрийг бүрэн төлөх тухай баталгаа гаргуулахыг шаардах эрхтэй ба дамжуулан түгээгч тал биелүүлэх үүрэгтэй.

3.9 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын Иргэний хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрэмд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.

3.10. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хөрс, борооны усыг хангагч байгууллагын зөвшөөрлөөр нийлүүлсэн тохиолдолд хэмжээ, хугацаа, давтамж, төлбөр хийх нөхцөлийг тусгасан түр гэрээг байгуулна. Хөрс, борооны усыг дамжуулан нийлүүлэх тохиолдолд хэрэглэгчийг оролцуулна. /ХСУХАТАҮЗЗ-ийн 2020 оны 123 дугаар тогтоолоор нэмсэн./

 

Дөрөв. Үйлчилгээний чанарын шаардлага

4.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид аж ахуйн гэрээнд заасан тоо хэмжээ, усны чанарын стандартын шаардлага хангасан усаар хангана.

4.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэмтэл, саатлаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.

4.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид хэрэглэгчдийг цэвэр усаар тасралтгүй хангах, бохир усыг татан зайлуулахад шаардагдах ажиллах хүч, материал, тоног төхөөрөмж, машин механизмыг байнгын бэлэн байдалд байлгана.

4.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь аюулгүй ажиллагааны дүрэм болон холбогдох бусад дүрэм журамд заасан техникийн нөхцөл, шаардлага, шуурхай үйлчилгээний хэм хэмжээг баримтлан ажиллана.

4.5. Аж ахуйн харилцааны гэрээтэй холбогдсон өргөдөл, гомдлыг ажлын 10 хоногийн дотор хамтран хэлэлцэж шийдвэрлэнэ. Шийдвэрлэх боломжгүй тохиолдолд эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

Тав. Төлбөр тооцоо

5.1.Төлбөр тооцох цэвэр, бохир усны хэмжээг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу тогтооно.

5.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид Зохицуулах байгууллагаас баталсан уснй үйлчилгээний тарифыг мөрдөнө.

5.3. Тооцох хэмжих хэрэгслийн хэмжилтийн зөрчлийг итгэмжлэгдсэн эрх бүхий мэргэжлийн хөндлөнгийн лабораториор шийдвэрлүүлэнэ.

5.4. Хэмжүүрээр тооцох цэвэр, бохир усыг сар бүр тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамтран хянаж, актаар баталгаажуулна.

5.5 Ажилтны буруугаас гарсан төлбөр тооцооны зөрүүг тусгай зөвшөөрөл эзэмшигчид харилцан тохиролцож дараа сарын тооцоонд оруулан нөхөн тооцоо хийнэ. 

5.6.Гэрээнд цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр хийх хугацааг тодорхой тусган, мөрдөж ажиллана.

5.7. Төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт[1] заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлөгдөөгүй мөнгөн дүнгийн хувиар алданги тооцох эрхтэй.

5.8. Хөрс, борооны усыг хангагчийн шугамд дамжуулан нийлүүлэх тохиолдолд хангагч байгууллага нь Зохицуулах зөвлөлөөс баталсан тарифаар хэрэглэгчтэй шууд төлбөр тооцоог хийх бөгөөд дамжуулан нийлүүлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Зохицуулах зөвлөлөөс тогтоосон дамжуулан нийлүүлэх тарифаар төлбөр хийнэ. /ХСУХАТАҮЗЗ-ийн 2020 оны 123 дугаар тогтоолоор нэмсэн./

Зургаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хоорондын аж ахуйн харилцаанаас

үүссэн хохирлыг тооцох, нөхөн төлөх

6.1. Аж ахуйн харилцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бусдад учирсан хохирлыг буруутай тал хариуцна.

6.2. Цэвэр, бохир усны аж ахуйн гэрээг зөрчсөн хохирлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хамтарсан актаар баталгаажуулна. Үүнтэй холбогдсон гомдлыг Зохицуулах байгууллагад тавьж болно.

6.3. Хохирлын актыг холбогдох талууд хамтран 14 хоногийн дотор тогтоож баталгаажуулах бөгөөд хохирлыг буруутай тал нөхөн төлнө.

6.4. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасны дагуу ус хангамжийг тасалсан, хязгаарласнаас үүссэн хохирлыг аль нэг тал хариуцахгүй.

Долоо. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн нөхцөлд ажиллах журам

7.1. Давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрх бүхий байгууллагаас баталсан “Гамшгийн үед хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг хариуцсан байгууллагын ажиллах журам” -ыг мөрдлөг болгон ажиллана.

Найм. Маргааныг хянан шийдвэрлэх

8.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд цэвэр ус худалдах, худалдан авах, бохир ус нийлүүлэх, бусад гэрээнд заагдсан үйлчилгээтэй холбогдож үүссэн аливаа маргааныг тусгай зөвшөөрөл эзэмшигчид харилцан шийдвэрлэх бөгөөд хэрэв зөвшилцөлд хүрч чадахгүйд хүрвэл Зохицуулах байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

8.2.Хэрэв Зохицуулах байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ.

Ес.Дүрмийн биелэлтэнд тавих хяналт, хүлээлгэх хариуцлага

9.1. Аж ахуйн харилцааны дүрмийн биелэлтэд тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон Зохицуулах байгууллага, мэргэжлийн хяналтын байцаагч хяналт тавина.

9.2. Энэхүү дүрмийг зөрчсөн хуулийн этгээдэд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

-------о О о-------

                                                                                                               
 

 

 

 

 

 



[1]232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.