- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- БАНК БУС САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Cанхүүгийн зохицуулах хорооны
2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн
160 дугаар тогтоолын хавсралт
БАНК БУС САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлох, дэвшилтэт технологи ашиглан цахимаар зээлийн үйлчилгээ үзүүлэхэд тавигдах шаардлага, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь энэхүү журам болон холбогдох бусад хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актыг дагаж мөрдөнө.
Хоёр. Зээлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
2.1.Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааг эрхлэхэд дараах зарчмыг баримтална:
2.1.1.зээлийн бүтээгдэхүүн, зориулалт, жилийн хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг нийтэд ил тод мэдээлдэг байх;
2.1.2.зээлдэгчид зээлийн бүтээгдэхүүн, хүү, шимтгэл хүлээх эрх, үүргийг танилцуулдаг байх;
2.1.3.мэргэжлийн ёс зүйтэй байх;
2.1.4.харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг байх;
2.1.5.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлж ажилладаг байх.
2.1.6.Байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийн бодлогыг баримталдаг байх.
Гурав. Зээлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага
3.1.Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээд болон иргэн, хуулийн этгээдэд үзүүлнэ.
3.2.Зээлийн хүү бодох, барьцаа хөрөнгийг үнэлэхдээ эрх бүхий байгууллагаас баталсан журам, заавар, аргачлалыг мөрдлөг болгож ажиллана.
3.3.Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны ерөнхий нөхцөл болон дараах зүйлийг тусгасан баримт бичгийг баталж, мөрдөнө:
3.3.1.зээл судлах, шийдвэрлэх, олгох, хянах үйл ажиллагаа;
3.3.2.зээлийн бүтээгдэхүүнтэй уялдуулсан хүү, шимтгэл, хураамж, хугацааны нөхцөл;
3.3.3.зээлийн эрсдэлийг удирдах, зээлийн эргэн төлөлтөд тавих хяналт, хариуцлага;
3.3.4.зээлийн барьцаа хөрөнгөнд тавигдах шаардлага, үнэлгээ, хүлээн авах, хадгалах, хүлээлгэн өгөх, бүртгэлээс хасах зэрэг зохицуулалт;
3.3.5.харилцагчийн нууцлал, аюулгүй байдал;
3.3.6.бусад шаардлагатай зохицуулалт.
3.4.Зээлийн гэрээг зээлдэгчтэй бичгээр эсхүл техникийн хэрэгсэл, программ хангамж, нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, тоон гарын үсэг зэргийг ашиглан цахимаар байгуулж болно.
3.5.Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
3.6.Зээлийг гэрээний үндсэн дээр тодорхой зориулалт, хугацаа, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хүүтэй болон хүүгүй олгож болно.
3.7.Зээлийн гэрээгээр зээлийг хүүтэй олгох тохиолдолд зээлийн хүүг ашигласан хугацаагаар тооцно.
3.8.Зээлдүүлэгч нь зээлдэгчийн дараах хүчин зүйлсийг харгалзан үзнэ:
3.8.1.санхүүгийн эх үүсвэр;
3.8.2.гэрээгээр хүлээсэн зээл, төлбөр;
3.8.3.зээл эргэн төлөх чадвар.
3.9.Зээлдэгчийн зээлийн мэдээллийг өөрчлөлт орсон тухай бүр зээлийн мэдээллийн санд тогтмол нийлүүлнэ.
3.10.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцаат зээлийн барьцааны мэдэгдлийн бүртгэл, нэмэлт өөрчлөлтийг цахим мэдээллийн санд тухай бүр бүртгүүлж баталгаажуулна.
3.11.Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ зээлдэгчид дараах шаардлагыг тавихгүй:
3.11.1.зээл төлүүлэх зорилгоор зээлдэгчид аливаа хэлбэрээр хууль бус дарамт шахалт үзүүлэх;
3.11.2.зээлдэгчээр зээлийн хүүг урьдчилан төлүүлэх;
3.11.3.зээлийн хүүг шимтгэл, төлбөр хэлбэрээр тооцох;
3.11.4.зээлдэгчээс гэрээнд тусгаагүй шимтгэл, хураамж төлөхийг шаардах;
3.11.5.зээлдэгчээс зээл олгохтой холбоотойгоос бусад баримт бичиг, мэдээлэл шаардах;
3.11.6.зээлдэгчид хуурамч ташаа мэдээлэл өгөх, төөрөгдүүлэх;
3.11.7.зээлдэгчийн барьцаа хөрөнгийг барьцаа хөрөнгөөс чөлөөлөхгүй байх;
3.11.8.Хороонд бүртгэгдээгүй финтек зээлийн бүтээгдэхүүн гаргах;
3.11.9.зээлдэгчийн мэдээллийг хууль бусаар ашиглах, бусдад дамжуулах, хуульд зааснаас бусад тохиолдолд задруулах.
3.12.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор шаардсан мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзсан этгээдэд зээлийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзана.
3.13.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д заасны дагуу зээлийн үйл ажиллагаатай холбоотой үйлчилгээний шимтгэл, хураамжийг үндэслэлгүйгээр өндөр тогтоосон тохиолдолд Хорооноос бууруулах саналыг албан бичгээр мэдэгдэнэ.
3.14.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ журмын 3.13-т заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор үйлчилгээний хураамж шимтгэлийн хэмжээг бууруулсан талаарх саналыг буцаан мэдэгдээгүй тохиолдолд Хороо шийдвэрийг хүчингүй болгоно.
3.15.Банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлд өр, орлогын харьцааг тооцохдоо Монголбанкнаас баталсан “Өр, орлогын харьцаа тооцох аргачлал”-ыг мөрдөх ба дараах өр, орлогын болон зээл, үнэлгээний зохистой харьцааг хангасан байна:
3.15.1.хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнд тооцох өр, орлогын харьцаа 70 хувиас хэтрэхгүй;
3.15.2.суудлын автомашин барьцаалсан хэрэглээний зээл, үнэлгээний харьцаа 70 хувиас хэтрэхгүй.
3.16.Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс баталсан “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи”-ийн ангилалд хамаарах банк бус санхүүгийн байгууллагаас олгох ногоон зээлд энэ журмын 3.15 дахь хэсэг хамаарахгүй.
Дөрөв. Финтек зээлийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлага
4.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дэвшилтэт технологийн шийдэл ашиглан цахим /цаашид "финтек" гэх/-аар зээлийн бүтээгдэхүүн гаргах тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-нд бүртгүүлнэ.
4.2.Финтек зээлийн бүтээгдэхүүний хувьд Хорооноос тогтоосон өр, орлогын харьцаа, эргэн төлөгдөх чадварыг харгалзана.
4.3.Банк бус санхүүгийн байгууллага харилцагчийн зээлийн эрхийг тооцоолж финтек зээлийн гэрээ байгуулсан даруй зээлийн шугам хэлбэрээр мэдээллийг энэхүү журмын 3.9-т заасны дагуу Зээлийн мэдээллийн санд мэдээлнэ.
4.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь финтек зээлийн бүтээгдэхүүн гаргахад дараах шаардлагыг хангасан байна:
Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
4.4.1.ISO/IEC 27001 стандартыг хангах;
Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
4.4.2.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 5,000,000,000 (таван тэрбум) төгрөгөөс доошгүй байх.
Энэ хэсгйиг Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 556 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
4.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагааны зардлаа бууруулах зорилгоор гуравдагч этгээдийн мэдээллийн технологийн системд холбогдон тухайн программ хангамжид боловсруулагдсан мэдээллийг ашиглан зээл олгох тохиолдолд Хороонд заавал урьдчилан мэдэгдэнэ. Гуравдагч этгээд нь Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан шаардлагыг хангасан байна.
Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
4.6.Энэ журмын 4.1-д заасны дагуу финтек зээлийн бүтээгдэхүүнийг бүртгүүлсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6, 17.1.7-д заасан үүргийг биелүүлж ажиллах ба холбогдох дүгнэлт, зөвлөмж, шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайлан, мэдээллийг дараа оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор Хороонд ирүүлнэ.
Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
Тав. Финтек зээлийн үйл ажиллагааг бүртгэх, бүртгэхээс татгалзах, хасах
5.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь финтек зээлийн бүтээгдэхүүнийг бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг Хороонд ирүүлнэ:
5.1.1.хүсэлт гаргасан албан бичиг;
5.1.2.финтек зээлийн бүтээгдэхүүний талаарх танилцуулга;
5.1.3.энэ журмын 4.4-т заасан шаардлагыг хангасныг нотлох баримт бичиг;
5.1.4.аутсорсингийн үйлчилгээгээр авч буй тохиолдолд тухайн гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ болон бусад холбогдох баримт бичиг. Энэ хэсгийн үгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор хассан..
5.2.Финтек зээлийн бүтээгдэхүүний энэ журмын 4.4-т заасан шаардлагыг хангасан эсэх талаарх дүгнэлтийг Хорооны дэргэдэх цахим зөвлөл /цаашид "Цахим зөвлөл" гэх/ гаргана.
5.3.Цахим зөвлөл нь дараах бүрэлдэхүүнтэй байна:
5.3.1.Санхүүгийн зохицуулагч байгууллагын төлөөлөл;
5.3.2.мэдээлэл технологийн салбарын төлөөлөл;
5.3.3.төрийн бус байгууллагын төлөөлөл.
5.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цахим зөвлөлд финтек зээлийн бүтээгдэхүүний талаар болон энэ журмын 4.4-т заасан шаардлагын талаарх танилцуулгыг хийнэ.
5.5.Цахим зөвлөл нь энэ журмын танилцуулга болон энэ журмын 4.4-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргана.
5.6.Хорооны Цахим зөвлөлийн дүгнэлт гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан бүртгэж, хүсэлт гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ.
5.7.Хороо бүртгэгдсэн финтек зээлийн бүтээгдэхүүнийг цахим хуудсаараа олон нийтэд мэдээлнэ.
5.8.Финтек зээлийн бүтээгдэхүүнийг дараах тохиолдолд бүртгэлээс хасна:
5.8.1.ирүүлсэн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон;
5.8.2.Зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээллээ нийлүүлсэн байдал дутуу;
5.8.3.энэхүү журамд заасан бусад нөхцөл, шаардлагыг хангаагүй.
5.9.Хороо нь ирүүлсэн баримт бичигтэй холбоотойгоор нэмэлт тодруулга шаардлагатай тохиолдолд энэ талаар албан бичгээр мэдэгдэх бөгөөд нэмэлт баримт бичиг ирүүлсэн өдрөөс эхлэн шийдвэрлэх хугацааг тооцно.
5.10.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь шинэ программ хангамж ашиглан финтек зээл гаргах бүрд Хороонд бүртгүүлнэ.
5.11.Финтек зээлийн бүтээгдэхүүнийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд хүсэлт гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ.
5.12.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зээлдэгчийн нууцад хамаарах мэдээллийг задруулсан, хууль бусаар ашигласан нь тогтоогдсон, энэ журамд заасан шаардлагуудыг хангаагүй бол Хороо финтек зээлийн бүтээгдэхүүнийг бүртгэлээс хасаж, энэ тухай албан бичгээр мэдэгдэнэ.
5.13.Хуурамч баримт бичиг бүрдүүлсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан, бүртгэлээс хассан бол тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчээс финтек зээлийн бүтээгдэхүүн гаргах хүсэлтийг 1 жилийн дотор дахин хүлээн авахгүй.
Зургаа. Хариуцлага
6.1.Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаанаас үүссэн аливаа эрсдэлийг Хороо хариуцахгүй болно.
6.2.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A