- Нүүр
- Сайдын тушаал
- ГАЗРЫН ТОС, УЛАМЖЛАЛТ БУС ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛ, АШИГЛАЛТЫН ТАЛБАЙГ БУЦААН ӨГӨХ, ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/06 дугаар тушаалын хавсралт
ГАЗРЫН ТОС, УЛАМЖЛАЛТ БУС ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛ, АШИГЛАЛТЫН ТАЛБАЙГ БУЦААН ӨГӨХ, ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ
1 дүгээр зүйл. Ерөнхий зүйл
1.1.Энэхүү журам нь Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуулын, ашиглалтын талбайг гэрээлэгчээс Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлөх эрх бүхий байгууллагад буцаан өгөх, Засгийн газар буюу эрх бүхий байгууллага нь дээр дурдсан талбайг гэрээлэгчээс хүлээн авахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2.Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаахад энэхүү журмыг баримтална.
1.3.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь эрлийн болон бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайн ажил хийгдээгүй хэсгийг буцаан авахдаа тухайн орон нутгийн байгаль орчны байцаагчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ.
2 дугаар зүйл. Талбайг буцаахад бүрдүүлэх баримт бичиг
2.1.Гэрээлэгч нь газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаахад дараах баримт бичгийг бүрдүүлэн газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Үүнд:
2.1.1.Албан хүсэлт;
2.1.2.Холбогдох зураг, мэдээлэл;
2.1.3.Буцаах талбайд гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан;
2.1.4.Бүтээгдэхүүн хуваах гэрээ, эсвэл эрлийн гэрээний хэрэгжилт (оноор);
2.1.5.Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан;
2.1.6.Жил бүрийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээх ажлын тайлан;
2.1.7.Жил бүрийн орчны хяналт шинжилгээний ажлын тайлан;
2.1.8.Буцаах талбайд хийгдсэн газрын хянан баталгааны ажлын тайлан, дүгнэлт;
2.1.9.Буцаах талбайд өрөмдсөн цооногийн нөхөн сэргээлт хийсэн талбайгаас авсан хөрсний дээжинд “Хөрсний чанарын стандарт”-ын дагуу итгэмжлэгдсэн лабораториар хийлгэсэн шинжилгээний тайлан, дүгнэлт;
2.1.10.Нөхөн сэргээлт хийсэн талбайг орон нутагт хүлээлгэн өгсөн акт;
2.1.11.Газрын тосны асуудал эрхэлсэн холбогдох төрийн байгууллагууд, Мэргэжлийн хяналтын болон байгаль орчны асуудал эрхэлсэн төв, орон нутгийн байгууллагуудаас өгсөн үүрэг даалгавар, түүний хэрэгжилт;
2.1.12.Бусад материал
2.1.13 Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь талбай буцаан өгөх тухай гэрээлэгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор “талбай буцаан авахад дүгнэлт гаргах үүрэг бүхий” ажлын хэсгийг байгуулах хүсэлтийг Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.УУХҮС-ын 2021 оны А/45 дугаар тушаалаар нэмсэн.
3 дугаар зүйл. Дүгнэлт гаргах
3.1 Газрын тосны болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын алба, нутгийн удирдлагын байгууллагын төлөөллийг оролцуулсан “талбай буцаан авахад дүгнэлт гаргах үүрэг бүхий” ажлын хэсгийг 14 хоногийн дотор байгуулна.УУХҮС-ын 2021 оны А/45 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан.
3.2.Ажлын хэсгийн ахлагч нь ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 14 хоногийн дотор ажлын төлөвлөгөөг батална.
3.3.Ажлын хэсэг, буцааж буй талбайтай газар дээр нь танилцаж, тухайн талбайд хийгдсэн ажил нь холбогдох хууль, журам, стандартын шаардлага хангасан эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай тохиолдолд илэрсэн зөрчлийг арилгуулах талаар албан шаардлагыг ажлын 10 хоногт багтаан гэрээлэгчид хүргүүлнэ.
3.4.Гэрээлэгч ажлын хэсгээс хүргүүлсэн шаардлагыг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор биелүүлж, ажлын хэсэгт албан бичгээр биелэлтийг ирүүлнэ.
3.5.Ажлын хэсэг шаардлагын биелэлтийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор газар дээр нь дахин шалгаж дүгнэлт гаргана.
3.6 Ажлын хэсгээс ирүүлсэн нэгдсэн санал дүгнэлтийг газрын тосны болон байгаль орчны асуудал эрхэлсэн сайдын зөвлөл 45 хоногийн дотор хэлэлцэн эцсийн шийдвэр гаргана.УУХҮС-ын 2021 оны А/45 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан.
3.7 Ажлын хэсгийн дүгнэлт, Газрын тосны болон Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудын шийдвэрүүд ил тод нээлттэй байна.
4 дүгээр зүйл. Цооног хүлээлгэн өгөх
4.1.Цооногийг дараах байдлаар битүүмжилсэн байна.
4.1.1.Цооногийн амсрыг төмөр таглаагаар таглан гагнаж битүүмжлэн, 0.5 метрээс багагүй өндөртэй төмөр самбар дээр эрэл эсвэл хайгуулын талбайн нэр, цооногийн дугаар, цооногийг өрөмдсөн огноог тэмдэглэнэ.
4.1.2.Тосны илрэлтэй цооногуудыг хаахдаа перфораци хийсэн интервалаас дээш 50 метрээс багагүй зузаантай цементээр цутган, цооногийн дотоод тоноглолыг баримтжуулан хүлээлгэн өгнө.
4.2.Цооног орчмын нөлөөлөлд өртсөн газрын гадаргууд “Газрын тосны хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаанаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, техникийн ерөнхий шаардлага” MNS 6200:2010 стандартын дагуу нөхөн сэргээлт хийгдсэн байна.
5 дугаар зүйл. Бусад
5.1 Гэрээлэгч нь энэ журмын 3 дугаар зүйлд заасан талбай буцаан авах эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлнө.УУХҮС-ын 2021 оны А/45 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан.
5.2.Талбай буцаахтай холбогдон гарах зардлыг гэрээлэгч хариуцна.
5.3 Газрын тосны тухай хуулийн 39 дүгээр зүйл, Бүтээгдэхүүн хуваах гэрээний 17 дугаар зүйлд заасны дагуу ажлын хэсэг тухайн буцаан өгч буй талбай дахь газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирсэн гэрээлэгчийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бараа материал, үл хөдлөх хөрөнгийг Монгол Улсын өмчлөлд шилжүүлэх асуудлыг гэрээлэгчтэй харилцан тохиролцож шийдвэрлэнэ. УУХҮС-ын 2021 оны А/45 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан.
5.4.Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.9-д заасны дагуу эскроу дансанд байршуулсан хөрөнгө гэрээлэгчийн байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлэх баталгаа болно. Нөхөн сэргээлтийг дахин гүйцэтгэхтэй холбогдон гарах зардлыг өртөг нөхөгдөх зардалд тооцохгүй.
5.5.Гэрээлэгч ашиглалтын талбайг бүхэлд нь буцаан өгөхдөө орд хаах, татан буулгах үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр зохицуулна.
5.6 Энэ журмын 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан хөрөнгийг ажлын хэсэг шилжүүлэн авахаас татгалзсан тохиолдолд гэрээлэгч нь техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бараа материал, үл хөдлөх хөрөнгийг тухайн буцаан өгч буй талбайгаас бүрэн чөлөөлнө.
5.7 Гэрээлэгч нь Газрын тосны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.9 дэх хэсэгт заасны дагуу баталгаат нөөцөөс ашиглалтын үйл ажиллагаа явуулах бөгөөд газрын тосны ордыг ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөнд ашиглалтын талбайн аль нэг хэсгийн баталгаат нөөцийг ашиглахаар тусгаагүй бол энэ нь тухайн ашиглалтын талбайгаас хэсэгчлэн буцаан авах үндэслэл болно.
5.8 Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь газрын тосны ордыг ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндэслэн ашиглалтын талбайгаас хэсэгчлэн буцаан авах саналыг гарган гэрээлэгч талд мэдэгдэж, буцаан авах асуудлыг энэ журмын дагуу шийдвэрлэнэ.
5.9 Гэрээлэгч нь энэ журмын 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасан хугацаанд ажлын хэсгээс хүргүүлсэн шаардлагын биелэлтийг ирүүлээгүй бол тусгай зөвшөөрлийн төлбөрийг хэтэрсэн хугацаанд нэмж тооцно.
УУХҮС-ын 2021 оны А/45 дугаар тушаалаар 5.6-5.9 дэх хэсгийг нэмсэн.
Текст томруулах
A
A
A