A

A

A

Бүлэг: 1979

Татварын ерөнхий газрын даргын

2019 оны А/262 дугаар тушаалын хавсралт

Татварын орлого бүртгэх, орлогын данснаас татвар хооронд суутган тооцох журам

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Татвар төлөгчийн улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татварын орлогыг Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу бүртгэх, татварын залруулга, зарлагын гүйлгээний хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу татварыг суутган тооцох, суутган тооцооллын бүртгэлд хяналт тавих харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Татварын орлогын дансыг тухайн төсвийн ангиллын дагуу татварын төрөл тус бүрээр зөвхөн төрийн санд байршуулна.

1.3.Төрийн санд татварын орлогын данс шинээр нээх, данс хаах, Төрийн сангийн дансны нэгдсэн тогтолцооны хяналтыг Татварын асуудал эрхэлсэн тарийн захиргааны байгууллагын холбогдох нэгж хариуцна.

1.4.Татварын орлого нь дараах бүтэцтэй байна:

1.4.1.Татвар төлөгчийн татварын тайлангаар ногдуулж татварын орлогын дансанд төвлөрүүлсэн орлого;

1.4.2.татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар тогтоож төвлөрүүлсэн орлого;

1.4.3.шийтгэлийн хуудсаар ногдуулж төвлөрүүлсэн орлого;

1.4.4.хөрөнгийн бүртгэлд суурилсан ногдлоор төвлөрүүлсэн татварын орлого;

1.4.5.эрх бүхий байгууллагын шийдвэрээр ногдуулж, татварын орлогын дансанд төвлөрүүлсэн орлого;

1.5.Татварын орлогын  залруулга гэдэгт татварын орлогын тайлант оны гүйцэтгэлээс хасагдахгүй, санхүүгийн жилийн тухайн шатны төсвийн татварын төрөл болон татвар төлөгч хоорондын орлогын бүртгэлийн өөрчлөлтийг хамааруулна.  

1.6.Татварын зарлага гэдэгт төрийн сангийн татварын орлогын данснаас татвар төлөгчийн дансанд, татварын орлогын тайлант оны гүйцэтгэлээс хасаж тооцогдох, санхүүгийн жилд тухайн шатны төсвийн бус татварын төрөл хооронд шилжүүлсэн гүйлгээний бүртгэлийг хамааруулна.

1.7.Цахим төлбөрийн баримтын систем гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.20-д заасныг ойлгоно.
Энэ хэсгийг Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/14 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.

Хоёр. Татварын орлого бүртгэх

2.1.Татварын алба нь татварын орлогыг  татвар төлөгч, татварын төрөл, тайлант хугацаагаар ангилан бүртгэнэ.

2.2.Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд татварын орлогыг зөвхөн Татварын албаны төлбөрийн баримтын дугаараар бүртгэнэ.

2.3.Энэ журмын 2.2-т заасан төлбөрийн баримтыг Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас үүсгэнэ.

2.4.Татварын албаны төлбөрийн баримтад баримтын дугаар, татвар төлөгчийн нэр, татвар төлөгчийн дугаар, татварын албаны нэр, татварын төрөл, хөрөнгийн дугаар, төлөх татварын дүнгийн мэдээллийг тусгасан байна.

2.5.Төлбөрийн баримтад суурилсан "Татвар бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан" дамжуулан татвар төлөгчийн төлсөн татвар нь тухай бүр татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд орлогын гүйлгээ тус бүрээр шууд бүртгэгдэнэ.
Энэ хэсгийг Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/14 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан. 

2.6.Татвар төлөгчийн "Татвар бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан" дамжуулаагүй Төрийн сангийн татварын орлогын хаалтын дансанд төлсөн орлогыг холбогдох төсвийн татварын орлогын бүртгэл хариуцсан нэгж татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
Энэ хэсгийг Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/14 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан. 

2.7.Татварын алба нь татвар төлөгчид гүйлгээ таних дугаар бүхий “Татвар төлсөн баримт”-ыг татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас хэвлэн авах боломжоор хангана.

2.8.Холбогдох төсвийн татварын орлогын гүйцэтгэлийг тухайн санхүүгийн жилд төсвийн ангиллын дагуу татварын төрөл тус бүрээр төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн татварын орлогын дүнгээс татварын зарлагын гүйлгээний дүнг хасч тодорхойлно.

Гурав. Татварын залруулга, зарлага бүртгэх

3.1.Татварын залруулга, зарлагын бүртгэлийг татвар төлөгчийн хүсэлт, татварын албаны шийдвэрээр хэрэгжүүлнэ.

3.2.Зөвхөн тухайн санхүүгийн жилийн татварын орлогын гүйлгээнээс татварын төлбөрийн баримтын дугаарыг үндэслэн залруулга, зарлагын гүйлгээг бүртгэнэ.

3.3.Татварын орлогын залруулга, зарлагыг хэсэгчлэн хийхгүй.

3.4.Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн орлогын гүйлгээний дүнтэй тэнцүү дүнгээр татварын залруулга, зарлагыг бүртгэнэ.

3.5.Татварын алба нь залруулга, зарлагын гүйлгээг Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд  бүртгэхдээ дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.5.1.залруулга, зарлагын гүйлгээний хүсэлтийг татвар төлөгчөөс хүлээн авах;

3.5.2.татвар төлөгчийн хүсэлтийг шийдвэрлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

3.5.3.зарлагын гүйлгээний хүсэлтийг холбогдох төсвийн төрийн санд хүргүүлэх;

3.5.4.залруулга, зарлагыг татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэх.

3.6.Татвар төлөгчийн гүйлгээний хүсэлт, орлогын гүйлгээний мэдээлэл, татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэл, татварын тооцооллын дансны мэдээлэл, татварын төрөл, төлбөрийн баримтын дугаар, шалтгаан, дүн зэрэг мэдээллийг үндэслэн хүсэлтийг шийдвэрлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

3.7.Татварын алба нь татвар төлөгчийн залруулга, зарлагын гүйлгээний хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан шийдвэрлэнэ.

3.8.Татвар төлөгчийн хүсэлтийг татварын алба зөвшөөрсөн бол холбогдох Төрийн сангийн нэгжид ажлын 5 өдөрт багтаан “Зарлагын гүйлгээний хүсэлт”-ийг хүргүүлнэ.

3.9.Татвар төлөгчийн татварын залруулгын гүйлгээний хүсэлтийг татварын алба шийдвэрлэсэн тухай бүр татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд шууд бүртгэнэ.

3.10.Татварын зарлагыг Төрийн сангийн холбогдох татварын орлогын данснаас зарлагын гүйлгээ гарсан тухай бүр ажлын 5 өдөрт багтаан татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.

3.11.Татвар төлөгчийн хүсэлтийн шийдвэрлэлт, залруулга, зарлагын гүйлгээний бүртгэлийн мэдээллийг татвар төлөгчид тухай бүр цахимаар, шуудангаар, биечлэн хүргүүлнэ.

Дөрөв. Татварын орлого, залруулга, зарлагын бүртгэл, орлогын гүйцэтгэлийн хяналт

4.1.Татварын орлого, залруулга, зарлагын бүртгэл, гүйцэтгэлийн хяналтыг холбогдох төсвийн ангиллаар дараах шатлалаар хэрэгжүүлнэ:

4.1.1.улсын төсвийн бүртгэл, хяналтыг Татварын ерөнхий газрын орлогын бүртгэл хариуцсан нэгж;

4.1.2.нийслэлийн төсвийн бүртгэл, хяналтыг Нийслэлийн татварын газрын  орлогын бүртгэл хариуцсан нэгж;

4.1.3.аймаг, сумын төсвийн бүртгэл, хяналтыг аймгийн татварын хэлтсийн орлогын бүртгэл хариуцсан нэгж;

4.1.4.дүүргийн төсвийн бүртгэл, хяналтыг дүүргийн татварын хэлтсийн орлогын бүртгэл хариуцсан нэгж.

4.2.Сар бүрийн татварын орлогын гүйцэтгэлд  Төрийн сангийн дансанд тухайн сард хаалт хийгдээгүй,  тухайн сарын татварын орлогын гүйцэтгэлд тооцогдвол зохих “замд яваа мөнгөн хөрөнгө”-ийн  дүнг оруулан тооцно.

4.3.Татварын залруулгын  бүртгэл хийгдсэн бол татварын тооцооллын дансны гүйлгээний огноогоор, залруулга хийгдсэн татварын орлогын дүнгээр нэмэлт, хасалтын тохируулга хийж тухайн татвар төлөгчийн харьяалагдах татварын албаны сарын  гүйцэтгэлийг тодорхойлно.

4.4.Сар бүрийн татварын орлогын гүйцэтгэлийн дүнг тодорхойлохдоо  Төрийн сангийн данснаас хийгдсэн  “татварын зарлага”-ын  дүнг хасч тооцно.

4.5.Сар бүрийн татварын орлогын гүйцэтгэлийг дараа сарын 5-ны өдрийн дотор холбогдох төсвийн ангилал тус бүрээр Төрийн сангийн нэгж, мэргэжилтэнтэй хавсралтаар батлагдсан мэдээний дагуу тооцоо нийлэн, баталгаажуулна.

4.6.Сар бүрийн татварын орлогын гүйцэтгэлийн баталгаажуулсан мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох нэгжийн удирдлага хариуцна.

4.7.Татварын орлого, залруулга, зарлагын бүртгэлийн ерөнхий хяналтыг Татварын ерөнхий газрын холбогдох нэгж хэрэгжүүлнэ

Тав. Татварын суутган тооцооллын бүртгэл

5.1.Татвар төлөгчийн илүү төлсөн албан татварыг Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу тухайн тайлант хугацаанд төлбөл зохих татварт суутган тооцохдоо дараах зарчмыг баримтална:

5.1.1.татварын илүү төлөлтөө буцаан авах хүсэлт гаргасан татвар төлөгчийн  татварын илүү төлөлтийг бусад татварын өрд;

5.1.2.татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт;

5.1.3.татвар төлөгчийн хүсэлтийн дагуу харилцан хамааралтай татвар төлөгчийн татварын өрд.
Энэ хэсгийг Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/14 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.

5.2.Энэ журмын 5.1.3-д заасан харилцан хамаарал бүхий татвар төлөгч гэдэгт Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан этгээдийг хамааруулна.
Энэ хэсгийг Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/14 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.

5.3.Татвар төлөгчийн илүү төлсөн татварыг татварын тайлан, татварын улсын байцаагчийн буцаан олголтын акт, шүүхийн болон эрх бүхий байгууллагын шийдвэр, татвар төлөгчийн "Татвар бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан" тодорхойлсон буцаан олговол зохих дүнгээр тус тус тодорхойлно.
Энэ хэсгийг Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/14 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан. 

5.4.Татвар төлөгч нь илүү төлсөн албан татварыг суутган тооцох хүсэлтийг харьяалах татварын албанд дор дурдсан хугацаанд хүргүүлнэ:

5.4.1.татварын тайлангаар тодорхойлогдсон илүү төлөлтийг суутган тооцох хүсэлтийг тухайн төрлийн татварын хуульд заасан жилийн эцсийн тайлан хүргүүлснээс хойш дараа оны эхний тайлан хүргүүлэх хүртэлх хугацаанд;

5.4.2.хяналт шалгалтын үр дүнгээр тодорхойлогдох татварын илүү төлөлтийн суутган тооцох хүсэлтийг нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчид гардуулсан санхүүгийн жилд;

5.4.3.эрх бүхий байгууллагын шийдвэрээр тодорхойлогдсон татварын илүү төлөлтийг суутган тооцох хүсэлтийг холбогдох шийдвэрийг татвар төлөгч хүлээн авсан санхүүгийн жилд.

5.4.4.цахим төлбөрийн баримтын системээс тодорхойлогдсон татварын урамшууллыг суутган тооцох хүсэлтийг татвар төлөгч баталгаажуулсны дараа буцаан олгох хүртэлх хугацаанд;

5.5.Татварын алба энэ журмын 5.4-т заасан татвар төлөгчийн суутган тооцох хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан шийдвэрлэнэ.

5.6.Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн системд суутган тооцооллын бүртгэл нь хүсэлтийн шийдвэрлэлтийн хугацаагаар бүртгэгдэнэ.

5.7.Татварын алба татварын тайлангаа хуулийн хугацаанд ирүүлээгүй, илүү төлөлтийн дүн тодорхойлогдоогүй тохиолдолд татвар төлөгчийн суутган тооцооллын хүсэлтийг хүлээн авахгүй.

5.8.Дараахь татварын төрлийн илүү төлөлтийг суутган тооцох хүсэлтийг хүлээн авахгүй.

5.8.1.Нэмэгдсэн өртгийн албан татвар;

5.8.2.Хөрөнгийн албан татвар;

5.8.3.Төлбөр, хураамж.
Энэ заалтыг Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/14 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.

5.9.Нөхөн ногдуулалтын актаар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчид нэмэгдсэн өртгийн албан  татварын нөхөн татвар ногдуулсан бол зөвхөн тухайн татвар төлөгчийн, нэмэгдсэн өртгийн албан татварын төрлийн татварын тайлангийн илүү үлдэгдлээс суутган тооцож болно.

5.10.Суутган тооцох хүсэлтийн шийдвэрлэлтийн талаар татвар төлөгчид тухай бүр цахимаар, шуудангаар, биечлэн мэдэгдэнэ.

5.11.Татвар төлөгчийн илүү төлөлтийн суутган тооцооллын бүртгэл, хяналтыг татвар төлөгчийн харьяалагдах татварын албаны орлогын бүртгэл хариуцсан нэгж, татварын албаны татварын суутган тооцооллын нэгдсэн хяналтыг Татварын ерөнхий газрын орлогын чиг үүрэг хариуцсан нэгж хэрэгжүүлнэ.