A

A

A

Бүлэг: 1979

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн

05 тоот тогтоолын хавсралт

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ АШИГЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Тодорхой сүлжээний төгсгөлийн цэгүүд хооронд болон тэдгээрийн дунд холбогдох боломжийг олгож байгаа шуудангийн сүлжээнээс бусад нийтийн үйлчилгээний сүлжээг харилцаа холбооны сүлжээнд хамааруулан ойлгоно. Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

1.2.Энэхүү захиргааны хэм хэмжээний актаар харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага (цаашид “нөхцөл, шаардлага” гэх)-ыг тогтооно. Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.

1.3.Энэхүү нөхцөл, шаардлага нь Харилцаа холбооны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан цахилгаан холбоо, радио, телевизийн болон мэдээллийн сүлжээний төрөлд хамаарна.

1.4.Харилцаа холбооны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан нийтийн үйлчилгээний харилцаа холбооны сүлжээг байгуулах тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хорооноос (цаашид “Зохицуулах хороо” гэх) Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.11 дэх хэсэгт заасан харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл (цаашид “сүлжээний тусгай зөвшөөрөл” гэх) авч үйл ажиллагаа эрхэлнэЭнэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.

1.5.Тусгай хэрэглээний сүлжээг Харилцаа холбооны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасан журмаар, дотоодын хэрэглээний сүлжээг Харилцаа холбооны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан журмаар тус тус зохицуулна.

1.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, Улсын Их Хурал болон Засгийн газраас баталсан бодлого, шийдвэр, тогтоомж, Монгол Улсын үндэсний стандарт болон Зохицуулах хорооноос баталсан норматив, зохицуулалтын баримт бичиг, журам, шийдвэрүүдийг дагаж мөрдөнө.

1.7.Харилцаа, холбооны үндсэн сүлжээ, дэд бүтцийг барьж байгуулахдаа энэхүү нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу сүлжээ байгуулах хүсэлтийг Зохицуулах хороонд ирүүлнэ. Зохицуулах хороо хүсэлтийг хянаж тухайн чиглэлд бусад үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээ, дэд бүтэц байгаа эсэхийг шалган, боломжтой гэж үзвэл үйлчилгээ эрхлэгчдэд хэлцэл хийхийг үүрэг болгоно. Хэрэв үйлчилгээ эрхлэгчид харилцан тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд дэд бүтцийг хамтран ашиглах зөвшилцөлд хүргэхэд Зохицуулах хороо зуучилж зохицуулна.Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

1.8.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний суурилуулалт, угсралт хийх зорилгоор (газар ухах, мод чулуу зөөх зэрэг) газар шорооны ажил хийж гүйцэтгэхдээ тухайн газар нутгийн байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд бүрэн хариуцлага хүлээнэ.

1.9.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дархан цаазат газар нутагт сүлжээний суурилуулалт, угсралтын үйл ажиллагаа хийхдээ холбогдох байгаль орчны газарт мэдэгдэж байгаль орчны улсын байцаагчийн зөвшөөрөл, нөхцөл, зааварчилгааг авна.

1.10.Сүлжээний суурилуулалтын ажил нь бусад дэд бүтэцтэй (зам, гүүр, ус болон цахилгааны шугам сүлжээ гэх мэт) давхардах эсвэл огтлолцох бол тухайн холбогдох байгууллагаас зөвшөөрөл, зааварчилгаа авч холбогдох норматив, стандартыг мөрдөж ажиллана.

1.11.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олон улсын болон бусад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаар баталгаажуулсан техник, тоног төхөөрөмжийг суурилуулах ба тоног төхөөрөмжийн амьдрах хугацааг 5 жилээс багагүй байхаар сонгож, баталгаажилт, угсралт суурилуулалтын талаар гаргасан холбогдох журам, стандарт, норматив баримт бичгийг дагаж мөрдөнө.

1.12.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь инженер, техникийн ажилтнуудад дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй (ХАБЭА)-н дүрэмтэй байх ба аюулгүй ажиллах нөхцөлийг бүрэн хангаж ажиллана.

1.13.Энэхүү баримт бичигт заасан хэрэглэгч гэдэгт үйлчилгээ авч буй эцсийн хэрэглэгч эсхүл үйлчлэгчийг, эцсийн хэрэглэгч гэдэгт харилцаа холбооны сүлжээ, эсхүл үйлчилгээг авч буй харилцаа холбооны сүлжээ эзэмшигчээс бусад иргэн, хуулийн этгээдийг ойлгоно.Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

1.14.Ижил нөхцөлд ижил төрлийн харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээг аливаа хэрэглэгчдэд олгож буйгаас дутуугүй тааламжтай нөхцөл олгохыг үл ялгаварлах зарчимд хамааруулан ойлгоно.Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

ХОЁР.СҮЛЖЭЭНИЙ БҮТЭЦ, ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

2.1.Сүлжээний тогтвортой найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмж, зай тэжээлийн систем, барилга байгууламж бүхий холболтын болон дахин хуваарилалтын цэгийг зангилаа цэг гэж ойлгоно.

2.2.Сүлжээг бүтцийн хувьд суурь, түгээх, хэрэглэгчийн сүлжээ гэж ангилна.

2.2.1.Суурь (Core) сүлжээ гэдэгт сүлжээний үндсэн зангилаа цэгүүдийг холбосон, өндөр багтаамж, хурд бүхий өргөн зурвасын сүлжээний хэсгийг ойлгоно. (Тухайлбал хот, аймгийн төвүүдийг холбосон сүлжээ)

2.2.2.Түгээх (Distribution) сүлжээ гэдэгт суурь сүлжээнээс салбарлуулан хэрэглэгчийн сүлжээ хүртэл байгуулсан сүлжээг ойлгоно. (Тухайлбал аймгийн төвөөс сум, суурин газар луу байгуулсан сүлжээ)

2.2.3.Хэрэглэгчийн (Access) сүлжээ гэдэгт түгээх сүлжээнээс салбарлуулан байгуулсан эцсийн хэрэглэгч хүртэлх сүлжээ (бүх төрлийн бүтэцтэй)-г ойлгоно.

2.3.Сүлжээг хамрах хүрээний хувьд улс хоорондын, хот хоорондын, хот суурин газрын сүлжээ гэж ангилна.

2.3.1.“Улс хоорондын сүлжээ” гэдэгт хил дамжин үзүүлж буй олон улсын ярианы, интернэтийн бөөний урсгал нийлүүлэх, транзит урсгал дамжуулах зэрэг улс хоорондын үйлчилгээ явуулахад зориулсан гадаад улсын сүлжээтэй холбогдсон суурь сүлжээг ойлгоно.

2.3.2.“Хот хоорондын сүлжээ” гэдэгт хот, аймгийн төв, сумдыг холбосон өргөн зурвасын суурь болон түгээх сүлжээг ойлгоно.

2.3.3.“Хот суурин газрын сүлжээ” гэдэгт хот, аймгийн төв, сум, суурин газрын дотор байгуулсан сүлжээг ойлгоно. Хот, суурин газарт хот, аймгийн төв, сум, суурин газрыг багтааж ойлгоно. Хот суурин газрын сүлжээ нь суурь, түгээх, хэрэглэгчийн сүлжээ хэлбэрээр байж болно.

2.4.Харилцаа холбооны нийтийн үйлчилгээнд зориулсан өмчийн бүх төрлийн хэлбэрийн улс, хот хоорондын сүлжээг үндсэн сүлжээнд багтаан ойлгоно.Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

ГУРАВ.ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НИЙТЛЭГ НӨХЦӨЛ 
Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.

3.1.Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохдоо энэхүү нөхцөл шаардлагын 2.3-т заасан ангиллын дагуу эрхлэх үйлчилгээг тодорхойлж, тусгай зөвшөөрлийн гэрээнд тусгана.Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.

3.2.Сүлжээний худаг, сувагчлал, цамхаг, агаарын багана, тэмдэгтийн шон, тууз, антены суурь, барилга байгууламжийг харилцаа холбооны сүлжээний дэд бүтэц гэж ойлгоно.Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

3.3.Харилцаа холбооны үндсэн болон хот суурин газрын сүлжээ, дэд бүтэц байгуулж, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд бөөний зарчмаар түрээслүүлэх үйлчилгээ явуулж байгаа бизнесийн үйл ажиллагааг сүлжээний үйлчилгээ гэнэ. Интернэтийн бөөний урсгал нийлүүлэх болон улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа нь сүлжээний үйлчилгээнд хамаарнаЭнэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.

3.4.Сүлжээний тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшихгүй.

3.5.Сүлжээ байгуулахад утасгүй технологи ашиглах тохиолдолд Зохицуулах хорооноос Радио долгионы тухай хууль болон холбогдох журмын дагуу радио давтамжийн тусгай зөвшөөрөл авна.

3.6.Тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргагч нь тухайн сүлжээ, дэд бүтэц байгуулах, түүнийг ашиглах, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байна.

3.7.Тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргагч нь сүлжээ, техник, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, ашиглалт үйлчилгээ, тухайн чиглэлийн үйлчилгээний талаар мэдлэг туршлага бүхий мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байна.

3.8.Сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэхдээ тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргахад ирүүлсэн төлөвлөгөөг баримтлах ба төлөвлөгөө өөрчлөгдсөн тохиолдолд Зохицуулах хороонд тухай бүр мэдэгдэнэ.

ДӨРӨВ.СҮЛЖЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ҮНДСЭН ЗАРЧИМ

4.1.Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь:

4.1.1.Сүлжээний үйлчилгээ эрхлэх зорилгоор харилцаа, холбооны сүлжээ байгуулахгүй бөгөөд сүлжээний тусгай зөвшөөрөл эзэмшигчээс түрээсэлнэ.Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

4.1.2.Зөвхөн өөрийн үйлчилгээгээ хүргэх зорилгоор хот суурин газрын сүлжээ байгуулж болно.

4.2.Улс хоорондын сүлжээ байгуулах эрх бүхий этгээд нь интернэтийн бөөний урсгал нийлүүлэх үйлчилгээ эрхэлж болох бөгөөд уг үйлчилгээг зөвхөн үйлчилгээ эрхлэх этгээдэд үзүүлнэ.Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

4.3.Сүлжээний тусгай зөвшөөрөл эзэмшигч нь шинээр харилцаа, холбооны үндсэн сүлжээ байгуулах, өргөтгөх тухай бүрдээ Зохицуулах хороонд доорх бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд: Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

4.3.1.Хүсэлт (албан тоот);

4.3.2.Сүлжээг шинээр байгуулах болон өргөтгөх зорилго, үндэслэл;

4.3.3.Шинээр байгуулах, өргөтгөх сүлжээний зураглалыг нөхцөл шаардлагын дагуу газрын зураг болон хүснэгт хэлбэрээр (цаасан болон файлаар тус бүр нэг хувь).

4.4.Зохицуулах хороо нь харилцаа холбооны үндсэн сүлжээ шинээр байгуулах, өргөтгөх хүсэлтэд үнэлгээ хийхдээ дараах шалгуур нөхцөлүүдийн дагуу хянана.Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

4.4.1.Энэхүү нөхцөл, шаардлагын 1 дүгээр зүйлийн 1.6, 3 дугаар зүйлийн 3.6, 3.7 дахь хэсгүүдийг бүрэн хангасан байдал;

4.4.2.Үр ашиггүй давхардал үүсэх байдал;

4.4.3.Дэвшилтэт шинэ технологи, олон улсын болон үндэсний стандарт, норматив баримт бичигт нийцсэн байдал;

4.4.4.Өрсөлдөөнд нөлөө үзүүлэх байдал;

4.4.5.Харилцаа холбооны салбарт болон хэрэглэгчдэд үзүүлэх үр өгөөж.

4.5.Зохицуулах хороо нь сүлжээ байгуулах, өргөтгөх хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 21 хоногт багтаан үнэлгээ хийх ба үл ялгаварлах, шударга, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан шийдвэрлэнэ.

4.6.Үндсэн сүлжээний эхлэл төгсгөлийн зангилаа цэгтэй давхацсан, чиглэл, орон зайн хувьд ялгаатай байгуулсан сүлжээг нөөц холболт гэнэ.

4.7.Нөөц холболт үүсгэхээс бусад дараах тохиолдолд сүлжээний давхардал үүссэн гэж үзнэ.

4.7.1.Чиглэл, орон зайн хувьд давхацсан;

4.7.2.Багтаамж хүртээмжтэй байхад давхардуулан байгуулсан.

4.8.Зохицуулах хороо харилцаа холбооны сүлжээний нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж ажиллана.Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

ТАВ.СҮЛЖЭЭ ХООРОНДЫН ХОЛБОЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГАА

5.1.Сүлжээний тусгай зөвшөөрөл эзэмшигч нь харилцаа холбооны сүлжээний эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор дэд бүтцийг хамтран ашиглах боломжтой байна.Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

5.2.Сүлжээний тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үндсэн сүлжээг нөөц буюу тойруу (backup) холболттой байхаар байгуулна. Нөөц сүлжээг бусад үйлчлэгчтэй хамтран зохион байгуулж болно.

5.3.Сүлжээний тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний үйлчилгээ үзүүлэхдээ нээлттэй байх зарчим баримтална. Үйлчилгээний үнэ тариф, түрээсийн нөхцөл шаардлага, сүлжээ түрээслүүлэх журмыг (RUO, RLO буюу Reference unbundling offer, Reference leased line offer) боловсруулж, батлан ил тод, нээлттэй байлгана.

5.4.Сүлжээний тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бусад үйлчлэгчид ялгавартай нөхцөл тавих эсхүл хязгаарлалт хийхгүй.

5.5.Бусад харилцаа холбооны сүлжээнд холбогдох, харилцан холболт хийхэд Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэг, 22 дугаар зүйл болон Зохицуулах хорооноос баталсан холбогдох журмыг баримталж ажиллана.

5.6.Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц түрээслэх, түрээслүүлэхэд Зохицуулах хорооноос баталсан холбогдох зохицуулалт, журмыг мөрдөж, гэрээ байгуулж ажиллана.

5.7.Сүлжээний тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний төлөвлөлт, бүтэц, архитектур, бусад сүлжээ, системтэй харилцан холбогдсон байдал, техникийн үзүүлэлт, үйл ажиллагааны зарчмын талаарх тайлан, мэдээллийг Зохицуулах хорооноос шаардсаны дагуу ирүүлнэ.

5.8.Сүлжээний тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний ерөнхий зураглал, нөөц холболт, сүлжээний багтаамж, үнэ тариф болон холболтын нөхцөлийг үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд ижил тэгш, ил тод мэдээлнэ.

5.9.Сүлжээний үйлчилгээг цорын ганц, эсхүл хязгаарлагдмал тооны үйлчлэгч дангаар, эсхүл зонхилон хүргэдэг, үйлчилгээ үзүүлэхэд эдийн засгийн болон техникийн хувьд орлуулах боломжгүй техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, байгууламжийг харилцаа холбооны сүлжээний зайлшгүй шаардлагатай байгууламж гэж ойлгоно.Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

5.10.Зайлшгүй шаардлагатай байгууламжийг эзэмшдэг үйлчлэгчийг, эсхүл зах зээл дэх өөрийн байр сууриа ашиглан тухайн зах зээлд үнэ тариф, нийлүүлэлтийн оролцоонд бодитойгоор нөлөөлөх чадвартай үйлчлэгчийг голлох үйлчилгээ эрхлэгч гэж ойлгоно.

5.11.Зайлшгүй шаардлагатай байгууламж эзэмшдэг голлох үйлчилгээ эрхлэгч нь техникийн боломжтой сүлжээний аль ч цэгт сүлжээнд холбогдох, харилцан холболт хийх үүрэгтэй ба дараах нөхцөлүүдийг хангана. Үүнд:

5.11.1.Сүлжээний багтаамж, нөөц зэрэг сүлжээнд холбогдох мэдээллийг ил тод мэдээлнэ;

5.11.2.Техникийн нөхцөл шаардлага, үнэ тарифын хувьд үл ялгаварлах;

5.11.3.Өөрийн ижил төрлийн үйлчилгээ, эсхүл өөрийн салбар болон харъяа байгууллагын ижил төрлийн үйлчилгээнд олгодгоос дутуугүй чанарыг үзүүлэх;

5.11.4.Сүлжээнд холбогдох, харилцан холболт нь ил тод, бодитой, эдийн засгийн бололцоог тооцсон, өртөгт баримжаалсан (техникийн стандарт, шаардлагыг оролцуулан) үнэ тарифтай байх ба энэ нь тухайн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагагүй сүлжээний бүрдэл, эсхүл байгууламжид төлбөр төлөхгүйгээр ашиглах хэмжээнд хүртэл хангалттай хэсэгчилсэн байна;

5.11.5.Дийлэнх хэрэглэгчдэд санал болгодог сүлжээний төгсгөлийн цэгүүдээс өөр цэгт сүлжээнд холбогдох, харилцан холболт хийх, хүсэлт ирүүлсэн тохиолдолд шаардлагатай нэмэлт байгууламжийг байгуулах зардлыг төлбөрт тусгасны үндсэн дээр уг харилцан холболтыг хийх, эсхүл хүсэлт гаргасан тал нэмэлт зардлыг хариуцан харилцан холболт хийх.

5.12.Техник, тоног төхөөрөмж нь бусад үйлчлэгчийн сүлжээтэй харилцан холбогдох техникийн нөхцөлийг хангасан байна.

5.13.Сүлжээ нь мэдээлэл, харилцаа холбооны олон төрлийн үйлчилгээг дэмжих бололцоог хангасан байна.

ЗУРГАА.ҮНЭ ТАРИФ

6.1.Зохицуулах хороо нь зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зүй ёсны монополь эсхүл давамгайлагч үйлчлэгч болон тухайн бүс нутагт дангаараа үйлчилгээ үзүүлж буй сүлжээний үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээний үнэ тарифыг Харилцаа холбооны үйлчилгээний үнэ тарифыг хянах аргачлалын дагуу хянаж, батална.

6.2.Зохицуулах хороо нь үйлчлэгчтэй байгуулах тусгай зөвшөөрлийн гэрээнд нэмэлт үүрэг хүлээлгэх хэлбэрээр үйлчилгээний үнэ тарифыг хянаж болно.

6.3.Үйлчлэгч нь сүлжээний үйлчилгээний үнэ тарифаа тогтоохдоо Зохицуулах хорооноос баталсан Харилцаа холбооны үйлчилгээний үнэ тариф тогтоох аргачлал, зөвлөмжийг мөрдлөг болгох бөгөөд Зохицуулах хороо уг аргачлалын дагуу хянана.

6.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зүй ёсны монополь болон давамгайлагч бол энэхүү тусгай зөвшөөрлөөр олгогдсон үйлчилгээнд хамаарах үнэ тарифаа шинээр болон шинэчлэн батлахаас 30 хоногийн өмнө Зохицуулах хороонд ирүүлж, хянуулна.

ДОЛОО.ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЭЭ, ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ

7.1.Зохицуулах хороо жил бүр хяналтын үр дүнгийн тайлан гаргаж, үйлчлэгчдэд мэдээлнэ.

7.2.Зохицуулах хороо нь сүлжээ байгуулж байгаа үйлчлэгчийн тусгай зөвшөөрлийн гэрээнд сүлжээ байгуулах төлөвлөгөө, хугацаа, хэрэгжилт, хариуцлага хүлээлгэх асуудлыг тусгана.

НАЙМ.ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР

8.1.Зохицуулах хороо нь сүлжээний чанарын үзүүлэлтүүдийг тогтоож, байнгын хяналт тавьж ажиллана.

8.2.Сүлжээний тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Зохицуулах хорооноос баталсан сүлжээний үйлчилгээнд тавигдах чанарын шаардлагуудыг хангаж ажиллана.

8.3.Үйлчилгээний чанар хангаж буй түвшинг улирал бүр хэрэглэгчид ойлгомжтой, хялбар байдлаар өөрийн веб хуудсаар мэдээлнэ.

8.4.Сүлжээний тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний хамрах хүрээнээс хамааран дараах чанарын шаардлагыг хангаж ажиллана. Үүнд:

д/д

Хамрах хүрээ

Чанарын үзүүлэлт

8.4.1

Улс хоорондын сүлжээ

>99.98%

8.4.2

Хот хоорондын сүлжээ

>99.95%

8.4.3

Хот суурин газрын сүлжээ

>95.00%

 

ЕС.ХҮНИЙ НӨӨЦ

9.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн ажилчидтайгаа Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу гэрээ байгуулсан байна.

9.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч “болон хүсэлт гаргагч” техник, технологи хариуцсан удирдах түвшний ажилтан нь дамжуулах байгууламж, нягтруулгын систем, эсхүл мэдээллийн сүлжээний чиглэлийн мэдээлэл, холбооны зөвлөх инженерийн, эсхүл түүнтэй дүйцэхүйц олон улсын зэрэгтэй байна.Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.

9.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч “болон хүсэлт гаргагч” тухайн чиглэлийн ажлыг гардан гүйцэтгэж байсан туршлагатай 5 ба түүнээс дээш инженертэй байх ба аль нэг инженер нь мэдээлэл, холбооны мэргэшсэн, эсхүл түүнтэй дүйцэхүйц олон улсын зэрэгтэй байна.Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.

АРАВ.ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НИЙТЛЭГ ШААРДЛАГА
Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.

10.1.Сүлжээ, үйлчилгээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор стандартын шаардлага хангасан удирдлага, хяналтын нэгдсэн систем (operation and maintenance system)-тэй байна. Хяналтын мэдээллийг 6 сараас доошгүй хугацаагаар хадгална.

10.2.Ашиглах техник төхөөрөмжүүд нь олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангасан, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын баталгаажилтын гэрчилгээтэй байна.

10.3.Техник төхөөрөмжид байнгын хэмжилт, шалгалт хийх хэмжүүрийн хэрэгслээр хангагдсан байна.

10.4.Техник төхөөрөмжийн өрөө нь тухайн төхөөрөмжийн техникийн нөхцөлөөр заагдсан (температур, чийгшил, агааржуулалт г.м) орчны стандарт шаардлагыг хангасан байна.

10.5.Үндсэн техник төхөөрөмжийн тасралтгүй ажиллагааг хангах цахилгаан тэжээлийн 2-оос доошгүй эх үүсвэрт холбогдсон, нөөцийг зохион байгуулсан (генератор, зай тэжээл) байна.

10.6.Техник төхөөрөмжийг анх шинээр суурилуулах, өргөтгөл, технологийн шинэчлэл хийх бол тэдгээрийн танилцуулга, техникийн үзүүлэлтүүдийг Зохицуулах хороонд урьдчилан ирүүлнэ. Шаардлагатай тохиолдолд Зохицуулах хороо газар дээр нь очиж танилцах, хэмжилт шалгалт хийх эрхтэй байна.

10.7.Монгол Улсын үндэсний стандарт батлагдаагүй тохиолдолд олон улсын стандарт, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зөвлөмжийг баримтална.

АРВАН НЭГ.ТЕХНИКИЙН АШИГЛАЛТ

11.1.Техникийн үзлэг, хэмжилтийг тогтсон хуваарийн дагуу тогтмол хийж, хэмжилтийн үр дүнг Зохицуулах хороонд хагас жил тутам ирүүлнэ. Үзлэг, хэмжилтийг хийх журам, заавар, технологийн зааврыг боловсруулан үйл ажиллагаандаа мөрдөнө.

11.2.Үндсэн болон нөөц төхөөрөмжийн бэлэн байдлыг тогтмол хугацаанд шалгаж, төхөөрөмжийн гадна талд тэмдэглэгээ хийж, бүртгэл хөтөлнө.

11.3.Техник төхөөрөмж, дамжуулах трактын нэгдсэн схем, зураглалыг нарийвчлан гаргаж ажлын байранд байрлуулсан байна.

11.4.Сүлжээний техник төхөөрөмж, кабель шугамын угсралт суурилуулалтыг хийж гүйцэтгэхдээ энэ талаар батлагдан гарсан Үндэсний стандартуудыг мөрдөж ажиллах ба байгуулсан сүлжээний найдвартай ажиллагаа болон түүн дээрх ажиллагсдын аюулгүй ажиллагааны стандарт, норматив баримт бичиг, нөхцөл, шаардлагыг хангаж ажиллана. Бусдаар гүйцэтгүүлж байгаа тохиолдолд Зохицуулах хорооноос авсан тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр гүйцэтгүүлэх ба стандартын дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.

11.5.Сүлжээнд гэмтэл саатал гарснаас үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж хяналтын хугацаанд гэмтлийг засах боломжгүй нь урьдчилан тогтоогдож, сүлжээ удаан хугацаагаар сэргэхгүй болсон тохиолдолд Зохицуулах хороо болон хэрэглэгчдэд цахим хуудас, цахим шуудан, утсаар мэдэгдэж, сүлжээг сэргээх хүртэл тогтмол мэдээллээр хангана.

11.6.Сүлжээнд гарсан гэмтэл сааталд анализ хийж дүгнэлт гаргах, гэмтэл засах хяналтын хугацааг сүлжээний системийн төрөл тус бүрээр тодорхойлох арга хэмжээ бүхий дотоод дүрэм, журмыг Зохицуулах хороогоор хянуулан баталж, мөрдлөг болгоно.

11.7.Сүлжээнд гэмтэл саатал гарсан үед системийг гарсан гэмтлээс нь шалтгаалж хяналтын хугацаанд сэргээх, сүлжээг тасалдалгүйгээр (automatic) нөөц сүлжээнд шилжих технологийн горимтой байна.

11.8.Гэмтэл саатлыг засварлах шуурхай засварын хэсгийг шаардлагатай бүх төрлийн техник, тоног төхөөрөмжтэйгээр хяналтын хугацаанд засварлах боломжийг хангахуйц байдлаар зохион байгуулсан байна.

11.9.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний кабелиудынхаа эхлэл төгсгөлд хаягжуулалт хийх бөгөөд холбогдох стандартыг дагаж мөрдөнө.

11.10.Сүлжээний кабелийн хаягжуулалтыг байгаль орчинд хор хөнөөлгүй материал, дэвшилтэт шинэ технологи ашиглан удаан хугацаанд арилахгүйгээр хийнэ.

АРВАН ХОЁР.СҮЛЖЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

12.1.Сүлжээний аюулгүй байдлын талаарх олон улсын “ISO27k” стандартуудыг дагаж мөрдөнө.

12.2.Сүлжээгээр дамжуулж байгаа мэдээллийг дундаас нь хууль бусаар тандах, чагнах, хуулбарлан авах боломжгүй байхаар зохион байгуулна.

12.3.Цахим орчин дахь мэдээллийн санг хууль бусаар авах, ашиглах, нэвтрэх, хохирол учруулах үйл ажиллагааг кибер халдлагад хамааруулан ойлгоно.

12.4.Сүлжээгээр дамжиж байгаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах, тоног төхөөрөмжийг кибер халдлагаас хамгаалах техникийн боломжийг шийдвэрлэсэн байна.

АРВАН ГУРАВ.ХАРИЛЦАА ХОЛБООНЫ УЛС ХООРОНДЫН СҮЛЖЭЭ, ДЭД БҮТЭЦ БАЙГУУЛАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.

13.1.Интернэтийн бөөний урсгал нийлүүлэх үйлчилгээ

13.1.1.Зохицуулах хороо нь интернэтийн бөөний урсгал нийлүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийн нэгдсэн санг (цаашид “нэгдсэн сан” гэх) бий болгох бөгөөд мэдээллийн сан нь дараах мэдээллүүдийг агуулна. Үүнд:

13.1.1.1.АПНИК (APNIC)-аас авсан АйПи (IP) хаягийн блок болон ЭйЭс (AS) дугаар;

13.1.1.2.Бүсчлэн хуваасан АйПи (IP) хаягууд, тэдгээрт харгалзах хурд болон төхөөрөмжүүдийн мэдээлэл;

13.1.1.3.Үзүүлж буй үйлчилгээнүүд болон үйлчилгээ авч буй хэрэглэгчдийн мэдээлэл;

13.1.1.4.Хэрэглэгчтэй байгуулж байгаа гэрээний загвар;

13.1.1.5.Монголын интернэт солилцооны төвд (MIX) холбогдсон эсэх;

13.1.1.6.Эталон цагт холбогдсон байдал;

13.1.1.7.Үндсэн сүлжээний зураглал тэдгээрийн ашиглалттай холбоотой мэдээлэл;

13.1.1.8.Бусад.

13.1.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мэдээллээ өөрчлөгдөх тухай бүрд нэгдсэн санд шинэчилнэ.

13.1.3.Зөвхөн улс хоорондын сүлжээ байгуулах эрх бүхий этгээд нь Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээ эрхлэх боломжтой бөгөөд хүсэлтээ Зохицуулах хороонд гаргаж, шийдвэрлүүлнэ.Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.

13.1.4.Хөдөө орон нутагт урсгал задалж хүргэх тохиолдолд интернэтийн үйлчилгээ[1] эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийг ялгаварлахгүйгээр, урсгалын багтаамж харгалзахгүй, бөөний үнээр үйлчилнэ.

13.1.5.Интернэтийн гадаад урсгалын ачааллаас хэрэглээний судалгааг (Netflow) гаргах техник, програм хангамжийн нөхцөлийг бүрдүүлж, тогтоосон үзүүлэлтүүдээр мэдээллийг авах боломжоор Зохицуулах хороог хангана.

13.1.6.Улс хоорондын сүлжээ байгуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь урсгал нийлүүлэх журам, түрээсийн нөхцөл шаардлага, үнэ тарифыг ил тод нээлттэй байлгана.

13.1.7.Гадаад улс руу холбогдсон өөрийн шууд гарц бүхий дэд бүтэцтэй байна.

13.1.8.Гадаад гарцын төхөөрөмжийн багтаамж нь чиглэл бүрд 10 Гбит/с-ээс багагүй байна.

13.1.9.Интернэтийн бөөний урсгал нийлүүлэх үйлчилгээний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор БНХАУ болон ОХУ-ын олон улсын интернэтийн гарцтай тус бүр холбогдох замаар интернэтийн нөөц урсгалыг бий болгосон байна.

13.1.10.Интернэт урсгалын нөөц бий болгох зорилгоор нэг сарын интернэтийн дундаж ачаалал нь сүлжээний нийт багтаамжийн 75 хувиас ихгүй байна. Нөөц урсгалыг гэмтэл, саатал гарсан тохиолдолд бусад интернэтийн бөөний урсгал нийлүүлэх үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран ашиглаж болно.

13.1.11.Улс хоорондын сүлжээг удирдах, хянах, ашиглалт үйлчилгээний төв нь /NMS, NOC, SOC г.м/ Монгол Улсын нутаг дэвсгэрт байна.

13.1.12.Монгол Улсын цаг, давтамжийн эталонтай холбогдохдоо тус хорооноос зохион байгуулсан сүлжээний цагийн нэгдсэн серверт холбогдоно.

13.1.13.Үндсэн серверүүд (DNS, PPPoE биллинг г.м)-ийг кибер халдлагаас хамгаалах бөгөөд хэрхэн хамгаалагдаж байгаа талаарх үзлэг шалгалтыг хуваарийн дагуу тогтмол хийж, протокол хөтөлдөг байна.

13.1.14.Үндсэн тоног төхөөрөмж нь нөөцтэй байна. Үүнд:

13.1.14.1.Замчлалын төхөөрөмж (Router);

13.1.14.2.Холболтын төхөөрөмж (Switch);

13.1.14.3.BMS (Bandwidth Management System, Өгөгдлийн сан, PPPoE, RADIUS сервер гэх мэт).

13.1.15.АйПи хаягийн 4 болон 6-р хувилбарыг (IPv4, IPv6) хослуулан ашиглах техникийн боломжийг бүрдүүлсэн байна.

13.1.16.Зохицуулах хорооноос зарласан зөрчилтэй интернэт домэйн нэр, веб сайтыг өөрийн серверээр дамжуулан интернэтэд холбохгүй байх ба нээлттэй ДиЭнЭс (DNS)-г хаадаг байна.

13.1.17.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь коллектор сервертэй байх ба уг серверээс шаардлагатай мэдээллүүдийг авах боломжоор Зохицуулах хороог хангана.

13.2.Улс хоорондын транзит урсгал дамжуулах

13.2.1.Улс хоорондын сүлжээ байгуулах эрх бүхий этгээд улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээг энэ нөхцөл шаардлагын 13.1.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлсний үндсэн дээр эрхэлнэ.Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.

13.2.2.Үйлчилгээ эрхлэгч нь улс хоорондын сүлжээ байгуулах тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллана.

13.2.3.Улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээг эрхлэхдээ Монгол Улсын эрх ашиг, нэр хүндийг хамгаалах зарчмыг баримтална.

13.2.4.Транзит урсгалыг зөвхөн өөрийн эзэмшлийн дэд бүтэц, сүлжээгээр дамжуулна.

13.2.5.Олон улсын гарцын сүлжээний тоног төхөөрөмж нь сувгийн холболт /circuit switching/ болон багцын холболт /packet switching/-ын технологийг дэмжин ажиллах чадвартай байх ба холболтын технологийг нэг системээр, эсхүл тусдаа бие даасан системээр, гэхдээ байршлын хувьд нэг байхаар зохион байгуулж болно. Багцын холболтын технологи нь дараа үеийн сүлжээний /NGN/ үйл ажиллагааг дэмжин ажиллах чадвартай байна.

13.2.6.Үйлчилгээ эрхлэгч нь гадаад улсын оператортой харилцан холболт хийх бүрдээ Зохицуулах хороонд бүртгүүлах ба энэ чиглэлээр Зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөнө.[3]

13.2.7.Транзит урсгал дамжуулах сүлжээний үндсэн тоног төхөөрөмжийн байршлын талаарх мэдээллийг тухай бүр Зохицуулах хороонд мэдээлнэ.

13.2.8.Олон улсын гарцын төхөөрөмж нь TDM болон IP интерфэйсээр холболт хийх боломжтой байна.

13.2.9.Дараа үеийн сүлжээний /NGN/ төхөөрөмж нь IPv6 протоколыг дэмжин ажиллах чадвартай байна.

13.2.10.Транзит урсгал дамжуулахдаа заавал нөөц сүлжээтэй байна. Нөөц сүлжээг бусдаас түрээслэн зохион байгуулж болно.

13.2.11.Улс хоорондын холболтын ашиглалт үйлчилгээний удирдлага хяналтыг олон улсын стандартын дагуу гүйцэтгэнэ.

13.2.12.Сүлжээний найдвартай ажиллагааг 99,999%-с дээш хангаж ажиллана.

13.2.13.Зохицуулах хороонд дараах мэдээллийг сар бүр ирүүлнэ. Үүнд:

13.2.13.1.Урсгал дамжуулахаар гэрээ хийсэн гадаад улсын операторын талаарх мэдээлэл (аль улсын, ямар компани болох);

13.2.13.2.Холболт хийж байгаа интернэт солилцооны цэг (Internet Exchange Point)-үүдийн мэдээлэл (аль улс, ямар компани/байгууллага болох);

13.2.14.Үзүүлдэг үйлчилгээний талаарх мэдээлэл;

13.2.15.Транзитын үйлчилгээний үнэ тариф.

13.2.14.Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрч буй транзит урсгал нь Монгол Улсын нутаг дэвсгэрт задрахгүй байна.

13.2.15.Транзит хийж байгаа орлогыг заавал Монгол Улсын татварын бүртгэлд хамруулдаг байна.

АРВАН ДӨРӨВ.ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХОТ ХООРОНДЫН СҮЛЖЭЭ, ДЭД БҮТЭЦ БАЙГУУЛАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.

14.1.Хот хоорондын сүлжээний найдвартай ажиллагаа, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор суурь сүлжээ нь суурь сүлжээний зангилаа цэгүүдтэй, түгээх сүлжээ нь суурь сүлжээтэй 2-оос доошгүй холболтоор холбогдсон байна.

14.2.Хот хоорондын сүлжээний багтаамж нь 30 хувиас доошгүй нөөцтэй байхаар тооцно.

14.3.Сүлжээний үндсэн тоног төхөөрөмж, дамжуулах байгууламжийн төгсгөлийн төхөөрөмж зэрэг нь төхөөрөмжийн нөөцтэй байна.

14.4.Сүлжээний төхөөрөмжүүдийг 1+1/1+N нөөцтэй байхаар зохион байгуулна. (Spare part)

14.5.Сүлжээний тоног төхөөрөмжүүдийн удирдлагын програм хангамжид доголдол үүсэх тохиолдолд системийн өгөгдлүүдийг нөөцлөх, сэргээх боломжтой байна.

14.6.Сүлжээний зангилаа цэг нь ашиглалт үйлчилгээг хариуцсан инженер техникийн ажилтантай байх ба бусад сүлжээний тоног төхөөрөмжтэй холбогдох бололцоог хангасан зай талбай, тэжээлийн эх үүсвэр, оролтын худаг сувагчлал, агааржуулалтын системтэй байна. Шинээр сүлжээ, дэд бүтэц байгуулах тохиолдолд эдгээр нөхцөлүүдийг тооцоолон холбогдох стандартын дагуу барьж байгуулна.

14.7.Сүлжээний зангилаа цэгүүд нь бүрэн хүчин чадлаараа ажиллахад доод тал нь 2 нөөц тэжээлийн эх үүсвэрээр найдвартай хангагдсан байна.

АРВАН ТАВ.ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХОТ СУУРИН ГАЗРЫН СҮЛЖЭЭ, ДЭД БҮТЭЦ БАЙГУУЛАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.

15.1.Хот суурин газрын сүлжээ, дэд бүтэц байгуулахдаа Монгол Улсын болон тухайн засаг захиргааны нэгжийн төлөвлөгөө, холбооны худаг сувагчлалын нөхцөл байдалд нийцүүлэн төлөвлөнө.

15.2.Сүлжээний тусгай зөвшөөрөл эзэмшигч нь холбооны худаг сувагчлал байгуулж болох бөгөөд аймаг, нийслэлийн худаг сувагчлалын төлөвлөлтөд нийцүүлж, Монгол Улсын стандарт, техник технологийн горимыг мөрдөж ажиллана.

15.3.Холбооны худаг сувагчлалын ашиглалт хариуцсан байгууллага нь сүлжээ байгуулах техникийн нөхцөл, дүгнэлт гаргах бөгөөд мэдээллийг архивласан байна. Худаг сувагчлалын ашиглалт хариуцсан байгууллага нь техникийн нөхцөлд тавигдах шаардлагаа Зохицуулах хороогоор хянуулна.

15.4.Хот суурин газрын сүлжээг холбооны худаг сувагчлалаар дамжуулах бөгөөд ашиглалт хариуцсан байгууллагаас техникийн нөхцөл авсан байна.

15.5.Худаг сувагчлал байхгүйгээс сүлжээ хүргэх боломжгүй болсон тохиолдолд худаг сувагчлалын ашиглалт хариуцсан байгууллагаас дүгнэлт гаргуулан авсан байх ба худаг сувагчлалаар татах боломжтой болох хүртэлх түр хугацаанд шон, эсвэл барилга байгууламжаар, стандартын дагуу хаягжуулан (биркжүүлэлт) татаж болно. Худаг сувагчлалаар татах боломжтой болсон тохиолдолд уг кабелийг богино хугацаанд буулган шилжүүлнэ.

15.6.Худаг сувагчлалын ашиглалт хариуцсан байгууллага нь Зохицуулах хороонд дараах мэдээллийг сар бүр ирүүлнэ. Үүнд:

15.6.1.Худаг сувагчлалын ашиглалтын мэдээлэл;

15.6.2.Шинээр байгуулсан худаг сувагчлалын мэдээлэл;

15.6.3.Худаг сувагчлалаар татах боломжгүй талаарх дүгнэлт, мэдээлэл;

15.7.Энэ хэсгийн 15.6 дахь хэсэгт заасан мэдээллийг хүсэлт гаргасан үйлчлэгчид өгч болно.

15.8.Хот суурин газрын сүлжээний зангилаа цэг байгуулахдаа тухайн барилга, хотхон, хороолол доторх хамгийн олон хэрэглэгчдэд хүргэх боломжтой холбооны зориулалтын байр талбайг сонгоно.

15.9.Хот суурин газрын сүлжээний зангилаа цэг нь дараах сувгуудыг задлах болон нягтруулах боломжтой байна. Үүнд:

15.9.1.E1/2048 Кбит/сек/;

15.9.2.FE/10/100 Мбит/сек;

15.9.3.GE/1000 Мбит/сек;

15.9.4.GE/10000 Мбит/сек.

15.10.Хэрэглэгчийн төгсгөлийн төхөөрөмжөөс түгээх сүлжээний зангилаа цэг хүртэлх холболтыг дотоод сувагчлалаар дамжуулан хийнэ. Хэрэв тухайн барилга дахь шугам дүүрсэн үед барилга доторх холбооны сувагчлалыг стандартын дагуу байгуулахыг зөвшөөрнө.

АРВАН ЗУРГАА.БУСАД

16.1.Монгол Улсад онц байдал зарласан, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь дараах үүрэгтэй байна.

16.1.1.Сүлжээгээ сэргээх төлөвлөгөөтэй байх;

16.1.2.Гамшгийн үед нөөц сүлжээ зохион байгуулах;

16.1.3.Гамшгийн үед зарлан мэдээлэх үүрэг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх;

16.1.4.Онц байдал зарласан үед сүлжээгээ дайчлан ашиглуулах.

16.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гамшгаас хамгаалах мэдээлэл, харилцаа холбооны улсын албанаас гаргасан төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж ажиллана.

16.3.Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг мэдээлэл, харилцаа холбооны улсын албаны төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулна.[4] Төлөвлөгөөнд дараах арга ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар багтаасан байна.

16.3.1.Нөөц сүлжээг зохион байгуулах, өөрийн сүлжээг сэргээх;

16.3.2.Зарлан мэдээлэх, шуудан дамжуулах үүргийг гүйцэтгэх;

16.3.3.Холбогдох төрийн албанд сүлжээгээ ашиглуулах.

– о О о –

 

 

 

 

 

 


 

[1] Интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийг “интернэтийн үйлчилгээ эрхлэгч” гэж ойлгоно.

 

 

[2] Транзит урсгал гэж өгөгдөл, яриаг харилцаа холбооны сүлжээний дамжуулах технологийг ашиглан улс хооронд дамжуулахыг ойлгоно.

 

 

[3] Зохицуулах хороо үйлчилгээ эрхлэгчдийн дунд жил бүр хэлцэл зохион байгуулж, холбогдох зохицуулалт хийнэ.

 

 

[4] Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11, 27 –р зүйл, Харилцаа холбооны тухай хуулийн 23-р зүйл