- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСИЙГ ТӨВЛӨРҮҮЛЭХ ЖУРАМ
Санхүүгийн зохицуулах хорооны
2019 оны 211 дүгээр тогтоолын тавдугаар хавсралт
ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСИЙГ ТӨВЛӨРҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл.
1.1.Энэ журмаар үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээд, даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогч, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд, уул уурхайн бүтээгдэхүүний биржээс хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/-оос тогтоосон зохицуулалтын үйлчилгээний хөлс /цаашид “хөлс” гэх/-ийг төвлөрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.” Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 377 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан
Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 374 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан.
Хоёр. Хөлс төвлөрүүлэх хэлбэр
2.1.Хөлсийг дараах үндсэн 3 хэлбэрээр төвлөрүүлнэ:
2.1.1.“хувь тооцож төвлөрүүлэх“ гэж орлого, арилжаа болон нийт активын дүнгээс хувиар тооцсон дүнгээр жил бүр төвлөрүүлэхийг ойлгоно.
2.1.2.“тогтоосон хэмжээгээр төвлөрүүлэх” гэж Хорооноос тогтоосон хэмжээ, ангилал, хуваарийн дагуу жил бүр төвлөрүүлэхийг ойлгоно.
2.1.3.“тухай бүр тогтоосон хэмжээгээр төвлөрүүлэх” гэж хөлс төлөх үүрэг бүхий этгээд Хорооноос тогтоосон төрөл, хэмжээгээр тухайн үед гүйцэтгэсэн ажлын дүнд нэг удаа төвлөрүүлэхийг ойлгоно.
Гурав. Хөлс төвлөрүүлэх хугацаа, хөнгөлөх нөхцөл
3.1.Даатгагч, давхар даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчоос жил бүр төвлөрүүлэх хөлсийг 2 тэнцүү хувааж, эхний төлбөрийг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, дараагийн төлбөрийг тухайн жилийн 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус төвлөрүүлнэ.
3.2.Хувь тооцож төвлөрүүлэх хөлсийг үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдийн хувьд арилжаа хийгдсэн тухай бүр, хөдөө аж ахуйн биржийн зуучлагчийн хувьд тухайн 7 хоногийн нийт арилжааны дүнгээс тооцож дараа 7 хоногийн Мягмар гаригт багтаан тогтоосон хувиар тооцож төвлөрүүлнэ.
3.3.Жил бүр төвлөрүүлэх хөлсийг “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох, төвлөрүүлэх журам” батлах тухай тогтоолын 1, 2, 3, 4, 6, 7, 8 дугаар хавсралтуудад заасны дагуу жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төвлөрүүлнэ. /Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 121 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/ Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 377 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан
Энэ хэсэгтСанхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 374 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан.
3.4.Хорооноос үйлчилгээ үзүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд хөлс төлөх үүрэг бүхий этгээд нь тухай бүр төвлөрүүлэх хөлсийг шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногт багтаан төлнө.
3.5.Банк бус санхүүгийн байгууллага нь Улаанбаатар хотын Налайх, Багануур, Багахангай дүүрэг, аймгийн төвийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол жил бүр төвлөрүүлэх хөлсний 10 хувь, аймгийн төвөөс бусад суманд үйл ажиллагаа явуулж байгаа бол 20 хувь, Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны гишүүн бол 10 хувийн хөнгөлт тус тус эдэлнэ.
3.6.Хадгаламж зээлийн хоршоо нь Монголын хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбооны гишүүн, 300.0 сая төгрөгөөс доош хэмжээний активтай бол жил бүр төвлөрүүлэх хөлснөөс бүрэн чөлөөлөгдөнө. Мөн холбооны гишүүн бусад хадгаламж, зээлийн хоршоо нь жил бүр төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлснөөс 10 хувийн хөнгөлөлт эдэлнэ.
3.7.Даатгалын зуучлагч нь Монголын даатгалын зуучлагчдын холбооны, даатгалын хохирол үнэлэгч нь Монголын хохирол үнэлэгчдийн холбооны гишүүн бол жил бүр төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлснөөс 10 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Орон нутагт байгуулагдсан даатгалын хохирол үнэлэгчийн тухайн орон нутгаас олсон орлогыг хөлс тооцох дүнгээс хасч тооцно.
3.8.Үнэт цаасны брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхэлж буй компани нь Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн бол жил бүр төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлснөөс 10 хувийн хөнгөлөлт эдэлнэ”.
“3.9.Хувь тооцож төвлөрүүлэх хөлсийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хувьд шимтгэлийн орлогын дүнгээс тухай бүр тогтоосон хувиар тооцож дараа сарын эхний 7 хоногийн Мягмар гаригт багтаан төвлөрүүлнэ.” Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 377 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан
3.10.Хувь тооцож төвлөрүүлэх хөлсийг уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хувьд шимтгэлийн орлого, арилжааны хэлцлийн үнийн дүнгээс тухай бүр тогтоосон хувиар тооцож дараа сарын эхний 7 хоногийн Мягмар гаригт багтаан төвлөрүүлнэ. Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 374 дүгээр тогтоолоор нэмсэн.
3.11. Хөлсийг Төрийн сан банкин дахь Хорооны 900025001 тоот дансанд төвлөрүүлнэ. Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 377 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан
Энэ хэсгийн дугаарлалтыг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 374 дүгээр тогтоолоор өөрчилсөн..
Дөрөв. Хариуцлага.
4.1.Хөлсийг тогтоосон хугацаанд бүрэн төвлөрүүлээгүй, хугацаа хожигдуулж төвлөрүүлсэн хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A