- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Монголбанкны Ерөнхийлөгчийн
2019 оны А-26 дугаар тушаалын хавсралт
МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэ журмын зорилго нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.14 дэх хэсэгт заасны дагуу тус хуулийн 4.1 дэх хэсэгт заасан Мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэхтэй холбоотой үйл ажиллагаа, үүргийг нарийвчлан тодорхойлоход оршино.
1.2.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.1-ээс 4.1.6, 4.1.10-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээд нь энэ журмын бүх заалтыг дагаж мөрдөнө.
1.3.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.7-оос 4.1.9-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээд нь энэ журмын 9, 12-оос бусад хэсгийн заалтыг дагаж мөрдөнө.
1.4.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон энэ журмын хэрэгжилтийг хангуулах зорилгоор хяналт тавих эрх бүхий байгууллага нь мэдээлэх үүрэгтэй этгээдийн төрөл, онцлогт тохирсон заавар, зөвлөмж гарын авлага гаргаж болно.
1.5.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.7-д заасан банкыг байгуулж үл болно.
ХОЁР. ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ
2.1.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дэх хэсэгт заасан дотоод хяналтын хөтөлбөрөө өөрийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлд тохирч байгаа эсэхийг байнга үнэлж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, түүнийг хүргэх хэлбэр, газар зүйн байршил болон харилцагчийн төрлөөс хамаарах эрсдэлийг удирдахад тохируулан шинэчилнэ.
2.2.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь өөрт учирч болох мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг ойлгож, үр дүнтэй удирдах зорилгоор эрсдэлийг үнэлнэ. Эрсдэлийг үнэлэхдээ дараах хүчин зүйлсийг харгалзан үзнэ. Үүнд:
2.2.1.Харилцагчийн эрсдэл;
2.2.2.Бүтээгдэхүүн, үйлчилгээний эрсдэл;
2.2.3.Газар зүйн байршил, бүс нутгийн эрсдэл (тухай харилцагчийн үйл ажиллагаа явуулж байгаа эсхүл гүйлгээг шилжүүлж байгаа болон хүлээн авч байгаа улс орон, бүс нутаг);
2.2.4.Бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчид хүргэх арга, хэлбэрээс хамаарч үүсэх эрсдэл;
2.2.5.Дансны төрөл эсхүл бизнесийн харилцааны зорилгоос үүсэх эрсдэл;
2.2.6.Гүйлгээтэй холбоотой эрсдэл (үүнд харилцагчийн гүйлгээний болон байршуулж байгаа хөрөнгийн хэмжээ, гүйлгээний давтамж болон санхүү, бизнесийн харилцаа тогтоосноос хойш өнгөрсөн хугацаа, гүйлгээний утга, хэмжээ хэвийн бусаар өөрчлөгдсөн эсхүл өндөр эрсдэлтэй улсаас хийгдсэн, дамжсан зэргийг анхаарна).
2.3.Эрсдэлийн үнэлгээ болон түүнд ашигласан мэдээллийг баримтжуулан тухай бүр шинэчлэн хадгалах бөгөөд хянан шалгагч шаардсан үед гаргаж өгөхөд бэлэн байлгана.
2.4.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь өөрт учирч болох мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний үр дүнд тулгуурлан тухайн эрсдэлийг удирдах, бууруулахад чиглэсэн оновчтой арга хэмжээг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын хөтөлбөр, бодлого, журамд тусгана. Өндөр эрсдэлтэй тохиолдолд эрсдэлийг удирдах болон бууруулах нэмэлт арга хэмжээг авна.
2.5.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь энэ журмын 2.2-т дурдсан эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх замаар эрсдэлийг удирдана:
2.5.1.харилцагч, эцсийн өмчлөгч, ашиг шимийг хүртэгч/beneficiary/ этгээд болон гүйлгээтэй холбоотой нэмэлт мэдээлэл гаргуулан авна;
2.5.2.гүйлгээ хийж байгаа этгээд болон харилцагч түүний эцсийн өмчлөгчийн талаар хангалттай мэдээлэлтэй байх шаардлагатай. Энэ хүрээнд Мэдээлэх үүрэгтэй этгээдтэй үүсгэж буй бизнесийн харилцааны зорилго, хөрөнгө, орлогын гарал үүсэл, харилцагчийн эрхэлдэг ажил, бизнесийн цар хүрээний талаар мэдээлэл гаргуулан байна;
2.5.3.өндөр эрсдэлтэй гэж үзсэн харилцагч, бүтээгдэхүүн үйлчилгээ, тэдгээрийг харилцагчид хүргэх арга хэлбэр болон газарзүйн байрлалтай уялдуулан харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ;
2.5.4. Мэдээлэх үүрэгтэй этгээд нь энэ журмын 2.2-т дурдсан эрсдэлийн үнэлгээгээр бага эрсдэлтэй гэж тодорхойлогдсон харилцагчийн хувьд Үндэсний эрсдэлийн үнэлгээ болон салбарын эрсдэлийн үнэлгээтэй нийцтэй байдлыг харгалзан үзэж харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.2.1, 5.2.2-т заасан хүрээнд хялбаршуулан хэрэгжүүлж болно; /Энэ заалтыг МБЕ-ийн 2021 оны А-31 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/
2.5.5.харилцагчтай үүсгэсэн санхүү, бизнесийн харилцаа болон гүйлгээг харилцагчийн хувийн хэрэг болон харилцагчийн талаарх холбогдох мэдээлэл, шаардлагатай бол хөрөнгө орлогын эх үүсвэрийн талаарх мэдээлэлтэй нийцэж байгаа эсэхэд байнгын хяналт тавих бөгөөд үүнийг дотоод хяналтын хөтөлбөрт тусгана.
2.5.6.Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн алба болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19.1 дэх хэсэгт заасан бусад эрх бүхий байгууллагаас баталсан заавар, зөвлөмжийг дагаж мөрдөнө.
2.6.Энэ журмын 2.1-д заасны дагуу эрсдэлийн үнэлгээ хийхдээ Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.8 дахь хэсэг болон 6 дугаар зүйлд заасан өндөр эрсдэлтэй бизнесийн харилцааг хамруулахын зэрэгцээ дараах хүчин зүйлсийг харгалзан үзнэ/Үүгээр хязгаарлагдахгүй, мэдээлэх үүрэгтэй этгээд нэмэлт хүчин зүйлсийг оновчтойгоор ашиглаж болно/:
2.6.1.Харилцагчийн эрсдэлийн хүчин зүйлс;
2.6.1.1.энгийн бус нөхцөлд үүсгэсэн бизнесийн харилцаа/Жишээлбэл гадаад улсаас биеэр ирэлгүй үүсгэж буй бизнесийн харилцаа/;
2.6.1.2.оршин суугч бус харилцагч;
2.6.1.3.харилцагч нь хөрөнгийг удирдах хэлцлийн дагуу хөрөнгийг хариуцаж байгаа этгээд;
2.6.1.4.харилцагч нь нэрлэсэн хувьцаа эзэмшигчтэй /nominee share/, дамжуулах хувьцаа/bearer share/ гаргадаг хуулийн этгээд эсхүл ойлгоход төвөгтэй өмчлөлийн хэлбэртэй хуулийн этгээд бол.
2.6.2.Газар зүйн байршил, бүс нутгийн эрсдэлийн хүчин зүйлс:
2.6.2.1.Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага болох ФАТФ-аас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нь хангалтгүй гэж тодорхойлогдсон улс орнууд, /ФАТФ болон түүний бүсийн бүлгүүдийн хийсэн Харилцан үнэлгээний тайланг мөн харгалзан үзэх шаардлагатай/;
2.6.2.2.санхүүгийн хориг арга хэмжээ, хязгаарлалт болон ижил төстэй арга хэмжээнд орсон улс орнууд;
2.6.2.3.Найдвартай эх сурвалжаас авлига хээл хахууль болон бусад гэмт хэргийн үзүүлэлт өндөртэй гэж тодорхойлогдсон улс орнууд;
2.6.2.4.Найдвартай эх сурвалжаас тухайн улс орон эсхүл бүс нутаг нь терроризмыг санхүүжүүлдэг, террорист үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг эсхүл террорист бүлэглэл үйл ажиллагаа явуулдаг гэж тодорхойлогдсон улс орнууд;
2.6.3.Бүтээгдэхүүн, үйлчилгээ, гүйлгээ болон харилцагчид хүргэх арга, хэлбэрээс хамаарах эрсдэлийн хүчин зүйлс:
2.6.3.1.хувийн болон ВИП банкны үйлчилгээ;
2.6.3.2.хүлээн авагч эсхүл шилжүүлэгчийн нэр тодорхойгүй гүйлгээ болон бэлэн мөнгөний гүйлгээ;
2.6.3.3.зайнаас үүсгэсэн бизнесийн харилцаа болон хийсэн гүйлгээ;
2.6.3.4.үл мэдэгдэх эсхүл хамааралгүй гуравдагч этгээдийг оролцуулан хийж төлбөр тооцоо болон бусад гүйлгээ.
2.6.3.5.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч /цаашид “ВХҮҮ” гэх/-ийн хувьд зохицуулалтгүй ВХҮҮ, бүртгэлгүй хэтэвч /unhosted wallet/-нээс хийгдсэн гүйлгээ.
Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А-26 дугаар тушаалаар нэмсэн.
2023 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2.7.Мэдээлэх үүрэгтэй этгээдийн бизнестэй холбогдох бусад эрсдэлийн хүчин зүйлсийг тодорхойлохдоо энэ журмын 2 дугаар зүйлд заасан эрсдэлийн үнэлгээ, бусад Үндэсний эрсдэлийн үнэлгээг харгалзан үзнэ.
ГУРАВ. ХАРИЛЦАГЧИЙГ ТАНЬЖ МЭДЭХ
3.1.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан харилцагчийг таньж мэдэх шаардлагыг зохистой хэрэгжүүлэх зорилгоор харилцагчийг тодорхойлох, харилцагчийн мэдээллийг баталгаажуулах үйл ажиллагааг Хүснэгт 1-3-т заасан шаардлагын дагуу хийнэ. Энэ нь Мэдээлэх үүрэгтэй этгээдийн харилцагч, эцсийн өмчлөгч, харилцагчийн бизнесийн үр шим хүртэгч этгээд, эсхүл харилцагч нь хуулийн этгээд эсхүл хөрөнгийг удирдах хэлцлийн дагуу хөрөнгийг хариуцаж байгаа бол түүнийг өмчилдөг, удирддаг эсхүл үр шим хүртэгч этгээдийг тодорхойлох, мэдээллийг шалгах, баримтжуулах зорилготой юм.
Харилцагч нь олон шатлалтай өмчийн бүтэцтэй бол эцсийн өмчлөгч эсхүл удирдлагыг тодорхойлох хүртэл өмчлөлийн шатлал тус бүр дэх этгээдийг тодорхойлж, мэдээллийг нь шалгаж, баримтжуулах шаардлагатай.
3.2.Харилцагч нь хувь хүн бол:
Хүснэгт 1 |
|
Харилцагчаас авах мэдээлэл |
Тулгаж шалгах бичиг баримт [1] |
Овог, эцэг/эх/-ийн нэр |
Иргэний үнэмлэх эсхүл паспорт |
Өөрийн нэр |
Иргэний үнэмлэх эсхүл паспорт |
Төрсөн огноо |
Иргэний үнэмлэх эсхүл паспорт |
Регистрийн дугаар |
Иргэний үнэмлэх эсхүл паспорт |
Байнгын оршин суудаг газрын хаяг, холбоо барих утасны дугаар |
Энэ мэдээллийг харилцагчаас ямар хэлбэрээр гаргуулан авах, хэрхэн тулгаж шалгахыг мэдээлэх үүрэгтэй этгээд өөрийн дотоод бодлого журмаар зохицуулна. |
Одоо оршин суугаа газрын хаяг, холбоо барих утасны дугаар |
Энэ мэдээллийг харилцагчаас ямар хэлбэрээр гаргуулан авах, хэрхэн тулгаж шалгахыг мэдээлэх үүрэгтэй этгээдөөрийн дотоод бодлого журмаар зохицуулна. |
Эрхэлж буй ажил, бизнес: 1.Бизнесийн чиглэл, цар хүрээг тодруулах 2.Ажлын газрын нэр, хаяг, албан тушаалыг тодруулах |
Энэ мэдээллийг харилцагчаас ямар хэлбэрээр гаргуулан авах, хэрхэн тулгаж шалгахыг мэдээлэх үүрэгтэй этгээдөөрийн дотоод бодлого журмаар зохицуулна. |
Өөр хэн нэг этгээдийг төлөөлөн данс нээлгэж, гүйлгээ хийж байгаа эсэхийг тодруулах. |
A.Хэрэв харилцагч нь хэн нэгнийг төлөөлж байгаа бол төлөөлүүлэгч этгээдийн мэдээллийг авна. Төлөөлүүлэгч этгээд нь хувь хүн бол хүснэгт-1, хуулийн этгээд бол Хүснэгт 2, 3-т заасан мэдээллийг гаргуулан авч үнэн бодит эсэхийг нь тодорхойлж, мэдээллийг нь баталгаажуулах шаардлагатай. B. Хэрэв харилцагч нь хуулийн этгээд эсхүл гэрээ хэлцлийг төлөөлж байгаа бол Хүснэгт 2, 3-т заасан мэдээллийг гүйлгээ эсхүл бизнесийн харилцаанд орж буй хөрөнгийн эцсийн өмчлөгчийг тодорхой болох хүртэл гаргуулан авна. Хэрвээ эцсийн өмчлөгч тогтоох боломжгүй өмчлөлийн бүтэцтэй бол шийдвэр гаргаж байгаа, харилцагчийн үйлдлийг удирдан чиглүүлж байгаа хувь хүн тодорхой болох хүртэл гаргуулан авна. Харилцагчаас гаргуулан авсан мэдээллийн бодит байдлыг нотлох баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргуулан авч үнэн бодит байдлыг нь хянана. С. Хэрвээ харилцагч нь Траст гэрээгээр бизнесийн харилцаанд орж байгаа бол дараах этгээдийн мэдээллийг харилцагчаас гаргуулан авна. Үүнд: 1. хөрөнгөө траст гэрээний дагуу бусдад шилжүүлж байгаа этгээд/ Settlor/, 2. Траст гэрээгээр хөрөнгийг захиран зарцуулж байгаа этгээд эсхүл хэд хэдэн этгээд /Trustee(s)/, 3.Траст гэрээний ашиг шимийг хүртэгч /beneficiary(s)/ 4. хэрвээ байгаа бол гэрээний ашиг шимийг хүртэгчийг хамгаалах “protector”-ын мэдээллийг гаргуулан авна. 5. Гэрээний ашиг шимийг хүртэгч нь хуулийн этгээд хэлбэртэй байгаа тохиолдолд уг хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг гаргуулан авна.
D. Дээрхээс өөр төрлийн гэрээ хэлцлийн хувьд дээрхтэй ижил байр суурин дээр байгаа хувь хүмүүсийг тогтоох үйл ажиллагааг хийнэ. |
3.3.Харилцагч нь хуулийн этгээд бол:
Хүснэгт 2 |
|
Харилцагчаас авах мэдээлэл |
Тулгаж шалгах бичиг баримт[2] |
Нэр |
Улсын бүртгэлийн гэрчилгээ |
Улсын бүртгэлийн дугаар |
Улсын бүртгэлийн гэрчилгээ |
Регистрийн дугаар |
Улсын бүртгэл, Санхүү болон татварын байгууллагаас олгосон баримт, бичиг |
Хувьцаа эзэмшигчид |
Улсын бүртгэлийн гэрчилгээ Хуулийн этгээдийг үүсгэн байгуулах баримт бичиг, шийдвэр, аж ахуйн нэгжийн дүрэм |
Үйл ажиллагааны чиглэл |
Улсын бүртгэлийн гэрчилгээ Хуулийн этгээдийг үүсгэн байгуулах баримт бичиг, шийдвэр, аж ахуйн нэгжийн дүрэм |
Хуулийн этгээдийн хувьцаа эзэмшлийн бүтэц, |
Өмчлөлийн бүтцийг харуулсан мэдээлэл, уг мэдээлэлд орсон хууль этгээд тус бүрийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар. /эдгээр бичиг баримтад хувьцаа эзэмшигчид нь тодорхой бичигдсэн байх шаардлагатай/ Эцсийн өмчлөгч тодорхой болох хүртэлх бүх хуулийн этгээдийг хамруулна. |
Хулийн этгээдийн удирдлагын талаарх дэлгэрэнгүй танилцуулга |
Улсын бүртгэлд хуулийн этгээдийн бүртгүүлсэн баримт бичиг, уг бүртгэлтэй нийцтэй хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч эсхүл удирдах зөвлөлийн шийдвэр. |
Үйл ажиллагаа явуулдаг хаяг, холбоо барих утасны дугаар |
Энэ мэдээллийг ямар хэлбэрээр харилцагчаас гаргуулан авах, хэрхэн нягтлахыг мэдээлэх үүрэгтэй этгээд өөрийн дотоод бодлого журмаар зохицуулна. |
Эцсийн өмчлөгчийн мэдээлэл[3] |
Хэрэв эцсийн өмчлөгч нь тухайн хуулийн этгээдэд ямар нэг албан тушаал эрхэлдэггүй бол Хүснэгт 1-ийн дагуу бүх мэдээллийг авах ба тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч мөн болохыг нотлох баримтын хамт авна. |
3.4.Харилцагч хуулийн этгээдийг төлөөлж байгаа бол:
Хүснэгт 3 |
|
Харилцагчаас авах мэдээлэл |
Тулгаж шалгах бичиг баримт |
Хэрэв харилцагч нь хувь хүн бол Хүснэгт-1-т заасан мэдээллийг гаргуулан авна. |
Хүснэгт-1-т заасан бичиг баримтууд |
Хэрэв харилцагч нь хуулийн этгээд бол: Хүснэгт-2-ийн дагуу мэдээллийг гаргуулан авна |
Хэрэв харилцагч нь хуулийн этгээд бол: Хүснэгт-2-т заасан бичиг баримтууд |
Эрх зүйн гэрээгээр төлөөлж байгаа бол гэрээний талуудын Улсын бүртгэлийн мэдээлэл, тэр дундаа (i) гэрээнд заасан хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн нэр, хаяг бусад бүртгэлийн мэдээллүүд; (ii) төлөөлөх эрхтэй этгээдийг томилох, чөлөөлөх эрх бүхий хувь хүн эсхүл хуулийн этгээдийн мэдээллүүд; (iii) хөрөнгийн ашгийг хүртэх эрхтэй этгээдийн мэдээлэл; (iv) хөрөнгөө траст гэрээний дагуу бусдад шилжүүлж байгаа этгээд /Settlor/, Траст гэрээгээр хөрөнгийг захиран зарцуулж байгаа этгээд эсхүл хэд хэдэн этгээд /Trustee(s)/, (v) Траст гэрээний ашиг шимийг хүртэгч /beneficiary(s)/, хэрвээ байгаа бол гэрээний ашиг шимийг хүртэгчийг хамгаалах “protector”-ын мэдээллийг гаргуулан авна;(vi) Гэрээний ашиг шимийг хүртэгч нь хуулийн этгээд хэлбэртэй байгаа тохиолдолд уг хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг гаргуулан авна. |
Энд дурдсан гэрээний бүх талуудын мэдээллийг хувь хүн бол Хүснэгт 1 хуулийн этгээд бол Хүснэгт 2-ийн дагуу бүрдүүлж үнэн бодит байдлыг нь нягтална. |
3.5.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаанд байнга хяналт тавьж, харилцагчийн болон эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллийг бизнесийн харилцааны туршид цуглуулж, хадгална. Харилцагчийг таньж мэдэх хүрээнд цуглуулсан бичиг баримт, мэдээлэлд орсон өөрчлөлтийг тухай бүр шинэчлэх үүрэгтэй. Мэдээлэх үүрэгтэй этгээд нь дараах тохиолдолд харилцагчийн мэдээллийг дахин тулгаж шалгана:
3.5.1.Өндөр дүнтэй гүйлгээ хийх гэж байгаа тохиолдолд;
3.5.2.Дансыг ашиглаж байсан байдалд өөрчлөлт гарсан тохиолдолд;
3.5.3.Өмнө нь авсан харилцагчийн мэдээлэл нь мэдээлэх үүрэгтэй этгээдэд санхүүгийн харилцаа болон гүйлгээний шинж чанар, зорилгыг ойлгож тодорхойлоход хангалтгүй байвал.
3.6.Харилцагч мэдээлэх үүрэгтэй этгээдэд худал эсхүл хуурамч бичиг баримт, мэдээлэл өгсөн болмэдээлэх үүрэгтэй этгээд нь Санхүү мэдээллийн албанд сэжигтэй гүйлгээний тайлангаар мэдээлнэ.
3.7.Мэдээлэх үүрэгтэй этгээд харилцагчийн болон эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллийн үнэн бодит байдлыг тулгаж шалгах, харилцагчийг таньж мэдэх арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй эсхүл харилцагч шаардлагатай мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзсан тохиолдолд тухайн мэдээлэх үүрэгтэй этгээд нь гүйлгээ хийх, данс нээх, санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээ үзүүлэх, бизнесийн харилцаа үүсгэхээс татгалзах, эсхүл бизнесийн харилцааг зогсоох арга хэмжээ авч Санхүү мэдээллийн албанд сэжигтэй гүйлгээний тайлангаар мэдээлнэ.
3.8.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөл болон дотоодын эрх бүхий байгууллага өөрийн санаачилгаар эсхүл гадаад улсын эрх бүхий байгууллагын хүсэлтийг хянан үзсэний үндсэн дээр террорист эсхүл террорист байгууллага, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой гэж тодорхойлогдсон хувь хүн, хуулийн этгээдэд данс нээх, гүйлгээ хийх, аливаа үйлчилгээ үзүүлэхийг хориглоно. Харилцагч, үйлчлүүлэгч этгээдийн нэр дор дурдсантай таарч байвал энэ журмын 14 дугаар зүйлд заасан арга хэмжээг авна:
3.8.1.холбогдох хууль, журмын дагуу террорист этгээд, террорист байгууллага, бүлэглэл гэж тодорхойлогдсон хувь хүн, хуулийн этгээдийн нэртэй таарч байвал;
3.8.2.холбогдох хууль, журмын дагуу үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой гэж тодорхойлогдсонхувь хүн, хуулийн этгээдийн нэртэй таарч байвал.
3.9.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагч, үйлчлүүлэгч этгээдийн нэр энэ журмын 3.8 дах хэсгийн жагсаалт дах нэртэй тохирсон бол түүний хийх гэж байгаа гүйлгээ, хөрөнгө, дансыг царцааж, Санхүүгийн мэдээллийн албанд 24 цагийн дотор сэжигтэй гүйлгээний тайлангаар мэдээлнэ.
Амь насны даатгалын үр шим хүртэгчдэд хийх харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа
3.10.Амь насны даатгал болон бусад хөрөнгө оруулалтын шинжтэй даатгалын үйл ажиллагаа эрхлэгч мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагчийг таньж мэдэх болон эцсийн өмчлөгчийг таньж мэдэх энэ журмын заалтууд хэрэгжүүлэхийн зэрэгцээ даатгалын ашиг шимийг хүртэгч, эсхүл хүртэгсэд /beneficiary(s)/ тодорхой болмогц тэдгээрийг таньж мэдэх дараах үйл ажиллагааг явуулах шаардлагатай:
3.10.1.ашиг шимийг хүртэх этгээд нь хувь хүн, хуулийн этгээд эсхүл гэрээ хэлцэл бол тэдгээрийн нэрийг тодорхой болгох,
3.10.2.ашиг шимийг хүртэгчийг тодорхой бүлэг /жишээлбэл хүүхдүүд, гэр бүлийн гэх мэт/ эсхүл шинж чанараар/хүсэлт гаргасан этгээд/ гэж тодорхойлсон тохиолдолд төлбөр хийх үед ашиг шимийг хүртэгчийг таньж мэдэж болохуйц хангалттай мэдээлэл олж авах,
3.10.3.дээр дурдсан хоёр тохиолдолд хоёуланд нь төлбөр хийх үедээ ашиг шимийг хүртэгчийн хувьд харилцагчийг таньж, мэдэх үйл ажиллагааг явуулах шаардлагатай.
3.11.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагчийг нарийвчлан таньж мэдэх үйл ажиллагаа шаардлагатай эсэхийг тодорхойлох эрсдэлийн үнэлгээнд амь насны даатгалын ашиг шимийг хүртэгчийн эрсдэлийг үнэлгээний нэг хүчин зүйл болгон авч үзэх шаардлагатай. Хэрэв мэдээлэх үүрэгтэй этгээд ашиг шимийг хүртэгчийг өндөр эрсдэлтэй хуулийн этгээд эсхүл гэрээ хэлцэл гэж тодорхойлсон бол төлбөр хийх үед эцсийн үр шим хүртэгчийг таньж, мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг хийх шаардлагатай.
3.12.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь дээр дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй байгаа тохиолдолд сэжигтэй гүйлгээний тайлангаар мэдээлэх шаардлагатай.
“ВХҮҮ-д хийх харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа
Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А-26 дугаар тушаалаар нэмсэн.
2023 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
3.13.ВХҮҮ нь харилцагчийг таньж мэдэх болон эцсийн өмчлөгчийг таньж мэдэх энэ журмын заалтуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ дараах үүргийг хэрэгжүүлнэ:
Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А-26 дугаар тушаалаар нэмсэн.
2023 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
3.13.1.ВХҮҮ нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журмын 3.2-т заасан үнийн дүнтэй тэнцэх виртуал хөрөнгийн гүйлгээ хийхийн өмнө харилцагчийг албан ёсны эх сурвалж, баримт бичиг, мэдээ, мэдээллийн эх үүсвэр ашиглан таньж мэднэ;
Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А-26 дугаар тушаалаар нэмсэн.
2023 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
3.13.2.ВХҮҮ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй гэж үзсэн виртуал хөрөнгийн хаягийн “хар жагсаалт”-ыг боловсруулж харилцагчийн хэтэвчний хаягийг “хар жагсаалт”-тай тулган байнгын хяналт тавина;
Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А-26 дугаар тушаалаар нэмсэн.
2023 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
3.13.3.ВХҮҮ нь IP хаяг, газарзүйн байршлын мэдээлэл, хэтэвчний хаяг болон гүйлгээний дугаар, хөрөнгийн эх үүсвэрийн талаарх мэдээлэл, бүртгэл, тусгай зөвшөөрөл зэрэг нэмэлт мэдээллүүдийг хянана.
Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А-26 дугаар тушаалаар нэмсэн.
2023 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДӨРӨВ. ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧИЙГ ТОГТООХ
4.1.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагч нь өөрийгөө эсхүл нэг болон түүнээс дээш эцсийн өмчлөгчийг төлөөлж байгаа эсэхийг тодорхойлж, эцсийн өмчлөгчийг таньж мэдэх шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй. Мэдээлэх үүрэгтэй этгээд нь эцсийн өмчлөгч, харилцагчийн эзэмшилд байгаа хөрөнгийн ашиг шимийг хүртэгч этгээд, гэрээ хэлцлийн дагуу хөрөнгийн хөрөнгөө шилжүүлэн, шийдвэр гарган удирддаг эсхүл ашиг шимийг хүртэгч этгээдийг тодорхойлох боломжит бүх арга хэмжээг авах бөгөөд эцсийн өмчлөгчийг тогтоосон гэж үзэх хүртлээ найдвартай эх сурвалжаас шаардлагатай мэдээллийг авч ашиглана. Эцсийн өмчлөгчийн талаарх авах мэдээлэл нь энэ журмын Хүснэгт 1, 2, 3 дахь шаардлага болон холбогдох бусад журам, зааврын шаардлагыг хангасан байна.
4.2.Хувьцаа эзэмшигчдийн мэдээллээ ил тод байлгах үүрэг хүлээсэн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд (хуулийн этгээд эсхүл эрх зүйн бусад зохицуулалт бүхий этгээд), мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үр дүнтэй хяналт шалгалт хийгддэг гадаад улсын хөрөнгийн биржид бүртгэлтэйхувьцаа эзэмшигчдийн мэдээллээ ил тод байлгах үүрэг хүлээсэн хувьцаат компаниудын тухайд Хүснэгт 1, 2, 3 дахьдурдсан мэдээллийг авах бөгөөд харилцагчийг тодорхойлох нэмэлт мэдээлэл шаардахгүй байж болно. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үр дүнтэй хяналт шалгалт хийгддэг гадаад улсыг тодорхойлохдоо Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/, ФАТФ-ын бүс нутгийн байгууллага, Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас гаргасан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартыг зохистой түвшинд хэрэгжүүлдэг талаарх тайлан, үнэлгээг харгалзан үзэх шаардлагатай.
4.3.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь эцсийн өмчлөгчийг тогтоохдоо Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан дарааллыг баримтална. 41 .1.1-д заасан дийлэнх хэсэг гэдгийг шууд болон шууд бус хэлбэрээр нийт хувьцааны 33 хувийг өмчилж байгаа гэж ойлгоно.
4.4.Хөрөнгийг удирдах хэлцэл болон эрх зүйн зохицуулалт бүхий этгээдийн хувьд эцсийн өмчлөгчийг тодорхойлох боломжит бүх арга хэмжээг авахдаа дараах мэдээллийг авна:
(i)хөрөнгийг гэрээний дагуу шилжүүлж байгаа этгээд/Settlor /,
(ii)Траст гэрээгээр хөрөнгийг захиран зарцуулах байгаа этгээд эсхүл хэд хэдэн этгээд /Trustee(s)/,
(iii) Траст гэрээний ашиг шимийг хүртэгч /beneficiary(s)/
(iv) хэрвээ байгаа бол гэрээний ашиг шимийг хүртэгчийг хамгаалах “protector”-ын мэдээллийг гаргуулан авна;
(v) Дээрхээс өөр төрлийн гэрээ хэлцлийн хувьд дээрхтэй ижил байр суурин дээр байгаа хувь хүмүүсийг тогтоох үйл ажиллагааг хийнэ.
4.5.Шууд бус өмчлөлийг тогтоохдоо:
4.5.1.бүх төрлийн хуулийн этгээд эсхүл трастын гэрээ болон ижил төстэй гэрээ хэлцлээр эзэмшиж байгаа хувьцааны хувийг тэдгээрийн хувьцаа эзэмшигч эсхүл ашиг шимийг хүртэгч этгээд /бүлэг этгээдүүдийн/ хувьцаа гэж тооцно;
4.5.2.Гэр бүлийн нэг гишүүний эзэмшиж байгаа хувийг гэр бүлийн бусад гишүүдийн эзэмшиж байгаа хувьтай нэгтгэн бүхэлд нь авч үзнэ.
ТАВ: ХАРИЛЦАГЧИЙГ ТАНЬЖ МЭДЭХ ХЯЛБАРШУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА
5.1.Харилцагч нь төрийн болон нутгийн захиргааны байгууллага, эсхүл хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчийг ил тод мэдээлэх үүрэгтэй хөрөнгийн биржид бүртгэлтэй компани, эсхүл ижил түвшний урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг мэдээлэх үүрэгтэй этгээд бол мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагчийг таньж мэдэх хялбаршуулсан үйл ажиллагааг хийж болно. /Энэ хэсгийг МБЕ-ийн А-31 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
5.2.Харилцагчийг таньж мэдэх хялбаршуулсан үйл ажиллагаанд нь дараах үйл ажиллагаа орж болно:
5.2.1.харилцагчийг тодорхойлох мэдээлэлд орсон өөрчлөлтийг шинэчлэх давтамжийг багасгах,
5.2.2.гүйлгээнд тавих байнгын хяналт тавих болон гүйлгээтэй холбоотой нэмэлт мэдээлэл цуглуулах түвшинг бууруулах.
5.3.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн 5.5.2 дахь хэсэгт заасны дагуу харилцагчийг таньж мэдэх хялбаршуулсан үйл ажиллагааг явуулахад тухайн этгээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль болон энэ журамд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг эсэхийг шалгана. /Энэ хэсгийг МБЕ-ийн А-31 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
5.4.харилцагч, эсхүл гүйлгээг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж сэжиглэсэн эсхүл мэдээлэх үүрэгтэй этгээд, хяналт шалгалтын чиг үүрэгтэй эрх бүхий байгууллага, Санхүү мэдээллийн албанаас өндөр эрсдэлтэй гэж үзсэн бизнес, улс оронтой холбоотой харилцагчид харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг хялбаршуулсан байдлаар хийхгүй.
ЗУРГАА. УЛС ТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ ЭТГЭЭД
6.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйл болон энэ журмын заасан дотоод хяналтын хөтөлбөр нь улс төрд нөлөө бүхий этгээд, түүний гэр бүлийн гишүүд болон хамаарал бүхий этгээд болон нэгдмэл сонирхол бүхий этгээдийг тодорхойлох, тэдгээрийг харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагаанд хамруулах, тэдгээрийн нэр дээр хийгдэж байгаа гүйлгээнд тусгайлан хяналт тавих арга хэмжээг тусгасан байна.
6.2.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагчийн эцсийн өмлөгч нь улс төрд нөлөө бүхий этгээд мөн эсэхийг тодорхойлох арга хэмжээ авна.
6.3Улс төрд нөлөө бүхий этгээдийн бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээд болон нэгдмэл сонирхолтой этгээдийг улс төрд нөлөө бүхий этгээдийн нэгэн адил авч үзнэ.
6.4.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь амь насны даатгалын гэрээтэй холбоотойгоор ашиг шим хүртэгч, эсхүл түүний эцсийн өмчлөгч нь улс төрд нөлөө бүхий этгээд эсэхийг тогтоох зорилгоор боломжит бүх арга хэмжээг авах шаардлагатай. Энэ арга хэмжээг даатгалын нөхөн төлбөр олгоход эцсийн байдлаар хэрэгжүүлсэн байна. Хэрвээ өндөр эрсдэлтэй гэж үзэхээр байгаа бол даатгалын нөхөн төлбөр төлөхөөс өмнө дээд шатны удирдлагад мэдэгдэх, даатгуулагчтай тогтоосон бизнесийн харилцаа бүхэлд нь тусгайлан нягтлах болон сэжигтэй гүйлгээний тайлангаар мэдээлэх арга хэмжээг авах шаардлагатай.
6.5.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь улс төрд нөлөө бүхий этгээдтэй холбоотойгоор хяналт зохицуулалтын эрх бүхий байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг дагаж мөрдөнө.
ДОЛОО. ХАРИЛЦАГЧИЙГ ТАНЬЖ МЭДЭХ НАРИЙВЧИЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА
7.1.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйл, энэ журмын 2 дугаар зүйлд заасны дагуу хийсэн эрсдэлийн үнэлгээгээр болон Үндэсний эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн хэсэгт харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг нарийвчлан хийнэ.
7.2.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь дараах тохиолдлыг өндөр эрсдэлтэйд авч үзнэ:
7.2.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн5.9 дугаар зүйлд заасан харилцагчийг;
7.2.2.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн6 дугаар зүйлд заасан гүйлгээ хийх тохиолдолд;
7.2.3.Цахим шилжүүлэг, корреспондент харилцаанд үндэслэн хийгдэж байгаа гүйлгээ болон улс төрд нөлөө бүхий этгээд гэдэг ангилалд хамаарах харилцагчийн эсхүл харилцагчийн эцсийн өмчлөгч нь улс төрд нөлөө бүхий этгээд байгаа тохиолдолд;
7.2.4.Эрх бүхий хяналт, зохицуулалтын байгууллага, Санхүү мэдээллийн албанаас эсхүл Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/, ФАТФ-ын бүс нутгийн байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэй гэж тодорхойлогдсон улс орон, бүс нутагтай холбоотой гүйлгээ;
7.2.5.Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг гуравдагч этгээдээр дамжуулан хийсэн эсхүл зайнаас бизнесийн харилцаа үүсгэсэн харицлагчийн гүйлгээг.
7.2.6.ВХҮҮ-ийн хувьд зохицуулалтгүй ВХҮҮ, бүртгэлгүй хэтэвч /unhosted wallet/ хооронд хийсэн гүйлгээг.
Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А-26 дугаар тушаалаар нэмсэн.
2023 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
7.3.Харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг өндөр эрсдэлтэй харилцагч болон гүйлгээнд хийнэ.
7.4.Эрх бүхий хяналт, зохицуулалтын байгууллага, Санхүү мэдээллийн албанаас эсхүл Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/, ФАТФ-ын бүс нутгийн байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэй гэж тодорхойлогдсон улс орон, бүс нутаг гэж тодорхойлогдсон улс, орноор дамжуулан хийх гүйлгээнд эрсдэлийг бууруулах зорилгоор санхүү мэдээллийн алба эсхүл эрх бүхий хяналт, зохицуулалтын байгууллага хориг арга хэмжээг хэрэгжүүлж болно.Үүнд: /үүгээр хязгаарлагдахгүй/:
7.4.1.Харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааны тодорхой чиглэлээр хэрэгжүүлэх,
7.4.2.Гүйлгээг мэдээлэх нэмэлт шаардлагууд нэвтрүүлэх эсхүл бүх гүйлгээг системтэйгээр мэдээлэх,
7.4.3.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын тогтолцоо хангалтгүй гэж тодорхойлогдсон улс орны санхүүгийн байгууллагын охин компани, салбар, нэгж, төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгохоос татгалзах,
7.4.4.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын тогтолцоо хангалтгүй гэж тодорхойлогдсон улс оронд Мэдээлэх үүрэгтэй этгээдийг охин компани, салбар, нэгж, төлөөлөгчийн газар байгуулахыг хориглох,
7.4.5.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын тогтолцоо хангалтгүй гэж тодорхойлогдсон улс оронтой хийх гүйлгээ, бизнесийн харилцаанд хязгаарлалт тавих,
7.4.6.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын тогтолцоо хангалтгүй гэж тодорхойлогдсон улс оронд байрлах гуравдагч этгээдээр харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг хийлгэхийг мэдээлэх үүрэгтэй этгээдэд хориглох,
7.4.7.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын тогтолцоо хангалтгүй гэж тодорхойлогдсон улс орны санхүүгийн байгууллагатай тогтоосон корреспондент харилцааг эргэн хянах, өөрчлөх, шаардлагатай бол зогсоохыг мэдээлэх үүрэгтэй этгээдээс шаардах,
7.4.8.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын тогтолцоо хангалтгүй гэж тодорхойлогдсон улс оронд байрлах мэдээлэх үүрэгтэй этгээдийн охин компани, салбар, нэгжид хийх хяналт шалгалт, хараат бус аудитын давтамжийг нэмэгдүүлэхийг шаардах,
7.4.9.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын тогтолцоо хангалтгүй гэж тодорхойлогдсон улс оронд байрлах санхүүгийн нэгдлийн оролцогч, тэдгээрийн салбар, нэгжийн хараат бус аудитын шаардлагыг нэмэгдүүлэх.
7.5.Харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааны хүрээнд дараах арга хэмжээг авна /Үүгээр хязгаарлагдахгүй/:
7.5.1.тухайн харилцагчийн эрхэлж буй ажил, бизнес, хөрөнгийн эх үүсвэр, гүйлгээний зориулалт, утга зэрэгтэй холбоотой нэмэлт мэдээллийг гаргуулж авах, боломжийн хэмжээнд эдгээр мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлах;
7.5.2.тухайн харилцагчтай бизнесийн харилцааг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар Гүйцэтгэх удирдлагын зөвшөөрлийг авна; Энэ зөвшөөрөл нь харилцагчийг хүлээн зөвшөөрөх дотоод журмын хүрээнд явагдах бөгөөд энэ журамд мэдээлэх үүрэгтэй этгээдийн хүлээн зөвшөөрөх хэмжээнээс хэт өндөр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэл бүхий харилцагч болон үнэн зөв мэдээллийг өгөхөөс зайлсхийсэн харилцагчтай бизнесийн харилцаа үүсгэхээс татгалзах боломжтой зохицуулалтыг оруулсан байх шаардлагатай;
7.5.3.харилцагчийн данс, гүйлгээнд тавих хяналт давтамжийг нэмэгдүүлэх, хяналтын цар хүрээг өргөжүүлэн харилцаж байгаа бусад этгээдийг хяналтад хамруулах, харилцагчийг таньж мэдэх зорилгоор харилцагчаас гаргуулан авах мэдээллийг эргэж хянах;
7.5.4.Харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагаатай холбоотой бусад журам, зааврын шаардлагууд.
7.6.Харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг өндөр эрсдэлтэй харилцагчид бүтээгдэхүүн, үйлчилгээ авах бүрт нь холбогдох нэмэлт мэдээллийг авах, өмнө нь өгсөн мэдээлэлд гарсан өөрчлөлтийг тусгах замаар байнгын үргэлжлэх хэлбэрээр хэрэгжүүлнэ.
НАЙМ. ХАРИЛЦАГЧИЙГ ТАНЬЖ МЭДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ
8.1.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагчийг таньж мэдэх, эцсийн өмчлөгчийг тогтоох, бизнесийн үйл ажиллагааны бодит байдлыг ойлгох үйл ажиллагааг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно. Харилцагчийг таньж мэдэхтэй холбоотой бүх хариуцлагыг гуравдагч этгээдээр дамжуулан харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг хийж байгаа мэдээлэх үүрэгтэй этгээд өөрөө хүлээнэ.
8.2.Мэдээлэх үүрэгтэй этгээднь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд нь харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааны хүрээнд цуглуулсан бүх баримт, мэдээллийг мэдээлэх үүрэгтэй этгээдэд нэн даруй хүргүүлэх эсхүл ирүүлэхийг хүссэн даруйд гаргаж өгөхөд бэлэн байлгах шаардлагатай.
8.3.Гуравдагч этгээдтэй хийсэн харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг хийлгэх тохиролцоо нь баримтжуулсан байх шаардлагатай бөгөөд хяналт зохицуулалтын эрх бүхий байгууллагын хүсэлтээр гаргаж өгөхөд бэлэн байна.
8.4.Гуравдагч этгээдтэй харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг хийлгэх тохиролцоонд хүрэхийн өмнө гуравдагч этгээдийн байрлаж буй улс, орны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхэрсдэлийг харгалзан үзэх шаардлагатай.
8.5.Мэдээлэх үүрэгтэй этгээдийн харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа хийлгэх гуравдагч этгээд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
8.5.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлийн хяналт, зохицуулалтад хамрагддаг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэг хүлээсэн этгээд байх;
8.5.2.Харилцагчийг таньж мэдэх бодлого, журам нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон энэ журмын шаардлагуудтай нийцтэй байх;
8.5.3.Баримт, мэдээллийг хадгалах үүрэг нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон энэ журмын шаардлагуудтай нийцтэй байх.
8.6.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь өөрөө оролцогч нь болох санхүүгийн нэгдлийн өөр нэг оролцогч болох гуравдагч этгээдээр харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг хийлгэх бол дээр дурдсан шалгуур нөхцөлүүдийг дараах байдлаар хангаж байх шаардлагатай. Үүнд:
8.6.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон энэ журмын шаардлагуудтай нийцтэй харилцагчийг таньж мэдэх болон баримт, мэдээллийг хадгалах шаардлагууд нь санхүүгийн нэгдлийн хэмжээнд хэрэгждэг байх;
8.6.2.Дотоод хяналтын хөтөлбөр, харилцагчийг таньж мэдэх болон баримт, мэдээллийг хадгалах шаардлагуудын хэрэгжилтэд эрх бүхий хяналт, зохицуулалтын байгууллагаас санхүүгийн нэгдлийн хэмжээнд хяналт, шалгалт хийдэг байх;
8.6.3.Санхүүгийн нэгдлийн дотоод хяналтын хөтөлбөр нь өндөр эрсдэлтэй улс орноос үүдэх эрсдэлийг бууруулах хангалттай арга хэмжээг тусгасан байх.
ЕС. КОРРЕСПОНДЕНТ ХАРИЛЦАА
9.1.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь гадаадын банк, санхүүгийн байгууллагатай корреспондент болон түүнтэй ижил төстэй харилцаа тогтоохоос өмнө дараах арга хэмжээг авах шаардлагатай:
9.1.1.уг банк бодитоор оршдог эсэх талаар мэдээлэлтэй болох;
9.1.2.олон нийтэд нээлттэй мэдээллийн эх үүсвэрээс тухайн банк, санхүүгийн байгууллагын нэр хүнд, түүнд хийгддэг хяналт шалгалтын чанарын талаар мэдээлэл цуглуулах, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбоотой шалгагдаж байсан эсэх, хяналт шалгалтын байгууллагаас Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбогдуулан тухайн банканд хариуцлага тооцож байсан эсэхийг нягтлах;
9.1.3.корреспондент харилцаа тогтоохын өмнө мэдээлэх үүрэгтэй этгээдийн удирдлагын зөвшөөрлийг авах;
9.1.4.корреспондент харилцаа тогтоох банкны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод хяналтын тогтолцоог үнэлэх;
9.1.5.корреспондент харилцаанаас үүсэх хоёр талын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлсон гэрээ байгуулах;
9.1.6.Корреспондент харилцаа тогтоох банк нь мэдээлэх үүрэгтэй этгээд дээр байрших дансыг ашиглан шууд гүйлгээ хийх эрхийг өөрийн аль нэг харилцагчдаа зөвшөөрдөг эсэхийг мэдэх, хэрвээ тийм бол ийм төрлийн харилцагчийн хувьд харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа хийдэг эсэх, мэдээллийн үнэн бодит байдлыг хэрхэн нягталдаг, түүний гүйлгээнд байнгын хяналт тавьдаг эсэхийг мөн хүсэлт гаргасан тохиолдолд уг харилцагч, түүний гүйлгээтэй холбогдох мэдээллийг гаргаж өгөх боломжтой эсэхийг баталгаажуулах.
9.2.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь халхавч банк, санхүүгийн байгууллагатай корреспондент харилцаа үүсгэхийг хориглоно.
9.3.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь халхавч банк, санхүүгийн байгууллагатай харилцаа тогтоосон банктай корреспондент харилцаа үүсгэх, үргэлжлүүлэхийг хориглоно.
9.4.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь өмнө үүсгэсэн корреспондент харилцааг эргэн нягталж энэ журамд нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
9.5.ВХҮҮ корреспондент, хамтрагч /counterparty/, дундын /intermediary/ ВХҮҮ-д үйлчилгээ үзүүлэх тохиолдолд энэ журмын 9.1-9.4-т зааснаас гадна дараах арга хэмжээг авна:
Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А-26 дугаар тушаалаар нэмсэн.
2023 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
9.5.1.Хил дамнасан корреспондент харилцаа тогтоож байгаа ВХҮҮ-ийн зохицуулалтын орчин болон бусад мэдээллийг цуглуулна;
Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А-26 дугаар тушаалаар нэмсэн.
2023 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
9.5.2.Бусад ВХҮҮ-ийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын тогтолцоог үнэлнэ;
Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А-26 дугаар тушаалаар нэмсэн.
2023 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
9.5.3.Шинээр корреспондент, хамтрагч /counterparty/, дундын /intermediary/ ВХҮҮ-тэй харилцаа холбоо тогтоохын өмнө дээд удирдлагаас зөвшөөрөл авна;
Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А-26 дугаар тушаалаар нэмсэн.
2023 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
9.5.4.Корреспондент, хамтрагч /counterparty/, дундын /intermediary/ ВХҮҮ-д нь харилцагчыг таньж мэдэх үйл ажиллагааг гүйцэтгэдэг эсэх, шаардлагатай тохиолдолд тухайн мэдээллийг хууль тогтоомжид зөвшөөрсөн хэм хэмжээнд гаргаж өгдөг эсэхийг үнэлнэ.
Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А-26 дугаар тушаалаар нэмсэн.
2023 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
АРАВ. ШИНЭ ТЕХНОЛОГИ
10.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.8-д зааснаар шинэ технологи ашиглан хийгдэж буй гүйлгээнээс үүдэн гарах мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг бууруулах үүднээс дараах арга хэмжээг авна:
10.1.1.Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэдгээрийг харилцагчид хүргэх арга хэлбэрийг нэвтрүүлэхийн өмнө тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэдгээрийг харилцагчид хүргэх арга хэлбэрийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилгоор ашиглагдах эрсдэлийг үнэлэх, өмнө байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрсдэл шинэ технологийг нэвтрүүлснээр хэрхэн өөрчлөгдөхийг үнэлэх;
10.1.2.шинэ технологи нэвтрүүлснээс үүдэх мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг бууруулах, үр нөлөөг нь багасгах талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
АРВАН НЭГ. МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ДОТООД ХЯНАЛТЫН ХӨТӨЛБӨР
11.1.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, энэ журам болон Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо болон хяналт шалгалтын чиг үүрэгтэй бусад эрх бүхий байгууллагаас баталсан журам, заавар, удирдамжтай нийцүүлэн, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын хөтөлбөр баталж хэрэгжүүлнэ.
11.2.Дотоод хяналтын хөтөлбөрнь мэдээлэх үүрэгтэй этгээдийн бизнесийн цар хүрээ, үйл ажиллагааны онцлог, бүтэц, зохион байгуулалт, эрсдэлийн түвшинд нийцсэн байх бөгөөд хөтөлбөрийг мэдээлэх үүрэгтэй этгээдийн төлөөлөн удирдах зөвлөл батална. Дотоод хяналтын хөтөлбөрийг мэдээлэх үүрэгтэй этгээдийн харьяалагддаг санхүүгийн нэгдэл, тэдгээрийн бүх салбар нэгж, охин компани нь нэгэн адил хэрэгжүүлнэ.
11.3.Мэдээлэх үүрэгтэй этгээдийн төлөөлөн удирдах зөвлөл болон түүний дэргэдэх хороо, эсхүл бие даасан дотоод хяналтын нэгжээр дамжуулан дотоод хяналтын хөтөлбөрийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллах бөгөөд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн түвшинтэй уялдуулан шинэчилж байна.
11.4.Дотоод хяналтын хөтөлбөрт Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан асуудлыг тусгахаас гадна дараах зохицуулалтуудыг хамруулсан байна:
11.4.1.Мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гэж тодорхойлогдсон үйл ажиллагаанд чиглэсэн тусгайлан боловсруулсан сургалтын хөтөлбөр;
11.4.2.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод хяналтын хөтөлбөр, бодлого, журмыг хэрэгжүүлэх хүрээнд ажилтнуудад зориулсан гарын авлага, заавар;
11.4.3.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон Дотоод хяналтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих бүтэц, эрх бүхий ажилтныг томилох, чөлөөлөх болон түүний эрх, үүргийг тодорхойлсон зохицуулалт, хэрэгжилтэд хяналт тавих ажилтан нь удирдах түвшиний ажилтан байна;
11.4.4.Хэрэгжилтэд хяналт тавих ажилтан нь мэдээлэх үүрэгтэй этгээдийн бүх салбар, нэгж, охин компаниас харилцагч, данс, гүйлгээтэй холбогдох бүх баримт бичиг, мэдээллийг гаргуулан авах, нэвтрэх, эрхтэй байх зохицуулалт;
11.4.5.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргийн хэрэгжилтийг шалгадаг,мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод бодлого, журам, хяналтын хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнтэй байдалд хяналт тавих чиг үүрэг бүхий гүйцэтгэх удирдлагаас хараат бус, ажил үүргээ гүйцэтгэх хангалттай нөөц бололцоогоор хангагдсан дотоод аудитын нэгжтэй байна;
11.4.6.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь ажлын байранд тавигдах шаардлагад нийцсэн хүний нөөцийн бодлого журамтай байх шаардлагатай бөгөөд дараах шалгуурыг тусгасан байна:
-ажил үүргээ биелүүлэхэд мэдлэг, чадварын хувьд бэлтгэгдсэн байх;
- ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх заалт;
-“fit and proper”-ийн шаардлагыг хангасан байх;
-залилан, луйвар, мөнгө угаах, бусад төрлийн санхүүгийн гэмт хэрэг болон шударга бус зан чанарыг илтгэх гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байсан этгээдийг ажилд авахгүй байх зохицуулалт;
11.4.7.Мэдээлэх үүрэгтэй этгээдийн хэрэгжилтэд хяналт тавих бүтэц болон ажилтан нь дараах зүйлсийг тусгасан тайланг өөрийн гүйцэтгэх удирдлага болон Төлөөлөн удирдах зөвлөлд тогтмол танилцуулна:
(i).Илрүүлсэн бүх сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэл болон үр дагаварын тухай мэдээлэл;
(ii). Мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод бодлого, журам, хяналтын тогтолцоог сайжруулахтай холбогдуулан авсан арга хэмжээ, дотоод аудитын нэгжийн шалгалтын тайлан,
(iii).Эрх бүхий хяналт шалгалтын байгууллагаас болон Санхүү мэдээллийн албанаас хийсэн хяналт шалгалтын үр дүн,
(iv).Хяналт шалгалтаар мэдээлэх үүрэгтэй этгээдэд өгсөн үүрэг даалгавар, засаж залруулах шаардлагатай арга хэмжээний талаарх мэдээлэл.
АРВАН ХОЁР. ЦАХИМ ШИЛЖҮҮЛЭГ
12.1.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь гадаад цахим шилжүүлэг хийхдээ хүлээн авагч болон дамжин өнгөрөх банк, санхүүгийн байгууллагад шилжүүлэгч ба хүлээн авагчийн мэдээлэл тодорхой байхаар шилжүүлгийн цахим зурваст (message) тусгана. Шилжүүлгийн цахим харилцаа дараах мэдээллийг агуулна:
12.1.1.шилжүүлэгчийн овог нэр;
12.1.2.шилжүүлэгчийн гүйлгээ хийхэд ашигласан дансны дугаар;
12.1.3.шилжүүлэгчийн хаяг эсхүл регистрийн дугаар эсхүлалбан ёсны бичиг баримтын дугаар эсхүлтөрсөн огноо эсхүлтөрсөн газар;
12.1.4.хүлээн авагчийн нэр, гүйлгээ хийхэд ашигласан дансны дугаар.
12.2.Данс ашиглахгүйгээр гүйлгээ хийх тохиолдолд гүйлгээг тодорхойлох дахин давтагдахгүй дугаарыг хамт илгээж, гүйлгээг эргэн шалгах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай.
12.3.Хэд хэдэн харилцагчийн гадаад цахим шилжүүлгийг багцлан, багц шилжүүлэг хэлбэрээр шилжүүлж байгаа тохиолдолд энэ журмын 12.1-д заасан шилжүүлэгчийн овог, нэрийг бичих шаардлагагүй.
Хүлээн авагч банк, санхүүгийн байгууллагад тухайн гүйлгээтэй холбоотой эргэн нягтлах, тодруулах боломжийг хангах үүднээс уг багц гүйлгээний шилжүүлэгчдийн дансны дугаар эсхүл гүйлгээний дахин давтагдахгүй дугаарыг хүргүүлнэ. Багц шилжүүлэг хийхэд хүлээн авагчийн мэдээллийг бүрэн тусгасан байна.
12.4.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагчийн тогтмол хийдэг, тогтсон цахим шилжүүлгээс ялгаатай цахим шилжүүлгийг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхэрсдэлийг бууруулах зорилгоор багц шилжүүлэгт хамруулахгүй байхад анхаарна.
12.5.Дотоодын цахим шилжүүлгийг (зээлийн болон төлбөрийн карт ашиглан хийсэн гүйлгээ хамарна) хийхдээ мэдээлэх үүрэгтэй этгээд дараах мэдээллийн аль нэгийг авч хавсаргана:
12.5.1.шилжүүлэгчийн бүрэн мэдээллийг шилжүүлгийн цахим зурвасаар (message) эсхүл шилжүүлгийг дагалдаж байгаа төлбөрийн маягтаар; эсхүл
12.5.2.зөвхөн шилжүүлэгчийн дансны дугаар, хэрэв дансгүй харилцагч бол гүйлгээний дахин давтагдахгүй дугаарыг шилжүүлгийн цахим зурвасаар (message) эсхүл төлбөрийн маягтаар хүргүүлнэ.
12.6.Дотоодын цахим шилжүүлэгт шилжүүлэгчийн бүрэн мэдээллийг хавсаргаагүй бол цахим шилжүүлгийг хүлээн авагч байгууллага эсвэл Санхүү мэдээллийн албаны хүсэлтээр шилжүүлэг хийсэн мэдээлэх үүрэгтэй этгээд шилжүүлэгчийн талаарх мэдээллийг ажлын гурван өдрийн дотор гаргаж өгнө.
12.7.Гадаад цахим шилжүүлгийг дамжуулан өнгөрүүлж байгаа мэдээлэх үүрэгтэй этгээд нь шилжүүлэгч, хүлээн авагчийн мэдээлэл болон шилжүүлэгтэй холбоотой бусад бүх мэдээллийг 5-аас доошгүй жил хадгална.
12.8.Техникийн боломжоос хамааран гадаад цахим шилжүүлгийг дагалдаж байгаа шилжүүлэгч болон хүлээн авагчийн талаарх бүх мэдээллийг дотоодын холбогдох шилжүүлэгтэй хамтатгах боломжгүй нөхцөл үүсэж байвал мэдээлэх үүрэгтэй этгээд нь шилжүүлэгч байгууллагын болон бусад дамжуулагч байгууллагаас хүлээн авсан бүх мэдээллийг хамгийн багадаа 5 жил хадгална.
12.9.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь эрсдэлд суурилсан үр дүнтэй дараах тогтолцоотой байна:
12.9.1.шилжүүлэгч эсхүл хүлээн авагчийн мэдээлэл дутуу тохиолдолд цахим шилжүүлгийг хийх, зогсоох, түдгэлзүүлэх болон сэжигтэй гүйлгээний тайлангаар Санхүү мэдээллийн албанд мэдээлэх;
12.9.2.бизнесийн харилцааг хязгаарлах болон зогсоох арга хэмжээ авах.
12.10.Цахим шилжүүлгийг хүлээн авсан мэдээлэх үүрэгтэй этгээд нь шилжүүлгийг хүлээн авч буй харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг хийх үүрэгтэй. Харилцагчийг таньж мэдэхүйл ажиллагааны хүрээнд цуглуулсан баримт, мэдээлэл болон цахим гүйлгээтэй холбоотой бүх мэдээллийг хуульд заасан хугацаанд хадгалах үүрэгтэй.
Дамжуулагч санхүүгийн байгууллага
12.11.Гадаад цахим шилжүүлгийн хувьд дамжуулагч санхүүгийн байгууллага нь шилжүүлгийг дагалдаж байгаа шилжүүлэгч ба хүлээн авагчийн талаарх бүх мэдээллийг хадгалах шаардлагатай.
12.12.Техникийн хязгаарлагдмал байдал нь гадаад цахим шилжүүлгийг дагалдаж байгаа шилжүүлэгч болон хүлээн авагчийн талаарх бүх мэдээллийг дотоодын холбогдох шилжүүлэгчтэй хамтатгах боломжгүй нөхцөл үүсэж байвал дамжуулагч санхүүгийн байгууллага нь шилжүүлэгч байгууллагын болон бусад дамжуулагч байгууллагаас хүлээн авсан бүх мэдээллийг хамгийн багадаа 5 жил хадгалах шаардлагатай.
12.13.Дамжуулагч санхүүгийн байгууллага нь шилжүүлэгч эсхүл хүлээн авагчийн талаар шаардлагатай мэдээллийг агуулаагүй гадаад цахим шилжүүлгийг олж тогтоох шуурхай арга хэмжээ авах шаардлагатай.
12.14.Дамжуулагч санхүүгийн байгууллага нь (а) шилжүүлэгч эсхүл хүлээн авагчийн мэдээлэл дутуу тохиолдолд цахим шилжүүлгийг хийх, зогсоох, түдгэлзүүлэх болон (b) цаашид авах арга хэмжээг тодорхойлох эрсдэлд суурилсан тогтолцоотой байна.
Хүлээн авагч санхүүгийн байгууллага
12.15.Шилжүүлэгч эсхүл хүлээн авагчийн талаар шаардлагатай мэдээллийг агуулаагүй гадаад цахим шилжүүлгийг олж тогтоох бодит цагийн хяналт/real time monitoring/ эсхүл үйл явдлын дараах хяналтыг/post event/ боломжит арга хэмжээг хэрэгжүүлнэ.
12.16.Гадаад цахим шилжүүлгийн хувьд хүлээн авагч санхүүгийн байгууллага шилжүүлгийг хүлээн авагчийг таньж мэдэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.Хэрэв хүлээн авагчийг таньж мэдэх үйл ажиллагаа өмнө нь хийгдэж байсан бол баримт мэдээллийг хадгалах шаардлагад нийцүүлэн холбогдох мэдээллийг цуглуулна.
12.17.Хүлээн авагч санхүүгийн байгууллага нь (а) шилжүүлэгч эсхүл хүлээн авагчийн мэдээлэл дутуу тохиолдолд цахим шилжүүлгийг хийх, зогсоох, түдгэлзүүлэх болон (b) цаашид авах арга хэмжээг тодорхойлох эрсдэлд суурилсан тогтолцоотой байна.
12.18.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэйтэмцэх тухай хуулийн 4.1.1-д зааснаас бусад мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэгч этгээд болон түүний төлөөлөгчид/агент энэ журмын 12 хэсэгт заасан холбогдох бүх шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
12.19.Мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэгч мэдээлэх үүрэгтэй этгээд нь агент ашиглаж байгаа тохиолдолд агентыг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх шаардлагатай бөгөөд агент нь тухай мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх дотоод хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Агентын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэгч хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж ажиллана.
12.20.Мөнгөн гуйвуулгыг үйлчилгээ үзүүлэгч этгээд нь цахим шилжүүлгийн шилжүүлэгч болон хүлээн авагч хоёр талыг хоёуланг нь хянадаг тохиолдолд дараах арга хэмжээг авна:
12.20.1.Санхүү мэдээллийн албанд сэжигтэй гүйлгээний тайлангаар мэдээлэх эсэхийг тогтоох зорилгоор шилжүүлэгч болон хүлээн авагч хоёр талын бүх мэдээллийг авна,
12.20.2.Сэжигтэй цахим шилжүүлгийн хүлээн авагч, шилжүүлэгч аль аль талын байгаа улсад сэжигтэй гүйлгээг мэдээлэх бөгөөд Санхүүгийн мэдээллийн албанд холбогдох гүйлгээний мэдээллийг гаргаж өгнө.
12.21.Дээрх шаардлагуудыг хангах боломжгүй тохиолдолд мэдээлэх үүрэгтэй этгээд нь цахим шилжүүлэг хийж үл болно.
12.22.ВХҮҮ нь "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам"-ын Гуравдугаар зүйлд заасан заалтуудыг нэмэлтээр дагаж мөрдөнө.
Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А-26 дугаар тушаалаар нэмсэн.
2023 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
АРВАН ГУРАВ. ТРАСТ ГЭРЭЭГЭЭР ХӨРӨНГӨ ЗАХИРАН ЗАРЦУУЛЖ БАЙГАА ЭТГЭЭДИЙН ҮҮРЭГ
13.1.Траст гэрээгээр хөрөнгийг захиран зарцуулж байгаа этгээд нь бизнесийн харилцаа үүсгэхийн өмнө эсхүл Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7.1-д заасан мөнгөн дүнгээс өндөр дүнтэй тохиолдлын чанартай гүйлгээ хийх бол траст гэрээгээр хөрөнгө захиран зарцуулж байгаа гэдгээ мэдээлэх үүрэгтэй этгээдэд мэдэгдэх үүрэгтэй.
13.2.Траст гэрээгээр хөрөнгө захиран зарцуулж байгаа этгээд нь мэдээлэх үүрэгтэй этгээдэд траст гэрээгээр захиран зарцуулах хөрөнгийн хэмжээ, траст гэрээний нөхцөл болон эцсийн өмчлөгчийн мэдээллийг гаргаж өгнө.
АРВАН ДӨРӨВ. САНХҮҮГИЙН ЗОРИЛТОТ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ /Энэ бүлгийг МБЕ-ийн 2021 оны А-31 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/
14.1.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөл болон терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотой баталсан хүн, хуулийн этгээдийн эсрэг санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-ийн дүгээр зүйл болон “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль”-ийн 23 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 464 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ авах үйл ажиллагааны журам”-д тус тус заасны дагуу хэрэгжүүлнэ.
14.2.Тагнуулын байгууллага, Терроризмтой тэмцэх зөвлөл жагсаалтыг мэдээлэх үүрэгтэй этгээдэд хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий холбогдох байгууллага болон нийтэд шуурхай мэдээлж, албан ёсны цахим хуудас /www.nctc.gov.mn/-д байршуулсан үед мэдээлэх үүрэгтэй этгээд нь хориг арга хэмжээний жагсаалт болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд /цаашид “жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд” гэх/-тэй шууд, эсхүл шууд бусаар холбоотой аливаа харилцагч, гүйлгээ, гэрээ, хэлцэл, хөрөнгө, мөнгө байгаа эсэхийг шалгана.
14.3.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, тэдгээрийн нэрийн өмнөөс шууд, эсхүл шууд бусаар, эсхүл тэдгээрийн зааврын дагуу үйл ажиллагааг явуулж байгаа этгээдийн хөрөнгө, мөнгө байгаа гэж үзвэл Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, 24 дүгээр зүйлд тус тус заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
14.4.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь энэ журмын 14.3-д заасан үүргээ хэрэгжүүлэхдээ Тагнуулын ерөнхий газрын даргын 2020 оны A/34 дүгээр тушаалаар баталсан “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны аргачлал”-ын хавсралт маягт №5 /Жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн хөрөнгийн тайлан/-д заасан мэдээллийг 24 цагийн дотор Тагнуулын байгууллага болон Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлнэ.
14.5.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь энэ журмын 14.3-д заасан үүргээ нэн даруй хэрэгжүүлж хэрэв жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн талаарх мэдээллийг нягтлах бол энэ журмын 14.4-т заасан аргачлалын хавсралт маягт №6 /Мэдээллийг нягтлахад туслалцаа хүсэх маягт/-д заасан мэдээллийг Тагнуулын байгууллагад хүргүүлнэ.
14.6.Царцаасан хөрөнгөөс шаардлагатай зардал, тодорхой төрлийн төлбөр, үйлчилгээний хураамж, гэнэтийн зайлшгүй зардал зэргийг төлж барагдуулах шаардлагатай талаарх хүсэлтийг мэдээлэх үүрэгтэй этгээд нь энэ журмын 14.4-т заасан аргачлалын хавсралт маягт №7 /Жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдэд хөрөнгө, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл хүсэх тухай маягт/-ын дагуу Тагнуулын байгууллагад хүсэлт гаргана.
14.7.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөл болон терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотой баталсан хүн, хуулийн этгээдийн эсрэг санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох хууль, журамд заасан шаардлагад нийцүүлсэн эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоотой байна:
14.7.1.жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдтэй холбоотой хөрөнгө, мөнгө мэдээлэх үүрэгтэй этгээдэд байгаа эсэхийг өөрийн мэдээллийн сангаас хайх, нэр тохирсон үр дүнгийн талаар Тагнуулын байгууллагад мэдээлэх журамтай байх;
14.7.2.жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн хөрөнгийг илрүүлэх, нэн даруй царцаах, Тагнуулын байгууллага, Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үйл ажиллагааг зохицуулсан дотоод журамтай байх;
14.7.3.жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн хөрөнгөд харилцагч болон бусад этгээдийн зүгээс хандах оролдлогыг хянах, хязгаарлах, тагнуулын байгууллагад мэдээлэх журамтай байх;
14.7.4.тагнуулын байгууллагаас ирүүлсэн заавар, чиглэлийн дагуу жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдэд хөрөнгө, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх журамтай байх;
14.7.5.тагнуулын байгууллагаас ирүүлсэн жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн хөрөнгийг чөлөөлөх шийдвэрийг хэрэгжүүлэх журамтай байх.
14.8.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөл болон терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотой баталсан хүн, хуулийн этгээдийн эсрэг санхүүгийн зорилтот хориг арга хэмжээний хэрэгжилтийн талаарх тайланг улирал тутам хяналт шалгалтын чиг үүрэгтэй эрх бүхий байгууллагад тайлагнана.
АРВАН ТАВ. БАРИМТ, МАТЕРИАЛЫГ ХАДГАЛАХ
15.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 8 дугаар заалтад нийцүүлэн мэдээлэх үүрэгтэй этгээд нь баримт материалыг дараах байдлаар хадгална:
Хүснэгт 4 |
|
Баримтын төрөл |
Хадгалах хугацаа |
Харилцагчийн данс нээх, бизнесийн харилцаа үүсгэхэд ашигласан бичиг баримт, харилцагчийг таньж мэдэх хүрээнд олж авсан бичиг баримтууд, биеийн байцаалтын хуулбар. |
Данс хаагдсанаас эсхүл бизнесийн харилцаа дуусгавар болсноос хойш 5-аас доошгүй жил. Тохиолдлын чанартай гүйлгээ хийсэн бол гүйлгээ хийгдсэнээс хойш 5-аас доошгүй жил, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.10-д заасан этгээд нь 10-аас доошгүй жил. |
Харилцагчийн мэдээллийг нарийвчлан шалгах явцад олж авсан баримт, мэдээлэл, Харилцагчийн мэдээлэлд орсон өөрчлөлт, нэмэлт баримт, мэдээлэл, дансны мэдээлэл, Корроспондент харилцааны гэрээ, санамж, бичиг, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхэрсдэлийг тодорхойлоход ашигласан мэдээлэл, харилцагчийг таньж мэдэх, тусгайлан хяналтын дүгнэлт, сэжигтэй гүйлгээтэй холбоотой баримт, материал. |
Харилцаа дуусгавар болсноос хойш 5-аас доошгүй жил.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.10-д заасан этгээд нь 10-аас доошгүй жил Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А-26 дугаар тушаалаар нэмсэн. |
Бэлэн болон бэлэн бус гүйлгээний баримтууд |
Гүйлгээ хийгдсэнээс хойш 5-аас доошгүй жил.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.10-д заасан этгээд нь 10-аас доошгүй жил Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А-26 дугаар тушаалаар нэмсэн. |
15.2.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон энэ журмын дагуу хадгалах баримт нь тухайн гүйлгээтэй холбоотой мэдээллийг сэргээж харах боломжтой, холбогдох бүх мэдээллийг агуулсан байх ба хуульд заасан эрх бүхий этгээдийн мэдээлэл авах хүсэлтийн дагуу шуурхай гаргаж өгөхөд бэлэн байдалтай хадгална.
15.3.Баримт материалыг нотлох баримтын түвшинд ашиглах боломжийг хангаж байхаар архивлаж хадгална.
АРВАН ЗУРГАА. ГАДААД ДАХЬ САЛБАР, НЭГЖ БОЛОН ОХИН КОМПАНИ
16.1.Мэдээлэх үүрэгтэй этгээдийн гадаад дахь салбар нэгж болон дийлэнх хувьцааг нь эзэмшдэг охин компани нь үйл ажиллагаа явуулж байгаа улсынхаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээс гадна Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, энэхүү журамд заасан шаардлагуудыг хэрэгжүүлж ажиллана. Хэрэв тухайн орны хууль тогтоомж энэхүү журмыг хэрэгжилтэд ямар нэг байдлаар саад болж байвал энэ талаар хяналт зохицуулалтын байгууллагад мэдэгдэж, санхүүгийн нэгдэл нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг удирдахад чиглэсэн зохих нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
16.2.Санхүүгийн нэгдлийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхурьдчилан сэргийлэх дотоод хяналтын хөтөлбөр нь бүх салбар, нэгж, охин компанийг хамруулсан санхүүгийн нэгдлийн хэмжээнд хэрэгжинэ. Энэ журмын 11 дугаар зүйл болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан дотоод хяналтын хөтөлбөрт дараах шаардлагыг тусгана. Үүнд:
16.2.1.харилцагчийг таньж мэдэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг удирдах, сэжигтэй гүйлгээг таньж илрүүлэх зорилгоор мэдээлэл солилцох бодлого, журамтай байна,
16.2.2.Санхүүгийн нэгдлийн хэмжээнд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргийн хэрэгжилтийг хангуулах, аудит хийх, шаардлагатай бол салбар, охин компаниуд харилцагч, данс, гүйлгээний мэдээлэл, солилцох нөхцөлийг бүрдүүлсэн байх,
16.2.3.солилцсон мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангалттай түвшинд бүрдүүлсэн байх.
АРВАН ДОЛОО. САЛБАРЫН ТУСГАЙ ЗӨВЛӨМЖ, ЗААВАР
17.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон энэхүү журмын хэрэгжилтийг хангуулахад туслах зорилгоор тухайн салбарт хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй эрх бүхий байгууллагаас мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаа явуулж байгаа салбарын онцлогт нийцүүлсэн тусгай зөвлөмж, зааврыг боловсруулан гаргаж болно.
АРВАН НАЙМ. ГҮЙЛГЭЭГ МЭДЭЭЛЭХ
18.1.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан дараах 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцоо, виртуал хөрөнгийн гүйлгээний тухай мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор батлагдсан маягтын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй. Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А-26 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан.
2023 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
18.1.1.Үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, түүнчлэн олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг чек, вексель, үнэт цаас ашиглаж хийсэн 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний гүйлгээ;
Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А-26 дугаар тушаалаар нэмсэн.
2023 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
18.1.2.Монгол Улсын харьяат, харьяат бус банк, санхүүгийн байгууллагын хооронд хил дамнуулан хийсэн болон Монгол Улсын харьяат банк, санхүүгийн байгууллагын гадаад улсад хийсэн 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй гадаад шилжүүлэг, төлбөр тооцооны гүйлгээ (үүнд харилцагчийн болон тухайн банк, санхүүгийн байгууллагын өөрийн нэрийн өмнөөс хийсэн гүйлгээ, банкуудын данс зузаатгах гүйлгээ, Монголын банкууд хоорондоо ностро дансаар хийсэн гүйлгээ зэрэг орно);
Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А-26 дугаар тушаалаар нэмсэн.
2023 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
18.1.3 Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 6.1-д заасан үйл ажиллагааны виртуал хөрөнгийн гүйлгээ
Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А-26 дугаар тушаалаар нэмсэн.
2023 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
18.2.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь хөрөнгө, гүйлгээ, гүйлгээ хийх оролдлогыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой холбоотой гэж сэжиглэсэн эсхүл мэдсэн бол уг сэжигтэй гүйлгээний тухай 24 цагийн дотор батлагдсан маягтын дагуу Санхүү мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй.
18.3.Мэдээлэх үүрэгтэй этгээд болон Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан этгээд мэдээллийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7.3-д заасан Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэл ирүүлэх журам, маягтын дагуу цахим хэлбэрээр ирүүлнэ. /Энэ хэсгийг МБЕ-ийн 2021 оны А-31 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан./
18.4.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь сэжигтэй гүйлгээний тайланг мэдээлэх үүрэгтэй ажилтны аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг хангаж ажиллана.
18.5.Санхүү мэдээллийн алба нь хүлээн авсан 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний, гадаад төлбөр тооцооны гүйлгээний тайлан болон сэжигтэй гүйлгээний тайлангийн статистик мэдээллийг улирал бүр Монголбанкны цахим хуудсанд байршуулна.
18.6.Сэжигтэй гүйлгээний тайлангаар мэдээлэхэд ямар нэгэн хязгаарлалт, үнийн дүн хамаарахгүй.
18.7.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь сэжигтэй гүйлгээний тайлан мэдээлэхдээ уг гүйлгээтэй холбогдох бусад баримт материал болон нэмэлт мэдээллийг хавсарган Санхүү мэдээллийн албанд хүргүүлнэ.
АРВАН ЕС. МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ
19.1.Мэдээлэх үүрэгтэй этгээд, түүний удирдлага болон ажилтан нь Санхүү мэдээллийн албанд холбогдох хууль, журмын дагуу сэжигтэй гүйлгээ, үйл ажиллагааны талаар мэдээлсэн, нэмэлт мэдээлэл гаргаж өгсөн, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэххолбоотой шалгагдаж байгаа тухай аливаа хэлбэрээр харилцагчид өөрт нь болон бусад гуравдагч этгээдэд мэдээлэл дамжуулах, задруулах нь мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Энэ заалт нь Мэдээлэх үүрэгтэй этгээд, түүний удирдлагууд, болон ажилтан хоорондын харилцаа, хуульчид, эрх бүхий байгууллага, Прокурорын байгууллагад мэдээлэл дамжуулах болон солилцох, харилцаанд хамаарахгүй.
19.2.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу данс, гүйлгээг царцаах, сэжиглэхтэй холбоотой мэдээллийг эрх бүхий байгууллагын ажилтнаас бусад аливаа хувь хүн, хуулийн этгээдэд задруулж үл болно.
19.3.Мэдээлэх үүрэгтэй этгээд, түүний удирдлага болон ажилтан нь Санхүүгийн мэдээллийн алба болон эрх бүхий байгууллагад хууль, журамд заасны дагуу мэдээлэл өгснийг банкны, мэргэжлийн, мэргэжлийн үйл ажиллагааны, үйлчлүүлэгчийн, аж ахуйн нэгж, байгууллагын, бизнесийн болон хувь хүний нууцыг задруулсан гэж үзэхгүй. Мэдээлэх үүрэгтэй этгээд, түүний удирдлага болон ажилтны өгсөн мэдээлэл мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй бодит хамааралтай эсэхээс үл хамааран Эрүүгийн, Иргэний болон Захиргааны хууль тогтоомжид заасан аливаа хариуцлагад татах үндэслэл болохгүй.
19.4.Хуульд өөрөөр заагаагүй бол Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон энэ журмын хэрэгжилтийг хангуулах зорилгоор мэдээлэх үүрэгтэй этгээд нь хянан шалгагч болон бусад эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангахад санхүүгийн байгууллагын нууцлалтай холбоотой аливаа зүйл, заалт хамаарахгүй.
19.5.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль болон энэ журмыг хэрэгжүүлэх зорилгоор корреспондент банк, цахим шилжүүлэг, харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг гуравдагч этгээдэд тулгуурлахтай холбоотой мэдээлэл солилцох ажиллагааг энэ журмын 19.4 дэх заалтаар хязгаарлахгүй.
ХОРЬ. ХАРИУЦЛАГА
20.1.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
[1]Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн5.2.1-д заасны дагуу тулгаж шалгасан бичиг баримтын хуулбарыг харилцагчийн хувийн хэрэгт хадгална.
[2]Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.2.1-д заасны дагуу тулгаж шалгасан бичиг баримтын хуулбарыг харилцагчийн хувийн хэрэгт хадгална.
[3]Энэ мэдээлэл нь хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн хувьд шаардлагагүй.
Текст томруулах
A
A
A