A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙ, ЭРДЭС БАЯЛГИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГ ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Бүлэг: 1979

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн

А/19 дугаар тушаалын хавсралт

 

ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙ, ЭРДЭС БАЯЛГИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГ ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

 

                                                          Нэг. Нийтлэг үндэслэл

                                                                                

1.1.Энэхүү журмын зорилго нь геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэдээллийн сан /цаашид “геомэдээллийн сан” гэх/-г бүрдүүлэх, боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалахтайхолбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Геомэдээллийн санг эрхлэх үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, холбогдох бусад хууль болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.3.Энэхүү журам нь нэг талаас геологи, уул уурхай, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн ба төрийн бус байгууллага, иргэн, нөгөө талаас геомэдээллийн санг эрхлэх байгууллагынхооронд үүсэх харилцаандүйлчлэх бөгөөдэнэ журмын 2.2.2-т заасан боловсруулсан мэдээллээр үйлчилнэ.

 

Хоёр.Геомэдээллийн сангийн тогтолцоо

2.1.Геомэдээллийн сан нь дараах дэд сангуудаас бүрдэнэ. Үүнд:

2.1.1.геологийн /геохими, геофизик, гидрогеологи, ашигт малтмал, ашигт малтмалын нөөц, геологийн зураг болон бусад/;

2.1.2.газрын тосны /хайгуул, ашиглалт болон бусад/;

2.1.3.уул уурхайн /ашигт малтмалаар төрөлжсөн болон бусад/;

2.1.4.геоэкологи, байгаль орчны;

2.1.5.бусад.

2.2.Геомэдээллийн сангийн мэдээлэл нь дараах ангилалтай байна. Үүнд:

2.2.1.анхдагч мэдээлэл буюу иргэн, хуулийн этгээдээс хүлээн авч геомэдээллийн санд бүртгэж, нэгтгэсэн мэдээлэл;

2.2.2.хоёрдогч мэдээлэл буюу анхдагч мэдээллийг тодорхой арга аргачлал, программ хангамжийн тусламжтайгаар боловсруулалт хийсэн мэдээлэл.

Гурав. Геомэдээллийн сангийн үйл ажиллагааг эрхлэх байгууллага ба хэрэглэгч                                         

3.1.Геологи, уул уурхай, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/ нь геомэдээллийн сангийн үйл ажиллагааг  эрхэлж, удирдан зохион байгуулна.

3.2.Геомэдээллийн сангийн хэрэглэгчдийг төлбөртэй болонтөлбөргүй хэрэглэгч гэж ангилах бөгөөд ашиглуулах мэдээллийн төрөл, түүний төлбөрийн хэмжээг “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасны дагуу тодорхойлно.

3.3.Төрийн захиргааны байгууллага нь геомэдээллийн сангийн үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор, тайланг 12 дугаар сарын 15-ны дотор гаргаж геологи, уул уурхай, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/-д тайлагнана.

Дөрөв. Геомэдээллийн санг эрхлэх байгууллагын эрх, үүрэг

4.1.Геомэдээллийн санг эрхлэх байгууллага нь дараах эрхтэй. Үүнд:

4.1.1.геомэдээллийн сангийн хүрээнд хүний нөөцийн нэгдмэл бодлого баримтлах, тэдгээрийг сургаж, мэргэшүүлэх;

4.1.2.геомэдээллийн санд шаардлагатай программ хангамж, компьютер, тоног төхөөрөмжийг худалдан авахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусгуулах;

4.1.3.Монгол орны геологи, гидрогеологи, геоморфологи, инженер-геологийн ерөнхий нөхцөл, геофизик, геохими, ашигт малтмалболон бусад холбогдох мэдээллийг шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөх замаар холбогдох хууль, тогтоомжийн дагуу цахим орчинд байршуулах;

4.1.4.геомэдээллийн санг боловсронгуй болгох чиглэлээр олон улсын туршлага судлах болон холбогдох асуудлаар олон улсын байгууллагатай хамтран ажиллах.

4.2.Геомэдээллийн санг эрхлэх байгууллага нь дараах үүрэгтэй. Үүнд:

4.2.1.хэрэглэгчдийг боловсруулсан, үнэн зөв, тухайн цаг үеийн шаардлагад нийцсэн мэдээллээр хангах;

4.2.2.мэдээллийг боловсруулж, цахим орчинд ашиглах боломжтой геомэдээллийн сангийн хэлбэрээр бүрдүүлэх, тогтмол шинэчлэн баяжуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах;

4.2.3.цахим орчинд байршуулах мэдээллийн үндсэн хэл нь Монгол, дагалдах хэл нь Англи хэл байхаар боловсруулах;

4.2.4.дотоод, гадаад сүлжээ болон компьютер, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах;

4.2.5.геомэдээллийн сангийн сервер, компьютер, бусад дагалдах техник хэрэгслийг засварлах, олон улсын түвшний программ хангамжийг иж бүрдлээр ашиглах, шинээр эд анги нэмж суурилуулах, өөрчлөх болон шаардлагатай бусад үйлчилгээг хийхдээ аюулгүй байдал, нууцлал хангах үүднээс мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн эсхүл түүний хяналтан дор мэргэжлийн  ажилтнаар гүйцэтгүүлэх;

4.2.6.нууцын зэрэглэлд хамаарах мэдээлэл болон геомэдээллийн сангийн бүрэн бүтэн байдлыг чандлан хамгаалах.

 

Тав. Геомэдээллийн сангийн хэрэглэгчийн эрх, үүрэг

5.1.Геомэдээллийн сангийн хэрэглэгч нь дараах эрхтэй. Үүнд:

5.1.1.мэдээлэл авах хэлбэрээ сонгох;

5.1.2.нэмэлт мэдээлэл авах, тодруулах;

5.1.3.мэдээллийг бусад этгээдтэй тэгш эрхтэйгээр хүлээж авах.

5.2.Геомэдээллийн сангийн хэрэглэгч нь дараах үүрэгтэй. Үүнд:

5.2.1.мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагдсан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;

5.2.2.геомэдээллийн сангийн мэдээллийг ашигласан тохиолдолд эх сурвалжийг заавал дурдах;

5.2.3.нууцын зэрэглэлд хамаарах мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй байх.

Зургаа. Геомэдээллийн санг эрхлэх үйл ажиллагаа

6.1.Геомэдээллийн санг бүрдүүлэх

6.1.1.геологи, уул уурхай, газрын тосны салбарт хувийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн геологи, хайгуул, судалгааны ажлын завсрын болон эцсийн үр дүнгийн тайлан, дагалдах анхдагч материалболон холбогдох бусад материал;

6.1.2.улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэнгеологийн зураглал, эрэл-үнэлгээ, хайгуул, сэдэвчилсэнболон бусад төрөлжсөн судалгааны үр дүнгийн тайлан, тэдгээрийн анхдагч материал;

6.1.3.гадаад улс орнуудтай хамтран хэрэгжүүлсэн судалгааны ажлын тайлан, түүний дагалдах мэдээлэл;

6.1.4.зарим гадаад орны архивт хадгалагдаж байгаа Монгол улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологи болон эрдэс баялгийн салбарын судалгааны ажлын тайлан, мэдээллийг Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу хүлээн авах мэдээлэл;

6.1.5.холбогдох бусад эх сурвалжаас авсан мэдээлэл.

6.2.Геомэдээллийн санг боловсруулах

6.2.1.геомэдээллийн сангшинэ боловсруулсан мэдээллээр тогтмол баяжуулна;

6.2.2.Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд Монгол орны нутаг дэвсгэр болон тодорхой муж, бүс нутгийн хэмжээнд бодлого боловсруулах, төлөвлөлт хийх суурь мэдээлэл болгох геологийн нэгдсэн мэдээллийг жил бүр үе шаттайгаар боловсруулна;

6.2.3.засаг захиргаа, нутаг дэвсгэр болон геологийн тодорхой муж, бүс, дүүргүүдийн хэмжээнд геологи, ашигт малтмалын төрөлжсөн мэдээллийг тогтмол шинэ мэдээллүүдээр баяжуулж, боловсруулна;

6.2.4.төрийн байгууллагуудын хэрэгцээнд болон иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн мэдээллийг тухай бүр боловсруулна. Иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу мэдээллийг боловсруулахад энэхүү журмын 3.2 дахь заалтыг баримтална;

6.2.5.энэхүү журмын 2.2.2-т заасан мэдээллийг авах тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлт нь “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн 11.3.1, 11.3.2 дахь заалтуудад туссан шаардлагыг хангасан байна.

6.2.6.төрийн захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс энэхүү журмын 6.2.5-д заасан шаардлага хангасан хүсэлт хүлээн авснаас хойшажлын 5 хоногт багтаан мэдээллийг боловсруулж, үйлчилгээ үзүүлнэ. Боловсруулах үйл ажиллагаанд хугацаа шаардагдах, ажиллагаа ихтэй мэдээллийг боловсруулах тохиолдолд заасан хугацаанаас ажлын 5 хоногоор сунгаж болно.

6.3.Геомэдээллийн сангийн мэдээллийг ашиглах

6.3.1.мэдээллийг салбарын бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх,төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг дэмжих, нэгдсэн, үнэн бодитой мэдээллээр хангах зорилгоор ашиглуулна;

6.3.2.мэдээллийг холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмын 3.2-т заасны дагуу олон нийтэд ашиглуулна;

6.3.3.энэхүү журмын 2.2.1-т заасан мэдээллийг Геологийн баримтын төвөөр дамжуулан ашиглуулна;

6.3.4.энэхүү журмын 2.2.2-т заасан мэдээллийг хэрэглэгчид цахим орчиндтусгай хайлтын системийн тусламжтайгаар авах боломжтой ба нарийвчилсан мэдээллийг төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргах замаар төлбөртэйгөөр ашиглана;

6.3.5.төрийн байгууллагуудтай цахим мэдээлэл солилцоход “Төрийн байгууллагуудын цахим мэдээлэл солилцох журам”-ыг мөрдлөг болгоно;

6.3.6.хувийн хөрөнгөөр хайгуул хийгдэж нөөц нь тогтоогдсон ордын тайлан, техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ зэрэг мэдээллийг нийтийн хэрэгцээнд ашиглах тохиолдолд холбогдох байгууллага болон тухайн тайланг хийж гүйцэтгэсэн хуулийн этгээдээс зөвшөөрөл авна. Тухайн хуулийн этгээд татан буугдсан эсхүл уг тайлангийн талаарх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлээгүй бол тухайн тайланг төр эзэмшиж, ашиглана;

6.3.7.хууль, тогтоомжийн дагуу нууцад хамаарах мэдээллийг холбогдох байгууллагаас бичгээрзөвшөөрөлавсан тохиолдолд ашиглуулж болно.

6.4.Геомэдээллийн санг хадгалах, хамгаалах

6.4.1.төрийн захиргааны байгууллага нь байгалийн гамшиг, гал усны болон гэнэтийн бусад аюул, халдлага, устаж үрэгдэж болзошгүй бусад нөлөөллөөс хамгаалах зорилгоор геомэдээллийн санд байгаа мэдээллийг нэг хувь хувилж, аюулгүй байдлын болон техникийн шаардлага хангасан газарт хадгалж, хамгаална;

6.4.2.цахим орчинд мэдээллийн сантай танилцсан мэдээллийн жагсаалтыг тус систем хадгалах боломжтой байхаар хадгална;

6.4.3.цахим орчин дахь мэдээлэл болон геомэдээллийн сангийн аюулгүй ажиллагаа, хадгалалт, хамгаалалтыг тогтмол хянаж, гадны халдлагаас урьдчилан сэргийлж ажиллана. 

Долоо. Геомэдээллийн сангийн үйл ажиллагаанд хязгаарлах зүйл

7.1.Геомэдээллийн сангийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хязгаарлана. Үүнд:

7.1.1.өгөгдөл, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр өөрчлөн засварлах, устгах, дэвшилтэт техник, технологи ашиглан хуулбарлах, бусдад дамжуулах буюу шилжүүлэх;

7.1.2.бүрэн, бүтэн байдлыг алдагдуулах, санаатайгаар үйл ажиллагааг доголдуулах, вирус /хортой код/ тараах;

7.1.3.мэдээллийг бусдад задруулах, хувийн ашиг сонирхлын зорилгоор ашиглах, дамжуулах, худалдах;

7.1.4.нууцын зэрэглэлтэй мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, ашиглах, бусдад дамжуулах буюу шилжүүлэх.

 

Найм. Хүлээлгэх хариуцлага

8.1.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

--о0о--