A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АШИГТ МАЛТМАЛ, ЦАЦРАГ ИДЭВХТ АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ, АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БОРЛУУЛСАН, ШИЛЖҮҮЛСНИЙ ОРЛОГОД АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн

302 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

АШИГТ МАЛТМАЛ, ЦАЦРАГ ИДЭВХТ АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ, АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БОРЛУУЛСАН,

ШИЛЖҮҮЛСНИЙ ОРЛОГОД АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл           

1.1.Энэхүү журмын зорилго нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.2-т заасан эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогод албан татвар ногдуулахад оршино.

1.2.Энэ журамд заасан “эцсийн эзэмшигч” гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.48-д тодорхойлсон ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг ойлгоно.

Хоёр. Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

2.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6-д заасны дагуу Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал”-ын дагуу тодорхойлсон эрхийн үнэлгээнд үндэслэн албан татвар ногдуулах орлогыг тооцно.

2.2.Энэ журмын 2.1-д заасны дагуу тооцсон орлогыг доор дурдсан тохиолдолд албан татвараас чөлөөлнө:

2.2.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.7-д заасны дагуу тооцоход бага дүнтэй орлого;

2.2.2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.9-д тодорхойлсон орлого.

2.3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.7-д заасан эрх борлуулсан, шилжүүлсний орлогыг эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоо, саналын эрх эзэмшиж буй тухайн этгээдийн ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээний нийлбэрээр тооцно.

2.4.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.2-т заасны дагуу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эцсийн эзэмшигчийн үргэлжилсэн 12 сарын хугацаанд борлуулсан, шилжүүлсэн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн нийлбэрээр тооцно.

2.5.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 30.8-д заасныг Татварын ерөнхий хуулийн 26.10, 26.11, 26.12-т заасны дагуу татварын албанд бүртгүүлсэн мэдээлэлд үндэслэн хэрэгжүүлнэ.

2.6.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 30.9-д заасан чөлөөлөлтийг Татварын ерөнхий хуулийн 26.12-т заасны дагуу татварын албанд бүртгүүлсэн мэдээлэлд үндэслэн эдлүүлнэ.

Гурав. Албан татвар ногдуулах орлогыг тооцоход хасагдах зардал

3.1.Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.7, 30.3-д заасан баримтаар нотлогдох зардлуудыг хасаж татвар ногдуулах орлогыг тодорхойлно.

3.2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.7.1, 30.3.1 дэх заалтыг төлбөр төлснийг нотолсон холбогдох төрийн байгууллагын баримт, эсхүл тухайн төрийн байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээдийн албан тодорхойлолтыг үндэслэн хэрэгжүүлнэ.

3.3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.7.2, 30.3.2-т заасан баримтаар нотлогдох төлбөрт хамаарах татварыг ногдуулан төлөөгүй тохиолдолд уг төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй.

Дөрөв. Албан татвар төлөх, тайлагнах

4.1.Эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогод ногдох татварыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйл, Татварын ерөнхий хуулийн 26.10, 26.11, 26.12-т заасны дагуу төлж, тайлагнана.