A

A

A

Бүлэг: 1979

Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны

А/223 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

ЗОРЧИГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭД ЗҮЙЛИЙГ ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх, зорчигчоос гаалийн болон бусад татваргүй нэвтрүүлэх хувийн хэрэглээний эд зүйл, тоо хэмжээ, үнийн дүнг тогтооход энэ журмын зорилго оршино.

1.2.Зорчигчийн аяллын зорилго, хугацаа, жилд хэдэн удаа улсын хил нэвтэрсэн зэргээс шалтгаалан хувийн хэрэглээний эд зүйл, үнийн дүн, тоо хэмжээг тогтооно.

1.3.Зорчигчийн гар тээш болон аялж буй тухайн тээврийн хэрэгслийн ачаа тээшин дэх барааг дагалдах ачаанд, зорчигч аялалын хугацаанд өөр тээврийн хэрэгсэл болон чингэлэг, шуудан илгээмжээр илгээсэн барааг биеэс тусдаа ачаанд хамааруулна.

Хоёр.Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх

2.1.Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд аяллын үеэр зорчигчийн хэрэглээнд шаардагдах эд зүйл /шинэ болон хуучин/, очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардагдахгүй хүнс болон тухайн зорчигчийн аяллын зорилго, хугацааг харгалзан дараах барааг хамааруулна. Үүнд:

2.1.1.хувийн гоёл чимэглэл /хувийн хэрэглээнээс илүүгүй/;

2.1.2.гэрэл зургийн аппарат болон дүрс бичлэг, кино зургийн камер, тэдгээрийн тодорхой тоо хэмжээний хальс, хуурцаг болон бусад дагалдах хэрэгсэл;

2.1.3.зөөврийн слайд болон кино прожектор, тэдгээрийн тодорхой тоо хэмжээний слайд болон хальс;

2.1.4.дуран;

2.1.5.зөөврийн хөгжмийн зэмсэг;

2.1.6.зөөврийн тоглуулагч, бичлэгийн хальс, СД тоглуулагч, дуу хураагч хальс, бичлэг болон дискний хамт;

2.1.7.зөөврийн радио хүлээн авагч;

2.1.8.үүрэн телефон, ухаалаг цахим хэрэгсэл, тэдгээрийн дагалдах эд зүйл;

2.1.9.зөөврийн телевизор;

2.1.10.зөөврийн бичгийн машин;

2.1.11.зөөврийн компьютер болон дагалдах хэрэгсэл;

2.1.12.зөөврийн тооны машин;

2.1.13.хүүхдийн тэрэг, тэргэнцэр,зорчиж буй хүүхдийн тоогоор;

2.1.14.автомашинаар зорчиж байгаа тохиолдолд суудалд бэхлэгдсэн хүүхдийн суудал, зорчиж буй хүүхдийн тоогоор;

2.1.15.тахир дутуу хүмүүсийн тэргэнцэр;

2.1.16.спортын хэрэглэл;

2.1.17.аяллын хугацаанд шаардагдах оношлогоо, эмчилгээний зориулалттай зөөврийн эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн дагалдах эд зүйл;

2.1.18.зорчигчийн аяллын зорилго нөхцөл байдалд нийцсэн, түр хугацаагаар нэвтрүүлж, аяллын хугацаандаа ашиглах мэргэжлийн багаж хэрэгсэл.

Дээр дурьдсан эд зүйл болон гэр ахуйн бага оврын цахилгаан бараа тус бүр нэгээс илүүгүй байна.

2.2.Дараах бараа зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй:

2.2.1.байгалийн төрхөөрөө байгаа болон боловсруулалт хийгдсэн үнэт металл, эрдэнийн чулуу, байгалийн болон гоёлын чулуу;

2.2.2.боловсруулаагүй дахин боловсруулалт хийгдэх бараа;

2.2.3.мал амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд;

2.2.4.үйлдвэрлэлийн зориулалттай түүхий эд, бараа материал;

2.2.5.химийн болон цацраг идэвхт бодис;

2.2.6.арилжааны зориулалттай хүнс;

2.2.7.барилгын материал;

2.2.8.бүх төрлийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл;

2.2.9.хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа;

2.2.10.түүх, соёлын дурсгалт зүйлс, палеонтологийн болон археологийн олдвор;

2.2.11.төрийн одон медаль;

2.2.12.пиротехникийн хэрэгсэл;

2.2.13. хүйтэн зэвсэг

2.2.14.шинжлэх ухаан, техникийн ололт, газар нутгийн дүрс, зураг зүйн бусад материал, судалгаа шинжилгээний материал

2.2.15.чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт буцаж орох зорчигчийн худалдан авсан онцгой албан татвар ногдох бараа/2.2.15 дахь заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
Дээрх хэсгийг Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар тушаалаар нэмсэн.

2.3.Зорчигч нь энэ журмын 2.1-д заасан бараанаас гадна дараах тоо хэмжээ бүхий эд зүйлийг гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлнэ.

2.3.1.Архины зүйлс 2 литр, дарс  2 литр, шар айраг 3 литр, янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй.
Дээрх хэсгийг Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан..

2.3.2.Гадаадад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан болон Монгол Улсад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллах иргэдийн хувийн эд хогшил, гэр ахуйн тавилга бусад хэрэгсэл шинэ хуучнаас үл хамааран тус бүр нэгээс дээшгүй.

2.3.3.Нотариатын, эсхүл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн баталгаажуулсан гэрчилгээнд заасан нэр төрөл, тоо хэмжээ бүхий өв залгамжлалын эд хөрөнгө /өв залгамжлалын эд юмс, үнэт эдлэлийг борлуулсан орлогоор худалдан авсан зүйлийг өв залгамжлалын эд хөрөнгөд тооцохгүй/.

2.3.4.Гэрийн тэжээвэр амьтан нэр төрөл тус бүрээс 1-ээс илүүгүй,

2.3.5 Чандар, шарил

2.4.Энэ журмын 2.3.1-д заасан бараа нь 21 насанд хүрээгүй, хилээр гараад 24  цагийн дотор буцаж орж байгаа зорчигчид хамаарахгүй. /Энэ заалтын "болон энэ журмын 2.2.15-д заасан чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт буцаж орж байгаа" гэснийг Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
Дээрх хэсгийг Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан..

2.5.Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн биедээ авч яваа валютыг гаалийн байгууллагад мэдүүлсэн тоо хэмжээгээр улсын хилээр оруулж болно. Монгол Улсын иргэн чөлөөтэй хөрвөдөг гадаад валютыг гаальд мэдүүлсэн тоо хэмжээгээр, гадаадын иргэд, харъяалалгүй хүний валютыг гадаадаас оруулсан гаалийн мэдүүлэг, банкнаас худалдан авсан баримтыг үндэслэн улсын хилээр гаргана.

Гурав.Зорчигчийн хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэх

3.1.Зорчигчийн хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлийг мөрдөнө.

3.2.Зорчигчийн аяллын хугацаанд эмчилгээнд хэрэглэх эмийн тоо хэмжээг эмнэлгийн байгууллагын магадлагааг үндэслэн хилээр нэвтрүүлнэ.

Дөрөв.Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэх

4.1.Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл гэдэгт зорчигчийн байнга оршин суугаа газарт улсын бүртгэлтэй хувийн тээврийн хэрэгслийг ойлгоно.

4.2.Зорчигчийн байнга оршин суугаа газар гэдэгт тухайн улсын иргэний, тухайн улсын харьяат иргэнтэй гэр бүл болсон, цагаачлах, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, суралцах, мэргэжил дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх болон хувийн бусад зорилгоор 90 хоногоос дээш хугацаагаар амьдарч байгаа гадаадын иргэний оршин суугаа улсыг ойлгоно.

4.3.Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг тухайн зорчигчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон хилийн чанадад байх зөвшөөрөгдсөн хугацаанд хилээр түр хугацаагаар нэвтрүүлж, бүртгэлээр хяналт тавина.

4.4.Хэрэв зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлснээс хойш тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон бусад татвар ногдуулна.

4.5.Аж ахуйн нэгж, байгууллагын эсхүл бусдын өмчлөл, эзэмшилд байгаа тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэх тохиолдолд өмчлөгч, эзэмшигчээс нотариатаар баталгаажуулсан итгэмжлэлийг гаалийн байгууллагад гаргаж өгнө.

Тав.Гаалийн бүрдүүлэлт

 

5.1.Тусгай журам тогтоогоогүй бол зорчигчийн биедээ авч яваа хувийн хэрэглээний эд зүйл болон биеэс тусдаа илгээсэн бараанд гаалийн бүрдүүлэлт хийх үндэслэл нь зорчигчийн гаалийн мэдүүлэг болно.

5.2.Зорчигч гаалийн мэдүүлгийг нөхөн бичиж гарын үсэг зурж гаалийн улсын байцаагчид өгнө. Зорчигч биеэс тусдаа явуулсан ачаанд гаалийн мэдүүлгийг 2 хувь бичих ба нэгдүгээр хувийг хилийн гаалийн байгууллага авч, хоёрдугаар хувийг биеэс тусдаа илгээсэн бараанд гаалийн эцсийн бүрдүүлэлт хийх гаалийн байгууллагад хүргүүлэхээр эзэнд нь өгнө.

5.3.Олон улсын нисэх онгоцны буудал болон хос гарцын систем нэвтрүүлсэн хилийн боомтод зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр гаалийн байгууллагад мэдүүлж болно.

5.4.Насанд хүрээгүй зорчигчийн барааг эцэг, эхийн эсхүл асран хамгаалагчийн гаалийн мэдүүлэгт бичнэ.

5.5. Дараах бараатай зорчигч зорчигчийн гаалийн мэдүүлгээр гаалийн байгууллагад бичгээр мэдүүлнэ.

5.5.1.автотээврийн хэрэгсэл

5.5.2. 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгө;

5.5.3.энэ журмын 2.2, 2.5-д заасан бараа;

5.5.4.энэ журмын 2.3.2-2.3.5-д заасан бараа;

5.5.5.энэ журмын 2.3.1-д заасан тоо хэмжээнээс илүү;

5.5.6.галт зэвсэг;

5.5.7.өв залгамжлалын эд хөрөнгө;

5.5.8.биеэс тусдаа илгээсэн ачаа;

5.5.9.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис;

5.5.10.гаалийн болон бусад татвар төлөх бараа;

5.5.11.бусдад дамжуулах бараа;

5.6.Гаалийн улсын байцаагч зорчигчийн гаалийн мэдүүлгийг хүлээн авсан, эсхүл зорчигч ногоон гарцыг сонгож, нэвтэрсэн үеэс гаалийн байгууллагад мэдүүлсэн гэж үзнэ.

5.7.Гаалийн улсын байцаагч зорчигчийн мэдүүлсэн гаалийн мэдүүлгийг хүлээн авч, шаардлагатай бол холбогдох бичиг баримтыг гаргуулан авна. Эдгээр бичиг баримт байхгүй тохиолдолд мэдүүлэгчээр тайлбар бичүүлж авна.

5.8.Гаалийн улсын байцаагч нь зорчигчийн барааг гаалийн мэдүүлэг, холбогдох бичиг баримттай тулган шалгаж, гаалийн болон бусад татвар ногдох барааг гаалийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

5.9.Шалгалтаар гаалийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй илрээгүй бол гаалийн улсын байцаагч зорчигчийн гаалийн мэдүүлэгт гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдгийг тод дарж баталгаажуулна.

5.10.Гаалийн шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд зорчигчийн гаалийн мэдүүлгийг “Зөрчил шалган шийдвэрлэсэн баримт”-д хавсаргана.

5.11.Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй бөгөөд 3000000 /гурван сая/ төгрөг болон түүнээс доош үнийн дүн бүхий арилжааны шинж чанартай бараанд “Зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас” /Маягт №2/-аар, 3.000.001 төгрөг /гурван сая/-өөс дээш үнийн дүн бүхий арилжааны шинж чанартай бараанд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийнэ.

5.12.Дамжин өнгөрөх зорчигчийн гаалийн мэдүүлэгт тэмдэглэсэн бараа нь Монгол Улсад орсон үеэс гарах хүртэлх хугацаанд гаалийн хяналтад байна.

Зургаа.Гаалийн хяналт

6.1.Олон улсын нисэх онгоцны буудал болон хос гарцын систем нэвтрүүлсэн хилийн боомтод зорчигч гаалийн хилээр нэвтрэхдээ гаалийн хяналтын улаан, ногоон гарцыг сонгож болно.

6.2.Гаалийн байгууллага зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд гаалийн бүрдүүлэлт хийх танхимд улаан, ногоон гарцын таних тэмдэг, танилцуулгыг зорчигчдод харагдахаар газар байрлуулсан байна.

6.3.Зорчигч гаалийн хилээр нэвтрэх гарцаа өөрөө сонгоно.

6.4.Энэ журмын 5.5-д заасан тохиолдолд зорчигч улаан гарцаар нэвтэрнэ.

6.5.Зорчигчийн бараанд холбогдох хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.

6.6.Зорчигч арван таван сая ба түүнээс дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгөтэй бол гаалийн мэдүүлгийг 2 хувь бичнэ. Гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч зорчигчийн мэдүүлсэн бэлэн мөнгийг шалгаж, гаалийн мэдүүлгийн 4 дэх хүснэгтэд хувийн тэмдэг дарж баталгаажуулан нэг хувийг зорчигчид өгч, нөгөө хувийг гаалийн байгууллагад үлдээнэ. Гаалийн мэдүүлгийг үндэслэн СAIS системийн Эрсдэлийн удирдлага хэсгийн Бэлэн мөнгөний хяналт програмд бүртгэнэ.

6.7.Улсын хилээр түр хугацаагаар оруулж буй зорчигчийн галт зэвсэг /ангийн, спорт сургалтын, төрийн тусгай хамгаалалтын/-ийг гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч шалгаж, зөвшөөрлийн бичгийн зохих хүснэгтэд тэмдэглэгээ хийж баталгаажуулан, гаалийн улсын байцаагч СAIS системийн Эрсдлийн удирдлага хэсгийн Галт зэвсгийн бүртгэл програмд бүртгэнэ.

6.8.Улсын хилээр буцаан гаргаж байгаа галт зэвсгийг гаалийн улсын байцаагч шалгаж, Галт зэвсгийн бүртгэл програмд баталгаажуулна.

6.9.Энэ журмын 5.5-д заасан бараагүй зорчигч ногоон гарцаар нэвтэрч болно.

6.10.Ногоон гарцаар нэвтэрч буй зорчигч зорчигчийн гаалийн мэдүүлэг бичихгүй байж болно.

6.11.Зорчигч ногоон гарцыг сонгосон бол энэ журмын 5.5-д заасан бараа байхгүй хэмээн мэдүүлсэн гэж үзнэ.

6.12.Ногоон гарцаар нэвтрэх зорчигч, тэдгээрийн хувийн хэрэглээний эд зүйлд гаалийн хяналт тавьж гаалийн хилээр нэвтрүүлнэ.

6.13.Ногоон гарцаар нэвтэрч буй зорчигч энэ журам болон гаалийн хууль тогтоомж зөрчсөн нь гаалийн хяналтаар илэрсэн, эсхүл гаалийн байгууллага энэ талаар мэдээлэл авсан бол гаалийн шалгалт хийнэ.

6.14.Гаалийн шалгалтаар зорчигч хууль, тогтоомж зөрчсөн нь тогтоогдвол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

6.15.Энэ журмаар зохицуулагдаагүй асуудлыг гаалийн тухай болон холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

 

---оОо--