A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны

2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн

23 дугаар тогтоолын хавсралт

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД

АЖИГЛАЛТ, ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ ХИЙХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах зорилт бүхий дүрэмтэй, улс төрийн намын дэргэд үйл ажиллагаа явуулдаггүй, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага /цаашид “төрийн бус байгууллага” гэх/-ыг бүртгэх, ажиглалт, хөндлөнгийн хяналт хийхтэй холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Төрийн бус байгууллага нь сонгуулийн үйл ажиллагааг ажиглах, хөндлөнгийн хяналт хийхдээ сонгуулийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг дагаж мөрдөнө.

1.3.Төрийн бус байгууллага нь сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт хөндлөнгийн хяналт хийхдээ нам, эвсэл, нэр дэвшигч, төрийн байгууллага, албан тушаалтан болон аливаа этгээдийн нөлөөллөөс ангид, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулна.

Хоёр. Төрийн бус байгууллагыг бүртгэх

2.1.Төрийн бус байгууллага нь сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх тухай хүсэлтээ санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд дараах баримт бичгийн хамт ирүүлнэ:

2.1.1.төрийн бус байгууллагын дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

2.1.2.байгууллагын бүтэц, бүрэлдэхүүний талаарх мэдээлэл;

2.1.3.сонгууль ажиглах, хөндлөнгийн хяналт хийх үйл ажиллагааны төлөвлөгөө;

2.1.4.байгууллагын санхүүгийн эх үүсвэрийн талаарх мэдээлэл.

2.2.Энэ журмын 2.1.3-т заасан төлөвлөгөөнд сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх үйл ажиллагааны төрөл тус бүрээр хийх ажлууд, ажиглалт хийх хэсгийн байршил, ажиллуулах хүний тоо зэрэг мэдээллийг тусгасан байна.

2.3.Төрийн бус байгууллагаас ирүүлсэн баримт бичгийг хянан үзэж, шаардлагатай тохиолдолд нэмэлт тайлбар, баримт бичгийг гаргуулан авч болно.

2.4.Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Гурав. Ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх

3.1.Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага нь сонгуулийн хууль тогтоомжид заасан эрхээ хэрэгжүүлэх дараах боломжоор хангагдана:
Энэ хэсэгт Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор нэмэлт орсон.

3.1.1.сонгуулийн байгууллага, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх;

3.1.2.сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах;

3.1.3.санал авах, тоолох төхөөрөмж болон түүний програмыг туршин шалгах ажиллагааг ажиглах;

3.1.4.саналын хуудсыг хэвлэх, хадгалах, хамгаалах, тээвэрлэх, аюулгүй байдлыг хангах ажлыг ажиглах;

3.1.5.радио, телевиз, цахим орчин ашиглан явуулж байгаа сонгуулийн сурталчилгаанд ажиглалт хийх;

3.1.6.санал авах байранд ажиглагч томилон ажиллуулах.

3.2.Төрийн бус байгууллага санал хураалт дууссанаас хойш 30 хоногийн дотор ажлын тайлан, санал дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд танилцуулж, нийтэд мэдээлнэ.

3.3.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагын бүртгэлийг Сонгуулийн ерөнхий хороо хүчингүй болгох ба сонгуулийн тухай болон холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

Дөрөв. Хариуцлага

4.1.Сонгуулийн хууль тогтоомж, энэ журамд заасныг зөрчсөн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

---оОо---