- Нүүр
- Сайдын тушаал
- ОРГАНИК ХҮНСИЙГ БҮРТГЭХ, НИЙТИЙН ХЭРЭГЦЭЭНД ГАРГАХ ЖУРАМ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дүгээр сарын 25-ны өдрийн
А-180 дугаар тушаалын хавсралт
ОРГАНИК ХҮНСИЙГ БҮРТГЭХ, НИЙТИЙН ХЭРЭГЦЭЭНД ГАРГАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Органик хүнсний тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн шаардлагад нийцсэн дотоодын үйлдвэрийн болон импортын органик хүнсийг бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах, бүртгэлийг шинэчлэх, бүртгэлээс хасахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Органик хүнсний үйлдвэрлэлд ашиглах дотоодод үйлдвэрлэсэн мал, амьтны органик тэжээл, органик бордоо, таримлын үр, суулгацын бүртгэлийг энэхүү журмаар зохицуулна.
Хоёр.Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан
2.1.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (Цаашид “яам” гэх) нь шаардлага хангасан дотоодын үйлдвэрийн болон импортын органик хүнсийг “Органик хүнсний бүртгэл, мэдээллийн цахим сан” (Цаашид “мэдээллийн сан” гэх)-д цахимаар бүртгэх удирдлага, зохион байгуулалтын эрхийг хэрэгжүүлнэ.
2.2.Органик хүнсний тухай хуулийн 8.1.3, 9.5, 10.4, 10.6, 10.7.2, 10.7.3-т заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, баталгаажуулалтын байгууллага, үндэсний итгэмжлэлийн байгууллага нь мэдээллийн санд өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар тодорхойлолт, бүртгэл, мэдээ, тайланг оруулж, тухай бүр шинэчлэнэ.
2.3.Органик үйлдвэрлэл эрхлэгч, импортлогч нь энэ журмын 3.4, 4.2, 5.2-т заасан бүртгэлийн дугаарыг ашиглан тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортын талаарх мэдээллийг 6 сар тутам мэдээлийн санд оруулна.
2.4.Органик үйлдвэрлэл эрхлэгч, органик хүнс импортлогч хүсэлт гаргасан тохиолдолд энэ журмын 3.4, 4.2, 5.2-т заасан бүртгэлийн дугаарын баримт (Хавсралт 4)-ыг яам олгож болно.
2.5.Хэрэглэгч органик хүнсний нэр, эсхүл бүртгэлийн дугаараар тухайн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг мэдээллийн сангаас авч болно.
Гурав. Шилжилтийн үеийн органик хүнсний бүртгэл
3.1.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч (малчид, тариаланчид, ногоочид, боловсруулах үйлдвэр,цех) нь Органик хүнсний тухай хуулийн 10.1.1, 10.1.2 ба 10.2 дахь хэсэгт заасан, мэдээллийн санд бүртгэлтэй баталгаажуулалтын байгууллагад органик үйлдвэрлэлд шилжих тухай хүсэлтийг цахимаар, эсхүл бичгээр гаргана.
3.2.Баталгаажуулалтын байгууллага нь хүсэлт гаргасан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үйл ажиллагаанд урьдчилсан үнэлгээ хийж, шаардлага хангасан тохиолдолд гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, шилжилтийн үеийг эхлүүлнэ.
3.3.Баталгаажуулалтын байгууллага нь шилжилтийн үеийн органик хүнсийг бүртгүүлэх зорилгоор хуульд заасан хугацаанд дараахь мэдээллийг мэдээллийн санд оруулна:
3.3.1.Органик үйлдвэрлэлд шилжих шилжилтийн үеийг эхлүүлэх тухай гэрээ;
3.3.2.Шилжилтийн үеийн органик хүнсэнд олгосон гэрчилгээ, түүний дугаар, хүчинтэй хугацаа;
3.3.3.Шилжилтийн үеийн органик хүнс үйлдвэрлэгчийн тухай танилцуулга;
3.3.4.Шилжилтийн үеийн органик хүнсний тухай танилцуулга;
3.3.5.Шилжилтийн үед үйлдвэрлэх органик хүнсний үйлдвэрлэлийн төлөвлөгөө;
3.4.Яам энэ журмын 3.3-т заасан мэдээллийг ажлын 10 хоногийн дотор хянаж, шаардлага хангасан тохиолдолд шилжилтийн үеийн органик хүнсийг бүртгэж, дугаар олгоно.
3.5.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь энэ журмын 3.4-т заасан бүртгэлийн дугаарыг ашиглан мэдээллийн сангаас бүртгэлийн дугаар бүхий шилжилтийн үеийн тэмдэг, тэмдэглэгээг татан авч, “Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журам”-д нийцүүлэн зөвхөн бүртгэлийн дугаар олгогдсон органик хүнсний шошгод ашиглана.
3.6.Шилжилтийн үеийн органик хүнсний бүртгэлийн хүчинтэй хугацаа нь энэ журмын 3.3.2-т заасан гэрчилгээний хүчинтэй хугацаатай ижил байна.
3.7.Мэдээллийн сангшилжилтийн үеийн органик хүнсний бүртгэлийн хүчинтэй хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө яам, үндэсний итгэмжлэлийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, баталгаажуулалтын байгууллага, органик үйлдвэрлэл эрхлэгчид энэ тухай мэдээлэх, баталгаажуулалтын байгууллагаас энэ журмын 3.8-д заасан хүсэлт, мэдэгдлийг дээрх хугацаанд ирүүлээгүй тохиолдолд шилжилтийн үеийн органик хүнсний бүртгэлийг хүчингүй болгохоор тохируулсан байна.
3.8.Органик хүнс үйлдвэрлэгч нь энэ журмын 3.7-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор шилжилтийн үеийн органик хүнсийг органик хүнсээр баталгаажуулах хүсэлтээ баталгаажуулалтын байгууллагад гаргах ба баталгаажуулалтын байгууллага нь хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор 3.3.1-т заасан гэрээг дүгнэн, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, холбогдох бичиг баримтыг мэдээллийн санд цахимаар ирүүлнэ:
3.8.1.шилжилтийн үеийн органик хүнсийг бүртгэлээс хасах;
3.8.2.шилжилтийн үеийн органик хүнсний бүртгэлийн хугацааг сунгах;
3.8.3.шилжилтийн үеийг дуусгаж органик хүнсээр бүртгүүлэх.
3.9.Яам энэ журмын 3.8.2-т заасан шийдвэрийг үндэслэн шилжилтийн үеийн органик хүнсний бүртгэлийн хугацааг баталгаажуулалтын байгууллагын хүсэлт гаргасан хугацаагаар зөвхөн нэг удаа сунгана.
Дөрөв. Органик хүнсний бүртгэл
4.1.Эрх бүхий баталгаажуулалтын байгууллага нь органик хүнсийг бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж, энэ журмын 3.8-д заасан хугацаанд мэдээллийн санд цахимаар ирүүлнэ:
4.1.1. Дотоодод үйлдвэрлэсэн органик хүнсийг бүртгүүлэх тухай өргөдөл (Хавсралт 1);
4.1.2.Органик хүнс үйлдвэрлэх тухай гэрээ;
4.1.3.Органик хүнсийг баталгаажуулсан гэрчилгээ /дугаар, хүчинтэй хугацаа/;
4.1.4.”Органик хүнсний орц найрлага тооцох аргачлал”-ын 2 дахь хавсралтад заасан түүхий эд бүтээгдэхүүний органик орцын хувь хэмжээг тогтоосон тухай тэмдэглэл;
4.1.5.Органик хүнс үйлдвэрлэгч болон бүтээгдэхүүний танилцуулга;
4.1.6.Энэ журмын 2.3-т заасан үйлдвэрлэлийн мэдээ;
4.2.Яам энэ журмын 4.1-д заасан мэдээллийг ажлын 10 хоногийн дотор хянаж, шаардлага хангасан тохиолдолд энэ журмын 3.4-т заасан бүртгэлийн дугаарыг хүчингүй болгож, органик хүнсний бүртгэлийн дугаарыг олгоно.
4.3. Органик үйлдвэрлэл эрхлэгч нь Органик хүнсний тухай хуулийн 7.2.1-д заасны дагуу энэ журмын 4.2-т заасан бүртгэлийн дугаарыг ашиглан мэдээллийн сангаас бүртгэлийн дугаар бүхий органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээг татан авч, “Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журам”-д нийцүүлэн ашиглана.
4.4.Органик хүнсний бүртгэлийн хүчинтэй хугацаа нь энэ журмын 4.1.3-т заасан гэрчилгээний хүчинтэй хугацаатай ижил байна.
4.5.Мэдээллийн сан нь органик хүнсний бүртгэлийн хүчинтэй хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө яам, үндэсний итгэмжлэлийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, баталгаажуулалтын байгуулага, органик үйлдвэрлэл эрхлэгчид энэ тухай мэдээлэх тохиргоотой байна.
4.6.Органик үйлдвэрлэл эрхлэгч энэ журмын 4.5 дахь хэсэгт заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор органик хүнсийг дахин баталгаажуулах хүсэлтийг цахимаар эсхүл бичгээр холбогдох баталгаажуулалтын байгууллагад гаргана.
4.7.Баталгаажуулалтын байгууллага нь журмын 4.6-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор энэ журмын 4.1.2-т заасан гэрээг дүгнэн, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, холбогдох бичиг баримтыг мэдээллийн санд цахимаар ирүүлнэ:
4.7.1.органик хүнсийг бүртгэлээс хасах;
4.7.2.органик хүнсний бүртгэлийн хугацааг сунгах;
4.7.3.шилжилтийн үе рүү буцаах.
4.8.Яам энэ журмын 4.7.2-т заасан шийдвэр, холбогдох бичиг баримтыг ажлын 10 хоногт багтаан хянаж, шаардлага хангасан тохиолдолд органик хүнсний бүртгэлийн хүчинтэй хугацааг 2 жилээр сунгана.
4.9.Органик үйлдвэрлэл эрхлэгч болон баталгаажуулалтын байгууллага нь энэ журмын 4.6, 4.7-д заасан хугацаанд холбогдох арга хэмжээг аваагүй тохиолдолд мэдээллийн сан органик хүнсийг бүртгэлээс хасах тохиргоотой байна.
Тав. Импортын органик хүнсний бүртгэл
5.1.Органик хүнс импортлох хүсэлтэй аж ахуйн нэгж ньимпортын органик хүнсийг бүртгүүлэх тухай өргөдөл (Хавсралт 2)-ийг гаргаж, дараахь бичиг баримтын хамт мэдээллийн санд цахимаар ирүүлнэ:
5.1.1.Экспортлогч улсын эрх бүхий байгууллага, олон улсын итгэмжлэлийн байгууллагын гишүүн байгууллагаар итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагаас тухайн органик хүнсэнд олгосон хүчин төгөлдөр баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар, түүний баталгаат орчуулга;
5.1.2.Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, мэдэгдэл, бүртгэлийн дугаарыг бүрэн харуулахуйц бүтээгдэхүүний зураг;
5.1.3.Органик хүнс импортлогчийн танилцуулга;
5.1.4.Импортын органик хүнсний танилцуулга, импортлох тоо хэмжээ;
5.1.5.Сав, баглаабоодлын шошгын мэдээллийн монгол хэл дээрхорчуулга;
5.2.Яам энэ журмын 5.1-т заасан мэдээллийг ажлын 7 хоногт хянаж, шаардлага хангасан тохиолдолд импортын органик хүнсийг бүртгэж, дугаар олгоно.
5.3.Шаардлагатай бол яам 5.1-т заасан мэдээллийг эрх бүхий байгууллагаар нягтлан шалгуулах, магадлан шинжилгээ хийлгэж болох ба энэ тохиолдолд журмын 5.2-т заасан хугацааг 14 хоногоор сунгана.
5.4.Нягтлан шалгасан, магадлан шинжилгээ хийсэн тухай дүгнэлтэд үндэслэн яам энэ журмын 5.2, 7.1-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.
5.5.Мэргэжлийн хяналтын байгууллага нь бүртгэлийн дугаартай импортын органик хүнсийг холбогдох хууль тогтоомжийг баримтлан улсын хилээр нэвтрүүлнэ.
5.6.Импортын органик хүнсний нь энэ журмын 5.1.1-д заасан гэрчилгээний хүчинтэй хугацаатай ижил байна.
5.7.Мэдээллийн сан нь импортын органик хүнсний бүртгэлийн хүчинтэй хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө яам, мэргэжлийн хяналтын байгууллага, баталгаажуулалтын байгуулага, органик хүнс импортлогчид энэ тухай мэдээлэх тохиргоотой байна.
5.8.Импортлогч дээрх мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан энэ журмын 5.2-т заасан бүртгэлийн дугаарыг ашиглан 5.1-т заасан мэдээллийг шинэчилнэ.
5.9.Яам шинэчилсэн мэдээллийг хянаж, импортын органик хүнсний бүртгэлийн хүчинтэй хугацааг сунгах, хүчингүй болгох шийдвэр гаргана.
Зургаа.Органик хүнсийг нийтийн хэрэгцээнд гаргах
6.1.Хүнсний худалдааны газар нь энэ журмын 3.4, 4.2, 5.2-т заасан бүртгэлийн дугаартай дотоодын үйлдвэрийн болон импортын органик хүнсийг нийтийн хэрэгцээнд нийлүүлж, худалдаална.
6.2.Органик хүнс импортлогч нь энэ журмын 5.2-т заасан бүртгэлийн дугаарыг бүтээгдэхүүний сав, баглаа боодлын шошгын органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний доод хэсэгт байршуулсан байна.
6.3.Хүнсний худалдааны газар нь органик хүнсийг “ОРГАНИК ХҮНС” гэсэн хаяг бүхий худалдааны тасаг, буланд байршуулах ба бусад бүтээгдэхүүнээс тусгаарлаж, холбогдох хууль тогтоомжид заасан эрүүл ахуй,чанар стандартын шаардлага хангасан хадгалалт, тээвэрлэлтийн горимыг мөрдөнө.
6.4.Хэрэв худалдааны газар нь органик хүнсийг бэлтгэх, савлах хэсэгтэй бол эдгээр нь “Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд баримтлах журам”-ын шаардлагыг хангаж ажиллана.
Долоо. Органик хүнсийг бүртгэхээс татгалзах, бүртгэлийг шинэчлэх, бүртгэлээс хасах
7.1.Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол органик хүнсийг бүртгэхээс татгалзана.
7.2.Органик үйлдвэрлэл эрхлэгч, импортлогч, баталгаажуулалтын байгууллага нь мэдээлийн сан дахь өөрийн бүтээгдэхүүний талаарх мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд бүртгэлийг шинэчилнэ.
7.3.Эрх бүхий байгууллагын шалгалтын дүн, шийдвэрийг үндэслэн органик хүнсийг бүртгэлээс хасна.
Найм. Органик хүнсний бүртгэлийн дугаар
8.1.Органик хүнсний бүртгэлийн дугаар (Хавсралт 3) нь 3 үсэг, 13 тооноос бүрдэнэ.
8.2.Бүртгэлийн дугаарын 3 үсэг нь бүтээгдэхүүний гарал үүсэл, төлөвийг дараахь байдлаар илэрхийлнэ:
FOF - Foreign organic food=Гадаад буюу импортын органик хүнс;
LOF - Local organic food =Дотоодын үйлдвэрлэлийн органик хүнс
COF - “In conversion” organic food= Шилжилтийн үеийн органик хүнс
8.3.Бүртгэлийн дугаарын эхний дөрвөн тоо нь Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн гадаад худалдааны барааны ангиллын тухайн бүтээгдэхүүнд хамаарах мөрийн дугаартай ижил байна.
8.4.Бүртгэлийн дугаарын 5-8 дахь тоо нь тухайн бүтээгдэхүүнийг бүртгэсэн хугацаа (он, сар)-г илэрхийлнэ.
8.5.Бүртгэлийн дугаарын 9-13 дахь тоо нь тухайн оноосон нэр бүхий органик хүнсний бүтээгдэхүүнд олгосон дугаар байна.
Текст томруулах
A
A
A