A

A

A

Бүлэг: 1979

Санхүүгийн зохицуулах хорооны

2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн

995 дугаар тогтоолын хавсралт

 

 

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү журмын зорилго нь биржийн бус зах зээлийн хамрах хүрээ, удирдлага зохион байгуулалт, хяналт, зах зээлд оролцогчид, арилжаа явагдах программ хангамж, түүнд тавигдах шаардлага, арилжааны төлбөр, өмчлөх эрхийн бүртгэл, төвлөрсөн хадгаламж, мэдээллийн ил тод байдал, Санхүүгийн зохицуулах хороо (цаашид “Хороо” гэх)-ны эрх, үүргийг тодорхойлох, Хорооноос хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2. Компанийн нийтэд санал болгон гаргах үнэт цаасны бүртгэл, түүнийг арилжаалахтай холбогдох харилцаа энэ журмын зохицуулалтад хамаарахгүй. 

1.3. Биржийн бус зах зээл дээр Засгийн газрын өрийн хэрэгсэл болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үнэт цаасыг нийтэд санал болгохгүйгээр хаалттай хүрээнд гарган арилжаалж болно. 

1.4. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан компанийн өрийн хэрэгслийг нийтэд санал болгохгүйгээр хаалттай хүрээнд гаргах бол зөвхөн биржийн бус зах зээлд арилжаална.

“1.5. Инновацийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу холбогдох төрийн эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн гарааны компани /цаашид “гарааны компани” гэх/ хувьцаагаа биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгохтой холбогдсон ерөнхий харилцааг энэ журмаар зохицуулна. /СЗХ 2021 оны 348 дугаар тогтоолоор нэмсэн/

1.6. Гарааны компанийн биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэх, өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасахтай холбоотой харилцааг энэ журмын 2.5.10-д заасан Холбооны журмаар зохицуулна. 

/СЗХ 2021 оны 348 дугаар тогтоолоор нэмсэн/

ХОЁР. БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХЯНАЛТ

2.1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан мэргэжлийн холбоо (цаашид “Холбоо” гэх) нь биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. 

2.2. Холбоо нь биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг хариуцсан байнгын нэгжтэй байхаас гадна үнэт цаасны бүртгэл хариуцсан хороотой байна.

2.3. Холбоо нь дор дурдсан эрх эдэлнэ: 

2.3.1. биржийн бус зах зээлийн үнэт цаасны бүртгэлийн үйл ажиллагааг явуулах;

2.3.2. биржийн бус зах зээлийн арилжааг явуулах;

2.3.3. биржийн бус зах зээлийн үнэт цаасны төлбөр, тооцоо, бүртгэл, хадгаламжийн үйл ажиллагааг хэвийн явуулахад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;

2.3.4. биржийн бус зах зээлд үнэт цаас гаргагч компанийн тайлан, санхүүгийн мэдээллийг нэгтгэх;

2.3.5. үнэт цаасны арилжаанд оролцогч, үнэт цаас өмчлөгч болон үнэт цаас гаргагчаас шаардлагатай мэдээллийг энэ журам болон бусад холбогдох журамд заасны дагуу гаргуулан авах.

2.4. Холбоо нь дор дурдсан үүрэг хүлээнэ: 

2.4.1. биржийн бус зах зээл дээрх үнэт цаасны арилжааг тогтоосон хугацаанд тасралтгүй, ил тод, алдаагүй, шударгаар зохион байгуулах; 

2.4.2. биржийн бус зах зээлийн арилжааг удирдан зохион байгуулахад шаардлагатай ажлын байр, хүний нөөц, программ хангамж, техник, тоног төхөөрөмж болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх; 

2.4.3. үнэт цаасны арилжаа зохих журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих;

2.4.4. биржийн бус зах зээлийн арилжааг цахим программ хангамжаар дамжуулан зохион байгуулах;

2.4.5. биржийн бус зах зээлтэй холбоотой энэ журмын 7.1-д заасан мэдээллийг цахим программ хангамжаар дамжуулан олон нийтэд хүргэх; 

2.4.6. Гарааны компанийн биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгох хувьцааны бүртгэлийн үйл ажиллагааг шуурхай, ил тод байдлаар зохион байгуулах. /СЗХ 2021 оны 348 дугаар тогтоолоор нэмсэн/

2.5. Холбоо нь биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахтай холбоотой дор дурдсан харилцааг зохицуулсан журмыг боловсруулж, Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулна: 

2.5.1. биржийн бус зах зээлийн үнэт цаасны арилжаа;

2.5.2. биржийн бус зах зээлийн үнэт цаасны бүртгэл; 

2.5.3. биржийн бус зах зээлийн үнэт цаасны арилжаанд хяналт тавих;

2.5.4. биржийн бус зах зээлийн үнэт цаасны арилжааны төлбөр, тооцоо;

2.5.5. биржийн бус зах зээлийн үнэт цаасны арилжааны мэдээллийн ил тод байдал;

2.5.6. үнэт цаасны бүртгэл хариуцсан хорооны эрх, үүрэг, үйл ажиллагаа; 

2.5.7. биржийн бус зах зээлийн үнэт цаасны бүртгэл, арилжаанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх;

2.5.8. биржийн бус зах зээлд үнэт цаас гаргагч компанийн тайлан, мэдээ, мэдээлэл;

2.5.9. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх;

2.5.10. Гарааны компанийн биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгох хувьцааны бүртгэлийн болон гарааны компанийн мэдээллийн ил тод байдал; /СЗХ 2021 оны 348 дугаар тогтоолоор нэмсэн/

2.5.11. биржийн бус зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой бусад шаардлагатай харилцаа; /Энэ хэсгийг СЗХ 2021 оны 348 дугаар тогтоолоор өөрчилсөн/

2.5.12. Хорооноос шаардсан бусад. /Энэ хэсгийг СЗХ 2021 оны 348 дугаар тогтоолоор өөрчилсөн/

ГУРАВ. БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛД ҮНЭТ ЦААС ГАРГАГЧ

3.1. Биржийн бус зах зээл дээр энэ журмын 1.3-т заасан үнэт цаасыг гаргагч нь холбогдох хууль тогтоомжид заасан тухайн үнэт цаасыг гаргах эрх бүхий этгээд байна.

3.2. Компани нь компанийн өрийн хэрэгслийг нийтэд санал болгохгүйгээр хаалттай хүрээнд худалдахаар гаргах бол заавал биржийн бус зах зээлд гарган арилжаалах бөгөөд үнэт цаасаа Холбоонд бүртгүүлж, үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад хадгалуулна.

3.3. Хаалттай хувьцаат компани нь хувьцаагаа биржийн бус зах зээл дээр арилжаалахаар гаргаж болох бөгөөд энэ журмыг баримтлан үнэт цаасаа бүртгүүлж, арилжаална.

3.4. Гарааны компани нь хувьцаагаа үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад хадгалуулж, хаалттай хувьцаат компани хэлбэртэй болох нөхцөлд биржийн бус зах зээлд хувьцаагаа олон нийтэд санал болгоно. 

/СЗХ 2021 оны 348 дугаар тогтоолоор нэмсэн/

3.5. Энэ журмын 3.4-т заасны дагуу хувьцаагаа биржийн бус зах зээлд санал болгож, шаардлагатай хөрөнгө оруулалтаа амжилттай татсан гарааны компанийн хувьцааг 1 жилийн хугацаанд биржийн бус зах зээлд арилжаалахгүй./СЗХ 2021 оны 348 дугаар тогтоолоор нэмсэн/

3.6. Гарааны компани нь андеррайтерийн компаниар дамжуулан хувьцаагаа биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгох замаар нийт 500 сая төгрөг хүртэлх мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлэх бөгөөд гарааны компанийн нь хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хугацаанаас хамааруулан тодорхой хугацаанд үе шаттайгаар хувьцаагаа санал болгож болно./СЗХ 2021 оны 348 дугаар тогтоолоор нэмсэн/

3.7. Гарааны компанитай гэрээ байгуулан хамтран ажиллах андеррайтер нь түүний холбогдох этгээд байж болохгүй. /СЗХ 2021 оны 348 дугаар тогтоолоор нэмсэн/

3.8.Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран эрэмбэлсэн шилдэг 100 аж ахуйн нэгжээр тухайн жилд шалгарсан этгээдийн хувьд биржийн бус зах зээл дээр нэг жил хүртэлх хугацаатай 5 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бонд гаргах бол андеррайтертай гэрээ байгуулахгүй байж болно. /СЗХ 2025 оны 117 дугаар тогтоолоор нэмсан/

3.9.Энэ журмын 3.8-д заасан бондыг үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа, баталгаагүй гаргаж болно. /СЗХ 2025 оны 117 дугаар тогтоолоор нэмсан/

ДӨРӨВ. БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ ОРОЛЦОГЧИД

4.1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.4, 24.1.5, 24.1.10, 24.1.12-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд биржийн бус зах зээл дээр өөрийн өмчлөлийн болон өмчлөгчөөс эрх олгосон энэ журамд заасан санхүүгийн хэрэгслийг харилцан шууд худалдах, худалдан авах гэрээ байгуулах үйл ажиллагаа явуулна. 

4.2. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.19-т заасан мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэгчдээс гадна дор дурдсан этгээд үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр дамжуулан биржийн бус зах зээлийн арилжаанд оролцох, эсхүл гарааны компанийн биржийн бус зах зээлд санал болгон гаргах хувьцааг худалдан авч болно: /Энэ хэсгийг СЗХ 2021 оны 348 дугаар тогтоолоор өөрчилсөн/

4.2.1. энэ журмын 4.3-т заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэн;

4.2.2. энэ журмын 4.4-т заасан шаардлага хангасан Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд; 

4.2.3. гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн, олон улсын банк, санхүүгийн болон хөгжлийн байгууллагууд;

4.2.4. хууль тогтоомжоор хориглоогүй бол Монгол Улсын Засгийн газар, түүний харьяа байгууллагууд, Төв банк /Монголбанк/, Монгол Улсын Хөгжлийн банк, Хадгаламжийн даатгалын корпораци, Засгийн газрын тусгай сан, Зээлийн батлан даалтын сан, бүх төрлийн даатгалын сан.

4.3. Биржийн бус зах зээлийн арилжаанд оролцох Монгол Улсын иргэн нь дараах шаардлагыг хангасан байна:

4.3.1. тухайн иргэний сүүлийн нэг жилийн сарын дундаж орлого нь 10 сая төгрөгтэй тэнцүү болон түүнээс дээш хэмжээтэй, эсхүл 500 сая төгрөгөөс дээш хэмжээний цэвэр хөрөнгө /харилцах, хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгө, үнэт цаасны нийлбэр дүнгээс өр төлбөрийг хасах/-тэй байх; 

4.3.2. сүүлийн 1 жилийн турш дотоодын болон гадаадын зах зээл дээр үнэт цаасны арилжаанд оролцсон туршлагатай байх.

4.4. Биржийн бус зах зээлийн арилжаанд оролцох Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд дараах шаардлагыг хангасан байна:

4.4.1. сүүлийн 3 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь 2.5 тэрбум төгрөгөөс доошгүй байх;

4.4.2. өөрийн хөрөнгийн хэмжээ 1 тэрбум төгрөгөөс доошгүй байх.

4.5. Энэ журмын шаардлага хангасан Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь гарааны компанийн биржийн бус зах зээлд гаргах хувьцааг худалдан авахад дараах шаардлагыг хангасан байх бөгөөд үүнд арилжаанд зуучилсан тухайн этгээдийн брокер хяналт тавина:/СЗХ 2021 оны 348 дугаар тогтоолоор нэмсэн/

4.5.1. энэ журмын 4.3-т заасан иргэн нь тухайн санхүүгийн жилийн хугацаанд нийт цэвэр хөрөнгийн 10-аас дээшгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг нэг гарааны компанийн биржийн бус зах зээлд гаргах хувьцаанд оруулна;/СЗХ 2021 оны 348 дугаар тогтоолоор нэмсэн/

4.5.2. энэ журмын 4.4-т заасан хуулийн этгээд нь тухайн санхүүгийн жилийн хугацаанд нийт өөрийн хөрөнгийн 20-оос дээшгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг нэг гарааны компанийн биржийн бус зах зээлд гаргах хувьцаанд оруулна. /СЗХ 2021 оны 348 дугаар тогтоолоор нэмсэн/

4.6. Биржийн бус зах зээлийн арилжаанд оролцох иргэн, хуулийн этгээд нь энэ журмын 4.3 болон 4.4-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэх талаар нотлох баримтаа өөрийн брокерт гаргаж, бүртгүүлсний үндсэн дээр арилжаанд оролцоно. Брокер нь биржийн бус зах зээлийн арилжаанд оролцож буй Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг 2 жил тутам шинэчилнэ./Энэ хэсгийг СЗХ 2021 оны 348 дугаар тогтоолоор өөрчилсөн/

4.7. Энэ журмын 4.2.1 болон 4.2.2-т заасан иргэн, хуулийн этгээд нь биржийн бус зах зээлийн арилжаанд оролцох, түүнээс үүдэн гарах эрсдэлээ өөрөө бүрэн хариуцахаа илэрхийлсэн албан бичиг, баталгааг өөрийн брокерт гаргасан байна. /Энэ хэсгийг СЗХ 2021 оны 348 дугаар тогтоолоор өөрчилсөн/

4.8. Брокер нь энэ журмын 4.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг Хороо, Холбоо болон үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд тухай бүр хүргүүлнэ./Энэ хэсгийг СЗХ 2021 оны 348 дугаар тогтоолоор өөрчилсөн/

4.9. Биржийн бус зах зээлд оролцох эрхийг авсан Монгол Улсын иргэн, хуулийн этгээд энэ журмын 4.3 болон 4.4-т заасан шаардлагыг цаашид хангахгүй болсон нь тэдгээрийн эзэмшиж буй үнэт цаасыг биржийн бус зах зээлд худалдах эрхийг хязгаарлахгүй. /Энэ хэсгийг СЗХ 2021 оны 348 дугаар тогтоолоор өөрчилсөн/

ТАВ. АРИЛЖААНЫ ПРОГРАММ ХАНГАМЖИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

5.1. Биржийн бус зах зээлийн арилжааг тусгай программ хангамжаар дамжуулан явуулна.

5.2. Арилжааны программ нь түргэн шуурхай, тасралтгүй, үйл ажиллагааны онцлогт тохирсон байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

5.2.1. энэ журмын 4.1-д зааснаас бусад оролцогчид нэгнийгээ таньж мэдэх боломжгүй байх;

5.2.2. арилжааны мэдээллийг арилжаанд холбогдолгүй гуравдагч этгээдээс нууцлах, системийн шифрлэлт нууцлал, аюулгүй байдлын стандартыг хангах;

5.2.3. зах зээлийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх боломжтой байх;

5.2.4. олон нийтэд мэдээлэл хүргэх нээлттэй самбартай байх;

5.2.5. оролцогчид өөр хоорондоо захидал харилцааны зурвас илгээх боломжоор хангагдах бөгөөд түүнийг хадгалж, түүх үүсгэх боломжтой байх; 

5.2.6. бодит цагийн горимоор арилжааны хэлцэл биелсний дараах дор дурдсан мэдээллийг арилжаанд оролцогчид авах боломжтой байх:

5.2.6.1. купон (компанийн өрийн хэрэгсэл бол);

5.2.6.2. ISIN дугаар;

5.2.6.3. үнэт цаас гаргагчийн нэр;

5.2.6.4. хугацаа;

5.2.6.5. арилжааны хэмжээ;

5.2.6.6. бодит цагийн хамгийн сайн зарах болон авах үнэ болон хамгийн сүүлийн хэлцлийн үнэ;

5.2.6.7. бусад шаардлагатай мэдээлэл.

5.2.7. дараах арга хэрэгслээр арилжааг зохион байгуулах боломжтой байх:

5.2.7.1. арилжааны үнийн санал авах арга (RFQ);

5.2.7.2. захиалга хийх арилжааны арга (Order driven);

5.2.7.3. шаардлагатай бусад.

5.3. Арилжааны программ хангамж нь энэ журмын 5.2-т заасан шаардлагыг хангасан байхаас гадна дараах техник, технологийн шаардлагыг хангасан байна:

5.3.1. программ хангамжийн сервер компьютер байрлаж буй дата төв нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байх бөгөөд Tier 2 ба түүнээс дээш стандартын шаардлага хангасан байх;

5.3.2. төрийн албан хэрэгцээний сүлжээ болон төрийн интернэт хэрэглээний сүлжээнд холбогдох боломжтой байх;

5.3.3. бизнесийн тасралтгүй байдлыг хангах, гамшгийн үед хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй, уг төлөвлөгөөний дагуу нөөц төвтэй байх;

5.3.4. систем хоорондын мэдээлэл дамжуулалт нь шууд урсгалтай боловсруулалт /STP straight-through-processing/-тай байх;

5.3.5. шаардлагатай бусад.

ЗУРГАА. ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ ТӨЛБӨР,

ӨМЧЛӨХ ЭРХИЙН БҮРТГЭЛ, ТӨВЛӨРСӨН ХАДГАЛАМЖ

6.1. Төлбөрийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд арилжааны программ хангамжаас ирүүлсэн даалгаврын дагуу үнэт цаасны арилжааны төлбөрийг гүйцэтгэж, зохих мэдээллийг үнэт цаасны хадгаламж, бүртгэлийн байгууллага, арилжаанд оролцогчдод илгээнэ. 

6.2. Биржийн бус зах зээл дээр арилжаалагдаж буй үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийг үнэт цаасны төвлөрсөн бүртгэл эсхүл тухайлсан бүртгэл хөтлөх эрх бүхий хуулийн этгээд хөтөлнө.

6.3. Биржийн бус зах зээл дээр арилжаалагдаж буй үнэт цаасыг үнэт цаасны төвлөрсөн бүртгэлийн санд бүртгэнэ. 

ДОЛОО. МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

7.1. Биржийн бус зах зээлийн арилжаа эрхлэх байгууллага нь энэ журмын журмын 2.5.5, 2.5.10-т тус тус заасан болон дор дурдсан мэдээллийг нийтэд мэдээлнэ: /Энэ хэсгийг СЗХ 2021 оны 348 дугаар тогтоолоор өөрчилсөн/

7.1.1. үнэт цаасны бүртгэлийн дугаар, ялгах тэмдэг;

7.1.2. үнэт цаасны ханш, түүнд нөлөөлж болох бусад мэдээлэл;

7.1.3. хэлцэл хийгдсэн он, сар, өдөр; 

7.1.4. нийт арилжаалсан үнэт цаасны тоо;

7.1.5. үнэ, нээлтийн болон хаалтын ханш;

7.1.6. хууль тогтоомж, холбогдох журмын дагуу нийтэд мэдээлэхээр заасан бусад мэдээлэл;

7.1.7. Хороо шаардсан бусад мэдээлэл.

7.2. Холбоо нь долоо хоног, сар, улирлын арилжааны нэгдсэн мэдээллийг бэлтгэн нийтэд мэдээлнэ.

7.3. Холбоо нь дараах мэдээллийг Хороонд албан бичгээр болон цахимаар ирүүлнэ:

7.3.1. биржийн бус зах зээлийн нөхцөл байдлын судалгааг улирал бүр, дараа сарын 20-ны өдрийн дотор;

7.3.2. тайлант хугацааны улирлын санхүүгийн тайланг Хорооны 2019 оны 4 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай этгээдээс мэдээлэл ирүүлэх, түүнд хяналт тавих журам”-ын 1.3-т заасан хугацаанд;

7.3.3. хагас жилийн болон жилийн эцсийн үйл ажиллагааны тайланг дараа улирлын эхний сарын 25-ны өдрийн дотор;

7.3.4. биржийн бус зах зээлийн арилжааны дүн мэдээг Хорооны 2019 оны 4 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай этгээдээс мэдээлэл ирүүлэх, түүнд хяналт тавих журам”-ын 1 дүгээр хавсралт Маягт МС-1, 3 дугаар хавсралт Маягт МС-3-ын дагуу мөн журмын 1.3-т заасан хугацаанд;

7.3.5. Хорооноос шаардсан бусад мэдээллийг тухай бүр.

НАЙМ. ХОРООНЫ ЭРХ, ҮҮРЭГ

8.1. Хороо нь дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

8.1.1. биржийн бус зах зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих;

8.1.2. биржийн бус зах зээлийн оролцогчдод хууль ёсны шаардлага тавих, хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах;

8.1.3. Холбооноос ирүүлсэн биржийн бус зах зээлийн дүрэм, журмыг батламжлах;

8.1.4. үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан болон дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцсон нөхцөл байдал тогтоогдсон бол арилжааг түр зогсоох, тухайн үнэт цаастай холбоотой гүйлгээг зогсоох, хүчингүй болгох;

8.1.5. гадаад улсын эрх бүхий зохицуулагч байгууллага болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, харилцан туслалцаа үзүүлэх;

8.1.6. биржийн бус зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагаас тогтоосон үйлчилгээний хураамжийн хэмжээг бууруулахыг санал болгох, энэ саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн хураамжийн хувь хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох;

8.1.7. үнэт цаасны арилжаа, төлбөр, тооцоо, хадгаламжийн үйл ажиллагааны шударга, ил тод, үр ашигтай байдлыг хангах зорилгоор зөвлөмж гаргах;

8.1.8. биржийн бус зах зээлийн үйл ажиллагаатай холбоотойгоор Холбооны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх;

8.1.9. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

8.1.10. энэ журмын 2.5-д заасан Холбооноос батламжлуулах журмын төсөлд Хорооны саналыг хүлээж аваагүй тохиолдолд журмыг батламжлахаас татгалзах; 

8.1.11. энэ журмын 4.6-д заасан брокерийн мэргэжлийн хөрөнгө оруулагчийг бүртгэх үйл ажиллагаанд хяналт тавих; /Энэ хэсгийг СЗХ 2021 оны 348 дугаар тогтоолоор өөрчилсөн/

8.1.12. биржийн бус зах зээлийн холбогдох дүрэм, журам зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох, арилжаанд оролцох эрхийг нь түдгэлзүүлэх.

ЕС. ХАРИУЦЛАГА

9.1. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.