- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ТАЛААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 52
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ТАЛААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор баталсан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-ийн дагуу Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийг 1 дүгээр хавсралт ёсоор байгуулан ажиллуулсугай.
2.Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч зарим агентлагийн орон тооны дээд хязгаарыг 2 дугаар хавсралт ёсоор тогтоосугай.
3.Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн ерөнхий загварыг 3 дугаар хавсралт ёсоор баталсугай.
4.Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн зохион байгуулалтын бүтцийг батлахдаа дараах чиглэлийг баримталж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай:
4.1.хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь дэд дарга, орлогч даргагүй байх;
4.2.Засгийн газрын агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгж, албан хаагчийн чиг үүрэг, хариуцах ажил нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, албан хаагчийн болон тухайн агентлагийн харьяа төв, орон нутгийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, компани, гэрээний үндсэн дээр төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж байгаа хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын хариуцсан чиг үүрэг, ажилтай давхардахгүй байх;
4.3.ерөнхий газар болон аймаг, нийслэл, сум, дүүрэгт салбар нэгжтэй агентлагийн бүтцийн нэгжийг газар, газар нь дотроо хэлтэстэй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй байхаар, аймаг, нийслэл, сум, дүүрэгт салбар нэгжгүй агентлагийн бүтцийн нэгжийг хэлтэс, хэлтэс нь дотроо тасаг, албагүй байхаар тус тус өөрчлөн зохион байгуулах;
4.4.ерөнхий газар болон аймаг, нийслэл, сум, дүүрэгт салбар нэгжтэй агентлагийн зохион байгуулалтын бүтцийг орон тооны хязгаар 50 хүртэл бол 4, 80 хүртэл бол 5, 110 хүртэл бол 6, 140 хүртэл бол 7, 170 хүртэл бол 8, 170-аас дээш бол 9 газартай байх, үндсэн чиг үүргийн газар дотор 1-ээс илүү хэлтэс байгуулахгүй байх, нийтлэг чиг үүргийн газар дотор хэлтэс байгуулахгүй байх;
4.5.аймаг, нийслэл, сум, дүүрэгт салбар нэгжгүй агентлагийн зохион байгуулалтын бүтцийг орон тооны хязгаар 50 хүртэл бол 4, 80 хүртэл бол 5, 110 хүртэл бол 6, 140 хүртэл бол 7, 170 хүртэл бол 8, 170-аас дээш бол 9 хэлтэстэй байх;
4.6.Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайдын шууд харьяалалд хамаарах Засгийн газрын агентлагаас бусад агентлагийн зохион байгуулалтын бүтцийг бодлогын асуудал хариуцсан нэгжгүй байхаар, бүтцийн нэгжийн оноосон нэр нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэртэй давхардахгүй байхаар тус тус зохион байгуулах;
4.7.үндсэн чиг үүрэг хариуцсан нэгжийн орон тоог нийтлэг чиг үүрэг хариуцсан нэгжийн орон тооноос илүү байхаар тогтоох.
5.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод үүрэг болгосугай.
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх